| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чойжоогийн Баярцэнгэл |
| Хэргийн индекс | 131/2017/0156/И |
| Дугаар | 131/ШШ2017/00180 |
| Огноо | 2017-03-10 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 03 сарын 10 өдөр
Дугаар 131/ШШ2017/00180
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Баярцэнгэл даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: ******* овогт *******гийн *******ийн ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн хүсэлтийг 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Н.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Батдорж нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь :
Хүсэлт гаргагч Н.******* шүүхэд гаргасан хүсэлт, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Миний бие 1962 онд Баянхонгор аймгийн Галуут суманд төрсөн, 55 нас хүрч өндөр настны тэтгэвэрт орох гэтэл бичиг баримтын зөрчил гарч шүүхээр ажилласан жилээ тогтоолгох болсон. Би 1983 оны 08 дугаар сарын 30-ны өдрөөс 1989 оны 09 сарын 31-ний өдрийг хүртэл Баянхонгор аймгийн Нийтийн аж ахуйн үйлчилгээний газарт машинистаар орж, тасралтгүй ажиллаж байсан.1989 оны 09 сараас Баянхонгор аймгийн Эрчим хүчний газарт шилжин ажиллаж 1994 он хүртэл ажилласан дээрх хугацаа нь нийгмийн даатгал төлөгдсөн тул тогтоолгох шаардлагагүй юм.Иймд 1983 оны 08 сарын 31-ний өдрөөс 1989 оны 09 сар хүртэл ажилласан хугацааг тогтоож өгнө үү.. гэв.
Шүүх хуралдаанаар Н.*******ийн иргэний үнэмлэхний хуулбар, Баянхонгор аймгийн Архивын тасгийн 2017 оны 01 сарын 23-ны өдрийн 28 дугаар лавлагаа, Баянхонгор аймгийн Нийтийн ахуйн үйлчилгээний газрын даргын 1983 оны 08 сарын 30-ны өдрийн 131 дугаар, 1984 оны 03 сарын 13-ны өдрийн 49 дугаар, 1985 оны 01 сарын 16-ны өдрийн 07 дугаар, 1986 оны 12 сарын 16-ны өдрийн 287 дугаар, 1989 оны 04 сарын 21-ний өдрийн 93 дугаар тушаалуудын хуулбарууд, гэрч *******ийн мэдүүлэг зэрэг бичмэл нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд
ҮНДЭСЛЭХ нь:
Н.******* нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 136 дугаар зүйлийн 136.1-д заасны дагуу эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох тухай хүсэлтээ гаргах, шаардах эрхтэй байна.
Хүсэлт гаргагч Н.******* нь 1983 оны 08 сарын 31-ний өдрөөс 1989 оны 09 сарын 30-ний өдрийг хүртэл Баянхонгор аймгийн Нийтийн аж ахуйн үйлчилгээний газарт машинистаар ажиллаж байсан болох нь Баянхонгор аймгийн Архивын тасгийн 2017 оны 01 сарын 23-ны өдрийн 28 дугаар лавлагаа, Баянхонгор аймгийн Нийтийн ахуйн үйлчилгээний газрын даргын 1983 оны 08 сарын 30-ны өдрийн 131 дугаар, 1984 оны 03 сарын 13-ны өдрийн 49 дугаар, 1985 оны 01 сарын 16-ны өдрийн 07 дугаар, 1986 оны 12 сарын 16-ны өдрийн 287 дугаар, 1989 оны 04 сарын 21-ний өдрийн 93 дугаар тушаалуудын хуулбарууд, гэрч *******ийн мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдсон байна.
Иймд ******* овогт *******гийн *******ийн ажилласан байдлыг тогтоон шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2-ийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан ******* овогт *******гийн *******ийн 1983 оны 08 сарын 31-ний өдрөөс 1989 оны 09 сарын 30-ны өдрийг хүртэл Баянхонгор аймгийн Нийтийн аж ахуйн үйлчилгээний газарт машинистаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-ийн 7.1.2-д тус тус заасныг баримтлан Н.*******ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д тус тус заасныг баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасныг баримтлан хүсэлт гаргагч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Ч.БАЯРЦЭНГЭЛ