Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 05 сарын 11 өдөр

Дугаар 2021/ШЦТ/0299

 

 

 

   2019          02        15                                                                              2019/ШЦТ/39

 

2021          05             11                                2021/ШЦТ/0299

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                        Хэргийн индекс: 185/2021/0201/Э

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Азжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Цэрэндулам,

Улсын яллагчаар хяналтын прокурор Ц.Гэрэлбаатар,

Хохирогчийн өмгөөлөгч Ч.Атарболд,

Шүүгдэгч Б.Ц нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Ц-д холбогдох эрүүгийн 1909... дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, Б. Ц

Яллагдагч Б.Ц нь Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт нотариатын шалгалтыг тэнцүүлж өгнө гэж худал хэлэн хуурч хохирогч С.Д-с 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдөр бэлнээр 10.000.000 төгрөг, 2018 оны 08 дугаар сарын 24-ний өдөр ХААН банкны 5033146106 тоот дансаар дамжуулан 10.000.000 төгрөг нийт 20.000.000 төгрөг залилсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/ ТОДОРХОЙЛОХ нь:

  1. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар: 

Шүүгдэгч Б.Ц нь нь Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт нотариатын шалгалтыг тэнцүүлж өгнө гэж худал хэлэн хуурч хохирогч С.Д-с 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдөр бэлнээр 10.000.000 төгрөг, 2018 оны 08 дугаар сарын 24-ний өдөр ХААН банкны 5033146106 тоот дансаар дамжуулан 10.000.000 төгрөг нийт 20.000.000 төгрөг залилсан байна.

Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан нотлох баримтууд болох:

  • Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 12 тал/,
  • Хохирогч С.Д-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: ...“2018 оны 08 дугаар сарын эхээр Б.Ц гэх хүнтэй уулзахад “2018 оны 12 сард нотариатын шалгалт болно, найдвартай тэнцүүлж, тусгай зөвшөөрлийг гаргаж өгнө тухайн шалгалтад өөрөөрөө тэнцсэн хүн байдаггүй бөгөөд дандаа танил талаараа мөнгө төгрөг өгч тэнцдэг юм. Таньж мэддэг хүн байвал хэлээрэй, найдвартай гаргаж өгнө гэхээр нь зөвшөөрсөн. ... шалгалт чинь болох юм уу, тийм мэдээлэл байхгүй байна шүү дээ, чи яаж мэдсэн юм, худлаа яриад байгаа юм уу гэж асуухад шалгалт болохоосоо сарын өмнө зар тавигддаг, надад яаманд ажилладаг ах маань тэгж хэлсэн. Эртхэн таньж мэддэг хүмүүстээ хэлж байгаа юм. Шалгалтын зар 11 сард тавигдана, чи эртхэн мөнгөө өгөх хэрэгтэй, монгө егөх хүмүүстэйгээ эртхэн уулзаж эртхэн асуудлыг зохицуулах хэрэгтэй байна гэсэн. Тэгэхээр нь би бүрдүүлэх^материалын талаар асуухад иргэний үнэмлэхийн хуулбар, ажиллаж байгаа газрын тодорхойлолт, бакалаврын дипломын хуулбар болон 20.000.000 төгрөг хэрэгтэй гэсэн. Тэгээд надтай анх уулзсанаас хойш өдөр шөнөгүй залгаж байсан бөгөөд тухайн үед миний хувьцаа эзэмшдэг банк бус санхүүгийн байгууллагад хүртэл хэрэгтэй, ашигтай, танайх шиг байнга гэрээ хэлцэл хийдэг хүн өөрийн гэсэн нотариат байх амар шүүдээ гэх мэтээр ятгах болсон. Тэгээд би 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдөр ах дүүс болон гэрийнхэнтэйгээ ярилцаад 10.000.000 төгрөгийг Б.Цд Сүхбаатар дүүргийн 6-р хороо Нэгдсэн Үндэсний байгууллагын гудамж 44-401 тоотод Нийслэл аудит компанийн 401 тоотод бэлнээр өгсөн. Бэлнээр өгөхдөө Б.Ц-с мөнгө өгсний баталгаа болгож гар бичмэл бичүүлж авсан. 2018 оны 08 дугаар сарын 24-ний өдөр Б.Цийн өөрийн данс руу нөхөр Батхүүгийн данснаас шилжүүлсэн. Тэрнээс хойш 11 сар болоход шалгалт зарлагдаагүй. Тэгээд Б.Ц-с асуухад удахгүй шалгалт эхлэхэд чамд тестийн хариу өгнө гэх мэтээр ярьж байсан. Үүнээс хойш худлаа байна гэж бодоод мөнгөө авъя гэтэл өнөөдөр маргааш гэж хойшлуулсаар цагаан сарын дараагаас утсаа авахаа больсон ” гэх мэдүүлэг /хх-ийн 23-24 тал/,
  • Гэрч Г.Батхүүгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2018 оны 08 дугаар сард ажил дээрээ байхад манай эхнэр С.Д над руу залгаад Б.Ц гээд ажлын шугамаар танилцсан хүн нотариатын шалгалтад тэнцүүлж өгч чадна гэж байна, чи нэг уулзаач гэсэн. Тэгээд ажил дээр байж байсан чинь 2 залуу ирж уулзсан нэг залуу нь өөрийгөө Б.Ц гэж танилцуусан. Б.Ц гэх залуу танай эхнэрийг нотариатын шалгалтад тэнцүүлж өгнө ер нь бол 35 орчим сая төгрөг болно эхний ээлжид 20.000.000 төгрөг хэрэг болно гэхээр нь би тэгж мөнгө өгөхгүй эхний ээлжид 10.000.000 төгрөг өгье гэсэн. Тэгээд 10.000.000 төгрөг бэлнээр өгөхдөө эхнэрийг энэ хүнээс баримт бичүүлж аваад иргэний үнэмлэхийг нь хуулбарлаж аваарай гэж хэлсэн. Тэгээд маргааш нь Б.Ц над руу залгаад дахиад 10.000.000 төгрөг хэрэгтэй байна... нотариатын шалгалтад тэнцүүлэх хүмүүстэй нь уулзаж байна гээд над руу дансны дугаараа явуулсан. Тэгэхээр нь би тэр данс руу 10.000.000 төгрөг шилжүүлсэн... ” гэх мэдүүлэг / хх-ийн 28 тал/,
  • Г.Батхүүгийн ХААН банкны 5022548138 тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулга: “2018 оны 08 дугаар арын 24-ний өдөр 5033146106 тоот данс руу 10 сая  төгөрг шилжүүлсэн” /хх-ийн 15  тал/
  • Баатархүү овогтой Б.Ц-д хамтран ажиллахаар тохиролцож 2018 оны 08 дугаар сарын 22-нд 10.000.000 төгрөг хүлээлгэн өгөв” гэх гар бичмэл баримт /хх-ийн 16 тал/
  • Шүүгдэгч Б.Ц-гийн ХААН банкны 5033146106 тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 60 тал/,
  • Монголын нотариатчидын танхимын 2020 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 144 дугаартай албан бичигт: ... Хамгийн сүүлд 2016 онд нотариатын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалт зохион байгуулагдаж байсан болно” гэжээ /хх-ийн 72 тал/

Яллагдагчаар Б.Ц мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...С.Д нотариатын эрх гаргуулахаар болоод надад урьдчилгаа мөнгө 20.000.000 төгрөг өгөөрэй гэсэн чинь эхний ээлжид 10.000.000 төгрөг бэлнээр надад өгөөд бичиг хийж гарын үсэг зуруулсан. ...би С.Д рүү ярьж 10.000.000 төгрөгийг өөрийн дансаар аваад...” гэх мэдүүлэг. /хх-ийн 29 тал/ болон шүүхийн хэлэлцүүлэгт “... би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Надад бас хүн худлаа хэлснээс ийм зүйл боллоо...” гэх мэдүүлэг болон бусад нотлох баримтуудаар нотлогдож байна.

Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон дараах баримтуудыг шүүх шинжлэн судлав. Үүнд:

- шүүгдэгч Б.Ц-н иргэний дэлгэрэнгүй лавлагаа / хх-ийн 103 тал/,

- шүүгдэгч Б.Ц-н Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 108 тал/

- шүүгдэгч Б.Ц-н ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 70 тал/

- шүүгдэгч Б.Ц-н Нийгмийн даатгалын шимтгэл төлсөн тухай лавлагаа /хх-ийн 92 тал/

- шүүгдэгч Б.Ц-н өмчлөл үл хөдлөх хөрөнгө бүртгэгдсэн эсэх талаарх Нийслэлийн Сүхбаатар дүүргийн улсын бүртгэлийн хэлтсийн албан тоот /хх-ийн 93 тал/

- Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар хорих ял эдлүүлэх албын албан тоот /хх-ийн 94 тал/

- шүүгдэгч Б.Ц-н нэр дээр тээврийн хэрэгслийн бүртгэл байгаа эсэх талаарх Авто тээврийн газрын лавлагаа /хх-ийн 95 тал/ зэрэг баримт бичиг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, үгүйсгэх нотлох баримт хэрэгт байхгүйн дээр шүүгдэгч нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч, маргахгүй байгаагаар давхар нотлогдож байх тул энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж шүүх үнэллээ.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, хуульд заасан нотолбол зохих нөхцөл байдлуудыг бүрэн гүйцэд тогтоосон гэж үзлээ.

 Мөрдөн шалгах ажиллагааны үед шүүгдэгчээс авсан мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “яллагдагч өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй” гэх үндэслэлээр шүүх үнэлээгүй болохыг дурдаж байна.

Гэмт хэрэг гарахад иргэдийн залилан мэхлэх цахим гэмт хэргээс урьдчилан сэргийлэх мэдлэг дутмаг, мөн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиг үүрэг бүхий байгууллага холбогдох хууль журмыг сурталчлах, соён гэгээрүүлэх ажил хангалтгүй хийгдсэн, гэмт хэрэг зөрчлийн талаарх мэдээллийг Цагдаагийн байгууллага хангалтгүй зохион байгуулж, энэ талаарх сургалт сурталчилгааг зохих төвшинд, холбогдох хүмүүст нь хүртэл хийж чадаагүй зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн байна.

Шүүгдэгч Б.Ц нь дээрх гэмт хэргийг ганцаараа үйлдсэн болох нь гэрч, хохирогч нарын мэдүүлгээр нотлогдож байна.

Шүүгдэгч нь Монгол Улсын иргэний Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан бусдын өмчлөл, эзэмшилд байгаа эд юмс, түүнийг хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхийг зөрчсөн хор уршигт зориуд хүргэж, өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийг үйлдсэн нь дээрх гэмт хэргийг гэм буруугийн шууд санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй юм.

Шүүгдэгч Б.Ц нь Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож бусдыг төөрөгдөлд оруулж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч  “Залилах” гэмт хэргийг үйлдсэн байна.

Хэрэгт авагдсан баримтуудыг үндэслэн прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж шүүх үзлээ.

Гэмт хэргийг илрүүлэх зорилгоор хийсэн гэрч, хохирогч нарын мэдүүлэг зэрэг нь гэмт хэрэг гарсан нөхцөл байдлыг бүрэн дүүрэн тогтооход чухал ач холбогдолтой болсон байна.

Шүүгдэгч Б.Ц нь хохирогч С.Д-д учруулсан 20.000.000  төгрөгийн хохирлоос 5.000.000 төгрөгийг өгсөн бөгөөд энэ талаарх нотлох баримт нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх тул үлдэгдэл 15.000.000 төгрөгийг шүүгдэгч Б.Ц-с гаргуулж хохирогч С.Д олгох нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч Б.Ц нь бусдад төлөх төлбөртэй, хавтаст хэрэгт баримтжуулсан шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй байна.

2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай:

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн шүүгдэгч Б.Ц эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан, цээрлүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус баримтлан шүүгдэгчийн хувийн байдал, үйлдсэн гэмт хэрэгтээ хандах хандлага, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл зэргийг тус тус харгалзан “Хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож бусдыг төөрөгдөлд оруулж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч  “Залилсан” үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгчийн хувийн байдалд шүүхийн хэлэлцүүлэгт дурдсан нотлох баримтаар тогтоогдсон нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэрэг, хохирол, хор уршигт хандаж буй хандлага зэргийг харгалзан үзсэн болно. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хүндрүүлэх болон хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулахдаа хорих ял оногдуулахаар шийдвэрлэв.

Шүүгдэгч Б.Ц эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ улсын яллагчаас шүүгдэгчид “ 2 жилийн хорих ял оногдуулъя” гэснийг, шүүгдэгчийн “ хохирлоо төлж барагдуулна, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа надад ялын доод хэмжээг оногдуулж өгөөч” гэх шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг, хувийн байдал зэргийг харгалзан үзэж ял оногдуулав.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ц Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 704 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 7 жилийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 06 жил 08 сар 26 хоногийн хорих ял дээр энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 /нэг/ жилийн хорих ялыг нэмж нэгтгэн түүний эдлэх хорих ялын нийт хэмжээг 07 жил 08 сар 26 хоногийн хорих ялаар тогтоохоор шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Б.Ц-н гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршигийн шинж чанар, түүний хувийн байдлыг харгалзан эдлэх ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2-д зааснаар Б.Ц-н 90 хоногийн цагдан хоригдсонг эдлэх ялд оруулан тооцох зүйтэй.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, бусдад төлөх төлбөртэй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.5, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон  ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б.Ц Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бусдыг төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ц 1 /нэг/ жилийн хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Б.Ц-д энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 /нэг/ жилийн хорих ялыг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 04-ны өдрийн 733 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 7 жилийн ялаас эдлээгүй үлдсэн 06 жил 08 сар 26 хоногийн хорих ял дээр нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг 7 /долоо/ жил 8 /найм/ сар 26 /хорин зургаа/ хугацаагаар хорих ялаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-д зааснаар Б.Ц-н эдлэх ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар Б.Ц-н 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдрөөс өнөөдрийг хүртэл цагдан хоригдсон 90 хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ц-с 15.000.000 /арван таван сая/ төгрөгийг гаргуулж хохирогч С.Д олгосугай.

7. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн баримт, битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурьдсугай.

8. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч,  хохирогч, өмгөөлөгч, яллагч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж залдах шатны шүүхэд 14 хоногт давж заалдах гомдол гаргах,  яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл  Б.Ц-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй

 

 

 

              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Д.АЗЖАРГАЛ