Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 04 сарын 01 өдөр

Дугаар 451

 

 

 

 

 

 

 

 2021        04           01                                 2021/ШЦТ/451

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                

          Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнхтулга даргалж,

   Нарийн бичгийн дарга Д.Дэмбэрэлжүний,

Улсын яллагч Н.Гэрэлмаа,

Шүүгдэгч О.М, түүний өмгөөлөгч Б.Байгалмаа нарыг оролцуулан шүүх хуралдааны “Д” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Мад холбогдох эрүүгийн 2006 00000 2687 дугаартай хэргийг 2021 оны 03 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

          Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 2001 оны 06 дугаар сарын 01-ний өдөр Төв аймгийн Цээл суманд төрсөн, 19 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, хойд аав, ээж, 2 дүүгийн хамт Сонгинохайрхан дүүргийн 26-р хороо Мандал овоо 17-22 тоотод оршин суух бүртгэлтэй, урьд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 188 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ялыг оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, зан үйлээ засах хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан,

 

           Холбогдсон хэргийн талаар:

 

         Шүүгдэгч О.М нь 2020 оны 10 дугаар сарын 19-өөс 20-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Мастер” авто угаалгын газарт автомашинаа угаалгаад хонуулахаар орхисон хохирогч Т.Мөнгөнцэцэгийн 8566 УБЕ улсын дугаартай Тоёота приус-20 маркийн тээврийн хэрэгслийг өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.М  мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлсэн” гэв.

 

        Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудаас эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-4-6/, хохирогч Т.Мөнгөнцэцэгийн мэдүүлэг /хх-9-10/, гэрч Э.Сундуйгийн мэдүүлэг /хх-15-16/, “Дамно” ХХК-ны 8566 УНЕ улсын дугаартай автомашины эвдрэлд хийсэн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-17-18/, яллагдагч О.Мын мэдүүлэг /хх-72-74, 95-97/ зэрэг нотлох баримтуудыг судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар

  

Шүүгдэгч О.М нь 2020 оны 10 дугаар сарын 19-өөс 20-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Мастер” авто угаалгын газарт автомашинаа угаалгаад хонуулахаар орхисон хохирогч Т.Мөнгөнцэцэгийн 8566 УБЕ улсын дугаартай Тоёота приус-20 маркийн тээврийн хэрэгслийг өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан гэм буруутай болох нь хавтаст хэрэгт цугларсан дараахи нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:

 

Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-4-6/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Т.Мөнгөнцэцэгийн өгсөн “...2020 оны 10 дугаар сарын 19-ний өдөр манай байгууллагын нэр дээр байдаг 8566 УНЕ улсын дугаартай Тоёота приус-20 маркийн тээврийн хэрэгсэлийн дугаар нь явдаггүй учир хөдлөөгүй юм. Тэгээд гадаа байлгаж байхаар угаалганд өгье гэж бодоод гэрийн ойролцоо байдаг авто угаалгын захиралтай нь би нөхрийн хамт очиж уулзсан. Тэгээд захирал ярилцаад угаалганд хонуулж болох талаар асуухад захирал нь болно гээд утасны дугаараа өгөөд үдээс хойш залгаарай гэж хэлсэн. Тэгээд 20 цагийн орчимд манай нөхөр Маранлхам тухайн авто угаалгын газрын захиралтай яриад тээврийн хэрэгсэлээ аваачиж өгсөн. Тэгээд манай нөхөр угаалганд өгөөд над руу залгаад өглөө 09 цаг 30 минутанд аваарай гэж байна болох уу гэж асуухаар нь би болно гэж хэлсэн тэгэхэд нөхөр дотроо нэг хүн хонож байгаа нь байна гэж хэлсэн. Тэгээд тээврийн хэрэгслээ үлдээгээд нөхөр нь маань ирсэн тээврийн хэрэгслийг угаалганд өгчихөөд ирсэн. Тэгээд урд шөнө тээврийн хэрэгсэл дээр байдаг утасны дугаарууд руу цагдаа нар залгаад дуудаад манай ажилтан Бямбасүрэнд тээврийн хэрэгслийн түлхүүрийг өгөөд тээврийн хэрэгсэл нь журмын хашаанд байгаа аваар гаргасан гэж хэлсэн” /хх-9-10/ гэх,

Гэрч Э.Сундуйгийн өгсөн “Би хувиараа Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт “Мастер” авто угаалгын газар хувиараа ажиллуулдаг юм. Манай авто угаалга дээр М гэгч хүүхэд 3 хоногийн өмнө ажилд орохоор ирсэн тэгээд манайх дадлагажуулаад ажилд тэнцэхээр бол ажилд авна гэсэн тохиролцоод хүрсэн. Манайх 3 хоног дадлагажуулаад ажилд тэнцэхээр бол үндсэн ажилтнаар авдаг юм. Мын гэр нь 21 дүгээр хороололд байдаг байрлаад ажиллая гэж гуйж байсан. Тэгээд дадлагажуулахаар болж эхний өдөр ажиллуулж үзэхэд ажилд тэнцэхээргүй байсан тэгэхээр нь маргаашнаас ирээд хэрэггүй ажиллуулахгүй гэхэд М нь ахаа би сурна ажиллаж чадна гээд гуйгаад байхаар нь амьдрах гээд явж байгаа хүүхэд гэж бодоод үлдээсэн тэгэхэд М нь манай 21 дүгээр хороололд гэр байдаг байрлаад ажиллая гэж гуйсан тэгээд манай ажил дээр байрлаад 3 хоносон өнөөдөр үндсэн ажилтан болох эсэх нь шийдэгдэх байсан юм. Гэтэл манайд дадлагажиж байсан М нь манай машинаа угаалгаад хонуулахаар ярьсан байсан хүний 8566 УБЕ улсын дугаартай Тоёота приус-20 маркийн тээврийн хэрэгслийг шөнө унаж гараад цагдаад баригдсан байсан.” /хх-15-16/ гэх мэдүүлгүүд,

 

“Дамно” ХХК-ны 8566 УНЕ улсын дугаартай автомашины эвдрэлд хийсэн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-17-18/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагч О.Мын өгсөн “...Мастер авто угаалгад 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдөр  ажилд орсон. Би ажилд ороод байрлаж ажиллах санал тавьсан. 8566 УНЕ улсын дугаартай тээврийн хэрэгсэл угаалгахаар үлдээсэн. Тэгээд угаалгаж дуусаад манай угаалгын газар автомашинаа хонуулахаар болсон. Тухайн автомашины эзэн нь түлхүүрээ манай ажил дээр үлдээгээд явсан. Тэгээд түлхүүр нь миний байрладаг өрөөнд байсан. Ажил 21 цагт хаагаад ажилчид явцгаасан би ажил дээрээ ганцаараа байгаад арын хашааг мөргөсөн. Тэгсэн чинь хойд купер нь унжсан. Газар шүргээд яваад байсан. Тэгээд би явж угаалгын газрын гадна байсан машиныг зүүн талаараа шүргэсэн. Тэгээд би явж байгаад цагдаад баригдсан...” /хх-72-74, 95-71/ гэх мэдүүлэг зэрэг болно.

 

            Авто тээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүй авч явах гэмт хэрэг гэж бусдын өмчлөх эрхэд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн 17.7 дугаар зүйлд хуульчлан тодорхойлж эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.

 

Иймд шүүгдэгч О.Мын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх заалтад хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх бөгөөд Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон тул шүүгдэгчийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх, хуульд заасан ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Түүнчлэн энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй.

 

Шүүгдэгч О.М нь хохирогч Т.Мөнгөнцэцэгт 1.324.000 төгрөгийг төлөх төлбөртэй.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэж хуульчилжээ.

 

Шүүгдэгч О.Мад эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, шүүгдэгч нь холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар маргаагүй байна гэж үзлээ.

 

Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч О.Мын үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, урьд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 188 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ялыг оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, зан үйлээ засах хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, мөн хугацаанд дахин гэмт хэрэг үйлдэж, засарч хүмүүжээгүй  хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн дүгнэлт, өмгөөлөгчийн санал зэргийг тал бүрээс нь харгалзаж үзэв.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар шүүгдэгч О.Мад 320 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар шийдвэрлэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь заалтад зааснаар “...Тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулна..” гэж заасны дагуу урьд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 188 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ялыг оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож мөн зүйл заалтад зааснаар 6 /зургаан/ сарын хугацаагаар хорих ял оногдуулав.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлд зааснаар хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн хүнд ял оногдуулахдаа “...1. Шүүх хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн хүнд ял оногдуулахдаа гэмт хэрэг тус бүрд ял оногдуулж нэмж нэгтгэн нийт эдлэх ялын төрөл, хэмжээг тогтооно. “...2.Хэд хэдэн гэмт хэрэгт хэд хэдэн төрлийн ял оногдуулсан бол доор дурдсанаар хөнгөн ялыг хүндэд нь нэмж нэгтгэх, эсхүл тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж болно. 2.2. нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг 1 хоногийн хорих ялаар солино гэсний дагуу 40 хоног хорих ялаар тооцон, ялуудыг нэмж нэгтгэн шүүгдэгч О.Мын эдлэх хорих ялын нийт хугацааг 7 /долоон/ сар 10 /арав/ хоногоор тогтоож, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, цагдан хоригдсон 10 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож шийдвэрлэв.

 

Шүүгдэгч О.М нь энэ хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан авто тээврийн хэрэгсэлийг зөвшөөрөлгүйгээр авч явах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

             2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Мад 320 /гурван зуун хорь/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсугай.

 

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь заалтад зааснаар О.Мад урьд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 188 дугаартай шийтгэх тогтоолын ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссэн 2 дахь заалтыг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар О.Мад 6 /зургаан/ сар хорих ял оногдуулсугай.

 

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар О.Мад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар оногдуулсан 320 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг 1 хоногт дүйцүүлж 40 хоног хорих ял болгон, дээр нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь заалтад зааснаар түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 сар хорих ялыг нэмж нэгтгэн шүүгдэгчийн эдэлбэл зохих хорих ялын нийт хэмжээг 7 /долоон/ сар 10 /арав/ хоногийн хугацаагаар тогтоосугай.

 

            5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3,4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Мад оногдуулсан 07 сар 10 хоногийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

            6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Мын цагдан хоригдсон 10 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

 

            7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч О.М аас шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц 1.324.000 /нэг сая гурван зуун хорин дөрвөн мянган/ төгрөг гаргуулан хохирогч Т.Мөнгөнцэцэг олгосугай

 

8. Хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

     9. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

     10. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч О.Мад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Ц.МӨНХТУЛГА