| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашдоржийн Азжаргал |
| Хэргийн индекс | 185/2021/0111/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/280 |
| Огноо | 2021-04-27 |
| Зүйл хэсэг | 11.1.1, |
| Улсын яллагч | З.Энхжаргал |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 04 сарын 27 өдөр
Дугаар 2021/ШЦТ/280
2021 04 27 2021/ШЦТ/280
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 185/2021/0111/Э
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Азжаргал даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Цэрэндулам,
Улсын яллагч, хяналтын прокурор З.Энхжаргал,
Шүүгдэгч Д.Б, түүний өмгөөлөгч М.Батмөнх нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар
Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Б-д холбогдох эрүүгийн 200... дугаартай хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол улсын иргэн, Д.Б
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Яллагдагч Д.Б нь Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2020 оны 10 дугаар сарын 09-нөөс 10-нд шилжих шөнө 03 цагийн үед иргэн М.М-г “Найз охинтойгоо муухай харьцсан гэж хэлсэн” гэх асуудлаас маргалдан зодож эрүүл мэндэд нь “биед дух яснаас духны хөндийн гадна дотор ялтас, зүүн нүдний ухархайн дээд хана дайрсан, мөн зүүн нүдний ухархайн гадна хана руу үргэлжилсэн хугарал, духанд шарх, зүүн зовхи, хамар, хацар, шанааны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн нүдний салстад цус харвалт, хүзүүнд цус хуралт, эрүүнд зулгаралт гэмтэл” хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Д.Б нь Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2020 оны 10 дугаар сарын 09-нөөс 10-нд шилжих шөнө 03 цагийн үед иргэн М.М-г “Найз охинтойгоо муухай харьцсан гэж хэлсэн” гэх асуудлаас маргалдан зодож эрүүл мэндэд нь “биед дух яснаас духны хөндийн гадна дотор ялтас, зүүн нүдний ухархайн дээд хана дайрсан, мөн зүүн нүдний ухархайн гадна хана руу үргэлжилсэн хугарал, духанд шарх, зүүн зовхи, хамар, хацар, шанааны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн нүдний салстад цус харвалт, хүзүүнд цус хуралт, эрүүнд зулгаралт гэмтэл” хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээгэмт хэргийг үйлдсэн байна.
Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдаж, шинжлэн судлагдсан нотлох баримтууд болох:
- Хохирогч М.М-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдөр манай гэрт хамаатны хүүхэд Д.Б нь найз охины хамт ирсэн байсан...бид нар хамтдаа 00 цаг өнгөрч байхад Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Есүй нэртэй караоке пабад хамт орсон. ...03 цаг өнгөрч байсан байхаа бид нар бүгдээрээ гараад миний машинд суусан тэгсэн Д.Б найз охинтойгоо жаахан муухай харьцаад байдаг болохоор нь Д.Бд хандаж найз охинтойгоо жаахан муухай харьцаж байна шүү гэх зэрэг үг хэлсэн тэгээд би Д.Б, Өлзий-Орших бид гурав тамхи татахаар буусан байсан, тэгсэн гэнэт Д.Б намайг гараараа 9 удаа нүүр хэсэгт цохисон, тэгэхээр нь би тоолж байгаад 9 болчихлоо одоо болно гээд Д.Б-г зөрүүлээд цохисон тэгээд нэг мэдсэн ухаан алдаад унасан би эмнэлэг дээр сэрсэн. Би Д.Б-д найз охинтойгоо жаахан муухай харьцаж байна шүү л гэж хэлсэн, тэгээд маргалдсан. Гэмтлийг Д.Б нь намайг гараараа цохиж зодож учруулсан, намайг түлхэж газар унагахад би ухаан алдаж унасан...” гэх мэдүүлэг /хх-ийн 06-07 тал/,
- Гэрчээр Ц.Жавхлангийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би 2020 оны 10 дугаар сарын 09-ний орой 22:00 цагийн үед найз залуу болох Д.Бтай эгчийнх нь Цайзын тэнд байрлах гэрээс гараад Гачуурт болох манай гэр лүү явна гэж ярьж байгаад Д.Б дүүгээрээ хүргүүлнэ гээд М.М- гэх дүүтэй нь бид 3 цуг гарсан. Тэгээд тэндээсээ караоке орохоор болсон. Тэгээд бөөндөө сууцгаах гээд байж байтал М.М- би машин барина гээд жолоочийн талд суух гээд байхаар нь Д.Б болохгүй гээд тэр хоёр машины хажууд маргалдаад байхаар нь би М.М-ийн найз охинтой нь тэр маргаанаас холдох гээд машинтай нь 11-р хорооллын ТҮЦ ороод цэвэр ус аваад 2 ширхэг чихэр авчхаад бид хоёр эргээд нөгөө гурвын байгаа газар очсон. Тэгээд тэнд очоод М.М-ийг харахад баруун нүд нь хавдсан, дух нь улайсан байсан. Тэгэхээр нь би машинд суулган эмнэлэг явцгаая хурдан явцгаая, юу болсон юм бэ гэж хэлсэн чинь Д.Б, Өлзий хоёр юм мөргөчихсөн гэж хэлсэн... гэх мэдүүлэг /хх-ийн 10-11 тал/,
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2020 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 11798 дугаартай шинжээчийн “М.М-ийн биед дух яснаас духны хөндийн гадна дотор ялтас, зүүн нүдний ухархайн дээд хана дайрсан, мөн зүүн нүдний ухархайн гадна хана руу үргэлжилсэн хугарал, духанд шарх, зүүн зовхи, хамар, хацар, шанааны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн нүдний салстад цус харвалт, хүзүүнд цус хуралт, эрүүнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т зааснаар учрах үедээ амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх-ийн 15-16 тал/,
Яллагдагч Д.Б-гийн гэрчээр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Миний бие 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдөр үеэл дүү М.М, найз охин Д.Жавхлан нарын хамт 23 цагийн үед Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороонд байрлах Есүй нэртэй караокед орж 2020 оны 10 дугаар сарын 10-ны 04 цаг хүртэл дуулж пиво уусан. 04 цагийн үед караоке хааж бид гурав гадагш гарч машинд сууж байхад М.М миний дургүйг хүргэсэн сонин зүйлс ярьж эхэлсэн, ингээд бид маргалдаж машинаас гарч бие биенийхээ энгэрээс заамдалцаж хэрэлдсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 03-04 тал/
Хохирогч М.Мийн өвчний түүх, эмчилгээ, оношилгоо хийлгэсэн баримтууд /хх-ийн 20-27 тал/ болон бусад нотлох баримтуудаар нотлогдож байна.
Шүүгдэгч Д.Бгийн хувийн байдлыг тогтоосон дараах баримтуудыг шүүх шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, үгүйсгэх нотлох баримт хэрэгт байхгүйн дээр шүүгдэгч нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч, маргахгүй байгаагаар давхар нотлогдож байх тул энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж шүүх үнэллээ.
Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, хуульд заасан нотолбол зохих нөхцөл байдлуудыг бүрэн гүйцэд тогтоосон гэж үзлээ.
Шүүгдэгч Д.Б нь дээрх гэмт хэргийг ганцаараа үйлдсэн болох нь гэрч, хохирогч нарын мэдүүлгээр нотлогдож байна.
Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулсан хор уршигт зориуд хүргэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн нь дээрх гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй юм.
Хэрэгт авагдсан баримтуудыг үндэслэн прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж шүүх үзлээ.
Гэмт хэргийг илрүүлэх зорилгоор хийсэн гэрч, хохирогч нарын мэдүүлэг зэрэг нь гэмт хэрэг гарсан нөхцөл байдлыг бүрэн дүүрэн тогтооход чухал ач холбогдолтой болсон ба гэмт хэрэг гарахад хохирогч, шүүгдэгчийн буруутай үйл ажиллагаа нөлөөлсөн байна.
Шүүгдэгч Д.Б нь иргэн М.М-ийн эрүүл мэндэд нь “биед дух яснаас духны хөндийн гадна дотор ялтас, зүүн нүдний ухархайн дээд хана дайрсан, мөн зүүн нүдний ухархайн гадна хана руу үргэлжилсэн хугарал, духанд шарх, зүүн зовхи, хамар, хацар, шанааны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн нүдний салстад цус харвалт, хүзүүнд цус хуралт, эрүүнд зулгаралт бүхий хүнд гэмтэл учруулж санаатайгаар дээрх гэмт хэргийг үйлдсэн байна.
Шүүгдэгчийн үйлдсэн энэхүү гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар нь бусдын эрүүл мэндийн халдашгүй байдалд хүнд хохирол учирсан гэж шүүх дүгнэлээ.
Хохирогч М.М нь хохирол барагдуулсан талаар хүсэлт шүүхэл ирүүлсэн /хх-ийн 36 тал/ бөгөөд шүүхийн мэдэгдэх хуудаст өгсөн хариу тайлбар зэрэг хавтаст хэрэгт авсагдсан баримтуудаас шүүгдэгч Д.Б-г бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.
2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай:
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн шүүгдэгч Д.Б-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан, цээрлүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, гэмт хэрэг анх удаа үйлдсэн байдал эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус баримтлан шүүгдэгчийн хувийн байдал, үйлдсэн гэмт хэрэгтээ хандах хандлага, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл зэргийг тус тус харгалзан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан” үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгчийн хувийн байдалд шүүхийн хэлэлцүүлэгт дурдсан нотлох баримтаар тогтоогдсон нөхцөл байдал, гэмт хэрэг анх удаа үйлдсэн байдал, үйлдсэн гэмт хэрэг, хохирол, хор уршигт хандаж буй хандлага, ар гэрийн байдал зэргийг харгалзан үзсэн болно. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаад, шүүгдэгчийн хохирол төлбөргүй, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн хэрэг хувийн байдлыг, хохиогчийн зүгээс гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл болгосон, бусдын биед анх хүрсэн зэрэг зүй бус үйлдэл гаргасан зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдлаар тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулахдаа торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.
Шүүгдэгч Д.Б-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ улсын яллагчаас шүүгдэгчид “10.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулъя” гэснийг, шүүгдэгчийн өмгөөлөгчийн “торгох ял оногдуулаач” гэснийг, шүүгдэгчийн “нялх хүүхэдтэй, эхнэр хүүхдээ хараад гэртээ байдаг, ар гэрээ тэжээж авч явдаг учраас надад торгох ял оногдуулж өгөөч” гэснийг тус тус харгалзан үзээд шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг анх удаа үйлдсэн зэрэг ар гэрийн байдал 1 сартай нялх хүүхэдтэй, эхнэр хүүхдээ гэр бүлээ тэжээн тэтгэдэг нөхцөл байдал мөн түүний ажил эрхлэлтийн байдал ажил орлоготой зэргийг харгалзан үзэж ял оногдуулав.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, түүнийг цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.5, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Д.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б-г 10.000 /арван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 /арван сая/ төгрөгрөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь зааснаар шүүгдэгч Д.Б нь 10.000 /арван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 /арван сая/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахаар тогтоож, заасан хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.
4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон, битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хохирогч, шүүгдэгч нар эс зөвшөөрвөл тогтоол гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.АЗЖАРГАЛ