Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 05 сарын 14 өдөр

Дугаар 2021/ШЦТ/0315

 

   

 

 

 

  

 

 

2021         05             14                                     2021/ШЦТ/0315

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

  Хэргийн индекс: 185/2021/0332/Э

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Азжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Цэрэндулам,

Улсын яллагчаар хяналтын прокурор Ц.Төгөлдөр,

Шүүгдэгч Э.Ц нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1  дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Э.Ц-д холбогдох эрүүгийн 2109... дугаартай хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, Э.Ц

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Яллагдагч Э.Ц нь 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо Тотал гэх нэртэй авто засварын гадна байсан Э.ЦБ-ын эзэмшлийн 44-64 УАЕ улсын дугаартай Лексус Ай-Эс250 загварын тээврийн хэрэгслийн урд салхины шил, 2 талын толь зэргийг хууль бусаар хагалж, гэмтээн 1.280.000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Яллагдагч Э.Ц нь 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо Тотал гэхнэртэй авто засварын гадна байсан Э.ЦБ-ын эзэмшлийн 44-64 УАЕ улсын дугаартай Лексус Ай-Эс250 загварын тээврийн хэрэгслийн урд салхины шил, 2 талын толь зэргийг хууль бусаар хагалж, гэмтээн 1.280.000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн байна.

Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан нотлох баримтууд болох:

Гэмт хэргийн талаархи гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2 тал/,

Хохирогч Э.ЦБ-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2020 оны 12 дугаар сарын 06-ны орой 19 цагийн орчимд Э.Ц 80399933 гэсэн өөрийн дугаараас над руу залгаж, яаралтай уулзах хэрэгтэй байна гэхээр нь би гэрээсээ өөрийн цагаан өнгийн 44-64УАЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийг унаад Чинзоригийг аваад, модны 2-ын тэнд Э.Ц дээр очиж аваад шууд гэр рүү нь хүргэж өгөх гэтэл Э.Ц би чамтай хамт ормоор байна. Би байр руугаа ормооргүй байна гэж хэлсэн. Чинзоригийн гэр болох Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо 57-н автобусны буудлын эсрэг талд байрлах нийтийн байрны 2 дугаар давхарт бид 3 ирж гэрт нь хоол идээд 1 шил виски хувааж уучихаад унтаад өгсөн. Нэг сэрсэн чинь манай эхнэр болон цагдаа нар ирсэн байсан... ” гэсэн мэдүүлэг /хх-ийн 8 тал/,

Гэрч Ж.Пүрэвдоржийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2020 оны 12 дугаар сарын 07-ны өглөө 05 цаг 30 минутын орчим ажил руугаа явж байтал Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, 57-н автобусны буудлын замын урд талд 44-64УАЕ улсын дугаартай цагаан өнгийн Лексус маркын машины хажуу талд нэг эмэгтэй зогсоод жолоочийн хаалганы цонхны цаныг хусаж байх шиг харагдсан. Би машинтайгаа эргээд зогстол урд талын салхины шил 2 талын толь зэргийг төмрөөр цохиж хагалж, эвдэлж байсан. Би цонхоо онгойлготол машинаас яваад хажуу талын тоосгон 3 давхар барилга руу яваад орсон ...” гэх мэдүүлэг  /хх-ийн 16 тал/,

Гэрч Т.Түвшинжаргалын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Ж.Пүрэвдорж ах надад танай машиныг урт хар куртиктай бор малгайтай туранхай эмэгтэй хүн урд салхины шилийг нь хагалсан, хоёр талынх нь толийг хугалчихаад урд талынх нь 3 давхар улаан тоосгон байшин руу яваад орчихлоо гэж хэлсэн. Үүний дараа Пүрэвжав ахыг та намайг аваад яваач гэж утсаар яриад 10 минутын дараа хамт Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, 57 дугаар сургуулийн автобусны буудлын урд очиход миний машины салхины шилэн дээр хоёр төмөр зоогдсон хоёр толь хагарсан байдалтай байсан... “ гэсэн мэдүүлэг /хх-ийн 10 тал/,

Яллагдагч Э.Ц-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2020 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Э.ЦБ-ын хамт Чинзориг гэх найзынд нь очоод виски уусан. Би уугаагүй. Э.ЦБ бид 2 маргалдаж Э.ЦБ намайг үсдээд, нуруугаар пар руу түлхсэн. Мөн газар унагааж байгаад үсдэж, дарахаар нь би зугтаагаад гартал Э.ЦБ- араас хөл нүцгэн гарч ирээд чи хайчсан бэ гээд намайг хайгаад байсан. Тухайн үед шөнө болсон байсан. Надад машины түлхүүр байхгүй, гадаа хүйтэнд даараад байсан учраас машины 2 талын толийг татаж үзэхэд цоожтой байсан учраас газраас төмөр авч урд талын цонх болон 2 талын толийг эвдэлтэл удалгүй цагдаа ирсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 33 тал/

Ашид билгүүн ХХК-ийн 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 185 дугаартай “Автомашин техникийн үнэлгээний тайлан” /хх-ийн 22-23 тал/

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 49-52 тал/ болон бусад нотлох баримтуудаар нотлогдож байна.

Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон дараах баримтуудыг шүүх шинжлэн судлав. Үүнд:

  • Шүүгдэгч Э.Ц-ийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 35 тал/,
  • Шүүгдэгч Э.Ц-ийн оршин суугаа хаягийн лавлагаа /хх-ийн 35 тал/,
  • Шүүгдэгч Э.Ц-ийн жолоодох эрхтэй талаарх жолоочийн лавлагаа, мэдээлэл  /хх-ийн 35 тал/,
  • Шүүгдэгч Э.Ц-ийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-ийн 38 тал/,
  • Шүүгдэгч Э.Ц-ын үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх талаархи лавлагаа /хх-ийн 39 тал/,
  • Шүүгдэгч Э.Ц-ын урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх талаар иргэний эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх тухай тодорхойлолт  /хх-ийн 40 тал/,
  • Шүүгдэгч Э.Ц-ын урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 47 тал/ зэрэг баримт бичиг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, үгүйсгэх нотлох баримт хэрэгт байхгүйн дээр шүүгдэгч нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч, маргахгүй байгаагаар давхар нотлогдож байх тул энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж шүүх үнэллээ.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, хуульд заасан нотолбол зохих нөхцөл байдлуудыг бүрэн гүйцэд тогтоосон гэж үзлээ.

Мөрдөн шалгах ажиллагааны үед шүүгдэгчээс авсан мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “яллагдагч өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй” гэх үндэслэлээр шүүх үнэлээгүй болохыг дурдаж байна.

 Гэмт хэрэг гарахад иргэний хууль зүйн мэдлэг дутмаг, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн байдал зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн байна.

Шүүгдэгч Э.Ц нь дээрх гэмт хэргийг ганцаараа үйлдсэн болох нь гэрч, хохирогч нарын мэдүүлгээр нотлогдож байна.

Шүүгдэгч нь Монгол Улсын иргэний Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгаж, гэмтээн хохирол учруулж, өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийг үйлдсэн нь дээрх гэмт хэргийг гэм буруугийн шууд санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй юм.

Шүүгдэгч Э.Ц нь Эрүүгийн хуулийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан  “Бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгаж, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулахгэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.

Хэрэгт авагдсан баримтуудыг үндэслэн прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж шүүх үзлээ.

Гэмт хэргийг илрүүлэх зорилгоор хийсэн гэрч, хохирогч нарын мэдүүлэг,  гэрэл  зэрэг нь гэмт хэрэг гарсан нөхцөл байдлыг бүрэн дүүрэн тогтооход чухал ач холбогдолтой болсон байна.

Шүүгдэгч Э.Ц нь учруулсан хохирлыг төлж барагдуулсан талаар хохирогч Э.ЦБ “санал, хүсэлтгүй” гэх хүсэлт, хавтаст хэрэг танилцуулсан баримт, шүүхийн мэдэгдэх хуудаст өгсөн хохирогчийн тайлбар /хх-ийн 65, 67 тал/ зэргээр тогтоогдож байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Хавтаст хэрэгт баримтжуулсан шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй байна.

2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай:

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн шүүгдэгч Э.Ц-ид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан, цээрлүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, анх удаа гэмт хэрэг үйлдсэн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус баримтлан шүүгдэгчийн хувийн байдал, үйлдсэн гэмт хэрэгтээ хандах хандлага, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл зэргийг тус тус харгалзан “бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсний улмаас хохирол учруулсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгчийн хувийн байдалд шүүхийн хэлэлцүүлэгт дурдсан нотлох баримтаар тогтоогдсон нөхцөл байдал, хохирол төлбөргүй байдал, гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрсөн, анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугийн талаар маргахгүй байгаа байдал, үйлдсэн гэмт хэрэг, хохирол, хор уршигт хандаж буй хандлага, шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхдөө гэмшиж байгаа байдал зэргийг харгалзан үзсэн болно.

Шүүгдэгчийн хувьд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалгүй, харин гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлоо төлсөн, анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Шүүх шүүгдэгч Э.Ц-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх 500 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтайгаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шилжүүлсэн байх тул прокурорын саналын хүрээнд шүүгдэгчид торгох ял оногдуулах нь зүйтэй байна.

Шүүгдэгч Э.Ц нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг төмөрийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон  ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Э.Ц-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Ц-ийг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь зааснаар шүүгдэгч Э.Ц-ид оногдуулсан 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахаар тогтоож, шүүгдэгч Э.Ц нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

 

4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг төмөрийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

 

5. Хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.  

 

6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Ц-ид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хохирогч, шүүгдэгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл тогтоол гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Д.АЗЖАРГАЛ