Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 04 сарын 30 өдөр

Дугаар 522

 

 

 

 

 

 

 

    2021        04          30                                  2021/ШЦТ/522

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                

          Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнхтулга даргалж,

   Нарийн бичгийн дарга Д.Дэмбэрэлжүний,

Улсын яллагч М.Отгонжаргал /цахимаар/,

Шүүгдэгч Г.Г нарыг оролцуулан шүүх хуралдааны “Ё” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн  Гт холбогдох эрүүгийн 2106 00000 0449 дугаартай хэргийг 2021 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

   Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1981 оны 03 дугаар сарын 14-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 40 настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхнэрийн хамт  Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо 13б байрны 10 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй,  

 

            Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

 

Шүүгдэгч Г.Г нь согтуугаар 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдөр Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо 85а 0 тоотод “айлын мах авч явлаа” гэх хэрүүл маргааны улмаас Г.Жаргалын нүүр рүү цай ууж байсан шаазан аяга шидэж эрүүл мэндэд нь нэг шүдний хугарал, нэг шүдний эмтрэл, дээд уруулд шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Г мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв учир нэмж мэдүүлэг өгөхгүй” гэв.                   

 

Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудаас хохирогч Г.Жаргалын мэдүүлэг /хх-9-10/, гэрч Ш.Алтанцэцэгийн мэдүүлэг /хх-15-16/, гэрч С.Содбаярын мэдүүлэг /хх-18-19/, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 1887 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-22-23/ зэрэг нотлох баримтуудыг судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар

  

Шүүгдэгч Г.Г нь согтуугаар 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдөр Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо 85а 0 тоотод “айлын мах авч явлаа” гэх хэрүүл маргааны улмаас Г.Жаргалын нүүр рүү цай ууж байсан шаазан аяга шидэж эрүүл мэндэд нь нэг шүдний хугарал, нэг шүдний эмтрэл, дээд уруулд шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хавтаст хэрэгт цугларсан дараахи нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:

 

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Г.Жаргалын өгсөн “Өнөөдөр Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 85б-2 орж жижүүрийн өрөөнд хоёр жижүүртэй хамт мах идээд сууж байхад миний төрсөн дүү Г.Г нь гаднаас орж ирэхээр нь би мах ид гээд өгсөн чинь шилэн аягаар миний уруулыг сэт цохисон тийм учраас цагдаад өргөдөл гаргаж байна” /хх-9-10/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ш.Алтанцэцэгийн өгсөн “ 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдөр би өөрийнхөө жижүүр хийдэг байрныхаа 0 тоот өрөөнд байж байтал гаднаас Монхоо /Г/-гийн ах нь болох Жаргал ууттай мах барьчихсан ганцаараа согтуу, дүү хаяад явчихлаа гэж яриад орж ирсэн. Тэгээд тэр махнаас нь тэр өөрөө хоёр хавиргыг чанасан. Тэгээд тэр махаа идээд сууж байтал гаднаас Монхоо /Г/  ганцаараа согтуу орж ирсэн. Тэгээд та яагаад хаяад явчихваа гэж Монхоо хэлсэн. Тэгээд тэр хоёр махнаас болж маргалдаад байх шиг байсан. Тэгтэл Монхоо уурлаад цай ууж байсан шаазан ногоон эрээн аягаа ах руугаа шидсэн чинь тэр аяга ахынхан уруул дээр нь оносон. Тэгсэн чинь ахынхан уруул хэсэг нь сэтэрчихсэн, цус гарч байсан.” /хх-15-16/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч С.Содбаярын өгсөн “ 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдөр би ажил дээрээ байж байтал Жаргал ганцаараа архи уучихсан, ууттай мах барьчихсан орж ирсэн. ...Жаргал, Алтаа эгч бид гурав жижүүрийн өрөөнд сууж байтал Г гаднаас согтуу ганцаараа орж ирсэн. Тэгээд тэр хоёр нөгөө ууттай махнаас болж хэрүүл маргаан болсон. Тэр үед Жаргал ах цай ууж байсан хуванцар аягатай цайгаа Г руу цацчихсан. Тэгсэн чинь Г уурлаад ногоон өнгөтэй шаазан аягатай цайгаа Жаргал руу зөрүүлээд цацах гэж байснаа аягаа алдчихсан. Тэгсэн нь нөгөө аяга нь Жаргалын уруул дээр нь оноод уруул хэсэг нь сэтрээд цус гарсан.” /хх-18-19/ гэх мэдүүлэг

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2021 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 1887 дугаартай дүгнэлт “ 1. Г.Жаргалын биед нэг шүдний хугарал, нэг шүдний эмтрэл, дээд уруулд шарх гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 3. Гэмтлийн зэрэг  тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” /хх-22-23/ гэх дүгнэлт зэрэг болно.

 

Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг гэдэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.

 

Иймд шүүгдэгч Г.Гын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх заалтад хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх бөгөөд Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон тул шүүгдэгчийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх, хуульд заасан ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Түүнчлэн энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй.

 

Шүүгдэгч Г.Г нь бусдад төлөх төлбөргүй.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэж хуульчилжээ.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэгт эрүүгийн хариуцлага хүндрүүлэх болон хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Шүүхээс шүүгдэгч Г.Г нь хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэлийг оногдуулж, 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй байна. 

 

 

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын талаарх саналыг шүүгдэгч сайн дураар хүлээн зөвшөөрсөн нь хэргийн үйл баримттай тохирсон, шүүгдэгч нь холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар маргаагүй байна гэж үзлээ

 

Шүүгдэгч Г.Г нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь

 

            1. Шүүгдэгч Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

          2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Гт 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

          3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Г нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоосугай.

 

          4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Г нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

          5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч                Г.Гт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

          6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Г.Г нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

          7. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

          8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Г.Гт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Ц.МӨНХТУЛГА