| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашдоржийн Азжаргал |
| Хэргийн индекс | 185/2021/0199/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/281 |
| Огноо | 2021-04-27 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Д.Даваадорж |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 04 сарын 27 өдөр
Дугаар 2021/ШЦТ/281
2021 04 27 2021/ШЦТ/281
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 185/2021/0199/Э
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Азжаргал даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Цэрэндулам,
Улсын яллагч, хяналтын прокурор Д.Даваадорж,
Шүүгдэгч Б.О нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар
Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.О-д холбогдох эрүүгийн 200... дугаартай хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, Б.О
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Яллагдагч Б.О нь согтуугаар 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, Спортын төв ордны замын эсрэг талын автобусны буудлын ойролцоо иргэн Г.Ө тэй үл ялих зүйлээс болж маргалдаж, улмаар түүний нүүрийг үзүүртэй зүйлээр хатгах, урах мэтээр самардаж биед “баруун шанаа, баруун нүдний зовхи, духанд зулгаралт, зүүн нүдний зовхи, зүүн шанаа, зүүн хацарт зөөлөн эдийн няцрал цус хуралт, зүүн хацарт шарх, зулгаралт” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Б.О нь согтуугаар 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, Спортын төв ордны замын эсрэг талын автобусны буудлын ойролцоо иргэн Г.Ө-тэй үл ялих зүйлээс болж маргалдаж, улмаар түүний нүүрийг үзүүртэй зүйлээр хатгах, урах мэтээр самардаж биед “баруун шанаа, баруун нүдний зовхи, духанд зулгаралт, зүүн нүдний зовхи, зүүн шанаа, зүүн хацарт зөөлөн эдийн няцрал цус хуралт, зүүн хацарт шарх, зулгаралт” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсангэмт хэргийг үйлдсэн байна.
Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдаж, шинжлэн судлагдсан нотлох баримтууд болох:
- Хохирогч Г.Ө-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2020 оны 11 дүгээр сарын 03-ны орой ажлаа тараад явж байтал Улаанбаатар зочид буудлын урд талын саадан дээр Б.О-тэй тааралдсан Тэгээд түүнтэй ойр зуурын юм ярьж яваад Спортын төв ордны замын эсрэг талын автобусны буудлын ойролцоо ирэхэд тэрээр гэнэт надад хандан “надад архи авч өг' гэж хэлэхэд нь би “одоохондоо мөнгө байхгүй байна" гэж хэлсэн. Тэгтэл Б.О нь куртикныхээ халаасанд гараа хийсэн байдалтай байж байгаад “худлаа яриад бай” гээд гараа халааснаасаа гаргаж ирээд миний нүүр рүү цохих шиг болсон. Тэгээд миний нүүрнээс цус гарч бид хоёр барьцалдаж авсан бөгөөд тэрээр миний нүүр рүү дахин 1-2 удаа цохисон. Тэгээд тэнд байсан хүмүүс биднийг салгасан. Тухайн үед миний нүүрийг сэрээгээр урсан юм шиг шарх үүссэн байсан. . Б.О нь согтуу байсан ба би мөн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Гэвч тийм айхтар согтуу байгаагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 24-25 тал/,
- Яллагдагч Б.О-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Би Г.Ө гийн нүүрэнд нь гэмтэл, шарх учруулсан нь үнэн, үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Гэхдээ би түүний нүүрийг сэрээгээр бол зүсэж гэмтэл учруулаагүй. Түүнтэй маргалдаж, барьцалдаж дайрч байхдаа зүүж явсан сэтэрхий бөгжөөрөө нүүрийг нь урсан. Мөн би хохирогчоос архи нэхээгүй ба тэр надаас эхнэрээ “хаана байна” гэж асууж, сураглаад байсан. Би тухайн үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн явж байсан тул Г.Ө гийн эхнэрийг хаана байгааг нь мэдэхгүй гэж урдаас нь уурлаад хоорондоо маргах болсон, ...би сэтрэхий бөгжөөрөе нүүрийг нь урсан. Бас түүний нүүр рүү хэд хэдэн удаа цохисноо санахгүй байна. ...Г.Ө намайг заамдаж, сэгсэрсэн бөгөөд тэрээр намайг зодож, цохисон зүйл байхгүй /хх-ийн 38-39 тал/,
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 12838 дугаартай “...1. Г.Ө гийн биед баруун шанаа, баруун нүдний зовхи, духанд зулгаралт, зүүн нүдний зовхи, зүүн шанаа, зүүн хацарт зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүи хацарт шарх, зулгаралт гэмтэл тогтоогдлоо, 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд тухайн хэрэг гарсан цаг хугацаанд үүссэн байх боломжтой, 3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна, 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй....” гэх дүгнэлт /хх-ийн 30-31 тал/,
- Эд зүйлд үзлэг хийсэн “...Яллагдагч Б.О ээс хүлээн авсан зүйл нь 1.8x1.8 см радиустай, цагаан өнгийн металл бөгж байх ба бөгжний шигтгээ байрлах хэсэг нь мурийж сэтэрсэн, 4 ширхэг дэгээ мэт үзүүр цухуйсан байсныг гэрэл зургаар бэхжүүлэв...” гэх тэмдэглэл /хх-ийн 14-15 тал/ болон бусад нотлох баримтуудаар нотлогдож байна.
Шүүгдэгч Б.О ийн хувийн байдлыг тогтоосон дараах баримтуудыг шүүх шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, үгүйсгэх нотлох баримт хэрэгт байхгүйн дээр шүүгдэгч нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч, маргахгүй байгаагаар давхар нотлогдож байх тул энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж шүүх үнэллээ.
Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, хуульд заасан нотолбол зохих нөхцөл байдлуудыг бүрэн гүйцэд тогтоосон гэж үзлээ.
Шүүгдэгч Б.О нь дээрх гэмт хэргийг ганцаараа үйлдсэн болох нь хохирогчийн мэдүүлэг, бусад баримтаар нотлогдож байна.
Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулсан хор уршигт зориуд хүргэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн нь дээрх гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй юм.
Хэрэгт авагдсан баримтуудыг үндэслэн прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж шүүх үзлээ.
Гэмт хэргийг илрүүлэх зорилгоор хийсэн гэрч, хохирогч нарын мэдүүлэг зэрэг нь гэмт хэрэг гарсан нөхцөл байдлыг бүрэн дүүрэн тогтооход чухал ач холбогдолтой болсон ба гэмт хэрэг гарахад хохирогч, шүүгдэгчийн буруутай үйл ажиллагаа нөлөөлсөн байна.
Шүүгдэгч Б.О нь согтуурсан үедээ иргэн Г.Ө-тэй үл ялих зүйлээс болж маргалдаж, улмаар түүний нүүрийг үзүүртэй зүйлээр хатгах, урах мэтээр самардаж биед “баруун шанаа, баруун нүдний зовхи, духанд зулгаралт, зүүн нүдний зовхи, зүүн шанаа, зүүн хацарт зөөлөн эдийн няцрал цус хуралт, зүүн хацарт шарх, зулгаралт” гэмтэл бүхий хөнгөн хохирол учруулж санаатайгаар дээрх гэмт хэргийг үйлдсэн байна.
Шүүгдэгчийн үйлдсэн энэхүү гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар нь бусдын эрүүл мэндийн халдашгүй байдалд хөнгөн хохирол учирсан гэж шүүх дүгнэлээ.
Хохирогч Г.Ө нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн хүсэлтийг /хх-ийн 57-58 тал/, шүүхийн мэдэгдэх хуудаст өгсөн хариу тайлбар зэрэг хавтаст хэрэгт авсагдсан баримт зэргээс шүүгдэгч Б.О-г бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.
2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай:
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн шүүгдэгч Б.О-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан, цээрлүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, гэмт хэрэг анх удаа үйлдсэн байдал эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус баримтлан шүүгдэгчийн хувийн байдал, үйлдсэн гэмт хэрэгтээ хандах хандлага, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл зэргийг тус тус харгалзан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгчийн хувийн байдалд шүүхийн хэлэлцүүлэгт дурдсан нотлох баримтаар тогтоогдсон нөхцөл байдал, гэмт хэрэг анх удаа үйлдсэн байдал, үйлдсэн гэмт хэрэг, хохирол, хор уршигт хандаж буй хандлага, хохирогчид хөнгөн гэмтэл учруулсан зэргийг харгалзан үзсэн болно. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаад, шүүгдэгчийн хохирол төлбөргүй, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн хэрэг хувийн байдлыг, хохиогчийн зүгээс гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл болгосон, бусдын биед анх хүрсэн зэрэг зүй бус үйлдэл гаргасан зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдлаар тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулахдаа нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар шийдвэрлэв.
Шүүгдэгч Б.О т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ улсын яллагчаас шүүгдэгчид “500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулъя” гэснийг, харгалзан үзээд шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг анх удаа үйлдсэн зэрэг ар гэрийн байдал мөн түүний ажил эрхлэлтийн байдал зэргийг харгалзан үзэж ял оногдуулав.
Хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, түүнийг цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт хураагдсан 1.8x1.8 см радиустай, шитгээ нь унасан, цагаан өнгийн металл бөгжийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогч эзэмшигч шүүгдэгч Б.О т буцаан олгохоор шийдвэрлэх нь зүйтэй байна.
Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.5, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Б.О-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.О-г 500 /таван зуу/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Б-т оногдуулсан 500 /таван зуу/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар хийлгэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын эдлээгүй үлдсэн найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Энэ хэрэгт хураагдсан 1.8x1.8 см радиустай, шитгээ нь унасан, цагаан өнгийн металл бөгжийг эзэмшигч шүүгдэгч Б.О нь буцаан олгож, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.О урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хохирогч, шүүгдэгч нар эс зөвшөөрвөл тогтоол гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.АЗЖАРГАЛ