Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 03 сарын 22 өдөр

Дугаар 378

 

                                                                                                                                                                                                                                                                                                                                                   

 

 

 

 

 

   2021         03           22                                  2021/ШЦТ/378

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                

          Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Одонтуул даргалж, шүүгч Э.Чингис, Ц.Мөнхтулга нарын бүрэлдэхүүнтэй,

          нарийн бичгийн дарга Д.Дэмбэрэлжүний,

          иргэдийн төлөөлөгч Т.Хатансэлэнгэ,

          улсын яллагч Ц.Ганцэцэг,

          хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Тогтох, түүний өмгөөлөгч Н.Гантөмөр,

          шүүгдэгч В.Т, түүний өмгөөлөгч С.Энхбат нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

          Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Тд холбогдох эрүүгийн 2006 04477 0134 дугаартай хэргийг 2020 оны 03 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1986 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, тусгай дунд боловсролтой, бульдозерчин мэргэжилтэй, “Монголын алт” (МАК) ХХК-д жолооч ажилтай, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт Налайх дүүргийн 2 дугаар хороо, Мэргэжил Сургалт гудамж 1-2 тоотод оршин суух бүртгэлтэй, урьд Багахангай, Налайх дүүргийн шүүхийн 2010 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 51 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт зааснаар 1 жил 6 сар хорих ял шийтгэж, уг ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан,

 

           Холбогдсон хэргийн талаар

 

         Шүүгдэгч Д.Т нь “Монголын алт” (МАК) ХХК-ийн эзэмшлийн 73-12 УБР улсын дугаартай тээврийн хэрэгсэлийг жолоодон явахдаа 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 16 цаг 49 минутын орчим Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэр, Амгалангийн зам “Сод Монгол” шатахуун түгээх станцын хойд талын зам дээр цагаан өнгийн “Тоёота приус-20” маркийн 51-81 УНБ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч болох 62 настай Ц.Аривжихтэй “урсгал сөрлөө” гэх шалтгаанаас болж автомашинаасаа бууж маргалдан, улмаар буцаж суун хөдлөх явцдаа хохирогч Ц.Арвижихийг автомашинаараа санаатай дайрч, амь насыг нь хохироон хүнийг алсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Т мэдүүлэхдээ: “...2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр ажлын байрнаасаа ачаа аваад Баянзүрх дүүргийн Эмнэлгийн ард буулгаад буцаж явж байтал урсгал сөрөөд цагаан өнгийн Приүс маркийн машин ороод ирсэн. Би дуут дохио өгч зогсоод “Яаж яваад байгаа юм бэ? урсгал сөрөөд байна”  гэж хэлээд очтол цонхоо онгойлгоод тэр хүн “Ах нь юм харахгүй байна. Хүний машин бариад явж байгаа юм. Машиныг минь замаас гаргаад өгөөч” гэж хэлэхээр нь би “За та наанаа сууж байгаарай, би машинаа зайчлаад буцаад ирье” гэж хэлээд машин дээрээ очоод нэгдүгээр эгнээ рүү дохио өгөөд бага багаар ороод машинаа тэгшилж байтал хажуу талаас “Хүүшээ, чи хүн дайрчихлаа” гэж хүн орилсон. Тэр үед машины арын дугуй юман дээгүүр гарч байгаа мэт оволзоод явсан. Би зогсоод буугаад хартал хүн дайрсан байсан. Би өөрийн утаснаас 102 дугаарт дуудлага өгч цагдаа, эмнэлэг ирсэн.” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Тогтох мэдүүлэхдээ: “...Би талийгчийн бага хүүхэд байгаа юм. Талийгч маань 2 эрэгтэй хүүхэд, 6 ачтай. 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр цагдаагийн газраас надад дуудлага ирсэн. 5181 УНБ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолоочийг таних уу? зам тээврийн осолд орсон байна гэх мэдээллийг надад өгсөн. Би орой 19 цагийн үед газар дээр нь очсон. Намайг очих үед машинд дайруулсан байдалтай амь насаа алдсан байсан. Эцэг минь бидний хувьд хайрлаж хамгаалдаг хүн байсан. Хэдий нас өндөр гарсан ч нэг өдөр ч болов хамт байхыг хичээдэг байсан. Хэрэгтэй холбоотой бичлэгийг үзэхэд талийгч зам тээврийн дүрэм зөрчсөн байдалтай харагддаг боловч хүний амь насанд хүрэх хэрэг байсан юм уу? Өөрийнх нь өвөө байхаар настай цагаан толгойтой хүн рүү очиж уурлаж, орилж, түлхүүрийг нь булааж авч зүй бусаар харьцаж байгаа юм. Машиныхаа түлхүүрийг миний аав шүүгдэгчид өгөөгүй. Шүүгдэгч машины түлхүүрийг булааж авсан. Түлхүүрээ буцааж авах гэж  машиныг нь хааж зогсож байгаад маргаан үүсэж амь насаа алдсан. Эрдэнэт хүнээ алдсан учраас гомдолтой байна. Тээврийн хэрэгслийн шинжээчийн дүгнэлттэй танилцсан. Бүрэн бус тээврийн хэрэгсэлтэй байхад ажил олгогчоос ажилд гаргасан. Хүний эрдэнэт амь нас хохирсон байхад ажил олгогчоос нэг ч удаа холбоо бариагүй. Тээврийн хэрэгслийн жолооч хадаас хүртэл тойрч гардаг байхад хүний дээгүүр гарсан байхад ажил олгогчоос холбоо барихгүй, бидэнд хүндэтгэл үзүүлээгүй, шүүх хуралд оролцохгүй байгаад гомдолтой байна. Бүрэн бус тээврийн хэрэгсэл ажилд гаргаагүй бол эцэг минь амиа алдахгүй байх боломжтой байсан. Холбогдогчтой шүүх хурлын өмнө хүн ёсоор уулзаад гэм буруугаа ойлгож байна уу? болсон хэргийг үнэнээр хэлэхээр байна уу? гэж уучлахыг хичээж уулзахад цаасан дээр бичсэн энэ л зүйлээ ярьдаг. Бидний зүгээс уучилъя гэдэг байдлаар ярьж байхад урдаас худлаа ярьж байгаа нь гэм буруугаа ойлгож байгаа гэж харагдахгүй байна. Бидний зүгээс нэхэмжилсэн 14.500.000 төгрөгийг шүүгдэгч цувуулах байдлаар төлж барагдуулсан. Хүн амь насаа алдсан байхад бидний нэхэмжилж чадах зүйл нь оршуулгын зардал л байдаг нийгэмд амьдардаг юм байна. Надад урьд ийм зүйл тохиолдож байгаагүй...” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, цагаатгах талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудаас зам тээрийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, Гэрэл зургийн үзүүлэлт /1хх- 1-18/, эд зүйл, баримт бичиг хүлээн авсан мөрдөгчийн тэмдэглэл /1хх-20/, Тээврийн хэрэгсэл түр саатуулсан тухай мөрдөгчийн тэмдэглэл, Жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /1хх-21-22/, Цогцосны гадна үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-23-26/, Хойшлуулшгүй тохиолдолд явуулсан мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцсон прокурорын тогтоол /1хх-27/, Тээврийн Цагдаагийн албаны Мөрдөн шалгах Эрүүгийн цагдаагийн хэлтсийн эрүүгийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч М.Өсөхбаярын ослын талаарх бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /1хх-29/, Гэрч Д.Нарантуяагийн мэдүүлэг /1хх-32-33/, Гэрч М.Энхтуулын мэдүүлэг /1хх-34-35/, Мөрдөн шалгах туршилт хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-80-91/, Хохирогч, иргэний нэхэмжлэгч А.Тогтохын мэдүүлэг /1хх-94/, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 2380 дугаартай дүгнэлт /1хх-100-104/, Шүүх сэтгэц эмгэг судлалын шинжээчийн 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 1201 дугаартай дүгнэлт /1хх-112-113/, Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн  мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт  /1хх-224-228/ Д.Тын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1хх-150-155/, Эд мөрийн баримтаар тооцсон тухай мөрдөгчийн тогтоол /1хх-178/ зэрэг нотлох баримтуудыг судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.

 

Мөрдөн байцаалтын явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчийн эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.

 

  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар

 

Шүүгдэгч Д.Т нь “Монголын алт” (МАК) ХХК-ийн эзэмшлийн 73-12 УБР улсын дугаартай тээврийн хэрэгсэлийг жолоодон явахдаа 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 16 цаг 49 минутын орчим Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэр, Амгалангийн зам “Сод Монгол” шатахуун түгээх станцын хойд талын зам дээр цагаан өнгийн “Тоёота приус-20” маркийн 51-81 УНБ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч болох 62 настай Ц.Аривжихтэй “урсгал сөрлөө” гэх шалтгаанаас болж автомашинаасаа бууж маргалдан, улмаар буцаж суун хөдлөх явцдаа хохирогч Ц.Арвижихийг автомашинаараа дайрч, амь насыг нь болгоомжгүйгээр хохироосон гэм буруутай болох нь хавтаст хэрэгт цугларсан дараахи нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:

 

Зам тээрийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-1-18/,

 

Эд зүйл, баримт бичиг хүлээн авсан мөрдөгчийн тэмдэглэл /1хх-20/,

 

Цогцосны гадна үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-23-26/,

 

Хойшлуулшгүй тохиолдолд явуулсан мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцсон прокурорын тогтоол /1хх-27/,

 

Тээврийн Цагдаагийн албаны Мөрдөн шалгах Эрүүгийн цагдаагийн хэлтсийн эрүүгийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч М.Өсөхбаярын: Ослын талаарх “...Уг бичлэг нь 36 минут 42 секунтын бичлэг байв. Бичлэгийг уншуулахад 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр 16 цаг 47 минут 55 секундэд цагаан өнгийн Тоёота приүс-20 маркийн автомашин Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Амгалангийн зам Сод Монгол шатахуун түгээх станцын хойд замд зүүнээс баруун чиглэлд урсгал сөрж орж ирээд улаан өнгийн ачааны автомашины урдаас тулаад зогсож байх бөгөөд ачааны автомашин урагш хөдлөх үед цагаан өнгийн Тоёота Приүс-20 маркийн автомашин ухарч байв. Ачааны автомашины жолооч 16 цаг 47 минут 21 секундэд автомашинаасаа бууж ирээд цагаан өнгийн Тоёота приүс-20 маркийн автомашины жолоочтой уулзаж байгаад буцаад машиндаа суух үед Приүс-20 маркийн автомашины жолооч бууж ирээд ачааны автомашины урд талд тулаад зогсож байх хяналтын камерын бичлэг байх бөгөөд ачааны автомашины жолооч 16 цаг 49 минут 08 секундэд автомашинтайгаа хөдлөөд явж байх үед 16 цаг 49 минут 26 секундэд автомашины зүүн урд талын дугуй донсолж ямар нэг зүйл дайрч байгаа хяналтын камерын бичлэг байв” гэх бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /1хх-29/,

 

          Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Д.Нарантуяагийн өгсөн “...Түгээгч Энхтуул бид хоёр гадаа орлогын машинаас орлого авч байхад ойролцоогоор 18 цаг өнгөрч байхад шатахуун түгээх станцын хойд замын нэгдүгээр эгнээгээр ачааны том машин явж байхад замын хойд талын эгнээнээс зүүнээс баруун зүгт явж байсан цагаан өнгийн Тоёота приүс-20 маркийн автомашинтай жолооч урсгал сөрж орж ирээд том ачааны автомашины урдаас тулаад ороод ирсэн. Ачааны автомашины жолооч тормолзож зогсоод сигналаа байн байн дараад байсан. Урсгал сөрж орж ирсэн цагаан приүс-20 маркийн автомашин том автомашины жолооч зогсоогүй бол мөргөх шахсан. Том машины жолооч бууж ирээд “чи яаж яваад байгаа юм бэ” гэж хэлээд цагаан приүс-20 машины жолооч руу орилоод байсан. Түгээгч Энхтуул бид хоёр орлогын түлшээ аваад зогсож байтал том ачааны автомашины жолооч сандарсан байдалтай гүйж ирээд “би хүн дайраад унагачихлаа” гэж хэлсэн. Тухайн үед бид нар орлогын түлшээ авч байсан учраас машин хаагаад осол болсныг хараагүй.” /1хх-32-33/ гэх,

Гэрч М.Энхтуулын өгсөн “..Колонкын хойд замын эгнээгээр явж байсан ачааны автомашины урдаас эсрэг талын эгнээнд зүүнээс баруун зүгт явж байсан цагаан өнгийн Приүс-20 маркийн автомашин урсгал сөрж орж ирээд урдаас нь тулаад зогсчихсон Приүс-20 машины жолооч ухарч байсан чинь том ачааны автомашин урагшаа яваад шахаад сигналаа дуугаргаад яваад байсан. Том ачааны автомашины жолооч бууж ирээд цагаан өнгийн Приүс-20 маркийн автомашины жолооч руу “чи яаж яваад байгаа юм бэ” гээд орилоод байсан.” /1хх-34-35/ гэх мэдүүлгүүд,

 

Мөрдөн шалгах туршилт хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-80-91/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч, иргэний нэхэмжлэгч А.Тогтохын өгсөн “...2020 оны 11 дүгээр сарын 10-ны орой миний төрсөн эцэг болох Арвижих нь Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, Амгалангийн замд том оврын тээврийн хэрэгсэлд дайруулж, амь насаа алдсан. Тухайн үед аав маань өөрийн эзэмшлийн хүний нэр дээр байдаг 51-81 УНБ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй явсан...гомдолтой байна. Хохирлоо баримтаар гаргаж нэхэмжлэх болно.” /1хх-94/ гэх мэдүүлэг,

 

          Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 2380 дугаар: “Талийгаач Ц.Аривжихын цогцост хийсэн шинжилгээгээр дух, зулай хуйхны ил шарх, гавлын орой, суурь, нүүрний яснуудын үйрч бяцарсан хугарал, тархины эдийн эвдрэл, хоёр талын олон хавирганы хугарал, зүүн уушгины бүрэн тасрал, хоёр уушгины хатгагдаж, урагдсан олон тооны шарх, үнхэлцэг хальсны урагдал, зүрх задрал, улаан хоолойн бүрэн бус тасрал, өрцний урагдал, дотор эрхтнүүдийн иврэлт, элэг, бөөрний няцрал, нарийн, бүдүүн гэдэсний бүрэн болон бүрэн бус тасрал, сэмж, чацархайн урагдал, няцрал, баруун, зүүн суудал чихний дээд, доод салааны зөрөөтэй далд хугарал, цээж, хэвлийн цус хуралт, зулгаралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр нэг цаг хугацаанд үүсгэгдсэн байна. Уг гэмтлүүд нь амь насанд  аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цогцост хийсэн шинжилгээгээр үхэлд хүргэх архаг өвчин тогтоогдсонгүй. Талийгаач нь дээрх амьдрах боломжгүй, анатомийн бүтэц алдагдсан хаварсан гэмтлийн улмаас нас баржээ. 2020.11.11-ний өдрийн 04 цаг 10 минутад хийсэн цогцосны гадна үзлэгээр нас бараад 10-12 цаг орчим болсон байжээ.Талийгаач нас барах үедээ согтолтгүй байжээ...” /1хх-100-104/ гэх дүгнэлт,

 

           Шүүх сэтгэц эмгэг судлалын шинжээчийн 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 1201 дугаар: Д.Т нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. Д.Т нь өөрийн үйлдлийн учир холбогдлыг ойлгон өөрийгөө удирдан хянах чадвартай байсан байна. Д.Т нь хэргийн талаар зөв тайлбарлан мэдүүлэг өгөх чадвартай байна. Д.Т нь сэтгэцийн эмнэлгийн хяналтад байдаг гэх баримт мэдээлэл үгүй байна. Д.Т нь хэрэг хариуцах чадвартай байна /1хх-112-113/ гэх дүгнэлт,

 

            Камерийн бичлэг бүхий 1 ширхэг Си Ди /1хх-250/,

 

  Эд мөрийн баримтаар тооцсон тухай мөрдөгчийн тогтоол /1хх-178/,

 

  Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн  мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт  /1хх-224-228/ зэрэг болно.

 

   Иргэдийн төлөөлөгч шүүх хуралдаанд “Хохирол болох 14.500.000 төгрөгийг төлж барагдуулсан. Мөн өөрийн дугаараас дуудлага өгсөн хэдий ч бодит байдал, шүүгдэгчийн мэдүүлэг хоорондоо зөрж байна. Шүүгдэгч өөрийн гэм буруутай үйлдэлд гэмшээгүй амь хохирогчтой зүй бус харьцсан гэм буруутай гэж үзэж байна” гэх санал гаргасан болно.

 

Прокуророос шүүгдэгчийг хүнийг санаатай алах гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хууль зүйн үндэслэлгүй байх тул өөрчлөх нь зүйтэй байна.

 

Хүнийг алах гэмт хэрэг гэдэг нь хүний амьд явах эрхэд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм. Үүнийг хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох гэмт хэрэг /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйл/-ээс субьектив талын шинж болох гэм буруугийн хэлбэрээр нь ялгаж зүйлчилнэ. Өөрөөр хэлбэл хүнийг алах гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай, хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгддэг.

 

Шүүгдэгч Д.Т амь хохирогч Ц.Арвижах нар урьд нь бие биенээ таньдаг байгаагүй, тухайн хэрэг болсон газар, цаг мөчид тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож байх үедээ анх уулзсан, өс хонзон, өр авлага гэх мэт урьдний таарамжгүй харилцаа үүссэн байх боломжгүй.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан камерийн бичлэгээс үзэхэд “... 2 авто машин өөд өөдөөсөө тулан зогсох ба баруунаас зүүн тийш чиглэх бараан өнгийн том автомашины жолооч талын хаалганаас хүн бууж ирэн зүүнээс баруун зүг чиглэн зогссон жижиг цагаан өнгийн машины жолооч талын хаалган тушаа очоод удалгүй буцаж өөрийн машинд суух, араас нь жижиг цагаан машины жолооч талын хаалганаас хүн бууж ирэн том машины хаалган тушаа очиж хэсэгхэн зуур байсны дараа том машин хөдөлж эхлэх бөгөөд их гэрлийнх нь урдуур нөгөө хүн гарч урд хэсэгт нь очих байдал харагдана. Том машин хөдөлгөөнөө үргэлжлүүлэн жижиг машиныг урд талаар нь тойрч гаран зүүн тийш явах үед урд нь байсан хүн алга болж том машин овгосхийн хөдлөөд төд удалгүй зогсож жолооч нь бууж ирэн машины хойд талд очин харж байгаа” дүрс авагджээ.

 

1 дүгээр хавтаст хэргийн 80 дахь талд байх Мөрдөн шалгах туршилт хийсэн тэмдэглэлээс үзвэл 73-12 УБР улсын дугаартай тээврийн хэрэгслийн кабинаас 1 м-ээс 1.2 метр зайд байх 1.70 м өндөртэй хүн харагдахгүй /сохор бүс/ байна.

 

Эдгээр байдлаас дүгнэж үзвэл шүүгдэгч Д.Т нь бусад хүний амь насанд аюултай үйлдлээ ухамсарлаж, хохирогчийг үхэлд зайлшгүй хүргэх боломжийг урьдчилан харж, түүнийг хүсэж, эсхүл үхэлд зориудаар хүргэх гэсэн шууд болон шууд бус санаа бүхий зорилго, сэдэлт байсан болох нь тогтоогдохгүй байна. Харин шүүгдэгч Д.Т нь өөрийн автомашинаа хөдөлгөж эхлэх үедээ хэн нэгэн автомашинд нь шүргэгдэх, мөргөгдөх, чирэгдэх байдлаар гэмтэх, нас барах боломжийг урьдчилан харах боломжтой, анхаарал болгоомжтой байх үүрэгтэй байсан боловч хайхрамжгүй хандан хохирогч Ц.Арвижихыг харж чадалгүйгээр дайрч амь насыг нь болгоомжгүйгээр хохироосон шалтгаант холбоо бүхий нөхцөл байдал тогтоогдож байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Иймд шүүгдэгч Д.Тын үйлдэлд Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн зүйлчлэн ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх заалт болгон өөрчлөх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Д.Т нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид 14,5 сая төгрөг төлсөн, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч энэ талаар шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлж, гэм хорын хохирлоо авсан гэж байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэж хуульчилжээ.

           

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд түүний гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид хохирлыг төлсөнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

 

          Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч Д.Тын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирч хүнд хор уршиг учирсан байдал, шүүгдэгчийн бага насны 4 хүүхэдтэй хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагч болон шүүгдэгчийн өмгөөлөгч, хохирогчийн өмгөөлөгчийн дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Тд 5 /таван/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэж,  уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Д.Тын энэ хэрэгт сэжигтнээр баривчлагдсан 1 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцох, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг Си Диг хэрэг хадгалах хугацаа дуустал хавсарган үлдээхээр шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Д.Тд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх заалт болгон өөрчилсүгэй.

 

          2. Шүүгдэгч Тыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

          3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Тд 5 /таван/ жил хорих ял шийтгэсүгэй.

         

          4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3,4 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Д.Тд оногдуулсан 5 жил хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

          5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Тын сэжигтнээр баривчлагдсан 1 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.

 

          6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Д.Тд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

          7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.2 дахь заалтад зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг Си Ди-г хэрэг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээсүгэй.

 

          8. Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Д.Т нь бусдад төлөх төлбөргүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

          9. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авсан өдрөөс хойш эсхүл хүргүүлснээс 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

          10. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Тд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                Н.ОДОНТУУЛ

 

                                                              ШҮҮГЧ                                      Э.ЧИНГИС

 

                                                              ШҮҮГЧ                                     Ц.МӨНХТУЛГА