Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 04 сарын 19 өдөр

Дугаар 975

 

“Эбердигм монгол” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Цогтсайхан, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 102/ШШ2017/00398 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч “Эбердигм монгол” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч “Бэрхийн нурамт” ХХК болон А.Ганбат нарт холбогдох

 

Санхүүгийн түрээсийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 245 011 300 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

 

Зохигчдын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2017 оны 3 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Эрдэнэтөгс,

Хариуцагчийн өмгөөлөгч Л.Хатанбаатар,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Ган-Өнөр нар оролцов.

 

Нэхэмжлэгч “Эбердигммонгол” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Эрдэнэтөгс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тус компани нь “Бэрхийн нурамт” ХХК-тай 2016 онд 003/2016, 004/2016, 005/2016, 006/2016 дугаартай санхүүгийн түрээсийн гэрээ байгуулан, 10322 арлын дугаартай DX500LCA экскаватор, 10323 арлын дугаартай DX500LCA экскаватор болон 10799 арлын дугаартай SD300 маркийн дугуйт ачигч, 10800 арлын дугаартай дугуйт ачигчийг тус тус түрээслүүлэхээр хүлээлгэн өгсөн.

Талууд дээрх гэрээгээр түрээсийн төлбөрийг хуваарь гарган төлөхөөр тохиролцсоны дагуу төлбөр төлж байгаад 2016 оны 5-7 сарын төлбөрийг төлөөгүйн гадна 30 сая төгрөг өгнө, бусдыг төлж чадахгүй гэсэн тул түрээслүүлэгч нь мөн оны 8 дугаар сарын 05-ны өдөр санхүүгийн гэрээг цуцалж, тоног төхөөрөмжүүдийг унтраасан. 003/2016, 004/2016 дугаартай санхүүгийн түрээсийн гэрээний 5.2-т гэрээг цуцалсан тохиолдолд экскаваторыг ашигласан хугацааны төлбөрийг түрээсийг төлөхөөр талууд харилцан тохиролцсон.

005/2016, 006/2016 дугаартай санхүүгийн түрээсийн гэрээний 5.2-т мөн дээрхийн адил ашигласан хугацааны төлбөрийг түрээсийн төлбөрт шилжүүлж, 1 cap тутамд түрээсийн төлбөр 16 170 000 төгрөгийг түрээслүүлэгчид төлөхөөр тохиролцсон.

10322 арлын дугаартай DX500LCA, 10323 аралын дугаартай DX500LCA экскаватор, 10799 арлын дугаартай SD300, 10800 арлын дугаартай SD300 маркийн дугуйт ачигчийг тус тус түрээслэгч 2016 оны 4 дүгээр сарын 17-ны өдрөөс 8 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл нийт 111 өдөр буюу 3.7 сарын хугацаанд ашигласан бөгөөд уг хугацааг 51 282 000 төгрөгөөр тооцоход 189 743 400 төгрөг болох ба үүнээс түрээсийн төлбөрт төлсөн 124 811 001 төгрөгийг хасвал 64 932 399 төгрөгийг, 10323 арлын дугаартай DX500LCA экскаваторын ашигласан хугацааг 51 282 000 төгрөгөөр тооцоход 189 743 400 төгрөг болох ба үүнээс түрээсийн төлбөрт төлсөн 95 026 205 төгрөгийг хасвал 94 717 195 төгрөгийг, 10799 арлын дугаартай SD300 маркийн дугуйт ачигчийн ашигласан бөгөөд уг хугацааг 16 170 000 төгрөгөөр тооцоход 59 829 000 төгрөг болох ба үүнээс түрээсийн төлбөрт төлсөн 17 148 147 төгрөгийг хасвал 42 680 853 төгрөгийг, 10800 арлын дугаартай SD300 маркийн дугуйт ачигчийн ашигласан хугацааг 16 170 000 төгрөгөөр тооцоход 59 829 000 төгрөг болох ба үүнээс түрээсийн төлбөрт төлсөн 17 148 147 төгрөгийг хасвал 42 680 853 төгрөгийг тус тус түрээслэгч төлөх үүрэгтэй байна.

Хариуцагч А.Ганбатад холбогдуулан нэхэмжлэл гаргасан үндэслэл нь “Бэрхийн нурамт” ХХК-ийн захирал ба мөн компанийг гэрээнд заасан үүргээ гүйцэтгэж чадахгүй тохиолдолд өмнөөс нь үүрэг гүйцэтгэхээр батлан даалтын гэрээг байгуулсан учир түүнийг хамтран хариуцагчаар татсан. Иймд “Бэрхийн нурамт” ХХК болон А.Ганбат нараас түрээсийн гэрээний үүрэгт 245 113 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч “Бэрхийн нурамт” ХХК-ийн захирал А.Ганбат шүүхэд гаргасан тайлбартаа: Манай компани 2016 оны 02 дугаар сард “Эбердигммонгол” ХХК-иас уул уурхайн зориулалтын 4 ширхэг машин механизмыг лизингээр худалдан авах тухай харилцан тохиролцож, мөн сарын 25-ны өдөр санхүүгийн түрээсийн гэрээ гэх баримт бичгийг үйлдсэн бөгөөд урьдчилгаа төлбөрт 380 000 000 төгрөг төлж мөн оны 4 дүгээр сард дээрх машин техник манай уурхайд шилжиж ашиглагдаж эхэлсэн. Бидний харилцан тохиролцсоноор гэрээний хугацаа 20 cap байхад лизинг олгогч тал 2016 оны 8 дугаар сарын эхэнд машин механизмыг гэнэт унтрааж уурхайг хэвийн явуулах боломжийг алдагдуулан, төлбөр төлөх боломжгүй нөхцөл байдал, эрсдэл хохиролд оруулсан.

Улс орны эдийн засгийн хямралтай нөхцөл байдал, улс төрийн сонгуультай холбоотой засаг төрийн өөрчлөлт, уул уурхайн салбар цаг хугацаа шаарддаг зэрэг тодорхой шалтгааны улмаас манай компанийн зүгээс зарим нэг төлбөрийг хугацаанд нь бүрэн хийгээгүй алдаа гарсан боловч үүнийг харгалзан үзэлгүй лизинг олгогч нь шууд мөнгө хүүлэх арга руу шилжиж, машин техникээ бидэнд мэдэгдэлгүйгээр алсаас унтрааж уурхайн ажлыг шууд зогсоож гэрээг өөрсдийн үзэмжээр цуцлах шийдвэр гаргасан явдал нь гэрээний чөлөөт байдлын зарчмыг зөрчсөн үйлдэл гэж үзэж байна.

Уг нь бид урьдчилгаа төлөөд лизингээр худалдан авч байна гэж бодож байснаас түрээсээр эд хөрөнгө хөлслөх, түүндээ төлбөр, хүү төлөх гэрээ байгуулаагүй.

Нэхэмжлэлийн агуулга, шаардлага ойлгомжгүй, тодорхойгүй, хэлцлийн хүсэл зориг, гэрээний агуулга нөхцөлтэй зөрчилдөж байгаа буюу бараа худалдсан, эсхүл эд хөрөнгөө түрээслүүлсэн үү гэдэг нь мэдэгдэхгүй, барааны үнийг төлбөл зээлээр худалдаж байгаа мэт, төлөөгүй бол түрээсийн төлбөр шаардаж байгаа нь гэрээнд нэг тал дангаар давуу эрх эдэлж, нөгөө тал нь хариуцлага хүлээж мөнгө төлөх ёстой байгаа нь хууль зөрчсөн гэрээ хэлцэл байгуулагдсан учраас хуулийн хүчин төгөлдөр хэлцэл болж хувирсан тул өгсөн авсан зүйлээ буцааж бие биедээ өгөх нь хууль, шударга ёсонд нийцнэ гэж үзэж байна.

Нэхэмжлэгч тал зээлээр худалдсан барааны урьдчилгаа төлбөрийг өөртөө үлдээгээд, дээр нь бас лизингээр халхавчилсан түрээсийн хэт өндөр, нэмэгдүүлсэн тооцооны төлбөр 245 сая төгрөг нэмж аваад үүгээр зогсохгүй машин техникээ буцааж авах гэж буй нь үндэслэлгүй хөрөнгөжих гэсэн шаардлага байх бөгөөд уг нэхэмжлэлийг шүүх хангах юм бол манай компани шууд дампуурах болно гэдгийг хэлэх нь зүйтэй байна.

Иймд хэт нэг талын хүсэл зориг давамгайлсан, олон талын утга агуулгаар ноцтой төөрөгдлийн улмаас хийгдсэн хууль зөрчсөн хүчин төгөлдөр бус хэлцлийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 312 дугаар зүйлийн 312.1, 295 дугаар зүйлийн 295.1, 458 дугаар зүйлийн 458.1-д заасныг баримтлан хариуцагч “Бэрхийн нурамт” ХХК-иас 10322, 10323 арлын дугаартай DX500LCA маркийн 2 ширхэг экскаватор, 10799, 10800 арлын дугаартай SD300 маркийн 2 ширхэг дугуйт ачигчийг, хариуцагч А.Ганбатаас 245 011 300 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч “Эбердигммонгол” ХХК-д олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1 383 007 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Бэрхийн нурамт” ХХК, А.Ганбат нараас 1 383 007 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Эбердигммонгол” ХХК-д буцаан олгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Эрдэнэтөгс давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шийдвэрийн зарим хэсгийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.

Нэхэмжлэгч нь тоног төхөөрөмжүүдийн түрээсийн төлбөр 245 011 300 төгрөгийг Санхүүгийн түрээсийн гэрээний үндсэн дээр хариуцагч “Бэрхийн нурамт” ХХК-иас, Батлан даалтын гэрээний үндсэн дээр хариуцагч А.Ганбатаас гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан.

Анхан шатны шүүхээс шийдвэрийн үндэслэх хэсэгт “Бэрхийн нурамт” ХХК нь санхүүгийн түрээсийн гэрээний дагуу урьдчилгаа төлбөрт 139 133 500 төгрөг, 5-7 дугаар сард 115 000 000 төгрөг, нийт 254 133 500 төгрөгийн төлсөн гэдгээ хүлээн зөвшөөрдөг ба нэхэмжлэгч тал уг төлбөрийг гэрээний 5.2 дахь заалтыг үндэслэн түрээсийн төлбөрт шилжүүлэн тооцож хүү төлсөн түрээсийн төлбөр болон тоног төхөөрөмжөө буцаан авахаар нэхэмжилж байгаа нь Иргэний хуулийн 312 дугаар зүйлийн 312.1, 295 дугаар зүйлийн 295.1 дэх заалтад нийцэж байна.” гэж дүгнэсэн, мөн ИХШХШТХуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1-т заасныг үндэслэж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн.

Гэсэн атлаа шийдвэрийнхээ тогтоох хэсэгт нэхэмжлэлийн шаардлага болох түрээсийн төлбөр болох 245 011 300 төгрөгийг зөвхөн хариуцагч А.Ганбатаас гаргуулахаар шийдвэрлэж алдаа гаргасан байна.

Иймд “түрээсийн төлбөр 245 011 300 төгрөгийг хариуцагч “Бэрхийн нурамт” ХХК болон иргэн А.Ганбат нараас гаргуулах”-аар өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн өмгөөлөгч Л.Хатанбаатар давж заалдах гомдолдоо: Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд заасан эх сурвалжийг үндэслэн ИХШХШтХ-ийн 25.1.6, 161.1, 162 дугаар зүйлд заасныг баримтлан Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн №102/ШШ2017/00398 тоот шийдвэр нь илт нэг талыг барьсан учраас шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэсэн хуулийн шаардлагыг хангаагүй тул нэхэмжлэгч талыг үндэслэлгүйгээр хөрөнгөжүүлж хариуцагч талын эрх зүйн болон санхүүгийн нөхцөл байдлыг эрс дордуулсан хууль бус шийдвэрийг давж заалдах шатанд магадлуулж хуулийг нэг мөр, зөв хэрэглэх явдлыг хангуулах шаардлагатай байна.

Болсон үйл явдлын талаар: 2016 оны 02 дугаар сарын 25-ны өдөр “Бэрхийн нурамт” ХХК болон “Эбердигм Монгол” ХХК-ийн хооронд уул уурхайн зориулалтын тоног төхөөрөмж болох машин механизм лизингээр худалдан авах тухай харилцан тохиролцож тоног төхөөрөмж бүр дээр санхүүгийн түрээсийн 4 гэрээ буюу тус компанийн захирал А.Ганбаттай батлан даалтын 4 гэрээ байгуулсан байдаг. Энэхүү санхүүгийн түрээсийн гэрээний нийт хугацаа 20 cap буюу тоног төхөөрөмжийн нийт үнэн нь 1 861 670 000 төгрөг буюу гэрээний зүйл болох 2 ширхэг экскаватор, 2 ширхэг дугуйт ачигч машин механизмыг зээлээр худалдахдаа урьдчилгаа төлбөр аван ашиглалтын түрээсийн төлбөрөөр дээрхи барааг төлж барагдуулж өөрийн өмчлөлд худалдан авах талаар талууд хэлэлцэн тохирсон байдаг.

2016 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр лизинг авагч тал 139 сая төгрөгний урьдчилгаа төлбөрийг бүрэн төлж дээрхи машин механизмыг өөрсдийн эзэмшилд авч эд хөрөнгийг хөлслөн ашиглаж эхэлсэн бөгөөд зохих төлбөрийг гэрээнд заасны дагуу хэсэгчлэн төлсөөр байхад буюу хамгийн сүүлд 2016 оны 7 дугаар сарын 31-ний өдөр түрээслэгч талд 50 сая төгрөг дансаар шилжүүлж 3 cap орчим цаг хугацаанд нийт 250-300 орчим сая төгрөг төлсөн байхад лизинг олгогч тал санхүүгийн түрээсийн гэрээний 3.2, 4.2 заалтыг илт зөрчин 2016 оны 8 дугаар сарын 05-ны өдөр машин механизмыг ямар ч үндэслэлгүйгээр өөрсдийн үзэмжээр гэнэт унтрааж нэг талын санаачлагаар гэрээнээс татгалзсан эрх зүйн үр дагаврыг бий болгосон байдаг.

Учир нь санхүүгийн түрээсийн гэрээнд тоног төхөөрөмжийг ашиглуулахаас татгалзах тохиолдолд энэ тухай үндэслэлийг зааж түрээслэгчид бичгээр мэдэгдэх бөгөөд үүргийн зөрчлийг арилгах ердийн боломжит хугацааг тогтоогоогүй, мөн гэрээнд заасны дагуу нэгээс дээш удаа зөрчвөл гэсэн тодорхой заалтуудыг үл харгалзан гэрээний үүргээ өөрсдөө баримтлалгүй зөрчсөний дараа 2016 оны 8 дугаар сарын 26-ны өдөр үйлдэгдсэн “нэхэмжлэх” болон “худалдааны гэрээний дүгнэлт” гэсэн албан ёсны бичгийг нотлох баримтаар өгөгдсөн байгаа нь гэрээ болон хууль зөрчсөний хөдлөшгүй нотолгоо билээ.

Гэрээ болон нэхэмжлэлийн тооцооны аргачлалын талаар: Зохигч талуудын байгуулсан санхүүгийн түрээсийн гэрээний нэмэлт буюу хавсралт материал, нотлох баримтуудыг шинжлэн судлахад тоног төхөөрөмжийн худалдах, зарж борлуулж байгаа үнийн дүнгээс түрээсийн урьдчилгаа төлбөр, сарын төлбөр, үлдэгдэл төлбөр, нэхэмжлэлийн үнийн дүнг гаргаж бодогдсон тооцооны аргачлал нь банкны үйл ажиллагаа явагдсан мэт, мөнгө хүүлэх аргачлалтай байгаа ба илт зохиомлоор нэмэгдүүлсэн санхүүгийн булхиатай, будлиантай нөхцөл байгааг үгүйсгэх аргагүй билээ.

Тодруулбал, Зохигч талуудын байгуулсан санхүүгийн түрээсийн 4 гэрээнд гэрээний нийт үнэ тодорхой бичигдээгүй бөгөөд хэргийн материалд байгаа гэрээний хавсралт №1 болон төлбөрийн хүснэгт, худалдааны гэрээний дүгнэлтийг шинжлэн судлаж, харьцуулахад 4 ширхэг машин механизм, техникийн үнийн нийт дүн нь 1.8 тэрбум гаруй төгрөг болж байгаа бөгөөд анхнаасаа төлбөрийн тооцоог гаргахдаа нэмэгдсэн өртгийн албан татварын тооцоог нэмж оруулсан явдал нь сарын түрээсийн үнэлгээ болон түрээсийн төлбөрийг зохиомлоор нэмэгдүүлсэн байгаа нь илт тодорхой байгаа учраас нэхэмжлэлийн шаардлага их хэмжээгээр нэмэгдэж байгаа учраас хийсвэр тооцооны аргачлалаар үндэслэлгүйгээр хөрөнгөжих боломжийг бүрдүүлж байгаа билээ. Үүнд:

  • №10322 арлын дугаартай экскаваторын өөрийн нэгж үнэ нь 702 250 000 төгрөг байхад НӨАТ-ын 10% нэмж тооцохлоор 70 725 000 төгрөг нэмэгдэж 777 975 000 төгрөг болон 70 гаруй сая төгрөгөөр ихсэж нэмэгдэж байгаа билээ.
  • №10322 арлын дугаартай экскаваторын нэгж үнэ нь мөн л адилхан аргачлалаар өсөн нэмэгдэж байгаа ба хоёр экскаваторын нэмэгдсэн зөрүү үнийн нийлбэр дүн нь 141 450 000 төгрөг болж байгаа нь хохирсны шинж биш харин бүр хожсоны нотолгоо билээ.

            10799 арлын дугаартай дугуйт ачигчийн хувьд бол нэгж үнэ нь 137 735 000 төгрөг байхад НӨАТ-ын 10% нэмж тооцохдоор 151 085 000 төгрөг болон 13 735 000 төгрөгөөр нэмэгдэж байгаа билээ.

            10800 арлын дугаартай дугуйт ачигчийнх болохоор мөн л адилхан НӨАТ-ын хувь хэмжээгээр нэмэгдэж хоёр дугуйт ачигчийн нэмэгдсэн зөрүү нийлбэр дүн нь 27 470 000 төгрөгөөр нэмэгдэж байгаа нь тооцооны аргачлалаар их хэмжээний ашиг олж байгааг гэрчилж байгааг тодорхой харуулж байна.

            2 экскаваторын нэмэгдсэн үнийн дүн нь 141 450 000 төгрөг дээр хоёр дугуйт ачигчийн 27 470 000 төгрөгийг нэмэхэд нийлбэр дүн нь 168 920 000 төгрөгийн зөрүүтэй байгаа нь ямар тооцооны аргачлалаар бусдыг зохиомол өр зээлэнд оруулах бодлого хэрэгжиж буй нь илт тодорхой байгааг хангалттай нотлогдож байгаа буюу энэхүү нэхэмжлэлийн шаардлага нь хууль бус, эргэлзээтэй, зөрчилтэй тооцооны аргачлалаар явагдаж байгааг тод харуулж байна.

Өөрөөр хэлбэл, Санхүүгийн түрээсийн гэрээний зүйлийн үнийн дүн дээр НӨАТ-ын 10% тооцож байгаа явдал нь түрээсийн төлбөрийн хэмжээг тодорхойлоход шууд хамааралтай учраас бараа зарж буй худалдаанаас түрээс рүү шилжих нэрийдлээр огцом өсгөж байгааг нотлон харуулж байгаа ба санхүүгийн тооцооны аргачлалаар төлбөрийг зориуд нэмэгдүүлсэн байхыг үгүйсгэх аргагүй гэдгийг батлан харуулж байна. Нэхэмжлэгч тал бараагаа зараагүй байж зарж борлуулсан мэтээр төлбөр тооцоог бодож, тооцож байгаа явдал нь хариуцагч талыг ноцтой төөрөгдөлд оруулсан, хэлцлийн үнийг тодорхойлоход ач холбогдол бүхий нөхцөл байдлаар ашиг хонжоо олж буй явдал учраас ингэж хөрөнгөжих нь нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан, хууль шударга ёсонд нийцэхгүй үйл ажиллагаа гэж үзэж байна.

Уг нь бол санхүүгийн түрээсийн гэрээг цуцалсан, гэрээнээс татгалзсан тохиолдолд тоног төхөөрөмж ашиглуулсны эд хөрөнгө хөлслүүлсний төлбөрийг машин механизм ажиллуулсан шалгах хуудсанд бичигдсэн мото-цагаар тооцож сарын төлбөрийг бодож тооцох ёстой байтал энэ талаар нэхэмжлэл болон шүүхийн шийдвэрт зөнд нь орхиж орхигдуулсан явдал нь түрээсийн төлбөрийг барааны үнийн дүнгээр тооцох санаа зорилготой бөгөөд хариуцагч тал гэрээний эд зүйл ашигласан хугацааны төлбөр тооцоог машин механизмын мото-цагаар тооцож хийх гэтэл тухайн эд хөрөнгийг алсаас унтраасан, битүүмжилсэн учраас машин механизмд ойртох, тухайн техникийн ажилласан мото-цагийг харах боломжгүй нөхцөл байдал бий болсон билээ.

Шүүхийн хууль бус шийдвэрийн талаар: Санхүүгийн түрээсийн гэрээ болон батлан даалтын гэрээг байгуулахдаа нэхэмжлэгч тал Иргэний хуулийн тодорхой заалтуудыг баримтлаагүй зөрчсөн бөгөөд нэг талаар гэрээний нийт үнийн дүнг гэрээнд огт зааж бичиж, тусгаагүй нөгөө талаар нэг гишүүнтэй компанийн захирлыг өөрөөр нь батлан даалгаж, үүрэг гүйцэтгэгч-батлан даагч хоёр нэг субъект болж байгаа нь өөрийг нь өөрөөр нь батлан даагч болгож байгаа ойлгомжгүй хэлцэл нь үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, батлан даагч гэсэн гурваас доошгүй этгээд оролцсон байхыг шаарддаг батлан даалтын эрх зүйн зохицуулалтын хэм хэмжээг зөрчсөн хүчин төгөлдөр бус хэлцэл явагдсан байхад шүүх “иргэнийхээ хувьд компанийн өмнөөс хариуцлага хүлээхээр батлан даалтын гэрээ байгуулсан нь ... хуульд харшлахгүй байна” гэж шийдэж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй гэж өмгөөлөгчийн хувьд үзэж байна.

Мөн түүнчлэн анхан шатны шүүхийн шийдвэрт Иргэний хуулийн 294 дүгээр зүйлийн 294.3 дахь заалтад заасан хэм хэмжээ, зохицуулалтыг нэхэмжлэгч талд ашигтайгаар гуйвуулан мушгин тайлбарласан явдал нь илт нэг талыг баримталсны нотолгоо гэж үзэж байгаа ба 2016 оны 8 дугаар сарын 05-ны өдөр түрээслэгч тал бусдын эзэмшилд байгаа машин механизмуудыг тэдэнд огт мэдэгдэлгүйгээр гэнэт шууд унтрааж байгаа үйл ажиллагаа нь дээр дурдагдсан хуулийн заалттай илт харшилсан, хуульд нийцэхгүй дүгнэлт бөгөөд мөн хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1 дэх заалтыг илт зөрчсөн хууль бус шийдвэр гэж үзэж байна.

Тодруулбал, Санхүүгийн түрээсийн гэрээний 4.2 заалт болон 5.1 заалтанд тусгаснаар түрээслүүлэгч тал гэрээнээс татгалзах, гэрээг цуцлах бол эхлээд нөгөө талдаа урьдчилан мэдэгдэх, энэ талаар заавал бичгээр мэдэгдэл хүргүүлэх ёстой, дараа нь ердийн боломжит хугацааг тогтоох ёстой гэж гэрээнд тодорхой бичсэн байхад анхан шатны шүүх шийдвэртээ тохируулж мэдэгдэл өгсөн хугацааг шилжүүлэн нэхэмжлэл гаргасан хугацаагаар орлуулан тооцож гэрээг цуцалсан болгож байгаа нь үйл явдлын бодит байдалд нийцэхгүй, цаг хугацааны хүчин зүйлийг хооронд нь холиж, будилж буй үндэслэл муутай тайлбартай учир битүүлэг шийдвэр гэж үзэж байна. 2016 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 16/324 албан бичгээр үйлдэгдсэн мэдэгдлийг тайлбарлахдаа зөвхөн хариуцагчийг буруутгах талын байр сууринаас хандсан ба энэ мэдэгдлийн он, cap, цаг хугацаа нь гэрээнээс татгалзах албан ёсны мэдэгдэл гэж үзэхгүй тэс ондоо гаргалгааг гаргаж “уг өдрөөс хойш хариуцагч тал үүргээ биелүүлээгүй” мэтээр нотлох баримтыг буруу үнэлсэн гэдгийн бас илрэл билээ.

Дээр дурдагдсан үйл явдал, үйл ажиллагааны үнэн бодит байдлыг тогтоохын тулд хэрэг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлах үүднээс унтраагдсан байгаа 4 машин механизмд шинжээч томилох, шүүхийн үзлэг, таньж олуулах ажиллагааг явуулах зайлшгүй шаардлагатай тул анхан шатны шүүхийн эргэлзээтэй шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэх хүсэлтийг уламжилж байна.

Эцэст нь: Санхүүгийн түрээсийн гэрээний хугацаа дуусаагүй байхад түрээсийн төлбөрийг зохих ёсоор төлж барагдуулсан байхад нэхэмжлэгч тал хууль болон гэрээнд заасан хэм хэмжээ, нөхцөлийг зөрчин нэг талын санаачлагаар лизинг авагч талд мэдэгдэлгүйгээр тоног төхөөрөмжийг өөрсдийн үзэмжээр гэнэт унтрааж компаний хэвийн үйл ажиллагааг таслан зогсоож түрээсийн төлбөр төлөх боломжийг хязгаарлаж илт хууль бус тооцооны аргачлалаар зохиомол нэмэгдүүлсэн төлбөр шаардсан нэхэмжлэлийг хангаж шийдсэн илт нэг талд үйлчилсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг ИХШХШТХ-ийн 168 дугаар зүйлийн 168.1.1-т заасныг удирдлага болгон хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхэр буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх талуудын хоорондох маргаантай харилцааг зохицуулсан Иргэний хуулийг зохицуулалтыг буруу тайлбарлан хэрэглэжээ.

 

Нэхэмжлэгч “Эбердигммонгол” ХХК нь Санхүүгийн түрээсийн болон батлан даалтын гэрээний үүргийн гүйцэтгэлд 245 133 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч “Бэрхийн нурамт” ХХК, А.Ганбат нарт холбогдуулан гаргасныг хариуцагч “Бэрхийн нурамт” ХХК эс зөвшөөрч, түрээсийн төлбөрийг  төлсөн, хуулиар тогтоосон хугацааг зөрчиж, урьдчилан мэдэгдэлгүйгээр гэрээг цуцалсан гэж маргаж, харин хариуцагч А.Ганбат нь шүүхэд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн эсэх талаар хариу тайлбарыг ирүүлээгүй байна.

 

Нэхэмжлэгч “Эбердигммонгол” ХХК, хариуцагч “Бэрхийн нурамт” ХХК-ийн хооронд 2016 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 003/2016, 004/2016, 005/2016, 006/2016 дугаар бүхий Санхүүгийн түрээсийн гэрээ байгуулагдаж, 10322, 10323 арлын дугаартай DX500LCA маркийн 2 ширхэг экскаваторыг нэг бүрийг сарын 51 282 000 төгрөгөөр, 10799, 10800 арлын дугаартай SD300 маркийн 2 ширхэг дугуйт ачигчийг нэг бүрийн сарын 16 170 000 төгрөгөөр, тус бүр 20 сарын хугацаагаар, 1.50 хувийн хүүтэй тус тус түрээслүүлэхээр тохиролцжээ. /хх-ийн 17-56 дугаар тал/

 

Хариуцагч “Бэрхийн нурамт” ХХК-аас гэрээний урьдчилгаа төлбөрт 2016 оны 4 дүгээр сарын 06, 07-ны өдрүүдэд 139 133 500 төгрөг төлж, нэхэмжлэгч тал мөн сарын 07-ны өдөр акт үйлдэн тоног төхөөрөмжийг “Бэрхийн нурамт” ХХК-д шилжүүлэн өгсөн байна.

/хх-ийн 69-72, 178-179 дугаар тал/

 

Талуудын хооронд Иргэний хуулийн 312 дугаар зүйлийн 312.1 дэх хэсэгт заасан “Санхүүгийн түрээсийн гэрээ” байгуулагдсан гэж анхан шатны шүүх дүгнэснийг буруутгах боломжгүй.

 

Нэмэгдсэн өртөгийн албан татварын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэгт “Үйл ажиллагааны борлуулалтын орлогын хэмжээ нь 50 сая ба түүнээс дээш төгрөгт хүрч, албан татвар ногдуулан суутган авч, төсөвт төвлөрүүлэх үүрэг бүхий Монгол Улсын нутаг дэвсгэрт бараа, ажил, үйлчилгээний борлуулалт хийсэн этгээд албан татвар суутган төлөгч байна” гэж зааснаар нэхэмжлэгч “Эбердигммонгол” ХХК нь нэмэгдсэн өртөгийн албан татварыг суутган тооцох эрхтэй этгээд байх тул хариуцагчийн төлөх санхүүгийн түрээсийн төлбөрт нэмэгдсэн өртөгийн албан татварыг оруулан тооцсон нь хууль зөрчөөгүй байна.

 

Талуудын байгуулсан гэрээний 5.2-т гэрээ цуцлагдсан тохиолдолд тоног төхөөрөмжийг ашигласан хугацааны төлбөрт нэмэгдсэн өртөгийн албан татварыг төлөхөөр тохиролцсон нь хууль болон гэрээний эрх чөлөөний зарчимд харшлахгүй байна.

 

Талууд гэрээний 1, 2 дугаар хавсралтаар түрээсийн төлбөрийн хуваарийг баталсан байх ба хариуцагч “Бэрхийн нурамт” ХХК нь түрээсийн төлбөрт сар бүр 134 904 000 төгрөгийг төлөх ёстой байтал 2016 оны 5 дугаар сарын 26-ны өдөр 25 000 000 төгрөг, 6 дугаар сард 40 000 000 төгрөг, 7 дугаар сард 50 000 000 төгрөг бүгд 115 000 000, урьдчилгаа төлбөр 139 133 500 төгрөг, нийт 254 133 500 төгрөгийг төлсөн талаар талууд маргаагүй бөгөөд гэрээний 3.2-т зааснаар ноцтой зөрчил гаргасан гэж нэхэмжлэгч нь гэрээний 7.1-т зааснаар гэрээг дангаар цуцлаж, хариуцагчийн төлсөн дээрх төлбөрийг гэрээний 5.2-т зааснаар тоног төхөөрөмжийг ашигласан хугацааны төлбөрт тооцон суутгаж дутуу төлбөрийг нэхэмжлэгч шаардаж байгаа нь Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.3-т зааснаар санхүүгийн түрээсийн гэрээний үүргийг эд хөрөнгө хөлслөх гэрээний үүргээр солихоор талууд тохиролцсон гэх үндэслэл болох тул Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас шаардах эрхтэй байна. Гэтэл анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ тухайн шаардах эрхийг зохицуулсан хуулийн зохицуулалтыг баримтлаагүй алдаа гаргажээ. /хэргийн 180-182, 185-186 дугаар тал/

 

Мөн дээрх Санхүүгийн түрээсийн гэрээний 6.1.9-д “Түрээслэгч тал гэрээний үүргээ биелүүлэхгүй байх тохиолдолд тоног төхөөрөмжийг ашиглуулахгүй байх, түр буцаан авах, гэрээг дангаар цуцлах эрхтэй” гэж зааснаар хариуцагч “Бэрхийн нурамт” ХХК нь 4 сарын ашигласан хугацааны төлбөрийг төлөөгүй гэх үндэслэлээр нэхэмжлэгч “Эбердигммонгол” ХХК нь 2016 оны 8 дугаар сарын 05-ны өдөр төхөөрөмжийг унтрааж, гэрээг цуцлах тухай 2016 он 8 дугаар сарын 17-ны өдрийн мэдэгдлийг хүргүүлсэн нь “Монгол шуудан” ТӨХК-ийн 2016 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн баримтаар тогтоогдож байх тул гэрээний 4.2-т зааснаар зөрчлийг арилгах 30 хоногийн хугацаа хэтэрсэн гэж тоног төхөөрөмжийг ашигласан 2016 оны 4 дүгээр сарын 17-ны өдрөөс 2016 оны 8 дугаар сарын 05-ны өдрийг хүртэлх хугацааны ашигласан төлбөр 539 616 000 төгрөгийн дутуу төлбөр 245 011 300 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд 2016 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр гаргасан нь Иргэний хуулийн 294 дүгээр зүйлийн 294.3 дахь хэсэгт “гэрээнд өөрөөр заагаагүй бол эд хөрөнгө хөлслөх гэрээг цуцлах хугацаа 3 сар байна. Энэ хугацааг гэрээг цуцлах тухай нөгөө талдаа тэдэгдэл өгсөнөөс хойш тоолно” гэснийг зөрчөөгүй гэж анхан шатны дүгнэсэн нь үндэслэлтэй. /хэргийн 102-103 дугаар тал/

 

Хариуцагч А.Ганбат нь нэхэмжлэгч “Эбердигммонгол” ХХК-тай байгуулсан 2016 оны 02 дугаар сарын 25-ны өдөр байгуулсан 003/2016, 004/2016, 005/2016, 006/2016 дугаартай батлан даалтын гэрээгээр хариуцагч “Бэрхийн нурамт” ХХК нь Санхүүгийн түрээсийн гэрээгээр нэхэмжлэгчийн өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэж чадна гэдгийг баталж, гүйцэтгэхгүй тохиолдолд батлан даагч А.Ганбат, үүрэг гүйцэтгэгч “Бэрхийн нурамт” ХХК-тай Иргэний хуулийн 460 дугаар зүйлийн 460.2 дахь хэсэгт заасан зохицуулалтын дагуу хамтран хариуцахаар тохиролцсоныг шүүх тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 458 дугаар зүйлийн 458.1-д заасан Батлан даалтын гэрээний үүргийн харилцаа үүссэн нь Санхүүгийн түрээсийн тухай хууль болон Иргэний хуульд харшлахгүй гэж зөв дүгнэсэн атлаа гэрээний зүйлийг хариуцагч “Бэрхийн нурамт” ХХК-иас, дутуу гүйцэтгэсэн төлбөр 245 011 300 төгрөгийг хариуцагч А.Ганбатаас гаргуулахаар тус тус шийдвэрлэсэн нь буруу болжээ. Өөрөөр хэлбэл, Батлан даалтын гэрээний 1.2-т үүрэг гүйцэтгэгч, батлан даагч хамтран хариуцлага хүлээхээр талууд тохиролцсон байгааг анхаараагүй байна. /хх-ийн 57-68 дугаар тал/ Хариуцагч А.Ганбат нь хариуцагч “Бэрхийн нурамт” ХХК-ийн хувьцаа эзэмшигч буюу үүсгэн байгуулагч байх нь эрх зүйн харилцааны хувьд нэг этгээд гэж үзэх үндэслэл болохгүй. /хх-ийн 134 дүгээр тал/

 

Иймд дээр дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрт, хууль хэрэглээний болон найруулгын өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 102/ШШ2017/00398 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 312 дугаар зүйлийн 312.1, 236 дугаар зүйлийн 236.1.3, 287 дугаар зүйлийн 287.1, 295 дугаар зүйлийн 295.1, 458 дугаар зүйлийн 458.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Бэрхийн нурамт” ХХК-иас 10322, 10323 арлын дугаартай DX500LCA маркийн 2 ширхэг экскаватор, 10799, 10800 арлын дугаартай SD300 маркийн 2 ширхэг дугуйт ачигчийг, хариуцагч “Бэрхийн нурамт” ХХК болон А.Ганбат нараас 245 011 300 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч “Эбердигм монгол” ХХК-д олгосугай” гэж өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд хариуцагчийн өмгөөлөгч Л.Хатанбаатар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 183 007 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээж, мөн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 383 007 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                   ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   Ж.ОЮУНТУНГАЛАГ    

 

                                                         ШҮҮГЧИД                                   Д.ЦОГТСАЙХАН

                       

                                                                                                            С.ЭНХТӨР