Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 08 сарын 14 өдөр

Дугаар 19

 

Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Баярмаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Боорчийг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Гомдол гаргагч: “ГЦ ” ХХК,

Хариуцагч: Өмнөговь аймгийн Татварын хэлтсийн Татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Э.Ж , Э.Ц  нарт холбогдох,

“Татварын улсын байцаагчийн 2018 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 1102201883 дугаартай “Шийтгэлийн хуудас”-ыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий зөрчлийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Гомдол гаргагч “ГЦ ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.М , түүний өмгөөлөгч Н.Гарьдхүү, хариуцагч Өмнөговь аймгийн Татварын хэлтсийн Татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Э.Ж , Э.Ц  нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Гомдол гаргагч “ГЦ ” ХХК шүүхэд гаргасан гомдолдоо болон итгэмжлэгдсэн төлөөлөгч З.М , түүний өмгөөлөгч Н.Гарьдхүү нар шүүхэд гаргасан тайлбартаа: “...Татварын хэлтсийн татварын улсын байцаагчид “Д ” ХХК, “МГЭИ ХХК-иас худалдан авалт хийсэн нэмэгдсэн өртгийн албан татварын баримт нь хуурамч байсан, эдгээрийг тайланд тусгаж хасалт хийсэн үндэслэлээр манай компанийг зөрчил гаргасан гэж 98.909.090 төгрөгийн нөхөн татвар, 29.672.726 төгрөгийн  торгууль,  4.455.844 төгрөгийн алданги оногдуулах шийтгэл оногдуулсныг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Тус компаниуд нь худалдаж буй бараа, үйлчилгээндээ нэмэгдсэн өртгийн албан татварын хуурамч баримт олгож байсан нь манай компанийн санаатай үйлдэл биш бөгөөд хуульд заасан хугацаанд татвараа үнэн зөвөөр тайлагнаж байсан.

Мөн Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулиар хялбаршуулсан журмаар зөрчлийн хэрэг үүсгэн хянан шийдвэрлэж, санаатайтайгаар татвар төлөхөөс зайлсхийж, татвар нуун дарагдуулсан нь ил тодорхой мэтээр шүүхээр эцэслэн тогтоогдоогүй баримтад тулгуурлан шийтгэл ногдуулж буй нь хууль зүйн үндэслэлгүй юм.

Татварын байцаагч нарын тайлбарлаж байгаа хууль хяналтын байгууллагаар тогтоогдсон гэх “МГЭИ” ХХК, “Д ” ХХК-ийн үйлдлийг шалгасан баримтад манай компанийн нэр огт дурдагдаагүй, ямар байдлаар хууль бус үйлдэл хийсэн бэ гэдгийг тогтоогоогүй байж, зөрчил үйлдсэн гэж шууд дүгнэсэн нь хууль бус болсон.

Иймд энэхүү шийтгэлийн хуудсаар шийтгэл оногдуулах ажиллагаа болон үндэслэл нь хуульд нийцэж байгаа эсэхийг шалган, хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

Хариуцагч Өмнөговь аймгийн Татварын хэлтсийн Татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Э.Ж , Э.Ц  нарын шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон хариуцагч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Татварын ерөнхий газрын 2018 оны 03 сарын 05-ны өдрийн 07/778 тоот албан бичиг, Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албаны  Эдийн засагтай гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 10и3/827 тоот албан бичиг, Татварын ерөнхий газрын даргын 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн а/03 дугаар тушаалаар «Татварын хяналт шалгалт хийх ерөнхий удирдамж», Татварын хяналт шалгалт хийх 11180300015 дугаар бүхий томилолтоор 2018 оны 08 дугаар сарын 03-ний өдөр татварын хяналт шалгалтыг Татварын хэлтсийн Татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Э.Ж , Э.Ц  нар 3621278 тоот регистрийн дугаартай  “ГЦ ” ХХК-д Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.7 дахь хэсэгт зааснаар 1828000114 дугаартай зөрчлийн хэрэг нээж №1102201883 тоот дугаар бүхий шийтгэлийн хуудсыг үйлдсэн.

Манай компани Өмнөговь аймагт үйл ажиллагаа эрхэлж, холбогдох татварыг цаг тухайд нь төлж ирсэн.

 Тус компаниуд нь худалдаж буй бараа, үйлчилгээндээ нэмэгдсэн өртгийн албан татварын хуурамч баримт олгож байсан нь манай компанийн санаатай үйлдэл биш бөгөөд хуульд заасан хугацаанд татвараа үнэн зөв тайлагнаж байсан.

 Мөн зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулиар хялбаршуулсан журмаар зөрчлийн хэрэг үүсгэн хянан шийдвэрлэж, санаатайгаар татвар төлөхөөс зайлсхийж, татвар нуун дарагдуулсан нь ил тодорхой мэтээр шүүхээр эцэслэн тогтоогдоогүй баримтад тулгуурлан шийтгэл ногдуулж буй нь хууль зүйн үндэслэлгүй юм гэсэн байна.

“ГЦ ” ХХК-ний 2015 оны 12 дугаар сарын нэмэгдсэн өртгийн албан татварын тайланд тусгагдсан “МГЭИ” ХХК, “Д ” ХХК-иудын падаан нь хий бичилттэй байсан гэдэг нь Цагдаагийн ерөнхий газрын эрүүгийн цагдаагийн алба, Нийслэлийн прокурорын газраар шалгагдаад тогтоогдсон, тус компани нь хуурамч падаан тараасан гэдгээ өөрсдөө хүлээн зөвшөөрсөн болно.

“ГЦ ” ХХК-ий зөрчлийн дүн нь эрүүгийн хуульд заасан хохирлын хэмжээнд хүрэхгүй тул татварын ерөнхий хуулиар хариуцлага тооцсон. Бараа аваагүй атлаа падаан бичүүлэн авч аж ахуй нэгжийн өртөгт оруулсан, Нэмэгдсэн өртгийн албан татварын хасалт хийсэн нь тус компанийн хувьд хууль зөрчсөн санаатай үйлдэл бөгөөд хуулийн дагуу хариуцлага тооцох нь зөв юм.

            Татварын улсын байцаагчид нь зөрчлийн тухай хуулийн дагуу хариуцлага хүлээлгэх эрх бүхий албан тушаалтан мөн бөгөөд Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн хүрээнд шат дараалсан процессын дагуу ажилласан.“ гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

“ГЦ ” ХХК-ийн гомдолтой, Өмнөговь аймгийн Татварын хэлтсийн Татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Э.Ж , Э.Ц  нарт холбогдуулан гаргасан “Татварын улсын байцаагчийн 2018 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 1102201883 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий зөрчлийн хэргийг хянан хэлэлцээд гомдлын шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.   

Хариуцагч “...нэмэгдсэн өртгийн албан татварын падаанд хий бичилт хийж тараасан хуулийн этгээдээс худалдан авалт хийсэн гэж худал тайлагнасан болох нь цагдаагийн байгууллагын шалгалтаар нэгэнт тогтоогдсон тул хариуцлага оногдуулсан нь үндэслэлтэй...” гэж, “... уг падаан нь татварын албанд бүртгэлтэй, хүчинтэй дугаартай үнэт цаас байсан. Бид үүнийг 2015 оны 12 дугаар сарын нэмэгдсэн өртгийн албан татварын  тайландаа тусгаж падааныхаа нэг хувийг тайлантайгаа татварын албанд баталгаажуулж өгсөн. ... “ГЦ ” ХХК-ийн 2013-2015 оны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдлыг шалгаж 2016 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр татварын улсын байцаагчийн 110003468 дугаар акт гаргасан нь одоо хүчин төгөлдөр байгаа ба уг актаар энэ зөрчил илрээгүй. ...Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албанаас Татварын ерөнхий газарт ирүүлсэн албан бичгийг үндэслэн шалгалт хийсэн нь хууль бус” гэж тус тус маргажээ.

Өмнөговь аймгийн Татварын хэлтсийн  Татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Э.Ж , Э.Ц  нар нь /цаашид “эрх бүхий албан тушаалтан” гэх/ гомдол гаргагч “ГЦ ” ХХК-ийг 2015 оны 12 дугаар сарын нэмэгдсэн өртгийн албан татварын тайланд “МГЭИ” ХХК-иас 61.818.181 төгрөгийн 18954546 дугаартай нэмэгдсэн өртгийн албан татварын падаанаар, “Д ” ХХК-иас 432.727.272 төгрөгийн 18710622 дугаартай нэмэгдсэн өртгийн албан татварын падаанаар тус тус цемент худалдан авсан мэтээр тайлагнаж, нэмэгдсэн өртгийн албан татварын падааныг худалдан авалтад тусган, татвар оногдуулах орлогыг бууруулсан зөрчилд 49.454.545 төгрөгийн нөхөн татвар, түүнд 14.836.363 төгрөгийн торгууль, 22.650.181 төгрөгийн алданги, мөн 2015 оны аж ахуй нэгжийн орлогын албан татварын ногдуулалт төлөлтийн тайланд “МГЭИ” ХХК-иас 61.818.181 төгрөгийн, “Д ” ХХК-иас 432.727.272 төгрөгийн цемент худалдан авсан мэтээр тайлагнаж бараа бараа материалын өртөгт тусгасан нь нягтлан бодох бүртгэлийн журналын бичилтээр нотлогдож байгаа зөрчилд 49.454.545 төгрөгийн нөхөн татвар, түүнд 14.836.363 төгрөгийн торгууль, 21.908.363 төгрөгийн алданги тус тус оногдуулж, шалган шийдвэрлэжээ.

Эрх бүхий албан тушаалтан Татварын ерөнхий газрын 2018 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 07/778 дугаар албан бичиг, Цагдаагийн ерөнхий газрын  Эрүүгийн цагдаагийн албаны 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 10а3/827 дугаар албан бичиг, Нийслэлийн прокурорын газрын 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 58 дугаар тогтоолыг үндэслэн “Д ” ХХК, “МГЭИ” ХХК-иас худалдан авалт хийсэн баримтын дүнгээр зөрчилд тооцон хариуцлага хүлээлгэсэн нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.1 дүгээр зүйлийн 1-д “Эрх бүхий албан тушаалтан энэ хуульд заасны дагуу зөрчил шалгах ажиллагаа явуулж, нотлох баримт цуглуулж, бэхжүүлнэ.,”,  4.4 дүгээр зүйлийн 2-т “Эрх бүхий албан тушаалтан энэ зүйлийн 1 дэх хэсэгт зааснаас бусад мэдээлэл, баримт бичгийг байгууллага, албан тушаалтнаас гаргуулан авч болно.” 4.15 дугаар зүйлийн 1-д “Эрх бүхий албан тушаалтан гаргасан шийдвэрийнхээ үндэслэлийг нотлох үүрэг хүлээнэ.” гэж заасныг зөрчсөн байна.

Тодруулбал, өмнө нь тухайн хугацаанд хамаарах татварын хяналт шалгалтаар 18954546, 18710622 дугаартай нэмэгдсэн өртгийн албан татварын падааныг тайлагнан, төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татвараас хасалт хийснийг зөрчил гэж үзээгүй, нэмэгдсэн өртгийн албан татварын баталгаажуулалтыг хийсэн атлаа энэ шийдвэрүүд нь хүчин төгөлдөр байхад эрх бүхий албан тушаалтан Татварын ерөнхий хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.1-д заасан татвар ногдуулах, төлөх татварын болон нягтлан бодох бүртгэлийн тайлан, данс бүртгэл, төлөлт болон санхүүгийн бусад баримтад хяналт шалгалт хийх, тайлбар, лавлагаа гаргуулан авах... зэрэг зөрчлийг тогтоох, шалгах ажиллагаа бүрэн хийгээгүй, зөвхөн цагдаагийн байгууллагаас ирүүлсэн албан бичгийг үндэслэн зөрчил тогтоогдсон гэж үзсэн нь үндэслэлгүй болжээ.

Мөн эрх бүхий албан тушаалтны 2018 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 01 дугаар зөрчлийн хэрэг нээх тухай тогтоол, 1102201883 дугаар шийтгэлийн хуудсанд хуурамч хий бичилттэй худалдан авалт хийж 494,545,453 төгрөгийн зөрчлийг үйлдсэн нь тогтоогдсон гэж дүгнэжээ.

Нийслэлийн прокурорын газрын 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 58 дугаартай прокурорын тогтоолд “Д ” ХХК, “МГЭИ” ХХК-иудаас худалдан авалт хийсэн гэх нийт 2590 гаруй аж ахуйн нэгж байгууллагауудын зарим нь тайландаа засвар оруулж, нэмэгдсэн өртгийн албан татварыг төлөхөө илэрхийлсэн, заримыг нь нөхөн төлүүлэхээр татварын улсын байцаагчийн болон шинжээчийн дүгнэлтэд заасан, зарим аж ахуй нэгжид нь Татварын ерөнхий хуулийн дагуу арга хэмжээ авахаар тогтсон” талаар дурдсан ба тэдгээр аж ахуйн нэгж байгууллагуудын аль нь ямар жагсаалтад хамаарах, гомдол гаргагч “ГЦ ” ХХК-тай холбогдол бүхий ямар зөрчил энэ шалгалтаар тогтоогдсон болох талаар тодорхой баримтгүй байхад “зөрчлийг нотолсон” гэж тодорхойлсон нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн “эрх бүхий албан тушаалтан зөрчлийг нотлох” зарчимд нийцэхгүй.

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай (2006) хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-д “... “нэгдсэн дугаар бүхий нэмэгдсэн өртгийн албан татварын падаан” гэж борлуулсан бараа, гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээний нэр төрөл, тоо хэмжээ, тэдгээрийн нэгжийн болон нийт үнэ, түүнчлэн нэмэгдсэн өртгийн албан татварын хэмжээг тусгасан, татварын албанаас олгосон нэгдсэн дугаар бүхий нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримт бичгийг” ойлгохоор, Нягтлан бодох бүртгэлийн тухай (2001) хуулийн 7 дугаар зүйлийн 7.4-д “аж ахуйн нэгж, байгууллагын удирдлага, нягтлан бодогч нь үйлдвэрлэл, үйлчилгээний шат дамжлага, аж ахуйн үйл ажиллагааны хүрээнд гарсан хөрөнгө, эх үүсвэрийн хөдлөл, өөрчлөлт бүрийг анхан шатны баримтад бичилт хийж бүрдүүлэх”-ээр, 8.2-т “... аж ахуйн нэгж, байгууллага нягтлан бодох бүртгэлд давхар бичилт (ажил гүйлгээг дансны дебет, кредитэд зэрэг бичилт) хийх”-ээр тус тус заажээ.

Түүнчлэн, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай (2006) хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-д “худалдан авагч нь бэлтгэн нийлүүлэгчид нэмэгдсэн өртгийн албан татвар төлсөн нь нэхэмжлэл, падаан болон нягтлан бодох бүртгэлийн бусад баримтад тусгагдаагүй бол уг албан татварыг хасаж тооцохгүй” гэж зааснаас үзэхэд нэмэгдсэн өртгийн албан татварын падаан дангаараа нэмэгдсэн өртгийн албан татвар төлснийг нотлохгүй, бэлтгэн нийлүүлэгч талын бараа материалаа худалдсан зарлагын баримтаас гадна худалдан авагч талын “...нягтлан бодох бүртгэлийн бусад баримт” буюу төлбөрийн нэхэмжлэл, худалдах, худалдан авах гэрээ, төлбөрийн гүйлгээ гарсныг нотлох дансны дебет, кредитийн бүртгэл, мөнгөн гүйлгээний тайлан гэх мэт санхүүгийн бусад баримтаар уг гүйлгээ гарсан нь нотлогдсон тохиолдолд уг худалдан авалтад төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварыг хасаж тооцохоор байна.

Татварын хяналт, шалгалтаар “ГЦ ” ХХК-ийн санхүүгийн баримтуудад үндэслэн 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар 12,851,060 төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татвар төлөхөөр баталгаажуулсан[1] байх ба  “Д ” ХХК-иас 432,727,272 төгрөгийн, “МГЭИ” ХХК-иас 61,818,181  төгрөгийн бараа, материал худалдан авч 2015 оны 12 дугаар сарын тайландаа тусган тайлагнасан, энэ худалдан авалтаа тухайн сарын худалдан авалтын дэвтэртээ бичсэн, мөн төлбөрийн нэхэмжлэл, ажил гүйцэтгэх гэрээ, мөнгөн гүйлгээний тайлан, кассын орлого, зарлагын ордер зэрэг санхүүгийн баримтуудаар уг гүйлгээ гарсан болох нь нотлогдож байна.

“ГЦ ” ХХК нь бетон зуурмаг нийлүүлэх гэрээг хэд хэдэн аж ахуйн нэгжтэй байгуулсан байгаа нь тухайн үед цемент худалдан авч, ажил гүйцэтгэж байсныг нотолно.

Ийнхүү “ГЦ ” ХХК-ийг худалдан авалт хийж, ажил гүйцэтгэсэн болохыг хариуцагч эрх бүхий албан тушаалтнууд хүлээн зөвшөөрсөн, энэ талаар маргаагүй ч зөвхөн “Д ” ХХК, “МГЭИ” ХХК үйл ажиллагаа явуулаагүйг цагдаагийн байгууллага тогтоосон гэсэн үндэслэлээр нэмэгдсэн өртгийн албан татварын падааныг хуурамч бичилттэй, “ГЦ ”  ХХК нь  дээрх аж ахуйн нэгжүүдээс нэмэгдсэн өртгийн албан татвартай үнээр худалдан авалт хийгээгүй гэж шууд дүгнэсэн нь хууль ёсны болон үндэслэл бүхий байх шаардлагыг хангахгүй байна гэж үзлээ.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1,106.3.12 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.1 дүгээр зүйлийн 1, 4.4 дүгээр зүйлийн 2, 4.15 дугаар зүйлийн 1, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай (2006) хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3, 14 дүгээр зүйлийн 14.3, Нягтлан бодох бүртгэлийн тухай (2001) хуулийн 7 дугаар зүйлийн 7.4 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан гомдол гаргагч “ГЦ ” ХХК-ийн гомдлын шаардлагыг бүхэлд нь хангаж, хариуцагч Өмнөговь аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Э.Ж , Э.Ц  нарын тогтоосон 2018 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 1102201883 дугаар “Шийтгэлийн хуудас”-ыг хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасныг баримтлан гомдол гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг хариуцагчаар нөхөн төлүүлж, гомдол гаргагчид буцаан олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2 дахь зүйлд зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш гомдол гаргагч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч таван хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Ч.БАЯРМАА

 


[1] Хэргийн 165 дугаар хуудас