Улсын дээд шүүхийн Тогтоол

2017 оны 04 сарын 05 өдөр

Дугаар 79

 

Ж.Отгонбаярт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг

Танхимын тэргүүн Т.Уранцэцэг даргалж,

шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Б.Цогт нарын бүрэлдэхүүнтэй,

прокурор Ц.Бурмаа,

шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Яринпил

нарийн бичгийн дарга Т.Өлзийтүвшин нарыг оролцуулан,

Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 03 дугаар шийтгэх тогтоол,

Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн 08 дугаар магадлалтай, 201611000334 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч Ж.Отгонбаяр, түүний өмгөөлөгч Т.Энхболд, М.Энхтуяа, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Ариунзул нарын гаргасан гомдлоор хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1984 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр төрсөн, эрэгтэй, ял шийтгэлгүй, Улаалзай хүгдүүд овогт Жигмэддоржийн Отгонбаяр нь Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт заасан “Хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр хүнийг санаатай алах” гэмт хэрэгт холбогджээ.

Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Ж.Отгонбаярыг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр хүнийг санаатай алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар 6 жил 8 сарын хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10 дахь хэсэгт заасныг журамлан 52.5 дахь хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэжээ.

Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 03 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Ариунзулын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Илтгэгч шүүгч Б.Батцэрэнгийн хэргийн талаарх танилцуулга, шүүх хуралдаанд оролцсон прокурор Ц.Бурмаа, шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Яринпил нарын саналыг сонсоод

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Ж.Отгонбаяр хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “...Би талийгаачийг санаатай алаагүй юм. Үл таних хүн над руу чулуу мэт том зүйл бариад “ална” гэж дайраад ирэхэд нь айж балмагдан өөрийгөө хамгаалах нь зүйтэй гэж хоромхон зуурт бодогдсон тул гарт тааралдсан зүйлээ авч байснаа санадаг, түүнээс хойш юу болсон талаар тодорхой санадаггүй бөгөөд мөрдөн байцаалтын шатанд талийгаач бусдад модоор цохиулж нас барсан, намайг цохисон гэж үзсэн тул нэг удаа цохисон гэж хэлсэн. Бидний хооронд хувийн таарамжгүй харьцаа болон өглөг авлага, өс хонзон байхгүй. Надад талийгаачийг алах ямар ч санаа зорилго байхгүй. Талийгаачийн биед олон тооны шарх үүссэн болохыг хэргийн материалтай танилцахдаа мэдсэн бөгөөд яг ямар үйлдэл хийснээ нарийн тодорхой мэдээгүй, нэг мэдэхэд талийгаачийг тэвэрч сэгсэрч байсан, энэ үеэс цааших үйл явдлыг мэддэг. Иймд хэргийн нөхцөл байдалд үнэн зөв дүгнэлт хийж талийгаачийг санаатай алаагүй гэдгийг тогтоож өгнө үү” гэжээ.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Ариунзул хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “...Миний бие анхан шатны шүүх хуралдаанд оролцож болсон хэргийн талаар тодорхой мэдэж авсан. Би Ж.Отгонбаяр ахыг миний нөхрийг санаатай алсан гэж үзэхгүй байна. Б.Батхорлоо нь том хар чулуу барьж Отгоо ах руу дайрч довтолсон гэдгийг би ойлгосон. Отгоо ахын сэтгэл санаа нь цочрон давчдаж санаандгүй зүйл болсон гэж бодож байна. Манай хүн уурласан үедээ хүнийг зодно гэхээс биш хүнд зодуулж үзээгүй юм. Уурласан үедээ биеэ барьж чаддаггүй хүн байсан. Иймд Ж.Отгонбаярын хэргийг Эрүүгийн хуулийн 93 дугаар зүйлд зааснаар хөнгөрүүлэн шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Энхболд хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “...Ж.Отгонбаяр нь нэг удаа модоор цохисон гэж мөрдөн байцаагчид хөтлөгдөн мэдүүлсэн... Хөнгөн, хүндэвтэр гэмтлийг хэн учруулсан нь тодорхой бус байдаг. Талийгаачийн зүгээс чулуу мэт зүйл барьж “ална” гэж цохихоор дайрсан идэвхтэй үйлдлийн улмаас Ж.Отгонбаяр айж балмагдан өөрийн амь нас, эрүүл мэнддээ хор уршиг учирна гэж үзэн өөрийгөө хамгаалах зорилгоор түүнийг цохисон бөгөөд тухайн үед ямар нэг сонголт хийх боломжгүй болж бусдын амь нас хохирох үр дагаврыг хүсээгүй үйлдсэн байдаг. Иймд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хуулийн 93 дугаар зүйлд зааснаар хөнгөрүүлэн шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Энхтуяа хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “...Ж.Отгонбаяр нь Б.Батхорлоогийн амь насыг хохироох ямар ч шалтгаан, санаа байхгүй. Түүний хууль бус үйлдэл, харьцаанаас болж цочирдож, өөрийгөө хамгаалж, өрсөж үйлдэл хийгээгүй бол талийгаачийн далайж дайрсан чулуунд цохигдох гарцаагүй нөхцөл байдал үүссэн байсан. “Яг чулуу бариад дайрч ирсэн хүн хэн гэдгийг таниагүй” гээд юу болсноо сайн тайлбарлаж хэлж чаддаггүй. Үүнээс үзэхэд хоромхон зуурт сэтгэлийн цочролд орж, өөрийн мэдэлгүй өөрийгөө хамгаалах рефлексээрээ эсэргүүцэл үзүүлж цохисон байдаг. Иймд Эрүүгийн хуулийн 93 дугаар зүйлийн 93.1 дэх хэсэгт зааснаар хэргийг зүйлчилж, шийтгэх тогтоол, магадлалд өөрчлөлт оруулж өгнө үү” гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Яринпил хяналтын шатны шүүхэд хэлсэн саналдаа: “Анхан шатны шүүх Ж.Отгонбаярт холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлд зааснаар зүйлчилж, ял оногдуулсан нь үндэслэл муутай байна. Хүнийг санаатай алах гэмт хэрэг үйлдсэн этгээд өөрийн үйлдлийн нийгмийн хор аюулыг ухамсарлаж, түүний гэм буруутай үйлдлийн улмаас хүний амь нас хохирно гэдгийг ойлгосон байдаг. Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлд заасан гэмт хэрэг нь шууд болон шууд бус санаатай аргаар үйлдэгдсэн байх ёстой. Хэрэгт цугларсан нотлох баримтаас харахад дээрх шинж ялтан Ж.Отгонбаярын үйлдэлд үгүйсгэгддэг. Ж.Отгонбаяр яагаад хохирогчийг цохих болсон бэ гэдгийг нэн тэргүүнд тодруулах шаардлагатай. Хохирогч чулуу аваад Ж.Отгонбаярыг “ална” гээд дайрахаар нь газраас мод аваад цохьсон үйлдлийг санаатай үйлдэл гэж үзэх үндэслэлгүй. Иймд Ж.Отгонбаярт холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн 93 дугаар зүйлд зааснаар хөнгөрүүлэн зүйлчилж өгнө үү. Мөн Ж.Отгонбаяр нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг бүрэн барагдуулсан, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгаа, хохирогч удаа дараа гомдол саналгүй гэж хэлсэн зэргийг харгалзан үзэж шийдвэрлэж өгнө үү” гэв.

Улсын Ерөнхий Прокурорын газрын хяналтын прокурор Ц.Бурмаа хяналтын шатны шүүх хуралдаанд: “Шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчөөгүй тул анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх саналтай байна” гэв.

Шүүгдэгч Ж.Отгонбаяр, түүний өмгөөлөгч Т.Энхболд, М.Энхтуяа, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Ариунзул нарын хяналтын журмаар гаргасан гомдлуудыг үндэслэн шүүгдэгч Ж.Отгонбаярт холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 353 дугаар зүйлийн 353.1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзвэл анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байна.

Шүүх Ж.Отгонбаярыг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр хүнийг санаатай алах гэмт хэрэгт үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт заасан хорих ялын доод хэмжээнээс доогуур ялыг сонгож оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлд заасан “…хөнгөрүүлэн оногдуулах хорих ялын доод хэмжээ нь энэ хуулийн тусгай ангид тухайн гэмт хэрэгт оногдуулахаар заасан хорих ялын доод хэмжээний гуравны хоёроос хэтрэхгүй байна” гэснийг зөрчжээ.

Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн үзэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанаас Ж.Отгонбаярт холбогдох хэргийг анхан шатны шүүх хуралдааны шатнаас дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэсэнтэй холбогдуулан шүүгдэгч Ж.Отгонбаяр, түүний өмгөөлөгч Т.Энхболд, М.Энхтуяа, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Ариунзул нарын гаргасан “Эрүүгийн хуулийн 93 дугаар зүйлийн 93.1 дэх хэсэгт зааснаар хэргийг зүйлчилж өгнө үү” гэх гомдлуудыг хэлэлцэхгүй орхисон болно.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.3 дахь заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 03 дугаар шийтгэх тогтоол, Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн 08 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, Ж.Отгонбаярт холбогдох хэргийг анхан шатны шүүх хуралдааны шатнаас дахин хэлэлцүүлэхээр Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд буцааж, хэргийг шүүхэд очтол шүүгдэгч Ж.Отгонбаярт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, шүүгдэгч Ж.Отгонбаяр, түүний өмгөөлөгч Т.Энхболд, М.Энхтуяа, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Ариунзул нарын хяналтын журмаар гаргасан гомдлуудыг хэлэлцэхгүй орхисугай.

 

                                ДАРГАЛАГЧ,

                                ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                               Т.УРАНЦЭЦЭГ

                                ШҮҮГЧ                                                                           Б.БАТЦЭРЭН