| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэрэнчимэдийн Мөнхтулга |
| Хэргийн индекс | 105/2021/0397/Э/220/2021/0412 |
| Дугаар | 494 |
| Огноо | 2021-04-09 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ц.Ганцэцэг |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 04 сарын 09 өдөр
Дугаар 494
2021 04 09 2021/ШЦТ/494
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнхтулга даргалж,
Нарийн бичгийн дарга Д.Дэмбэрэлжүний,
Улсын яллагч Ц.Ганцэцэг,
Шүүгдэгч Г.О, түүний өмгөөлөгч О.Санчирбал нарыг оролцуулан шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Од холбогдох эрүүгийн 2006 04545 0191 дугаартай хэргийг 2021 оны 03 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1979 оны 02 дугаар сарын 12-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 42 настай, бүрэн дунд боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эхнэр 4 хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, 18-19 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй,
Холбогдсон хэргийн талаар
Шүүгдэгч Г.О нь 2020 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо Эрдэнэтолгойн 29-745 тоот хашааны гадна иргэн Т.Цогтжаргалтай таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар түүний нүүрэн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь баруун нүдний ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал, тархи доргилт, баруун нүдний дээд, доод зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун нүдний алимны салстын тархмал цус харвалт баруун хөмсөгний язарсан гэмтэл бүхий хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.О мэдүүлэхдээ: “Би хохирогчийг зодоогүй, харин хохирогч намайг зодох гэж дайраад байсан. Над руу чулуу шидэж толгойнд оносон. Дагз овойж хавдаад хөндүүр өвчтэй байсан. Машины гуперийг хохирогч өшиглөж эвдэлсний улмаас 600000 төгрөгөөр засуулсан. Гомдолтой байна.” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудаас гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-4/, хохирогч, иргэний нэхэмжлэгч Т.Цогтжаргалын мэдүүлэг /хх-12-13/, гэрч Г.Өлзийгэрэлийн мэдүүлэг /хх-15-16/, гэрч Г.Өлзийдэлгэрийн мэдүүлэг /хх-17-18/, гэрч Ц.Болор-Эрдэнийн мэдүүлэг /хх-20/, гэрч Ц.Анхбаярын мэдүүлэг /хх-22/, гэрч О.Уранчимэгийн мэдүүлэг /хх-25/, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн №13267 дугаартай дүгнэлт /хх-46-48/, шинжээч эмч Н.Энхцолмонгийн мэдүүлэг /хх-54/, Г.Оын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-67/, Г.Оын иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа газрын тодорхойлолт /хх-66-67/ зэрэг нотлох баримтуудыг судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.
Харин шүүгдэгчийн өмгөөлөгч шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн үеэр гаргаж өгсөн тархины артерийн өнгөт хэт авианы шинжилгээ, толгойн томографийн зураг зэрэг шүүгдэгчийн эрүүл мэндтэй холбоотой баримт нь хэрэг болсноос хойш 4 сар орчмын дараа шүүгдэгч өөрөө сайн дураараа хувийн эмнэлэгт хийлгэсэн. Баримтуудаас үзэхэд шүүгдэгчийн эрүүлхэвийн, өөрчлөлтгүй гэх мэтээр дүгнэсэн байдалтай. Энэ нь үйл явдал, үзлэг шинжилгээ 2 хоорондоо хугацааны хувьд хол, ач холбогдлоо алдсан ба дээрх баримтуудыг хуульд заасан арга хэрэгслээр цуглуулж аваагүй байх тул нотлох баримтаар тооцох боломжгүй байна.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар
Шүүгдэгч Г.О нь 2020 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо Эрдэнэтолгойн 29-745 тоот хашааны гадна иргэн Т.Цогтжаргалтай таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар түүний нүүрэн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь баруун нүдний ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал, тархи доргилт, баруун нүдний дээд, доод зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун нүдний алимны салстын тархмал цус харвалт баруун хөмсөгний язарсан гэмтэл бүхий хөнгөн гэмтэл учруулсан гэм буруутай болох нь хавтаст хэрэгт цугларсан дараахи нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-4/,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Т.Цогтжаргалын өгсөн: “Тухайн өдөр буюу 11 дүгээр сарын 27-ны өдөр О гэх хүн манай хүү Анхбаяртай маргалдаж байх үед нь би гараад салгах гэж очоод О гэх хүнтэй маргалдаж тухайн хүн миний зүүн мөрөн дээр цохисон. Би буцаагаад мөргөх гэсэн боловч оноогүй харин О хамар руу 1 удаа мөргөж, миний хамраас цус гарсан. Мөн баруун нүдний хөмсөг орчимд гараараа 1 удаа цохиж дахиад баруун нүд рүү 1 удаа цохсон. Тухайн үед баруун нүдний хөмсөг задарсан, мөн нүдний доод талд яс нь цөмөрсөн, хамар хавдсан байна гэж шинжээч эмч хэлсэн.” /хх-12-13/ гэх
Гэрч Г.Өлзийгэрэлийн өгсөн: “2020 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 16 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо, Эрдэнэ толгойн 29-745 ж тоотод байрлах аав Гончигийн гэрт зочилж ирсэн байсан. Би өөрийн 08-71 УБВ улсын дугаартай автомашинаа хажуу айлын хашааны хаалган дээр тавьж ойролцоогоор 10-15 минут орчим болоод гарч ирэхэд хажуу айлын гэх залуу нэлээд ууртай цаг гаруй хүлээсэн “та нарыг, ахиж ингэвэл яах вэ” гэх зэргээр хэрүүл маргаан хийгээд байсан тул дүү О машинаас бууж очоод тухайн залуутай маргалдаж зогсож байхад залуугийн аав нь гэх хүн гарч ирээд маргалдаж байгаад манай дүү Оыг цохсон, хаана яаж цохисныг нь хараагүй, би машинаас бууж очих үед Цогтжаргал гэх хүний уруул орчмоос цус гарсан байсан. Цогтжаргал гэх хүний толгой орчмоос нь цус гарсан.” /хх-15-16/ гэх,
Гэрч Г.Өлзийдэлгэрийн өгсөн: “Хашааны хаалгаар гарч ирэхэд тухайн айлын зүс таних залуу бүтэн цаг та нарыг хүлээлээ хамаг ажил алдууллаа гэж ах Отай маргалдах үед тухайн залуугийн аав гэх хүн гарч ирээд ах Оын нүүр хэсэгт 1 удаа гараараа цохиод бие биеэ энгэрээс зуурсан. Тухайн хүний хүү нь аавыгаа салгах гээд ахын гарыг зулгаасан тул би тухайн залуугийн үснээс зулгааж доошоо дарсан, эгч Өлзийгэрэл ахтай зууралдаж заамдаж авсан хүнийг салгах гээд зогсож байсан. Өөрөө хэлбэл ах О зүүн гараараа 50 орчим насны эрэгтэйн хүүгийн гарын бугуй хэсгээс, би хүүг нь баруун гараараа үснээс нь доош дарж, зүүн гараараа тухайн залуугийн ах О аав хоёрыгоо салгах гээд зуурсан гарыг нь салгах гээд барьсан, эгч Өлзийгэрэл О ахын энгэр хэсгээс зуурсан 50 орчим насны эрэгтэй хүний гарыг салгах гээд зуурсан байдалтай байсан. О ах тухайн хүнийг цохихыг нь хараагүй.” /хх-17-18/ гэх,
Гэрч Ц.Болор-Эрдэнийн өгсөн: “Тухайн өдөр буюу 2020 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр ээж гэрүүгээ орж ирээд гадаа аав чинь бөөн юм болж байна, цагдаа дуудъя гэж орж ирэх үед би ээжид цагдаагийн дугаарыг нь өгөөд гадагшаа гарах үед аав нөгөө залуутай бие биеийнхээ энгэр хэсгээс зуурсан байдалтай ах Анхбаяр чихээ барьсан байдалтай хажууд нь тухайн залуугийн хамаатан 2 эмэгтэй байсан....намайг гадагш гарах үед аавын нүүр орчим цус болсон тухайн хүнтэй зууралдсан байдалтай байсан....тухайн өдөр аавын толгой нь өвдөж байна гэж байсан, нүүрний баруун хэсэг нь хавдаж цус гарсан байдалтай байсан.” /хх-20/ гэх,
Гэрч Ц.Анхбаярын өгсөн: “Бид хоёр бие биеэ заамдсан байдалтай манай хашаанаас гарцгаасан. Удалгүй тухайн эрэгтэйн хашаанаас 2 эмэгтэй гарч ирээд нэг эмэгтэй нь миний зүүн чихнээс татаж үснээс зулгааж доош дарсан, тухайн үед аав гэрээс гарч ирээд тухайн эрэгтэй бид хоёрыг салгах гэж голоор орж ирсэн. Аав салгах гэж үзсэн боловч салахгүй байсан. Тухайн залуу аавыг 2-3 удаа мөргөж гараараа 2 удаа цохсон, миний харснаар аавыг цохисон гарт нь машины түлхүүр байх шиг байсан. Тэгээд аавын нүүр орчмоос цус гараад хоёр тийшээ салцгаасан...би доош тонгойсон байдалтай байх үед аав тухайн хүнтэй бие бие рүүгээ цохиод байх шиг байсан. Удалгүй би миний үснээс зулгааж байсан эмэгтэйгээс салаад хойш болсон. Тухайн үед миний үсийг зулгааж байсан эмэгтэй аавыг нөгөө талаас зуурсан байдалтай байсан, тэр үед тэр залуу аавыг мөргөж, гараараа цохсон, тэгээд би очоод салгах үед аавын нүүр орчмоос цус гарсан байдалтай байсан.” /хх-22/ гэх.
Гэрч О.Уранчимэгийн өгсөн: “Би гадагшаа утсаа бариад гартал манай нөхөр Цогтжаргалын нүүр нь цус болсон байдалтай газар сууж байсан удалгүй босоод уурласандаа тухайн хүний машин дээгүүр цусаа гоожуулаад явж байсан. Цогтжаргалыг тухайн үедээ цагдаа аваад явсан орой гэртээ ирсний дараа нь юу болсон талаар асуугаад чи өөрийгөө хамгаалахгүй яасан юм бэ гэхэд би тухайн залууг мөргөх гэж оролдсон боловч чадаагүй, тухайн хүн гараараа нүд орчимд хэд хэдэн удаа цохисон, миний харснаар гартаа юм барьсан байх шиг байсан гэж надад хэлсэн.” /хх-25/ гэх мэдүүлгүүд,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн: “1.Т.Цогтжаргалын биед баруун нүдний ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал, тархи доргилт, баруун нүдний дээд, доод зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун нүдний алимны салстын тархмал цус харвалт, баруун хөмсөгний язарсан шарх гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр цохих үйлдлээр үүсгэгдэх боломжтой. 3.Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй гэх №13267 дугаартай /хх-46-48/ гэх дүгнэлт,
Шинжээч эмч Н.Энхцолмонгийн өгсөн: “Т.Цогтжаргалын биед үүссэн гэмтэл мохоо зүйлийн цохих хүчний үйлчлэлээр үүснэ. Өөрийн биеийн жингээр бусдыг мөргөх тохиолдолд дух болон зулайн хэсгээр мөргөж гэмтэл учруулдаг. Т.Цогтжаргалын биед баруун нүдний дээд доод зовхины цус хуралт, баруун нүдний алимны салстын цус харвалт, баруун хөмсөгний язарсан шарх гэмтэл учирсан нь мөргөхөөс илүүтэйгээр цохиход үүсэх боломжтой гэмтэл байна.” /хх-52/
Г.Оын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-67/,
Г.Оын иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа газрын тодорхойлолт /хх-66-67/ гэх мэдүүлэг зэрэг болно.
Шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач хобогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно. Учир нь шүүгдэгч нь хохирогчийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан, хохирогч нь дээрх болсон үйл явдлыг хараат бусаар мэдүүлсэн, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлыг үнэлсэн шүүх эмнэлгийн дүгнэлт зэргээр тогтоосон байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.О нь мэдүүлэгтээ тухайн хэрэг гарсан өдөр гэмтэл авсан гэж гэмтлийн зэрэг тогтоолгох зорилгоор дүгнэлт гаргуулахад “Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 13266 дугаартай Г.Од духанд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн цохих үед үүсгэгдэнэ. 3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй зэрэг тогтоохгүй. /хх-50/ гэх дүгнэлтээр гэмтлийн зэрэг тогтоогдоогүй байна.
Шүүгдэгч Т.О нь гэмт хэргийн улмаас биед гэмтэл учирсан талаар мэдүүлж, шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт томографийн шинжилгээ, зураг, түүнтэй холбоотой эмчилгээний баримтыг бичгээр гаргаж өгсөн 2021 оны 03 дугаар сарын 23, 24-ний өдрийн нэхэмжлэлийн болон шинжилгээний баримтууд байна. Гэвч энэ гэмт хэрэг нь 2020 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр үйлдэгдсэн тул хэрэгт хамааралгүй баримт байна гэж шүүх үзэв.
Энэ гэмт хэрэг гарахад нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харьцааны, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон нөхцөл байдал шалтгаалсан гэж үзнэ.
Иймд шүүгдэгч Г.Оын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх заалтад хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх бөгөөд Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон тул шүүгдэгчийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх, хуульд заасан ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.
Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг гэдэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.
Түүнчлэн энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй.
Шүүгдэгч нь Г.О нь хохирогч Т.Цогтжаргалд 231.309 төлөх төлбөртэй.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэж хуульчилжээ.
Шүүгдэгч Г.Од эрүүгийн хариуцлага оногдуулахад хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.
Шүүхээс шүүгдэгч Г.О нь хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Г.О нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Г.Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Од 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.О нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.О нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч Г.Од хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Г.О аас шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц 231.309 /хоёр зуун гучин нэгэн мянга гурван зуун есөн/ төгрөг гаргуулан хохирогч Т. д олгосугай.
7. Хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Г.О нь цагдан хоригдсон хоноггүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүй болохыг тус тус дурдсугай.
8. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Г.Од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.МӨНХТУЛГА