| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэрэнчимэдийн Мөнхтулга |
| Хэргийн индекс | 105/2021/0441/Э |
| Дугаар | 496 |
| Огноо | 2021-04-09 |
| Зүйл хэсэг | 11.1.2.4., |
| Улсын яллагч | М.Отгонжаргал |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 04 сарын 09 өдөр
Дугаар 496
2021 04 09 2021/ШЦТ/496
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнхтулга даргалж, шүүгч С.Олзод, Х.Санжидмаа нарын бүрэлдэхүүнтэй,
Нарийн бичгийн дарга Д.Дэмбэрэлжүний,
Иргэдийн төлөөлөгч Д.Энхтайван,
Улсын яллагч М.Отгонжаргал,
Шүүгдэгч У.Б түүний өмгөөлөгч М.Энхжаргал нарыг оролцуулан шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Бд холбогдох эрүүгийн 2106 00251 0277 дугаартай хэргийг 2021 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1995 оны 05 дугаар сарын 22-ны өдөр Сэлэнгэ аймагт төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувираа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, ах, эгч, дүүгийн хамт Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 44-0 тоотод оршин суух бүртгэлтэй, урьд ял шийтгэлгүй,
Холбогдсон хэргийн талаар
Шүүгдэгч У.Б нь согтуулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 12 дугаар сарын 31-ээс 2021 оны 01 дүгээр сарын 01-нд шилжих шөнийн 02-03 цагийн үед Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэр халдвартын эцсийн буудлын ар талд байрлах улаан өнгийн 5 давхар нийтийн байрны В1 давхрын өрөөнд хэрүүл маргааны улмаас М.Бархасбадийн зүүн талын хөхний доод хэсэгт хутгалж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч У.Б мэдүүлэхдээ: “...Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, учруулсан хохирлоо төлсөн, үйлдсэн хэрэгтээ их гэмшиж байна. Хялбаршуулсан журамаар шийдвэрлүүлэхийн учир холбогдлыг ойлгосон. Өөрийн сайн дураар хүсэлт гаргасан тул шийдвэрлэж өгнө үү” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудаас гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-03/, гэрч Х.Бүрэнтөгсийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /хх-13-20/, хохирогч М.Бархасбадийн мэдүүлэг /хх-23-27/, гэрч Х.Бүрэнтөгсийн мэдүүлэг /хх-31-34/, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 1083 дугаартай дүгнэлт /хх-41-42/, яллагдач У.Бат-Эрдэнийн мэдүүлэг /хх-71-73/ зэрэг нотлох баримтуудыг судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар
Шүүгдэгч У.Б нь согтуулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 12 дугаар сарын 31-ээс 2021 оны 01 дүгээр сарын 01-нд шилжих шөнийн 02-03 цагийн үед Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэр халдвартын эцсийн буудлын ар талд байрлах улаан өнгийн 5 давхар нийтийн байрны В1 давхрын өрөөнд хэрүүл маргааны улмаас М.Бархасбадийн зүүн талын хөхний доод хэсэгт хутгалж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан болох нь хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-3/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Х.Бүрэнтөгсийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан “Өрөөний зүүн урд байсан 2 хаалгатай саарал өнгийн хөргөгчнөөс хар өнгийн бариултай нийт урт нь 23.5 см, ажлын хэсгийн урт нь 12см, өргөн нь 2см хутгыг авч энэ хутгаар У.Б Бархасбадийн хэвлий тус газар нь хутгалсан гэснийг гэрэл зургийн аргаар бэхжүүлэн авч хутгыг шинжилгээнд хүргүүлэхээр түр хураан авав.” /хх-13-20/ гэх тэмдэглэл,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч М.Бархасбадийн өгсөн: “2021 оны 01 дүгээр сарын 01-ний 00 цаг өнгөрөөгөөд БЗД-ийн 2-р хороо 36-08 тоотод гэртээ оноо гаргаад байж байсан. Тэгтэл манай найз Бүрэнтөгс залгаад хоёулаа Баткад / Бат-Эрдэнийг Батка гэж дууддаг гэх/ хоол аваачиж өгчхөөд гурвуулаа ганц хоёр пиво уугаад Баткагийн ажил дээр хамт хоноё гэсэн. Би тэгье гэсэн ба удалгүй Бүрэнтөгс намайг гэрээс машинтайгаа ирж авсан. Бид хоёр Бүрэнтөгсийн машинтай Бат-Эрдэнийн амьдарч байгаа Баянзүрх дүүргийн 14-р хороо Халдвартын зүүн хойно байрлах нийтийн байрны В1 давхарт байрлах грашид байрлах вакум цонхны үйлдвэрт очсон. Бид хоёр Бат-Эрдэнийн ороод сууж байхад Бүрэнтөгс машинаасаа Сэнгүр нэртэй 2.5 литрийн 2 сав пиво авч ирсэн. Бид гурав пиво уунгаа хөзөр тоглоод суусан. Би буцаж ирээд суутал Б дээгүүрээ өмсөж байсан хувцсаа тайлаад над руу дайрахаар нь би Бтэй зууралдаад орон дээр унасан. Тэгэхэд Бүрэнтөгс та хоёр болиоч гээд бид хоёрыг салгаад намайг татахад Б миний зүүн хөхний доод хэсэгт хутгалчихсан байсан. Миний зүүн хөхний доод хэсгээс шалан дээр цус гоожоод байсан. Би хөзөр тоглож байгаад эхлээд хожигдоод тоглоомоос гарсан. Өрөөнд халуун байсан учир гадна хувцсаа тайлаад орон дээр шидтэл Б уурлаад бид хоёр маргалдсан. Тэгээд Б намайг хутгалсан” /хх-23-27/ гэх,
Гэрч Х.Бүрэнтөгсийн өгсөн: “Б, Бархасбадь бид гурав хөзөр тоглонгоо пиво уусан. ...Б, Бархасбадь хоёр хөзрийн тоглоомоос болоод хоорондоо хэрэлдэж маргалдаж эхэлсэн. Би эргээд хартал эхлээд Бархасбадь Бат-Эрдэнийн зүүн талын шанаа руу цохих шиг болоод хоорондоо барилцаад газар унацгаасан. Би тэгэхээр нь гүйж очоод салгаад Бархасбадийг татаж босгоод Бат-Эрдэнийг цааш түлхтэл Бар-Эрдэнийн баруун гарт нь хутга байсан. Тэгэхээр нь эргээд Бархасбадийг хартал цамцны доод хэвлийн хэсгээс цус гараад эхэлсэн. Би Бд хандаад яаж байгаа юм бэ гээд гарт нь байсан хутгыг нь өшиглөж алдуулаад Бархасбадийг аваад гарсан. Би машинаа асаагаад Бархасбадийг аваад Гэмтэл согог судлалын үндэсний төв дээр 03 цагийн орчимд ирээд Бархасбадийг эмнэлэгт хэвтүүлсэн.” /хх-31-34/ гэх мэдүүлгүүд,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 1083 дугаартай “ 1.М.Бархасбадийн биед зүүн талын хавирганы нум хэсэгт хатгагдаж зүсэгдэн цээж, хэвлийн хөндийг нэвтэрч өрц, элэгний зүүн дэлбэн, ходоодны гарах хэсэг гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шарх, хэвлийн хөндийд цус алдалт, өрц, элэгний зүүн дэлбэн, ходоодны гарах хэсгийн урд ханыг оёх мэс заслын дараах байдал тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна. 3. Шүүх эмнэлэгт гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна” /хх-41-42/ гэх дүгнэлт,
Мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагч У.Бат-Эрдэнийн өгсөн “Тэр хоёрыг ирэхээр нь бид гурав хамтдаа пиво уугаад хөзөр тоглосон. Бид гурав хамтдаа хөзөр тоглож байгаад маргалдсан. Бид нар хоорондоо маргалдаж байхад Бархасбадь босоод гэрт байсан хувин дотор шээчхээд буцаж суугаад маргалдаад байсан. Бархасбадь бид хоёр хоорондоо маргалдаж байгаад босож ирэхэд Бархасбадь намайг цохиод авсан тэгэхээр нь бид хоёр ноцолдоод хэвтсэн ба Бархасбадийг бос гэхээр Бархасбадь босохгүй байсан. Би босох гээд цааш шүүгээг татахад шүүгээний дээр хутга, хоолны хусуур, хоолны халбага гурав байхаар нь би нэгийг нь барьж аваад Бархасбадь руу хатгасан. Намайг хатгасан чинь Бүрэнтөгс болиоч ээ гээд миний гар луу өшиглөөд чи яаж байгаа юм бэ гэхээр нь Бархасбадь руу харахад цээж хэсгээс нь цус гарсан миний гар цус болсон байсан. Ямар ч байсан миний гарт хутга байхад Бүрэнтөгс миний гар руу өшиглөөд хутгыг газарт хаясан” гэх мэдүүлэг /хх-71-73/ гэх мэдүүлэг зэрэг болно.
Зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж үйлдсэн гэж иж бүрдэл бүтцийн хувьд аливаа биетийг устгах, гэмтээх, бие хамгаалах, дохио өгөх зориулалттай эд зүйл, тоног төхөөрөмж, хэрэгсэл хэрэглэснийг ойлгоно. Зэвсэг нь галт, хүйтэн, хийн үйлдвэрийн гар хийцийн аль нь ч байж болно. Тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл гэж хүний биед гэмтэл, эд хөрөнгөд хохирол учруулахаар тусгайлан бэлтгэсэн засаж, тохируулсан хүйтэн зэвсэг галт зэвсэг, эд зүйл хэрэгслийг ойлгоно. Шүүгдэгч У.Б нь зэвсгийн чанартай зүйл буюу хутга хэрэглэж хүний биед хүнд хохирол санаатай гэмтэл учруулсан нь нь мөрдөн шалгах ажиллагаанд шүүгдэгч У.Б, хохирогч М.Бархасбад, гэрч Х.Бүрэнтөгс нарын өгсөн мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгүүдээр хангалттай тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч У.Бат-Эрдэнийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх бөгөөд Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон тул шүүгдэгчийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх, хуульд заасан ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.
Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг гэдэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.
Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй.
Шүүгдэгч У.Б нь бусдад төлөх төлбөргүй.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэж хуульчилжээ.
Шүүгдэгч У.Бд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй. Харин гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн хөнгөрүүлэх нөхцөл байдал байна гэж дүгнэлээ.
Шүүгдэгч прокурортой ял тохиролцсон нь бусдын хуулиар хамгаалагдсан эрх ашгийг зөрчөөгүй, хуульд заасан журамд харшлаагүй байна.
Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч У.Бат-Эрдэнийн үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзаж үзэж прокурорын саналын хүрээнд шүүгдэгч У.Бд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтыг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар 3 /гурав/ жил 6 /зургаа/ сар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын талаарх саналыг шүүгдэгч сайн дураар хүлээн зөвшөөрсөн нь хэргийн үйл баримттай тохирсон, шүүгдэгч нь холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар маргаагүй байна гэж үзлээ
Шүүгдэгч У.Б нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан хутгыг зэвсгийн чанартай хэрэглэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч У.Бат-Эрдэнийг 3 /гурав/ жил 6 /зургаа/ сар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3,4 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч У.Бд оногдуулсан 3 жил 6 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар шүүгдэгч У.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газарт даалгасугай.
6. Шүүгдэгч У.Б нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүй болохыг дурдсугай.
7. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч У.Бд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.МӨНХТУЛГА
ШҮҮГЧ С.ОЛЗОД
ШҮҮГЧ Х.САНЖИДМАА