Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 05 сарын 22 өдөр

Дугаар 498

 

Г.Г, А.О нарт

холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Эрдэнэчимэг даргалж, шүүгч Н.Батсайхан, Т.Өсөхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

Прокурор Н.Мөнгөнсүх,

Шүүгдэгч Г.Гын өмгөөлөгч Н.Жамъян,

Шүүгдэгч А.О, түүний өмгөөлөгч Л.Данзанноров, Э.Шинэцэцэг,

Хохирогч С.А, түүний өмгөөлөгч Н.Дэмбэрэлдагва,

Нарийн бичгийн дарга Б.Ариунзаяа нарыг оролцуулан,

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 220 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Г.Г, түүний өмгөөлөгч Н.Жамъян, шүүгдэгч А.О, түүний өмгөөлөгч Л.Данзанноров, Э.Шинэцэцэг нарын хамтран гаргасан давж заалдах гомдлуудаар Г.Г, А.О нарт холбогдох эрүүгийн 201525022238 дугаартай хэргийг 2018 оны 5 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, шүүгч Т.Өсөхбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Г.Г, А.О нар нь бүлэглэн 2015 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо, Хангайн 17 дугаар гудамжинд хохирогч С.Атай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, улмаар түүнд хүч хэрэглэсний улмаас эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: Г.Г, А.О нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар тус тус  зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Г.Г, А.О нарыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11-д заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тооцож, шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Г.Г, А.О нарыг тус бүр 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Г, А.О нарт тус тус оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, шүүгдэгч Г.Г, А.О нар нь урьд цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж, хохирогч Б.С.А нь өөрийн эрүүл мэндэд учирсан хүндэвтэр хохиролтой холбоотойгоор цаашид эмчилгээ хийлгэх зардал, хавтаст хэрэгт тусгаж хавсаргаагүй гэм хорын нөхөн төлбөртэй холбоотой нотлох баримтаа бүрдүүлсний эцэст гэм буруутай этгээдүүдээс иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Г.Г давж заалдах гомдолдоо: “...Миний бие гэмт хэрэг үйлдсэндээ маш их харамсаж байна. Би хохирогч С.Аыг өвчтэй үед нь эргэж, байнга уучлалт гуйж, түүнд учруулсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан. ... Би 1985-1988 онд Хилийн цэргийн 0166 дугаар ангид цэргийн алба хааж, 1988 оны 9 дүгээр сарын 12-ны өдрөөс Замын цагдаагийн албанд урилгаар орж, Ард түмнийхээ аюулгүй байдлын төлөө хар зам дээр зогсож, халуунд халж, хүйтэнд хөрж албандаа чин үнэнчээр тасралтгүй 25 жил 10 сар ажиллаад 2014 оны 7 дугаар сард өндөр насны тэтгэвэрт гарсан. Энэ хугацаанд ямар нэг зөрчил, дутагдал гаргаж байгаагүй. ... Би аваарт 3 удаа орж, хөлөө хугалж, тархи толгойдоо хүнд гэмтлүүд авч байсан. Одоогоор тархи, толгой өвддөг, ходоодны шарх, бөөрний үрэвсэлтэй, гуурсан хоолойн багтраа өвчтэй, даралт тогтворгүй, харвалт өгч магадгүй байдалтай эмчийн хяналтанд эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Би өөрт оногдуулсан 6 сарын хорих ялыг эдлэх ёстой гэж хичээж байгаа боловч биеийн байдал үнэхээр муу байна. Иймээс миний аргагүй байдлыг харгалзан үзэж, надад оногдуулсан 6 сарын хорих ялыг тэнсэж өгнө үү. ...” гэжээ.

 

Шүүгдэгч А.О давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. 2015 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Г.Г манайхаас өөрийн дипломыг авах гэж ирээд байж байтал С.А нилээд халамцуу, архитай манайд орж ирсэн. Дараа нь Г.Г дахин архи авч, найз Бат-Эрдэнийд уусан. С.А нилээд согтож “урьд нь чи тус болоогүй” гэх зэргээр агсам тавьж байсан. Энэ үед бидний хооронд ямар нэг хэрүүл, маргаан огт болоогүй. Би маргааш нь албаны ажилтай байсан болохоор тэр өдөр огт архи уугаагүй. Миний бие С.Аыг огт зодоогүй. Тэр 2 яагаад хоорондоо зодолдох болсныг би мэдэхгүй. Хоёр тийш нь болгож салгасан. Энэ байдлыг би анхнаас нь үнэн зөвөөр мэдүүлж байсан. Г.Г намайг зодоонд оролцоогүй, ямар ч хамааралгүй талаар мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт тодорхой мэдүүлдэг. Хохирогч С.А анхнаасаа болсон нөхцөл байдлын талаар гэрч нарын мэдүүлгээс эрс зөрүүтэй, худал мэдүүлэг өгсөөр ирсэн. Энэ байдал хохирогчийн мэдүүлэг болон гэрч Баянмөнх, Г.Г, Бат-Эрдэнэ нарын мэдүүлгээр тогтоогддог. С.Аын хувьд намайг зориуд хийгээгүй хэрэгт ял шийтгэл авахуулах, надаас их хэмжээний мөнгө салгаж авах санаа зорилгоо хэрэгжүүлэхийн тулд улайрч, намайг хилс хэрэгт гүтгэж байна. С.А нь өөрөө “мөнгө өгвөл би А.Ог энэ хэрэгт хамааралгүй болгож өгнө” гэж удаа дараа Г.Гт хэлсэн байдаг. Мөн С.А нь удаа дараа согтуу автомашин жолоодож шүүхээс хэд хэдэн удаа баривчлах шийтгэл авч байсан. Намайг “тус болсонгүй хогийн новш, би чамайг чадна аа” гэх зэргээр хэл амаар доромжилж, тодорхой шалтгаанаар хонзогнодог талаар хэлж байсан. Намайг тус хэрэгт оролцоогүй талаар тухайн асуудлыг харж байсан гэрч Баянмөнх, Г.Г, Энхжин нар маш тодорхой мэдүүлдэг. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад прокурор, хохирогч, гэрч нарын мэдүүлгийг үндэслэн хэт нэг талыг барьж, хэрэг болсноос хойш 3 жилийн хугацаанд Г.Г бид хоёртой нэг ч удаа уулзалгүй хэргийг шүүхэд шилжүүлсэн. Гэтэл шүүхээс зөвхөн хохирогч С.Аын эргэлзээтэй, худал мэдүүлэг, гэрч гэх Анхтуяа, Дэлгэрцэцэг нарын мэдүүлгийг гол үндэслэл болгон хэргийг шийдвэрлэсэн гэж үзэж байна. Анхтуяа гэх хүн тухайн үед огт байгаагүй, 6 сарын дараа гэнэт гэрчээр гарч ирээд болсон нөхцөл байдлыг харсан юм шиг худал мэдүүлэг өгч эхэлсэн. Тухайн үед Анхтуяаг байгаагүй талаар анхны гэрч Дэлгэрцэцэг тодорхой мэдүүлсэн байдаг. А.О миний бие нь цагдаагийн байгууллагад 1997 оноос тасралтгүй 25 жил ажиллаж байгаад цэргийн байнгын чөлөөнд 2017 оны 11 дүгээр сард гарсан. Ам бүл 5, эхнэр болон 5 сараас 15 настай 3 хүүхдийн хамт амьдардаг. Мөн 1 дүгээр ангийн хүүхдээ сургуульд нь зөөж, завсар зайгаар нь таксинд явж амьдралаа авч явдаг. Би өөрөө оролцоогүй, зодолдож байсан 2 хүнийг салгасны төлөө ял шийтгэл аваад хоригдож байгаадаа маш их харамсаж байна. Энэ асуудлыг шүүх үнэн зөвөөр шийднэ гэж итгэж байсан боловч гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулсан. Иймд хэргийг сайтар хянаж, үнэн зөвөөр шийдвэрлэж, надад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэв.             

 

Шүүгдэгч Г.Гын өмгөөлөгч Н.Жамъян давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Манай үйлчлүүлэгч Г.Гын хувьд үйлдсэн гэмт хэргээ өөрөө хүлээдэг, үнэн санаанаасаа гэмшсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо бүрэн нөхөн төлсөн, тохиолдлын шинжтэй нөхцөл байдалд анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар тэнсэн харгалзах ял шийтгэлийг оногдуулах боломжтой байсан. Бүлэглэн гүйцэтгэсэн гэж Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар ял шийтгэл оногдуулсан боловч гэмт хэргийг үйлдэхэд тус бүрийн гүйцэтгэсэн үүрэг, оролцсон оролцоо зэргийг харгалзан ял шийтгэлийг ялгамжтай оногдуулах боломжтой байсан. Хувийн байдал талаасаа Г.Г нь Замын цагдаагийн байгууллагад ард иргэдийнхээ аюулгүй байдлыг хангахын төлөө тасралтгүй 25 жил ажиллаж, ахмад насны тэтгэвэрт суусан, ажиллаж байх хугацаандаа Цагдаагийн ерөнхий газрын жуух, Нийслэлийн хүндэт жуух, дүүргийн хөдөлмөрийн аварга, Нийслэлийн тэргүүний ажилтан, Цэргийн хүндэт медаль, цагдаагийн нэгдүгээр зэргийн одон зэрэг шагналаар шагнагдаж, амжилт бүтээл гарган ажиллаж байжээ. Замын цагдаагийн байгууллагад замын зохицуулагч цагдаагаасаа эхлэн ахлах офицер болтлоо халуун хүйтний улиралд ажлын хүнд нөхцөлд зам дээр зохицуулагч хийн ажиллаж байсан бөгөөд ажиллаж байх үедээ баруун хөлдөө хүнд гэмтэл авч хугалаад хадуулсан, бөөрний үрэвсэл, ургамлын  харшилтай хоолойн астма, зүрх болон уушигны өвчтэй байнгын эмчилгээ сувилгаа хийлгэж байсан. Мөн ээж Бадамгарав нь 86 настай, түүний асаргаа сувилгаанд байдаг. Дээрх дурьдсан нөхцөл байдлыг харгалзан, хэргийг тал бүрээс нь бүрэн хянан үзэж, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, Д.Г.Гт оногдуулсан 6 сарын хорих ялыг тэнсэж, үүрэг хүлээлгэж өгнө үү. ...” гэв.

 

Шүүгдэгч А.Огийн өмгөөлөгч Л.Данзанноров, Э.Шинэцэцэг нар хамтран гаргасан давж заалдах гомдолдоо: “... Хэргийн шалтгаан нөхцлийн тухайд Г.Г нь өмнө нь хамт ажилладаг байсан А.Огээс өөрийн дипломыг авах гэж очоод уулзаж байхад нь хохирогч С.А халамцуухан, 750 мл-ийн архитай орж ирсэн бөгөөд улмаар архи нэмж худалдан авч, А.Огийн найз Б.Бат-Эрдэнийд хамт очин архи уусан байдаг. С.А нь А.Огийнд орж ирэхээс өмнө мөн багагүй хэмжээний архи уусан нөхцөл байдал ч нотлогддог. Хэрэг асуудлын эхлэл, гол шалтгааныг нөхцөлдүүлсэн асуудал бол С.А согтуу, мөн архи авч А.Огийнд ирсэн явдал бөгөөд тэрээр цаашид архийг ихээр ууж, урд өмнийн өс хонзонгийн сэдэлтээр А.Ог элдвээр хэлж, хэрүүл маргаан үүсгэхээр санаархаж байсан нь хэрэгт авагдсан А.О, Г.Г нарын мэдүүлгээс тодорхой харагдах бөгөөд Б.Бат-Эрдэнийн мэдүүлэгт ч энэ байдал тусгагдсанаас гадна хохирогч С.А өөрөө ч энэ талаараа мэдүүлдэг. Хэрэгт авагдсан баримтуудаар А.О нь гэмт хэрэгт хамтран оролцоогүй, хохирогч С.Аыг зодоогүй, харин ч Г.Г, С.А нарыг зодолдож байхад нь салгасан болох нь тодорхой харагддаг. Гэтэл анхан шатны шүүхээс А.Ог А.Г.Гтай бүлэглэн хохирогч А.С.Аыг зодсон гэж буруутган, хэрэгт авагдсан эргэлзээтэй нотлох баримтуудыг үндэслэн ял оногдуулсныг буруу гэж үзэж байна. Хохирогч С.Аын өгсөн мэдүүлгүүд гэрч нарын мэдүүлгээс эрс зөрүүтэй байдаг. Хавтаст хэргийн материалтай нэг бүрчлэн танилцахад хохирогч С.Аын мэдүүлгүүд илтэд зөрүүтэй бөгөөд энэ нь А.Ог зориудаар хийгээгүй хэргийнх нь төлөө ял шийтгүүлэхээр улайрч байгаатай нь холбоотой юм. Учир нь хохирогч С.А нь цагдаагийн байгууллагад очсон даруйдаа тайлбар өгөхдөө “түлхүүр барьсан гараараа цохисон” гэх атлаа хавтаст хэргийн 11 дүгээр талд хохирогчоор мэдүүлэг өгөхдөө “...А.О Г.Гт гэрийнхээ гадаа машины түлхүүрийг өгсөн, ... тэгээд миний нүүр лүү гараараа цохисон...” гэж мэдүүлсэн байдаг. Гэрч гэх Б.Анхтуяа нь “Г.Дэлгэрцэцэг хараад зогсож байсан” гэх мэдүүлэг өгсөн байх бөгөөд үүнийг нь Дэлгэрцэцэг удаа дараагийн мэдүүлгээрээ үгүйсгэсэн төдийгүй 2 дугаар хавтаст хэргийн 18 дугаар талд “...намайг тэр асуудлыг харсан байж таараа гээд эхнэр Тунгаа нь гүтгээд байгаа юм” гэж мэдүүлдэг. Мөн гэрч Э.Баянмөнх, Б.Бат-Эрдэнэ, насанд хүрээгүй гэрч О.Энхжин нарын болон Г.Г, А.О нарын мэдүүлгүүд бүгд л С.Аын мэдүүлгийг үгүйсгэж байгаа болно. 1 дүгээр хавтасны 21 дүгээр талд, Б.Бат-Эрдэнэ гэрчээр "...А.О маргааш нь албаны ажилтай байсан тул уугаагүй, А.Ог архи уусангүй, цагдаа санаа гаргалаа, архийг ингэж уудаг юм гээд өөрөө хийж өгсөн болгоныг уугаад байсан" гэх мэдүүлэг, мөн А.Ог архи уугаагүй гэдгийг Г.Г ч удаа дараагийн мэдүүлгээрээ нотолдог. Түүний мэдүүлэгт С.А болон А.Огийн найз уугаад байсан талаар тусгагдсан байдаг. А.О С.Аыг зодоогүй, гэмтээгээгүй. Үүнийгээ анхнаасаа маш тодорхой, тогтвортой мэдүүлдэг. Тэр ч бүү хэл анх Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хэлтэст хандсан өргөдөл дээр нь ч А.О С.Ат "...манай найз зодсон, эрчүүд хоорондоо маргалдсан гэж хэлэв" гэж тусгагдсан. Мөн хохирогчийн хүү, гэрч А.Мөнхтулга "... А.О гарч ирсэн. Тэгээд асуутал “сая манай найз аавыг чинь зодчихсон юмаа” гэж хэлсэн, ... А.О нэг их согтуу биш байсан" гэдгийг баталдаг. Үүнийг шүүгдэгч Г.Г ч хөдөлбөргүйгээр баталдаг бөгөөд мөрдөгчид удаа дараа өгсөн мэдүүлэгтээ “А.О зодоогүй, гэмтээгээгүй, оролцоогүй” гэсэн агуулгатай мэдүүлгийг өгдөг. Эндээс үзэхэд А.О энэхүү зодоонд огт оролцоогүй гэдэг нь анхнаасаа тодорхой байсан. А.О тухайн хэрэг асуудалд хамаагүй болохыг тухайн асуудлыг нүдээр харсан гэрч Э.Баянмөнх "...гэртээ харих гээд явж байтал хашааны үүдэнд нэг ах хэвтчихсэн, дээрээс нь нэг ах дэвсээд байсан. Тэгээд би дөхөөд очтол хашаанаас А.О ах гарч ирээд, тэр хоёрыг салгаад, дэвсээд байсан ахыг хар өнгийн жийп машин руу оруулж өгсөн" гэж мэдүүлдэг. Энэ нь А.Ог зодоонд оролцоогүй болохыг баталдаг. Энэ мэдүүлэг нь А.Огийн охин, гэрч О.Энхжингийн мэдүүлэгтэй яг нийцдэг. Энхжин гэрчээр мэдүүлэхдээ "... Г.Г ах хаалга түшээд С.А ахыг өшиглөөд байсан. Тэгэхээр нь би айгаад 00 руу очоод аавд Анхаа ахыг Г.Г ах зодоод байна ш дээ гэж хэлээд ..." гэж мэдүүлснээс гадна "С.А ах газар уначихсан, Г.Г ах өшиглөөд байсан. Өөр хүн байгаагүй" гэж бодит байдлыг маш тодорхой гэрчилсэн. Энэ мэдүүлэг мөн л Г.Г, А.О нарын сэжигтэн, яллагдагчаар өгсөн удаа дараагийн мэдүүлгүүдтэй тохирдог. Гэрч Б.Анхтуяагийн мэдүүлэг худал, “хэрэг болох газар орчинд Г.Дэлгэрцэцэг бид хоёр байсан” гэдэг боловч Г.Дэлгэрцэцэг нь өөрөө үүнийг эрс үгүйсгэдэг. Мөн зодоон болох үед байсан гэрч Э.Баянмөнх, О.Энхжин, А.О, Г.Г нар ч Б.Анхтуяаг байсан гэдгийг гэрчилдэггүй бөгөөд тэр ч бүү хэл С.А өөрөө ч Б.Анхтуяаг байсныг тодорхой хараагүй байдаг. Б.Анхтуяа гэгч гэнэтхэн л хэрэг асуудлаас хойш 6 сарын дараа гарч ирсэн. А.О согтуу биш байсан гэдгийг Г.Г, Г.Дэлгэрцэцэг, Мөнхтулга ч, Бат-Эрдэнэ ч нотлоод, түүнийг архи уухгүй байсныг мэдүүлсээр байхад, тэр ч бүү хэл хохирогч С.А ч А.Ог согтуу байсан гэж баталж чадахгүй байхад гагцхүү гэрч гэх С.Анхтуяа л А.Ог согтуу байсан гэж "гүжирдэж" байгаагаас түүний мэдүүлэг эргэлзээтэй нь харагдана. Мөн Г.Дэлгэрцэцэгт хөндлөнгөөс нөлөөлж, үзэж хараагүй зүйлийг нь харсан болгож мэдүүлэг өгүүлэхээр хөөцөлдөж байсан С.А нарын зохиомжилсон жүжгийн гол дүр нь Б.Анхтуяа болж таарч байгаа нь хэнд ч илэрхий байгаа юм. С.А нь А.Ог буруутгаж, хилс хэрэгт гүтгэх шалтгаантай. Учир нь хохирогч С.А нь удаа дараа согтуугаар автомашин жолоодсоны улмаас 2 удаа шүүхээс баривчлах шийтгэл хүлээж байсан нь хэргээс харагддаг. Үүнтэй холбоотой өс хонзонгийн шинжтэй суурь сэдэлт нь энэ хэргийн угтал, шалтгаан ч болсон байдаг. Яг тухайн асуудлыг хөндөж, С.А нь А.Од агсамнаж, “Чи муу п... намайг хоёр удаа баригдахад туслаагүй, цагдаа нар угаасаа хүний муу үздэг, новшийн, хүний мөнгө сэгсэрдэг” гэх зэргээр доромжилж, тодорхой шалтгаанаар хонзогнож явдгаа илэрхийлсэн. Энэ нь мөн л шүүгдэгч Г.Г түүнтэй биечлэн уулзаад "...А.О чамайг зодоогүй..." гэхэд нь "Та бид хоёрын хооронд маргаан үүссэн байж магадгүй. Гэхдээ би А.Од гомдолтой" гэж хэлснээс үзэхэд С.А нь хэдийгээр А.О өөрийг нь зодоогүйг мэдэж байгаа ч өөр шалтгааны улмаас, зориудаар хилс хэрэгт А.Ог холбогдуулан ял шийтгүүлж, хоёр удаа баривчлагдахад нь туслаагүйн хорсол, хонзонгоо тайлж байгаа гэж дүгнэх үндэслэл байна. Архи ууж байхдаа ийм агуулгатай зүйл ярьж, хэрүүл өдөж байсныг зөвхөн А.О ч бус шүүгдэгч Г.Г, гэрч Бат-Эрдэнэ нар ч тодорхой мэдүүлдэг. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт шийтгэх тогтоолын тодорхойлох хэсгийн агуулгад хамаарах нөхцөл байдлуудыг нэрлэн заасан ба мөн зүйлийн 1.2-д "...дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан бол..." анхан шатны шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалд нийцээгүй гэж үзэх үндэслэл болно гэж заасан. Гэтэл анхан шатны шүүх шийтгэх тогтоолыг гаргахдаа дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авч дүгнэлт хийсэн нь хэргийн жинхэнэ байдалтай нийцээгүй гэх үндэслэл болох ба энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1-д зааснаар "шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй бол" анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгох ёстой. Иймд дээр дурдсан нөхцөл байдлуудыг харгалзан үзэж, А.Огийн гэм буруутай нь баримтаар нотлогдоогүй, хуульд заасан журмын дагуу бэхжүүлж, цуглуулсан баримтуудаар түүнийг гэмт хэрэгт хамтран оролцсон болох нь үгүйсгэгдсэн, нотлогдохгүй, эргэлзээтэй байгаа тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан "Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ" гэсэн заалтыг харгалзан А.Од холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгохыг хүсье. ...” гэжээ.

 

Шүүгдэгч А.Огийн өмгөөлөгч Л.Данзанноров тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн гаргасан шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, шүүгдэгч А.Од холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн үндэслэлээр давж заалдах гомдол гаргасан. Тухайн гэмт хэрэгт шүүгдэгч А.Огийн оролцсон оролцооны талаар олон талын мэдүүлэг байдаг. Хэрэг үүссэн нөхцөл байдлын шалтгаан нь тодорхой, архи уусан үеэс эхлэн маргалдсан байдаг. Шүүгдэгч А.О нь тухайн хэрэг маргаанд оролцолгүй гэртээ орсон. Үлдсэн хоёр хүн нь шүүгдэгч Г.Г болон хохирогч С.А нар байдаг. Хэрэг шалгагдаад 6 сар болсны дараа Анхтуяа гэдэг гэрч гарч ирсэн. Тухайн үед “А.О нь энэ хэрэгт оролцсон, би харсан” гэх байдлаар мэдүүлдэг боловч Дэлгэрцэцэг гэх гэрчийн мэдүүлгээр Анхтуяагийн өгсөн мэдүүлэг үгүйсгэгддэг. Шүүгдэгч А.Ог хохирогч С.А гүтгэх шалтгаантай. Яагаад гэвэл хохирогч С.А нь 7 хоногийн дотор 2 удаа архи уугаад цагдаад баригдсан үед А.Ог “чи надад тусалж баривчилгаанаас гаргаж авсангүй” гэсэн асуудлаар өмнө нь маргалдаж байсан. Энэ шалтгаанаас болж хэрэгт гүтгэсэн биш байгаа гэсэн хардлага А.Од байдаг. Дээрх нөхцөл байдал болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн дүгнэх юм бол А.Огийн хэрэгт оролцсон байдал нь эргэлзээтэй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ” гэсэн нөхцөл байдал бүрдсэн байна гэж үзсэн. Энэ зүйл заалтыг харгалзан үзэж, А.Од холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэв.

 

Хохирогчийн өмгөөлөгч Н.Дэмбэрэлдагва тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч нар болон тэдгээрийн өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдол ямар ч үндэслэлгүй байна. Тухайн хэргийн газар юу болсон талаар харсан, мэдсэн юм шиг зохиомлоор ярьж хохирогч тал руу хэт их дайрч байгаа нь харамсалтай байна. Шүүгдэгч А.О нь хохирогч С.Аыг архи аваад ир гэж хэлээгүй бол очихгүй байсан. Өөрөө дуудчихаад дараа нь хүн рүү дайрч буруугаа чихнэ гэдэг нь боломжгүй зүйл. Анхан шатны шүүх ямар ч үндэслэлгүй нотлох баримтуудыг үндэслэн шийдвэр гаргасан гэж давж заалдах гомдол гаргасан нь өөрөө хууль зүйн үндэслэлгүй юм. Шүүгдэгч А.О нь өөрийн охин Энхжин болон хашаандаа амьдардаг Баянмөнх нараар худал мэдүүлэг өгүүлсэн. Хэрэг гараад 3 жил болж байна. Шүүгдэгч нар нь Цагдаагийн байгууллагад ажиллаж байсан гэдэг талаараа тухайн хэргийг удааж байгаа гэдгийг хэлэх нь зүйтэй. Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг хийх үед хохирогч С.А нь мэдээгүй учраас анхан шатны шүүх хуралдаан дээр хохирлын баримтыг авч ирсэн. Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн үед өгөөгүй гэж үзээд хохирлын баримтыг шүүх аваагүй. Бодит 9.000.000 төгрөгийн хохирол учраад шүүгдэгч нараас төлөөд өгөөч гэж гуйсан, тэгэхэд тоомжиргүй хандсан. Бүлэглэн үйлдээгүй гэсэн зүйл байхгүй нь гэрчүүдийн мэдүүлгээр нотлогдож байгаа. Ийм учраас анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй хуульд нийцсэн зөв гарсан гэж үзэж байгаа тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

 

Хохирогч С.А тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өмгөөлөгчтэйгээ ижил байр суурьтай байгаа тул өөрийн өмгөөлөгчийн гаргасан тайлбарыг дэмжиж байна. ...” гэв.

 

Прокурор Н.Мөнгөнсүх тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй гарсан учраас хэвээр үлдээж, шүүгдэгч Г.Г болон А.О нарын гаргасан давж заалдах гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгох байр суурьтай оролцож байна. Шүүгдэгч Г.Ганбаатрын хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тэнсэн харгалзаж өгнө үү гэсэн хүсэлтэд прокурорын хувьд эсрэг байр суурьтай байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан үзэж” тэнсэн харгалзах асуудал яригдахаар байгаа. Гэтэл шүүгдэгч Г.Г нь өөрөө зодсон гэдгээ хүлээн зөвшөөрч байгаа боловч бүлэглэж зодсон буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан зүйлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа учраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан ял хөнгөрүүлэх болон тэнсэх асуудал байх боломжгүй гэж улсын яллагчийн хувьд үзэж байна. Шүүгдэгч А.О болон тэдгээрийн өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдолтой холбогдуулж түүний үйлдсэн үйлдэл тогтоогдохгүй, гэрчүүдийн өгсөн мэдүүлэг зөрүүтэй байна гэсэн зүйл дээр тайлбар хэлэхэд хохирогч С.А нийт 4 удаа мэдүүлэг өгсөн. “Намайг анх А.О цохисон, эхний цохилтод миний шүд үүрээд унасан, дараа нь миний толгой руу цохисон, тэгээд миний дээрээс өшиглөсөн” гэсэн мэдүүлэг байдаг. Тухайн үед хэрэг гарсан газар явж байсан Анхзаяа гэх хүн “Нэг хүн газар уначихсан зодуулж байсан, зодож байсан хүний нэг нь А.О байсан гэдгийг би баттай мэдүүлж байна” гэсэн мэдүүлэг байдаг. Мөн гэрч Дэлгэрцэцэг гэх хүн хохирогчийн эхнэр Ариунтунгалаг руу залгаад “Танай нөхрийг А.О нэг хүнтэй нийлээд унагаагаад өшиглөөд байна” гэж хэлсэн байдаг. Үүний дагуу хүү Мөнхтулга руу залган аавыг чинь хүн зодоод байна, очоод аваач гэж хэлсэн. Хохирогч С.Аын хүү А.Мөнхтулгыг очиход амнаас нь цус гарсан, шүд нь унасан байсан. Таныг хэн ингэв гэж асуухад А.О цохисон гэж мэдүүлсэн байдаг. Гэрч Баянмөнхийн мэдүүлгээр намайг хохирогч С.Аыг өргөөд машин руу оруулахад А.О чи яагаад намайг зодож байгаа юм бэ” гэж асуусан.Шүүгдэгчийн өмгөөлөгчийн хэлж байгаа өс хонзонгийн асуудал юугаар няцаагдаж байна вэ гэвэл үнэхээр ямар нэгэн асуудал байсан бол тухайн өдөр хохирогч С.Аыг яагаад архи аваад ир гэж дуудсан байх вэ?, мөн согтуугаар машин жолоодож байгаад цагдаад баригдахад яагаад тусалсангүй вэ гэдэг асуудал анхан шатны шүүх дээр маш удаан яригдсан. Өмнө нь 2 удаа асуудалд ороход нь хохирогч С.Ат тусалж байсан. Харин туслаагүй асуудал нь хэрэг үйлдэгдсэнээс хойш болсон үйл явдал юм. Шүүгдэгч А.О нь тухайн хэрэгт холбогдолгүй юм бол хэрэг болсны дараа яагаад хохирогч С.Атай холбогдоод яваад байв гэдэг асуудал гарч ирж байна. Хэрэг үйлдэгдэж гэмтэл учирсны дараа шүүгдэгч А.О хохирогч С.Аыг дагуулан эмнэлгээр явсан байдаг. Энэ мэт асуудлуудаар шүүгдэгч А.О нь гэмт хэрэгтэй холбоотой, бүлэглэж үйлдсэн нь тогтоогдсон гэж улсын яллагчийн зүгээс үзэж байна. Гэрч Дэлгэрцэцэг нь “ Би маргаан болж байхыг харсан бөгөөд зодолдсон талаар ямар нэгэн зүйл хараагүй, мөн хэлээгүй. Би зодоон болсон талаар хараагүй “ гэж хэлж байгаа. Анхан шатны шүүхийн гаргасан шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэв.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх Г.Г, А.О нарт холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудалд хязгаарлагдахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзээд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь үндэслэл бүхий болсон байна гэж үзэв.

 

Г.Г, А.О нар нь бүлэглэн 2015 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо, Хангайн 17 дугаар гудамжинд хохирогч С.Атай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар хүч хэрэглэн эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч С.А /1 дүгээр хавтас, 10-15, 111-112, 128-130 дугаар хуудас/, гэрч Б.Долгормаа /1 дүгээр хавтас, 16-17 дугаар хуудас/, гэрч Э.Баянмөнх /1 дүгээр хавтас, 18-19 дүгээр хуудас/, гэрч А.Мөнхтулга /1 дүгээр хавтас, 22-23 дугаар хуудас/, гэрч Б.Анхтуяа /1 дүгээр хавтас, 86-87 дугаар хуудас/, гэрч Г.Ариунтунгалаг /1 дүгээр хавтас, 96-97, 131-132 дугаар хуудас/, гэрч Г.Дэлгэрцэцэг /1 дүгээр хавтас, 101-104 дүгээр хуудас, 2 дугаар хавтас, 17-19 дүгээр хуудас/ нарын мэдүүлгүүд, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2015 оны 11 дүгээр сарын 2-ны өдрийн №15618 дугаартай шинжээчийн дүгнэлт /1 дүгээр хавтас, 27 дугаар хуудас/, эд зүйлийн үнэлгээ /1 дүгээр хавтас, 133 дугаар хуудас/ зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

 

Хохирогч С.А нь “та нар замын цагдаа нар болохоор өөрсдөө архи уучихаад чөлөөтэй яваад байх юм. Цагдаа нар та нарыг баривчлахгүй биз дээ” гэж хэлснээс шүүгдэгч Г.Г, А.О нар нь хохирогч С.Атай маргалдаж, улмаар түүнийг бүлэглэн зодож, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.

 

Г.Г, А.О нарт холбогдох хэргийг хянан шийдвэрлэх явцад Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийг 2017 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс дагаж мөрдсөн бөгөөд уг хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж заажээ.

 

Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийг хэрэглэх нь Г.Г, А.О нарын эрх зүйн байдлыг дээрдүүлж байх тул тэдний дээрх үйлдлийг Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар тус тус зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй.

 

Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу анхан шатны шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх чиг үүрэгтэй оролцогч нарыг оролцуулж, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, дүгнэлт болон шинжлэн судалсан нотлох баримтад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийжээ.

 

Г.Г, А.О нарт холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

 

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж, Г.Г, А.О нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм бурууд нь тохируулан тэдэнд тус бүр 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч А.О, түүний өмгөөлөгч Л.Данзанноров, Э.Шинэцэцэг нар “...А.О нь гэмт хэрэгт хамтран оролцоогүй тул А.Од холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэх утга бүхий давж заалдах гомдол тус тус гаргажээ.

 

Шүүгдэгч А.О нь гэмт хэрэгт хамтран оролцож буюу Г.Гтай бүлэглэн хохирогч С.Аыг зодсон болох нь:

 

хохирогч С.Аын “...Миний нүүр лүү А.О гараараа цохисон. Тэгтэл миний хиймэл шүд хугарсан. ...Г.Г цохиод газарт унагаасан. Тэгээд тэр 2 хоёр талаас өшиглөөд байсан. ...” /1 дүгээр хавтас, 11-13 дугаар хуудас/,

 

гэрч Э.Баянмөнхийн “...Тэгтэл зодуулсан ах нь А.Од “чи намайг зодлоо, яаж байгаа юм бэ” гээд уурлаад байсан. ...” /1 дүгээр хавтас, 18-19 дүгээр хуудас/,

 

гэрч Г.Дэлгэрцэцэгийн “...Анхаа ахын машины гадна талд 3 хүн байсан. Энэ үед харанхуй байсан болохоор тэр хүмүүсийн хувцас хунарыг хараагүй. ... Намайг орсон хойно ч харсан юм бил үү. ...” /1 дүгээр хавтас, 86-87, 2 дугаар хавтас, 18-16 дүгээр хуудас/,

 

 гэрч Б.Анхтуяагийн “...С.Аыг газарт унагаачихсан хоёр залуу 2 талаас нь өшиглөж байсан. ...Нэг нь А.О байсан. Нөгөө хүнийг нь танихгүй. ...” /1 дүгээр хавтас, 86-87 дугаар хуудас/гэх мэдүүлгүүд зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Дээрх хохирогч, гэрч нараас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуульд заасан үндэслэл журмын дагуу байцаалт авсан, тэд А.Ог гэмт хэрэгт гүтгэсэн гэх байдал нотлогдохгүй байх бөгөөд эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Харин гэрч Г.Дэлгэрцэцэгийн хувьд “...Машины хойно нь 3 хүн юм ярьсан байдалтай зогсож байсан. ...Намайг харж байхад л цохиж, барьцалдаж авсан зүйл болоогүй. ...” /1 дүгээр хавтас, 101-104 дүгээр хуудас/ гэх мэдүүлэг өгсөн нь А.О, Г.Г нар бүлэглэн хохирогч С.Аыг зодсон тухайн цаг хугацаанд гэрч Г.Дэлгэрцэцэг байгаагүй,  болсон хэргийг хараагүй байдлыг илтгэх бөгөөд уг мэдүүлэг нь А.Огийн гэм бурууг нотолсон бусад баримтуудтай харилцан зөрүүтэй гэж үзэх үндэслэлгүй байна.

 

Өөрөөр хэлбэл, гэрч Г.Дэлгэрцэцэг, Б.Анхтуяа нар нь тодорхой цаг хугацаанд үргэлжилсэн А.О, Г.Г, С.А нарын хооронд болсон маргаан, хүч хэрэглэсэн үйлдлийг харсан өөр өөр орон зай, цаг хугацаанаас хамаарч өөр өөр мэдүүлснийг зөрүүтэй гэж үзэхгүй.

 

Иймд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 220 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Г.Г, түүний өмгөөлөгч Н.Жамъян, шүүгдэгч А.О, түүний өмгөөлөгч Л.Данзанноров, Э.Шинэцэцэг нарын хамтран гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.