Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн

2021 оны 04 сарын 01 өдөр

Дугаар 442

 

 

 

 

 

 

 

    2021        04          01                                  2021/ШЦТ/442

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                

          Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнхтулга даргалж,

   Нарийн бичгийн дарга Д.Дэмбэрэлжүний,

Улсын яллагч Л.Галав,

Шүүгдэгч С.С нарыг оролцуулан шүүх хуралдааны “Е” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Сд холбогдох эрүүгийн 2106 00318 0396 дугаартай хэргийг 2021 оны 03 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

   Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1981 оны 06 дугаар сарын 03-ны өдөр Увс аймгийн Улаангом суманд төрсөн, 40 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо шар дэлгүүрийн задгай тоотод оршин суух хаягтай, урьд Увс аймгийн Сум дундын шүүхийн 2009 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 153 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 3 сарын хугацаагаар тэнссэн,

 

            Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

 

Шүүгдэгч С.С нь 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр согтуурулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо Улиастайн 3а хэсгийн 102 тоотод иргэн Л.Мөнхжаргалтай архи авч өгсөнгүй хармалсан гэх шалтгааны улмаас маргалдан улмаар зүүн гуянд нь хутгаар хутгах үйлдлээр зүүн гуянд зүсэгдэж хатгагдсан шарх бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.С мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв учир нэмж мэдүүлэг өгөхгүй” гэв.

                                                                                                                                                                     

Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудаас хэргийн газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-04-10/, хохирогч Л.Мөнхжаргалын мэдүүлэг /хх-28-31/, гэрч Б.Эрхэмболорын мэдүүлэг /хх-32-34/, гэрч С.Батбаярын мэдүүлэг /хх-36-38/, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 909 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-44-45/, яллагдагч С.Сын мэдүүлэг /хх-63-64/ зэрэг нотлох баримтуудыг судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар

  

Шүүгдэгч С.С нь 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр согтуурулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо Улиастайн 3а хэсгийн 102 тоотод иргэн Л.Мөнхжаргалтай архи авч өгсөнгүй хармалсан гэх шалтгааны улмаас маргалдан улмаар зүүн гуянд нь хутгаар хутгах үйлдлээр зүүн гуянд зүсэгдэж хатгагдсан шарх бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хавтаст хэрэгт цугларсан дараахи нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:

 

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Л.Мөнхжаргалын өгсөн “...Би өнөөдөр буюу 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Улиастайн шинэ эцсийн буудал дээр нүүрс шуудайлах ажил хийх гээд очтол нүүрс ирээгүй байсан. Тэгэхээр нь би буцаад харих гээд явж байтал Батбаяр, Мөнхжаргал, С гуравтай таараад юм ярьж байгаад тэр гурав намайг Стай гэрт орьё, архи ууя, бид нар архи авчихсан явж байна гэж хэлсэн. Тэгээд бид нар Сын гэрт орсон. Тэр үед 11 цаг өнгөрч байсан. Бид нар ороод 0.75 литрийн Ерөөл архи хамт хувааж ууж байгаад дуусгаад би явлаа одоо болно гэж хэлтэл Батбаяр намайг 1 шил архи авчих гэж хэлэхээр нь би “Надад мөнгө байхгүй. Нүүрс л авах мөнгө байна” гэж хэлсэн тэгтэл “та одоо харамлаад байгаа юм уу” гээд Мөнхжаргал, Батбаяр хоёр миний 2 гарнаас бариад авахаар нь би “Ах нь одоо явья, гарья” гэж хэлтэл С босож ирээд “Чи ямар даварчихсан пизда вэ” гэж хэлээд шаргал өнгийн модон иштэй хутгаар зүүн хөлний гуяны урд хэсэгт 1 удаа хатгасан. Тэгэхээр нь би бүгдийг нь тавиулаад гараад зугтаасан..” /хх-28-31/ гэх,

Гэрч Б.Эрхэмболорын өгсөн “...2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 12 цаг 10 минутын орчимд гэртээ хоёр дүү Эрхэмбаяр, Бүрэнтөгс, найз залуу Бат-Эрдэнэ нарын хамт байж байхад гаднаас авга ах Мөнхжаргал согтуу орж ирээд ах нь хүнд хутгалуулчихлаа гээд өмсөж явсан өмдөө тайлаад зүүн талын хөлнөөс их хэмжээний цус гараад байхаар нь би өөрийн 96383831 дугаараас 103-т дуудлага өгсөн...” /хх-32-34/ гэх,

Гэрч С.Батбаярын өгсөн “...Манай гэрт Улаанаа /Мөнхжаргал/, Стай муудалцаж зодолдсон. Улаанааг бол Сыг хутгалсан. Түүнээс өөр хүн Улаанатай маргалдаагүй. Тэгээд ч С хохирогч нарын харилцаа хоорондоо муу байдаг. Хамт архи уухаараа л хоорондоо байнга маргалдаж зодолддог. Би болон Бок Мөнхжаргал бид хоёр зодоонд оролцоогүй” /хх-36-38/ гэх мэдүүлэгүүд,

 

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 909 дугаартай шинжээчийн: “...1.Л.Мөнхжаргалын биед зүүн гуянд зүсэгдэж хатгагдсан шарх гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь хурц ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр тухайн хэргийн хугацаанд үүсэх боломжтой. 3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварын алдалтанд нөлөөлөхгүй..” /хх-44-45/ гэх дүгнэлт,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагч С.Сын өгсөн “...2021 оны 01 дүгээр сарын 13-ны Батбаяр ахын хамт Баянзүрх дүүрэг 23 дугаар хороо Шар дэлгүүрээс хүнсний зүйлээ аваад гарч байхад Улаанаа буюу одоо хохирогч Мөнхжаргал ах согтуу таараад миний сууж явсан машинд суугаад манай гэрт очиж миний авсан 0.75 хараа архи 3 шилийг хувааж уугаад Батбаяр ахтай маргалдаад барилцаад авахаар нь би салгасан чинь Мөнхжаргал ах ширээн дээр байсан хутга аваад над руу дайрахаар нь би хутгийн авах гэж ноцолдож байгаад Мөнхжаргал ахын зүүн гуянд зүсэгдсэн тэгэхэд гуянаас нь цус гарсан чинь Мөнхжаргал ах гэрээс гараад гүйчихсэн, удалгүй цагдаа нар орж ирээд бид нарыг эрүүжүүлсэн. Мөнхжаргал ах бид хоёр учир зүгээ олсон. Ах гомдол саналгүй гэсэн...” /хх-63-34/ гэх мэдүүлэг зэрэг болно.

 

Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг гэдэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.

 

Иймд шүүгдэгч С.Сын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх заалтад хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх бөгөөд Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон тул шүүгдэгчийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх, хуульд заасан ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Түүнчлэн энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй.

 

Шүүгдэгч С.С нь бусдад төлөх төлбөргүй.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэж хуульчилжээ.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэгт эрүүгийн хариуцлага хүндрүүлэх болон хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Шүүхээс шүүгдэгч С.С нь хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэлийг оногдуулж, 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй байна. 

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын талаарх саналыг шүүгдэгч сайн дураар хүлээн зөвшөөрсөн нь хэргийн үйл баримттай тохирсон, шүүгдэгч нь холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар маргаагүй байна гэж үзлээ

 

Шүүгдэгч С.С нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь

 

            1. Шүүгдэгч Сыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

          2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Сд 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

          3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.С нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоосугай.

 

          4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.С нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

          5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч                С.Сд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

          6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч С.С нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

          7. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

          8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч С.Сд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Ц.МӨНХТУЛГА