Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 03 сарын 29 өдөр

Дугаар 414

 

 

 

 

 

 

 

  2021        03           29                                 2021/ШЦТ/414

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                

          Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнхтулга даргалж,

   Нарийн бичгийн дарга Д.Дэмбэрэлжүний,

Улсын яллагч Д.Ариунжаргал,

Гэрч Б.Энх-Од,

Хохирогчийн өмгөөлөгч Н.Номин-Эрдэнэ,

Шүүгдэгч З.Б, түүний өмгөөлөгч Р.Батцогт нарыг оролцуулан шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх заалтад хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн яллагдагч Бт холбогдох эрүүгийн 2010 00842 2623 дугаартай хэргийг 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

          Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1992 оны 11 дүгээр сарын 03-нд төрсөн, 28 настай, дээд боловсролтой, сэтгүүлч мэргэжилтэй, улс төрч.мн сэтгүүлч ажилтай, ам бүл 4, ээж ах дүүгийн хамт Баянхонгор аймгийн Баянхонгор 3 дугаар баг дуурсах 26 гудамж 24 тоотод оршин суух хаягтай боловч Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо Эмийн ургамал Задгайн 5 тоотод түр оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй,

 

           Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

 

         Шүүгдэгч З.Б нь 2020 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо 41 дүгээр байр 01 тоотод үйл ажиллагаа явуулдаг “Улс төрч” агентлаг ХХК-ны байранд байхдаа иргэн Ч.Ундрамын талаар “Залилангийн гэмт хэрэг үйлдсэн, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, Ардчилсан намын гишүүн байсан” гэх зэргээр ажил хэргийн нэр хүндэд халдсан илт худал мэдээллийг бэлтгэн олон нийтэд тараасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

        Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч З.Б мэдүүлэхдээ: “...Оюутнуудын дүн зассан гэх асуудлаар Монгол Улсын Их сургуулийн оюутнууд 2016 онд удаа дараа хүсэлт гаргаж хэвлэлийн бага хурал зарлаж, шалгуулах хүсэлтэй байгаа талаараа илэрхийлж байсан. Энэ талаар авлигатай тэмцэх газар шалгаж, үүний дараа Боловсрол Соёл Шинжлэх Ухааны яамнаас дотоод аудитын шалгалт Монгол Улсын Их Сургуульд хийсэн байдаг. Өмгөөлөгчийн минь гаргаж өгсөн, шүүхээс нотлох баримтын шаардлагагүй хангахгүй байна гэж үзсэн баримт нь Боловсрол Соёл Шинжлэх Ухааны яаманд байгаа тул үүнийг гаргуулах хүсэлтэй байна. Ундрам гишүүн багш байх үедээ дүн засаж байсан талаар оюутнуудаас гэрчийн мэдүүлэг авхуулах хүсэлтэй байна. Улсын яллагчийн гаргаж өгсөн баримтуудад 2020 оны 05 дугаар сарын байдлаар ардчилсан намын  гишүүн биш гэж байгаа юм. Би ардчилсан намын гишүүн байсан байна гэж байхад одоо байхгүй байна гэх зүйл ярьж байгаа нь эргэлзээтэй байна..” гэв.

 

Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудаас хохирогч Ч.Ундрамын мэдүүлэг /хх-10-12/, гэрч Б.Энх-Одын мэдүүлэг /хх-13-14/, гэрч Б.Наранцацралын мэдүүлэг /хх-105-107/, гэрч Ё.Байгалмаагийн мэдүүлэг /хх-119-120/, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 183/ШШ2018/00715 дугаартай шүүгчийн захирамж /хх-60-63/, ардчилсан намын лавлагаа /хх-109/, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 06-ны 479 дугаартай шүүхийн шийтгэвэр /хх-161-165/ зэрэг нотлох баримтуудыг судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.

 

Хохирогч Ч.Ундрамд шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч тэрээр шүүх хуралдаанд ирээгүй, улсын яллагч болон шүүгдэгч, түүний өмгөөлөгч шүүх хуралдаанд хохирогчийг оролцуулах хүсэлт, хохирогчийн өмгөөлөгч хохирогчийг төлөөлөн оролцох бүрэн боломжтой тул хохирогчийг оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг явуулах хүсэлт тус тус гаргасан.

 

Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт шүүх хуралдаанд оролцох хүсэлтээ бичгээр гаргасан нөхцөлд хохирогчийг оролцуулах, 2 дахь хэсэгт хохирогч ирээгүй нь шүүх хуралдааныг хойшлуулах үндэслэл болохгүй талаар тус тус заасан тул шүүхийн хэлэлцүүлэгт түүний мэдүүлгийг шинжлэн судлах байдлаар хохирогчийг эзгүйд шүүх хуралдааныг явуулах боломжтой гэж үзэв.

Гэм буруугийн талаар

  

Шүүгдэгч З.Б нь 2020 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо 41 дүгээр байр 01 тоотод үйл ажиллагаа явуулдаг “Улс төрч” агентлаг ХХК-ны байранд байхдаа иргэн Ч.Ундрамын талаар “Залилангийн гэмт хэрэг үйлдсэн, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, Ардчилсан намын гишүүн байсан” гэх зэргээр хүний нэр төр, алдар хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан болох нь хавтаст хэрэгт цугларсан дараахи нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:

 

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ч.Ундрамын өгсөн “...2020 оны 04 дүгээр сарын 11-ний өдрөөс эхэлж миний талаар фэйсбүүк цахим хуудас болон сайт олон нийтийн сүлжээгээр худал мэдээ мэдээлэл цацагдаж эхэлсэн учраас би цагдаагийн байгууллагад хандаж байна. Ерөнхийдөө тухайн нийтлэлийн агуулга нь 3 зүйлээс бүтэж байна. Нэгт Монгол Улсын Их Сургуулийн удирдах албан тушаал эрхэлж байхдаа оюутнуудын дүнг зассан гэж худал мэдээлэл тараасан байсан. Хоёрт Ардчилсан намын гишүүн байсан гэсэн худал мэдээлэл тараасан байсан. Гуравт Лексус-570 маркийн авто машиныг залилангийн гэмт хэрэгт гүтгэж мөн видео бичлэг хэлбэрээр худал мэдээ мэдээлэл тараасан байна. Ер нь бол би ямар нэгэн оюутны дүнг засах боломж байхгүй оюутны програм нь өөрөө өндөр нууцлалтай систем байдаг өмнө намайг гүтгэсэн хүнийг Сүхбаатар дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаад гүтгэсэн 2 иргэнийг тус бүрт нь зөрчлийн тухай хуулиар 2 сая төгрөгөөр торгосон байдаг. 2012 оны Сэлэнгэ аймгийн Ардчилсан залуучуудын холбооны чуулганы өмнө тус холбооны тэргүүн өөрийн найзын хүсэлтээр очиж манлайлал хувь хүний хөгжлийн талаар хичээл орж дуусаад надад талархал илэрхийлээд бэлэг батламж зэрэг эд зүйлс гардуулсан үеийн бичлэгийг дүрсжүүлж аваад Ардчилсан намд өмнө нь байсан одоо Ардын намд байгаа бөгөөд ялсан нам руу урваж ордог гэсэн утга санаатай 37 секундын видео бичлэгийг Өргөн Сэлэнгэ гэсэн фэйсбүүк хаягнаас оруулсан байсан. Би 570 лексус маркийн авто машиныг залилан хийж авсан асуудал байхгүй миний нөхөр “Хөнгөн бетон” ХК-д хувьцаа эзэмшигч. 2012 онд барилгын компанитай бартерийн гэрээ хийсэн тухайн гэрээ нь хөнгөн бетоноо өгөөд орон сууц авах гэрээ байгуулсан байсан тэгээд хөнгөн бетоноо өгөөд барилгаа баригдаж дуусахыг хүлээж байхад нэг хүн ирээд орон сууцаар 570 лексус маркийн машин авсан бөгөөд тухайн асуудалд би ямар нэгэн холбоо хамаарал байхгүй байхад миний нэрийг хаматуулан худал мэдээлэл тараасан. Энэ асуудлаас болоод миний гэр бүл болон надад сэтгэл санааны хохирол учирч байна мөн миний улс төрийн карерт сөрөг муу нөлөө үзүүлж байгаа бөгөөд хүнд гэмт хэрэг болон худал хуурмаг зүйлд гүтгэж олон нийтийн сүлжээгээр мэдээ мэдээлэл тараасанд гомдолтой байна...” /хх-10-12/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Энх-Одын өгсөн “...2020 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр улстөрч.мн сайтанд Чинбатын Ундрамын талаар залилангийн машинаар гангарч оюутнуудын дүнг хууль бусаар засдаг иргэн Сэлэнгэ аймагт горилж явна гэсэн гарчигтай нийтлэл тавигдсан Чинбатын Ундрам нь 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс Монгол Улсын Их Сургуулийн захиргаа дотоод хамтын ажиллагаа хариуцсан дэд захирлын албан тушаалыг хүлээлгэн өгсөн энэ албан тушаалыг хүлээлгэж өгсөн энэ албан тушаалд ажиллаж байх хугацаандаа оюутнуудын дүнг зассан гэх асуудлаар 2019 онд Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хэлтэст цагдаагийн дэслэгч П.Эрдэнэцогт дээр зөрчлийн хэргээр шалгагдаж 2 шатны шүүхээр шийдвэрлэгдсэн буруугүй болох нь тогтоогдсон мөн тухайн залилангийн машинаар гангарч гэсэн асуудал тухайн нийтлэл дээр бичигдсэн байсан энэ бичигдсэн асуудал дээр Ч.Ундрамд хамаатуулан хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтэд худал хуурмаг мэдээ мэдээлэл тарааж байгаа тул цагдаагийн байгууллагад хандаж байна...” /хх-13-14/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Наранцацралтын өгсөн “...Миний бие хөнгөн бетон хувьцаат компаний хувьцаа эзэмшдэг бөгөөд манай хөнгөн бетон хувьцаат компани нь Бат-Эрдэнэ гэх залуутай худалдах худалдан авах гэрээ байгуулж цоо шинэ Лексус-570 маркийн тээврийн хэрэгсэл авсан гэхдээ би аваагүй бөгөөд манай компани болох хөнгөн бетон хувьцаат компани авсан. Компаний зүгээс Бат-Эрдэнэд өгөх “Эм Эс Пи Ди” компаний зайсанд барьж байсан Номуун виллаже гэх хотхоноос 3 өрөө байр өгөхөөр тохиролцсон. Тухайн үед ашиглалтанд ороогүй байсан бөгөөд манай компаний зүгээс “Эм Эс Пи Ди” компаний барилгад бетон нийлүүлж байр ашиглалтанд ормогц машины эзэн Бат-Эрдэнэд 3 өрөө байр өгөх тохиролцоотой байсан. 2011 оны сүүлээр Бат-Эрдэнэтэй уг гэрээг байгуулж байсан. Ингээд компани машиныг нь авсан бөгөөд би хувьцаа эзэмшигч гэсэн утгаараа тээврийн хэрэгсэлийг унаж байсан юм. Ингээд явж байтал “Эм Эс Пи Ди”  компани барьж байсан барилгын ажил зогссон ямар шалтгаантай гэдгийг нь мэдэхгүй байна. Тэгээд 2 жилийн дараа барилга нь баригдаад дууссан бөгөөд манай компаний зүгээс хөнгөн блок бүрэн нийлүүлж дууссан. Ингээд уг  “Эм Эс Пи Ди” компанид Бат-Эрдэнэд өгөх 3 өрөө байрыг өгүүлэх тухай хүсэлтийг тавьсан. Гэтэл “Эм Эс Пи Ди” компани танайх манайд цаг тухай бүрт нь бетоноос нийлүүлээгүй учир манайх хугацаа алдсан гэж маргаан үүсгэн Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан дунд дээд шатны шүүх дээр уг маргаан хянан хэлэлцэгдсэн. Уг шүүхийн маргааны хугацаа 2 жил орчим үргэжилсэн. Энэ хооронд Бат-Эрдэнэ нь намайг залилсан гэх асуудлаар Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтэст өргөдөл гаргасан бөгөөд миний зүгээс мэдүүлэг тайлбар нотлох баримтуудыг гаргаж өгч хэрэг хэрэгсэхгүй болсон бөгөөд иргэний журмаар Бат-Эрдэнэтэй асудлаа шийдсэн. Бат-Эрдэнэ Хан-Уул иргэний хэргийн шүүх дээр гомдол гаргасан бөгөөд энэ хугацаанд “Эм Эс Пи Ди” болон хөнгөн бетон ХК-ний хооронд маргааны дээд шатны шүүхийн шийдвэр гарсан бөгөөд уг шийдвэрийг нь Бат-Эрдэнэ өмгөөлөгчөө дуудаж танилцуулсан бөгөөд уг шийдвэрт “Эм Эс Пи Ди” компани нь манайд өгөх буюу Бат-Эрдэнэд өгөх 3 өрөө байрыг өгөх тухайн шийдвэр гарсан. Харин компаний зүгээс “Эм Эс Пи Ди” ХХК-д 100.000.000 төгрөгний алданги төлөх тухай шийдвэр тавьсан. Ингээд манай компаний зүгээс Бат-Эрдэнэд хандан уг шүүхийн шийдвэрийг аваад шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хийлгүүлж байраа ав. Бид нар боломжоороо “Эм Эс Пи Ди” өгөх ёстой мөнгөө төлж дуусгана. Энэ саналыг Бат-Эрдэнэ зөвшөөрч манай хөнгөн бетон хувьцаат компанитай эвлэрэлийн гэрээ байгуулсан. Энэ эвлэрэлийн гэрээгээр Бат-Эрдэнэ бид хоёрын маргаан хаагдсан гэж үзэж байна. Тэгээд уг шүүхийн шийдвэрийг Бат-Эрдэнэ авч яваад Бат-Эрдэнэ байраа авч чадаагүй гэдгийн нь эвлэрэлийн гэрээ байгуулсны дараа 1 жилийн дараа мэдсэн. Ямар шалтгаантай гэдгийг нь мэдэхгүй. Уг асуудлыг манай эхнэр гэх Чинбатын Ундрамтай хамруулж гэр бүлээрээ лексус 570 маркийн машин залилсан гэх зэргээр худал мэдээлэл тарааж нэр хүндэд нь халдах болсон. Манай эхнэр Чинбатын Ундрамын хувьд “Хөнгөн бетон” ХК-д ямар нэг хувьцаа эзэмшдэггүй үйл ажиллагаанд оролцдоггүй. Ийм байхад УИХ-ын 2020 оны сонгуулийн үеэр манай эхнэр болох Ч.Ундрамын талаар лексус-570  маркийн тээврийн хэрэгсэл залилсан гэх шантаачилж хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон фэйсбүүк цахим хуудсанд бичсэн байсан. Уг мэдээлэл ор үндэслэлгүй худал мэдээлэл болно. Манай компаний зүгээс төлөх ёстой мөнгөө “Эм Эс Пи Ди” ХК-д төлөөд явж байгаа. Яг одоогийн байдлаар 30.000.000 төгрөг төлсөн. Миний хувьд тухайн тээврийн хэрэгслийг залилсан асуудал байхгүй. Уг асуудал МУИС-ын багш байсан Дашдулам гэх эмэгтэй манай эхнэр Ч.Ундрамыг уг асуудалд хамаатай Си Си гэх программд оюутнуудын дүнг засаж байсан гэж худлаа гүтгэсэн асуудал гарсан. Уг асуудал Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэс дээр шалгагдаж шүүхээр шийтгэгдсэн худал мэдээлэл тарааж гүтгэсэн гэх Дашдулам гэгч нь гэм буруутай нь тогтоогдож торгуулсан. Тийм дүн зассан асуудал байхгүй. Манай эхнэр нь Ч.Ундрам нь МУИС-д ажиллаж байх үедээ Сэлэнгэ аймгийн ардчилсан залуучуудын холбооны залуучуудын урилгаар биечлэн очиж лекц тавьсан. Уг чуулган дуусмагц оролцсон хүмүүсийн хамт гэрэл зургаа даруулсан. Уг зургийг 2020 оны сонгуулийн үеэр ашиглан манай эхнэр Ч.Ундрамыг ардчилсан намын гишүүн байсан мэтээр худал мэдээлэл тараасан асуудал гарсан. Ардчилсан намд манай эхнэр Ч.Ундрам нь гишүүн байсан асуудал  байхгүй..” /хх-105-107/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд Ё.Байгалмаа гэрчээр өгсөн “...Уг Си Си гэдэг нь сургалтын мэдээллийн систем бөгөөд 2003 оноос эхлэн манай сургуульд уг системийг сургалтандаа нэвтрүүлж хөгжүүлэлт хийж байгаа юм. Уг системийг суралцагч анх удаа орж бүртгүүлэхээс эхлээд төгсөх хүртэлх мэдээллийг хадгалж байдаг багш, оюутан, мэргэжилтэн нь тус бүр өөрсдийн эрхтэй учир нэвтэрч ороод мэдээлэл авдаг. Суралцах бүх үйл ажиллагаа уг программаар дамжин явагдаж байгаа. Уг системд дүнг багш оруулна. Багш шалгалт авсны дараа 5 хоногийн дотор эрхтэй учир оюутан тус бүрийн дүнг Си Си мэдээллийн системд оруулдаг. Явцын шалгалт өгөөгүй эсхүл тааруу дүнг, өвчтэй байсан гэх мэт хүндэтгэн үзэх шалтгаанаар I-E гэсэн үнэлгээг багш тавьдаг. Энэ үнэлгээг тавьсан тохиолдолд багш дараагийн улирлын эхний сард багтаан шалгалт авч дүнгээ оруулдаг. Энэ 2 тохиолдолд багш дүнгээ системд оруулна. Дүнгийн гомдол маргаан шийдвэрлэх нь сургалтын журмаараа 1 сарын хугацаатай байдаг. Энэ нь ямар учиртай бэ гэхээр багшийн зүгээс дүнг орхигдуулсан, алдаатай шивсэн, буруу дүгнэсэн бол багш, оюутан аль аль элсэлт бүртгэлийн хэлстэст хүсэлт гаргана. Ийнхүү хүсэлтийг дүн бүртгэл хариуцсан мэргэжилтэн хүлээж аваад нягтлаад хэлтсийн даргадаа шалгуулаад Си Си системд дүн оруулах эрхийг мэдээллийн технологийн газраас мэргэжилтэнд эрх нээж өгсний улмаас өөрчлөгдсөн дүнг оруулна. Дүнг оруулах үед уг программын үйл ажиллагаанд хяналт тавьж буй Монгол Улсын Их Сургуулийн мэдээлэл технологийн газраас дүнг оруулах эрх бүхий албан тушаалтанд буюу багш, сургалтын албаны мэргэжилтэнд системд дүнг оруулах эрхийг хугацаатай нээж өгдөг. Багшийн хувьд дүнг оруулах эрх нь шалгалт авсанаас хойш 5 хоног байдаг. Харин сургалтын албаны мэргэжилтэн, суралцагч, багшийн албан ёсны хүсэлтийг дагуу шийдвэрлэн системд оруулдаг. Багш 5 хоногийн хугацаанд оруулсан дүнгээ өөрчлөх буюу засах эрхтэй. Өөр эрх бүхий албан тушаалтан Си Си мэдээллийн системд дүнг оруулах болон өөрчлөх эрх байхгүй, багш, ажилчид оюутнууд бүх мэдээлэл байгаа учир өндөр нууцлалтай программ юм...” /хх-119-120/ гэх мэдүүлэг зэрэг болно.

 

Худал мэдээлэл тараах гэмт хэрэг нь хүний нэр төр, алдар хүнд, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.

 

Шүүгдэгч З.Бийн нийтэд тараасан “иргэн Ч.Ундрамыг гэр бүлээрээ нийлж бусдын эзэмшилд байсан шинэ LX570 маркийн автомашиныг залилж аваад нэг ч төгрөг төлөөгүй мөртлөө бусдад худалдаад мөнгийг нь залилж авсан /хх-26/, МУИС-н оюутнуудын дүнг зассан /хх-30/, Ардчилсан намын гишүүн байсан” гэх агуулгатай мэдээлэл нь илт худал болох нь хохирогч Ч.Ундрамын нөхөр Б.Наранцацрал нь бусдаас LX570 маркийн авто машин шилжүүлэн авсантай холбоотой зээлээр худалдах худалдан авах гэрээний үүргийн харилцааг талууд эвлэрлийн гэрээ байгуулснаар шийдсэн Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 183/ШШ2018/00715 дугаартай захирамж /хэргийн 60 дахь тал/,

 

Зөрчилд холбогдогч Г.Элдэв-Очир, Б.Дашдулам нарыг “Ч.Ундрам нь албан тушаалын байдлаа урвуулан ашигласан буюу МУИС-ын оюутнуудын дүнг зассан гэж гүтгэсэн” гэж Зөрчлийн тухай хуулийн 6.21 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүр 2.000.000 төгрөгөөр торгох шийтгэх оногдуулсан шийтгэлийн хуудас нь үндэслэлтэй гэх Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 479 дугаартай шийтгэвэр /хх-161/,

 

Чинбат овогтой Ундрам /ЧС:82112408/ нь Ардчилсан намд элсэж байгаагүй бөгөөд Ардчилсан намд огт хамааралгүй болно гэх Ардчилсан намын 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 01/41 дугаартай албан бичиг /хх-191/, Ч.Ундрам нь Ардчилсан намын гишүүнчлэлийн бүртгэлийн цахим мэдээллийн санд бүртгэлгүй болно гэх Лавлагаа /хх-109, 190/,  

 

Хохирогчид хууль сануулж авсан: “би ямар нэгэн оюутны дүнг засах боломж байхгүй оюутны програм нь өөрөө өндөр нууцлалтай систем байдаг өмнө намайг гүтгэсэн хүнийг Сүхбаатар дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаад гүтгэсэн 2 иргэнийг тус бүрт нь зөрчлийн тухай хуулиар 2 сая төгрөгөөр торгосон байдаг. 2012 оны Сэлэнгэ аймгийн Ардчилсан залуучуудын холбооны чуулганы өмнө тус холбооны тэргүүн өөрийн найзын хүсэлтээр очиж манлайлал хувь хүний хөгжлийн талаар хичээл орж дуусаад надад талархал илэрхийлээд бэлэг батламж зэрэг эд зүйлс гардуулсан үеийн бичлэгийг дүрсжүүлж аваад Ардчилсан намд өмнө нь байсан одоо Ардын намд байгаа бөгөөд ялсан нам руу урваж ордог гэсэн утга санаатай 37 секундын видео бичлэгийг Өргөн Сэлэнгэ гэсэн фэйсбүүк хаягнаас оруулсан байсан. Би 570 лексус маркийн авто машиныг залилан хийж авсан асуудал байхгүй миний нөхөр “Хөнгөн бетон” ХК-д хувьцаа эзэмшигч. 2012 онд барилгын компанитай бартерийн гэрээ хийсэн тухайн гэрээ нь хөнгөн бетоноо өгөөд орон сууц авах гэрээ байгуулсан байсан тэгээд хөнгөн бетоноо өгөөд барилгаа баригдаж дуусахыг хүлээж байхад нэг хүн ирээд орон сууцаар 570 лексус маркийн машин авсан бөгөөд тухайн асуудалд би ямар нэгэн холбоо хамаарал байхгүй” гэх мэдүүлэг,

 

Мөн хууль сануулж авсан гэрч Б.Наранцацралт, Ё.Байгалмаа нарын мэдүүлэг зэрэг баримтуудаар нотлогдож байна.

 

Ардчилсан залуучуудын холбооны дэд тэргүүнийг томилох тухай “Сэлэнгэ аймгийн ардчилсан залуучуудын холбооны хурлын тогтоол” гэх алдаатай бичиглэл бүхий нотариатаар батлуулсан баримт нь Ч.Ундрамыг Ардчилсан намын гишүүн байсан гэдгийг нотлох баримт биш юм.

 

Түүнчлэн энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй.

 

Хэргийг прокуророос ирүүлсэн хэмжээнд шийдвэрлэх бүрэн боломжтой, нэмж нотлох баримт гаргуулах, гэрч асуулгах тухай шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын хүсэлтийг хүлээн авах шаардлагагүй гэж шүүхээс дүгнэлээ.

 

Иймд шүүгдэгч З.Бийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх заалтад хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх бөгөөд Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон тул шүүгдэгчийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх, хуульд заасан ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Хохирогч хохирол, төлбөр нэхэмжлээгүй тул шүүгдэгч З.Бийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэж хуульчилжээ.

 

Шүүгдэгч З.Бт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй

 

Шүүхээс шүүгдэгч З.Б нь хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх заалтад хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял шийтгэлийг оногдуулж, 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй байна. 

 

Шүүгдэгч З.Б нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан худал мэдээлэл тараах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

             2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.Бт 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1000000 /нэг сая/ төгрөгөөр торгох ял оногдуулсугай.

 

             3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.Б нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоосугай.

 

             4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч З.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

             5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч                З.Бт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

             6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч З.Б нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

             7. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

             8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч З.Бт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Ц.МӨНХТУЛГА