| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэрэнчимэдийн Мөнхтулга |
| Хэргийн индекс | 105/2021/0398/Э |
| Дугаар | 431 |
| Огноо | 2021-03-30 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Н.Өнөрбаяр |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 03 сарын 30 өдөр
Дугаар 431
2021 03 30 2021/ШЦТ/431
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнхтулга даргалж,
Нарийн бичгийн дарга Д.Дэмбэрэлжүний,
Улсын яллагч Н.Өнөрбаяр,
Шүүгдэгч Г.У нарыг оролцуулан шүүх хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Чонос овогтой Ганчимэгийн Уд холбогдох эрүүгийн 2006 04194 0358 дугаартай хэргийг 2021 оны 03 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1991 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 30 настай, эмэгтэй, дээд боловсролтой, хятад хэлний орчуулагч, багш мэргэжилтэй, Баянзүрх дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын ажлын албаны 15 дугаар хорооны олон нийттэй харилцах ажилтан ажилтай, ам бүл 1, ганцаараа амьдардаг, Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо эмнэлэг 18 гудамж 550 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй,
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч Г.У нь 2020 оны 10 дугаар сарын 15-ны орой 19 цагийн үед Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо 79 дүгээр сургуулийн урд талд хохирогч Г.Булгантамиртай үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж улмаар үснээс нь үстэж газар унаган нүүр хэсэгт хөлөөрөө 1 удаа өшиглөж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.У мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв учир нэмж мэдүүлэг өгөхгүй” гэв.
Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудаас хохирогч Г.Булгантамирын өгсөн мэдүүлэг /хх-15-18/, гэрч Д.Оюунбалын өгсөн мэдүүлэг /хх-24-26/, гэрч Б.Мөнхцэцэгийн өгсөн мэдүүлэг /хх-27-29/, гэрч Б.Ганчимэгийн мэдүүлэг /хх-55/, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн №11920 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-34-35/ зэрэг нотлох баримтуудыг судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.
Гэм буруугийн талаар
Шүүгдэгч Г.У нь 2020 оны 10 дугаар сарын 15-ны орой 19 цагийн үед Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо 79 дүгээр сургуулийн урд талд хохирогч Г.Булгантамиртай үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж улмаар үснээс нь үстэж газар унаган нүүр хэсэгт хөлөөрөө 1 удаа өшиглөж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хавтаст хэрэгт цугларсан дараахи нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Г.Булгантамирын өгсөн “...2020 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо 79 дүгээр сургуулийн урд талд байрлах намын байранд сонгуулийн үйл явцтай танилцаад байж байтал сургуулийн хашааны гадна хэсгийн ахлагч Оюунбал гэх хүнийг нэг эмэгтэйг хэл амаар доромжлоод байхаар нь “та хүний ингэж доромжилж болохгүй” гэж хэлээд гар утсаа гаргаад бичлэг хийж байтал нөгөө эмэгтэй “чи миний биед хүрэх гээд байна” гээд над руу дайрах гээд байхаар нь би таны биед хүрээгүй гээд 2 гараа өргөөд утсаа бариад зогсож байтал У гэх хүүхэн хүрч ирээд миний утсыг булааж аваад ардаа нуусан. Тэгэхээр нь би Уас утсаа авах гээд зогсож байтал миний араас нэг хүн ирээд намайг үстсэн. Тэгэхээр нь би хэн намайг үстчихвээ гээд эргээд хартал нөгөө талаас У намайг ард талаас үстээд газар унагаагаад намайг өшиглөсөн. Тэгээд миний нүдний шил газар унаж хагараад би тухайн үед хаашаа хэдэн удаа цохисон талаар сайн санахгүй байна. Толгой руу нэг удаа өшиглөсөн талаар сайн санаж байна. Надтай хамт хэсгийн ахлагч Мөнххүслэн, Оюунбал, Мөнхцэцэг нар байсан тэд нар харсан. Маш их гомдолтой байна...” /хх-15-18/ гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Д.Оюунбалын өгсөн “... Булгантамир ирээд гар утсаараа бичлэг хийсэн. Булгантамирыг гар утсаараа бичлэг хийж байхад У гэдэг хүүхэн хүрч ирээд Булгантамирын гар утсыг булааж аваад цаашаа эргээд явах гэхээр Булгантамир утсаа авах гээд У гэх хүүхэн рүү очиход У цааш нь 2 хүн рүү дамжуулаад цааш өгчихөөд Булгантамирын үснээс нь зулгаагаад доош нь дарж байгаад нүүрэн тус газар нь өшиглөсөн. Тэгтэл хажуу талд зогсож байсан. Цагдаагийн машинаас цагдаа гарч ирээд салгаад тэд нарыг аваад явсан. Булгантамирын нүд нь улайж хавдсан байсан. У өшиглөснөөс болоод хавдсан байх...” /хх-24-26/ гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Мөнхцэцэгийн өгсөн “...Алтантуяа, Оюунбал бид нар хоорондоо маргалдсан. Бид нарыг маргалдаж байгааг Булгантамир гар утсан дээрээ бичлэг хийж байсан. Тэгтэл У гэх хүүхэн гэнэт гарч ирээд Булгантамирын гар утсыг булаагаад авсан. Тэгээд Булгатамир Уас утас өгөөч гээд маргалдсан байтал Булгатамирынг У үснээс нь зулгаагаад газар унагаж байгаад цохисон. Миний харснаар Булгантамирын толгой руу өшиглөсөн. Тэгээд Булгатамир хэсэг хэвтэж байгаад босгоод иртэл нүд нь улайсан хавдсан байсан. Тэгээд юу болов гэсэн У өшиглөсөн гэж хэлсэн. Тэгээд Булгатамирыг босгоод иртэл нүүр шороо болсон нүд нь улайсан байдалтай байсан...” /хх-27-29/ гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Ганчимэгийн өгсөн “...Би машин дотор сууж байгаад гараад очсон. Булгантамир газар унаад босож ирээд чи яагаад байгаа юм бэ гээд У руу орилоод байсан. Больцгоо гээд хоорондоо салцгаасан цагдаа удалгүй ирсэн. Булгантамир газар унаад босож ирж харагдсан...” /хх-55/ гэх мэдүүлэг,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 11920 дугаартай шинжээчийн: “....1.Булгатамирын биед тархи доргилт, баруун нүдний дээд зовхинд цус хуралт, зулгаралт, зүүн гарын дунд ядам хурууны зөөлөн эдийн няцрал баруун гарын эрхий хуруунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр олон удаагийн үйлдлээр үүсэх боломжтой. 3.Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадвар алдалтанд нөлөөлөхгүй. 5.Дээрх гэмтлүүд нь шинэ гэмтэл байна...” /хх-34-35/ гэх мэдүүлэг зэрэг болно.
Иймд шүүгдэгч Г.У нь 2020 оны 10 дугаар сарын 15-ны орой 19 цагийн үед Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо 79 дүгээр сургуулийн урд талд хохирогч Г.Булгантамиртай үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж улмаар үснээс нь үстэж газар унаган нүүр хэсэгт хөлөөрөө 1 удаа өшиглөж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх бөгөөд прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх, хуульд заасан ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.
Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг гэдэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.
Түүнчлэн энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй.
Шүүгдэгч Г.У нь бусдад төлөх төлбөргүй.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэж хуульчилжээ.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэгт эрүүгийн хариуцлага хүндрүүлэх болон хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүхээс шүүгдэгч Г.У нь хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэлийг оногдуулж, 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй байна.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын талаарх саналыг шүүгдэгч сайн дураар хүлээн зөвшөөрсөн нь хэргийн үйл баримттай тохирсон, шүүгдэгч нь холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар маргаагүй байна гэж үзлээ
Шүүгдэгч Г.Уд эрүүгийн хариуцлага оногдуулахад хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Г.У нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2, 36.8 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь
1. Шүүгдэгч Г.У Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Уд 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.У нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.У нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч Г.Уд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Г.У нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Г.Уд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.МӨНХТУЛГА