Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 05 сарын 31 өдөр

Дугаар 20

 

 

Ц.******* нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

            Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Туяа даргалж, шүүгч Д.Мөнхөө, Б.Дамба нарын бүрэлдэхүүнтэй, шүүгдэгч А.*******, Ц.******* тэдгээрийн өмгөөлөгч Г.Батзаяа, хохирогч ******* түүний өмгөөлөгч Н.Очирбат, прокурор Д.Дуламжав, нарийн бичгийн дарга Ц.Энхтуяа нарыг оролцуулан

            Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 52 дугаар шийтгэх тогтоолтой, Ц.*******, А.******* нарт холбогдох эрүүгийн 1836000000034 дугаартай хэргийг шүүгдэгч тэдгээрийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн, 2018 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч шүүгч Б.Дамбын илтгэснээр нээлттэйгээр хянан хэлэлцэв.

 

            Монгол улсын иргэн, 1993 оны 07 сарын 01-ний өдөр төрсөн, 24 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, урьд ял шийтгэлгүй, ******* ******* ******* *******,

             Монгол улсын иргэн, 1993 оны 09 сарын 25-ны өдөр төрсөн, 24 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, урьд Сүхбаатар дүүргийн шүүхийн 2013 оны 11 сарын 25-ны өдрийн 366 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр 551.1-д заасныг журамлан тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3-т зааснаар 3 жил 5 сарын хорих ялаар

            Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 сарын 09- ний өдрийн 57 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.3 - т зааснаар 03 жил 1 сарын хорих ял шийтгүүлж, Сэлэнгэ аймаг Мандал сум дахь Сум дундын шүүхийн шүүгчийн 2018 оны 01 сарын 11-ний өдрийн 05 дугаартай “ Хорих ялаас хугацааны өмнө суллаж, хяналт тогтоох тухай“ захирамжаар 28 хоногийн хорих ялаас хугацааны өмнө суллагдсан, ******* ******* ******* *******,

            Шүүгдэгч Ц.*******, А.******* нар нь 2018 оны 02 сарын. 09-ний орой 23 цаг 30 минутын үед Ховд аймгийн Жаргалант сумын Бугат багийн нутаг дэвсгэрт хохирогч *******г зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

            Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч ******* ******* ******* *******, ******* ******* ******* ******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч ******* ******* ******* *******ыг 1 жилийн хугацаагаар хорих ялаар.шүүгдэгч ******* ******* ******* Бат-Эрдэнийг 6 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж,  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 1,4-т зааснаар шүүгдэгч А.*******д оногдуулсан 1 жилийн хорих ял, шүүгдэгч Ц.Бат-Эрдэнд оногдуулсан 6 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлэхээр тогтоож, Эрүүгийн 1836000000034 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, Иргэний хуулийн тусгай ангийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар шүүгдэгч А.*******аас 1265854 төгрөг, шүүгдэгч Ц.*******эс 265854 төгрөгийг тус тус гаргуулж, хохирогч *******д олгож, хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардал, цалингийн зээлийн болон тэтгэмжийн зөрүүг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж, 150000 /нэг зуун тавин мянга/ төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1- д зааснаар шүүгдэгч Ц.*******, А.******* нарт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсныг өөрчилж, энэ өдрөөс эхлэн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, Шийтгэх тогтоол уншиж сонсгомогц хүчинтэй болох ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар гомдлоо, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцлээ Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй ба гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарлаж шийдвэрлэжээ.

            Шүүгдэгч А.*******, Ц.******* тэдгээрийн өмгөөлөгч Г.Батзаяа нарын давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна.

            Шүүгдэгч нар нь Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн талаарх гэм буруугаа хэрэг бүртгэлт мөрдөн байцаалт, прокурорын шат, шүүхийн шатанд хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг арилгахаа илэрхийлж байсан. Шүүх хуралдаан болохоос өмнө шүүгдэгч Ц.******* нь 1.000.000 /нэг сая/ төгрөгийн хохирол төлбөрөө төлсөн байсан үлдэгдэл төлбөрөө 5 сард багтааж төлөхөө илэрхийлсэн.

             Мөн шүүгдэгч А.******* 1265854 төгрөгийг 2018 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн дотор төлөхөө илэрхийлсэн. Анхан шатны шүүх хэрэглэх ёстой хуулийг хэрэглэлгүй, шүүгдэгч нарын эрх зүйн байдлыг хэт дордуулан үндэслэлгүйгээр А.*******, Ц.******* нарт хорих ял оногдуулж шийдвэрлэсэнд гомдолтой байна.

            Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялыг тэнсэж өгнө үү гэв.

            Хохирогч ******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Надад гомдол байхгүй. Цалингийн зөрүү 404218 төгрөгийг гаргаад өгчихвөл надад гомдол байхгүй энэ хоёр хүүхдийг заавал хорих ял эдлүүлэх хүсэл байхгүй байна гэв.

            Хохирогчийн өмгөөлөгч Н.Очирбат шүүгдэгч түүний өмгөөлөгчийн давж заалдах шатны шүүхэд гаргасан давж заалдах гомдолтой танилцаад гаргасан хариу тайлбартаа:     Анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 52 дугаартай шийтгэх тогтоолд хохирогчийн эмчилгээ, эм тариа, хөвөн гэх мэт зардлын үнэ болох 2055810 төгрөг гаргасан нь буруу юм.

             Учир нь хохирогч ******* анхан шатны шүүхэд ажлын газрын тодорхойлолт, цалингийн тодорхойлолт, нийгмийн даатгалын дэвтрийн нотриатаар орсон хуулбар, ажлын газрын нягтлангаас ажилгүй байсан хугацаандаа авах ёстой байсан цалин зэргийг бодуулж гаргуулсан тамгатай баримтаа хавтаст хэрэгт хавсаргасан тул хохирогч *******гийн ажилгүй байсан хугацааны цалингийн үлдэгдэл 404218 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

            Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: Шүүгдэгч нарын зүгээс гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа боловч хохирогч *******д учирсан хохирлыг төлж барагдуулаагүй учраас тэдгээрт оногдуулах ялыг тэнсэж, ялыг хөнгөрүүлэх үндэслэлгүй юм.

            Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, шүүгдэгч нар болон тэдгээрийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

                                                                                                                       ТОДОРХОЙЛОХ нь:

            Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан эсэхийг давж заалдах шатны шүүх хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1.3-т зааснаар шүүгдэгч түүний өмгөөлөгчийн давж заалдсан гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянаж үзлээ.

            Б.*******, А.******* нар нь 2018 оны 02 дугаар сарын 09-ний орой 23 цаг 30 минутын үед Ховд аймгийн Жаргалант сумын Бугат багийн нутаг дэвсгэрт хохирогч *******г зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

            Хохирогч *******гийн “. . . Цахир дэлгүүрийн хажууд очоод такси барих гээд зогсож байтал тэнд 3 залуу, 2 залуутай маргалдаж байхаар нь бид 3 очоод  хөдөөний хүн явуул гэтэл хажууд нь байсан 3 залуу нь 5-н залуугийн эсрэг 3 гээд дайраад байхаар нь би эрүүл байсан нэг залууд нь ахын дүү наад хоёр найзаа дагуулаад явчих бич гэсэн 2 найзаа аваад явья гэсэн. Тэгж байхад хөдөөний 2 залуу такси бариад явсан байсан.

            Нөгөө 3 залуугийн өндөр залуу нь намайг хавсарч унагаад жижиг залуу нь хөлөн дээр дэвсчихсэн. . .” “ би хөлөндөө хагалгаа хийлгэж 4 хадаас хадуулж чөмгөндөө гол төмөр суулгуулсан. . . одоо байнга хүний асаргаанд байгаа . . .” гэх мэдүүлэг / 1-р  хх-н13-14 /,

            Гэрч С.Мөнхбатын “. . . Ц.******* бид хоёр цуг явж байсан, А.*******ын араас нэг хүн дуудсан. А.******* нэг ахтай хэрэлдэж байсан. . . . А.******* эмнэлэгт хэвтсэн ахтай хэрүүл маргаан хийгээд байсан. Ц.******* эмнэлэгт хэвтсэн ахыг зодоод байсан.

            Ц.*******, А.*******  нар хөл хэсэг рүү нь өшиглөөд байсан. . .” гэх мэдүүлэг / 1-р хх-н 17-19 /,

            Гэрч Галтбаатарын “. . .Тэгж байтал нөгөө гурван залуугийн өндөр залуу нь Алтаншагайг хавсраад унагаасан . . . “ гэх мэдүүлэг / 1-р хх-н 24-25 /,

            Гэрч ын “. . . ******* та нар боль ах нараа яах гээд байгаа юм гэсэн чинь өндөр залуу нь Алтаншагайг хавсраад унагачих шиг болсон . . . шар куртиктай залуу бас Алтаншагай руу дайраад байсан . . .”  гэх мэдүүлэг /1-р  хх-н 26-27 /,

            Ховд аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 02 дугаар сарын 19-ны өдрий  59 дугаартай “ . . . *******гийн биед . . . хүндэвтэр зэргийн гэмтэл учирсан талаарх “. . . шинжээч эмчийн дүгнэлт / 1-р  хх-н 32 /, Ц.*******, А.******* нар нь мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт өөрсдийн хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлэг зэргүүд нь тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэн, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдсон талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт нь хэргийн жинхэнэ байдалд нийцсэн, хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

            Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

             Ц.*******, А.******* нарын үйлдсэн хэргийг зүйлчилсэн хуулийн зүйлчлэл зөв, шүүх тэдгээрт хуульд заасан ял шийтгэл оногдуулсан байх боловч шүүгдэгч нар нь тогтоолд заасан хохирлыг бүрэн төлсөн талаарх баримтаа шүүх хуралдаан дээр гаргаж өгсөн бөгөөд энэ талаар хохирогч нь мөн шүүх хуралдаан дээр хохирлоо бүрэн авсан тухай хэлсэн ба харин хохирогч нь цалингийн зөрүүг нотлох баримтаа бүрдүүлэн анхан шатны шүүхэд өгсөөр байтал дутуу гаргасан учир хэрэгт авагдсан баримтуудыг үндэслэн цалингийн зөрүү 404218 төгрөгийг шүүгдэгч нараас гаргаж өгөхийг хүссэн болно.

            Хохирогчийн  надад дээр дурдсан цалингийн зөрүүг гаргаж өгөх юм бол  шүүгдэгч нараас нэхэмжлэх төлбөр болон гомдолгүй, шүүгдэгч нарт хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү гэх хүсэлт болон шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, тэдгээрийн ар гэрийн болон хувийн байдал, зэргийг харгалзан анхан шатны шүүхээс А.*******, Ц.******* нарт тус тус оногдуулсан  хорих ялыг  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэж,  албадлагын арга хэмжээг хэрэглэх мөн / 1-р хавтаст хэргийн 244-р хуудас /-т байгаа хохирогч *******гийн цалингийн тооцоо бодсон баримтыг үндэслэн цалингийн зөрүү 404218 төгрөгийг шүүгдэгч нараас адил тэнцүү гаргуулан хохирогч *******д олгож дээр дурдсан үндэслэлээр  шүүхийн шийтгэх тогтоолд зохих   өөрчлөлт  оруулах нь зүйтэй гэж  давж заалдах шатны  шүүх бүрэлдэхүүн үзлээ.

            Давж заалдах шатны шүүх хуралдаан дээр шүүгдэгч Ц.*******, А.******* нар нь хохирогчийн ажилгүй байсан цалингийн зөрүү 404218 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн болно.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1.Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 52 дугаартай шийтгэх тогтоолын Тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч ******* ******* ******* *******ыг 1 жилийн хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч ******* ******* ******* Бат-Эрдэнийг 6 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй  “ гэснийг “ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар А.*******, Ц.******* нарыг хорих ял оногдуулахгүйгээр А.*******ыг 1 жил, Ц.Бат-Эрдэнийг 6 сарын хугацаагаар тус тус тэнссүгэй “ гэж өөрчлөлт оруулан” , тогтоолын тогтоох хэсгийн  3, 7 дахь заалтыг хүчингүй болгосугай.

            2.Шийтгэх тогтоолын  тогтоох хэсэгт “ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч А.*******, Ц.******* нарт Оршин суугаа газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж  байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг тус тус хүлээлгэсүгэй “ гэсэн нэмэлт,

            3.Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 6 дахь заалтыг “Шүүгдэгч А.*******ын эзэмшлийн саарал өнгийн буйдан битүүмжилсэн прокурорын 2018 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 5/29 дугаартай “ эд хөрөнгө битүүмжлэх тухай “ тогтоол, шүүгдэгч Ц.Бат-Эрдэнийн эзэмшлийн шарх шүүгээг битүүмжилсэн прокурорын 2018 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 5/30 дугаартай “ Эд хөрөнгө битүүмжлэх тухай”  тогтоолуудын битүүмжлэлийг тус тус цуцалсугай гэсэн өөрчлөлт,

            4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.*******, Ц.******* нар нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй зөрчсөн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг мэдэгсүгэй гэсэн,

            5.Иргэний хуулийн тусгай ангийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар шүүгдэгч  А.*******аас 202109 төгрөг, шүүгдэгч Ц.*******эс 202109 төгрөг тус тус гаргуулж хохирогч *******д олгосугай гэсэн нэмэлт өөрчлөлтүүдийг тус тус оруулж, тогтоолын бусад заалт, хэсгүүдийг хэвээр үлдээж, шүүгдэгч тэдгээрийн өмгөөлөгчийн давж заалдсан гомдлыг хүлээн авсан болохыг дурдсугай.

            6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.11  дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч А.*******, Ц.******* нарыг шүүх хуралдааны танхимаас сулласугай.

            7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болтол А.*******, Ц.******* нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

            8.Шүүгдэгч А.*******, Ц.******* нар нь  56 хоног тус тус цагдан хоригдсон болохыг дурдсугай.

            9.  Гомдол эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

                           ДАРГАЛАГЧ,

                     ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                           Н.ТУЯА

 

                                 ШҮҮГЧИД                                Д.МӨНХӨӨ

 

                                                                                Б.ДАМБА