Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 04 сарын 26 өдөр

Дугаар 2021/ШЦТ/278

 

 

 

 

 

 

 

2021          04             26                                      2021/ШЦТ/278

 

    

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 185/2021/0273/Э

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Азжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Цэрэндулам,

Улсын яллагч, хяналтын прокурор С.Эрдэнэтуяа,

Шүүгдэгч М.О  нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.О-д холбогдох эрүүгийн 2009... дугаартай хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Монгол улсын иргэн, М.О

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Яллагдагч М.О  нь согтуурсан үедээ 2020 оны 10 дугаар сарын 25-ны өдрөөс 26-ны өдөрт шилжих Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлаж үйл ажиллагаа явуулдаг Мийтинг бааранд “найз охин оролдсон” гэх шалтгааны улмаас хэрүүл маргаан үүсгэн үл ойлголцож, иргэн Э.Э-ын нүүрэн тус газарт гараараа зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.  ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч М.О  нь согтуурсан үедээ 2020 оны 10 дугаар сарын 25-ны өдрөөс 26-ны өдөрт шилжих Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлаж үйл ажиллагаа явуулдаг Мийтинг бааранд “найз охин оролдсон” гэх шалтгааны улмаас хэрүүл маргаан үүсгэн үл ойлголцож, иргэн Э.Э-ын нүүрэн тус газарт гараараа зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн байна.

Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдаж, шинжлэн судлагдсан нотлох баримтууд болох:

  • Гэмт хэргийн талаар гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 03 тал/

-    Хохирогч Э.Э-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би 2020 оны 10 дугаар сарын 25-ны өдрөөс 26- ны өдөрт шилжих шөнө өөрийн найзууд болох Лхагвасүрэн найз охин Маргадын хамтаар Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Мийтинг бааранд шөнийн 00 цагийн үед орсон. Тэнд ороод бүжиглэж байтал манай найз охин Маргадыг үл таних 20 орчим насны залуу 180см орчим өндөртэй залуу оролдоод байсан. Тэгэхээр нь би “чи жаахан холдчих” гэхэд надад яасан гэнээ гэж хэлэхээр нь би “жаахан ийшээ болчих” гээд холдуулах гээд хэлтэл тэр залуу “юу гэнээ" гээд хэрүүл хийж эхэлсэн бөгөөд нөгөө залуу намайг “гарья” гээд заамдаад авсан . Намайг заамдаад авахад манай найз Лхагвасүрэн биднийг салгасан. Тэгээд тэр залуу дахиж ирээд намайг “гарья” гээд дахиад заамдаад авахаар нь би гарыг нь тавиулах гээд түлхсэн. Тэгээд бужигнаад байж байтал тэр залуу намайг миний зүүн өвдөг рүү 1 удаа өшиглөсөн. Тэгээд байж байтал голоор хүн ороод ирсэн. Тэгээд байж байтал тэр залуу миний нүүрэнд шүд хэсэг рүү 1 удаа цохиод авсан. яг аль гараараа цохисныг мэдэхгүй байна. Тэгээд намайг цохиод би амаа дараад үзэхэд миний дээд талын 2 шүдний 1 уначихсан, нөгөө нь хөдөлгөөн ороод унжсан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 06-08 тал/,

- Гэрчээр Э.Ганбатын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...бүжиглэж байтал манай найз М.О  1 залуутай маргалдаж эхэлсэн. Маргаан юунаас эхэлсэн талаар би сайн мэдэхгүй байна. Тэгээд би маргалдаад байхаар нь салгасан бөгөөд салгаж байхад манай найз тэр залууг 1 удаа нүүрэнд нь цохиод авсан. Тэгээд салгасны дараа тэр залуу ариун цэврийн өрөө рүү яваад өгсөн. Тэгээд араас нь очтол шүд нь унасан гээд нүүрээ угаагаад зогсож байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 11 тал/,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 12357 дугаартай шинжээчийн “Э.Э ын биед баруун дээд 1, 2, 3-р шүдний буйланд цус хуралт, 2 шүдний булгарал, 1-р шүдний сулрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр нэг удаагийн үйлдлээр үүсэх боломжтой. Дээрх гэмтлүүдийг өөрөө өөртөө учруулах боломж багатай. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна, Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадвар алдалтанд 5 хувь нөлөөлнө” гэх дүгнэлт /хх-ийн 12-13 тал/,

- Хохирлын мөнгө хүлээлгэн өгсөн “хохирогч Э.Э  3.180.000 төгрөгийг хүлээлгэн” өгөв гэсэн тэмдэглэл /хх-ийн 36 тал/ болон бусад нотлох баримтуудаар нотлогдож байна.

Шүүгдэгч М.О-н хувийн байдлыг тогтоосон дараах баримтуудыг шүүх шинжлэн судлав. Үүнд:

  • Шүүгдэгч М.О-н урьд ял шийтгэл эдлэж байсан талаар эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 26 тал/
  • Шүүгдэгч М.О-н иргэний дэлгэрэнгүй цагдаагийн газрын лавлагаа /хх-ийн 27-29 тал/
  • Шүүгдэгч М.О-н иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 31 тал/
  • Шүүгдэгч М.О-н нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авах эрх үүсээгүй тухай тодорхойлолт /хх-ийн 32 тал/
  • Шүүгдэгч М.О-н жолоочийн эрхийн лавлагаа /хх-ийн 33 тал/
  • Шүүгдэгч М.О-н эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа /хх-ийн 34 тал/
  • Шүүгдэгч М.О-н тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 35 тал/
  • Шүүгдэгч М.О-н Гэрлэлт бүртгэлгүй таларах лавлагаа /хх-ийн 36 тал/
  • Шүүгдэгч М.О-н оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 37 тал/
  • Шүүгдэгч М.О-н урьд ял шийтгэл эдлэж байгаа талаарх Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 26 тал/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, үгүйсгэх нотлох баримт хэрэгт байхгүйн дээр шүүгдэгч нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч, маргахгүй байгаагаар давхар нотлогдож байх тул энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж шүүх үнэллээ.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, хуульд заасан нотолбол зохих нөхцөл байдлуудыг бүрэн гүйцэд тогтоосон гэж үзлээ.

Шүүгдэгч М.О нь дээрх гэмт хэргийг ганцаараа үйлдсэн болох нь гэрч, хохирогч нарын мэдүүлгээр нотлогдож байна.

Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулсан хор уршигт зориуд хүргэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн нь дээрх гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй юм.

Хэрэгт авагдсан баримтуудыг үндэслэн прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж шүүх үзлээ.

Гэмт хэргийг илрүүлэх зорилгоор хийсэн гэрч, хохирогч нарын мэдүүлэг зэрэг нь гэмт хэрэг гарсан нөхцөл байдлыг бүрэн дүүрэн тогтооход чухал ач холбогдолтой болсон ба гэмт хэрэг гарахад хохирогч, шүүгдэгчийн буруутай үйл ажиллагаа нөлөөлсөн байна.

Шүүгдэгч М.О  нь согтуурсан үедээ 2020 оны 10 дугаар сарын 25-ны өдрөөс 26-ны өдөрт шилжих Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлаж үйл ажиллагаа явуулдаг Мийтинг бааранд “найз охин оролдсон” гэх шалтгааны улмаас хэрүүл маргаан үүсгэн үл ойлголцож, иргэн Э.Э-н нүүрэн тус газарт гараараа зодож, эрүүл мэндэд баруун дээд 1, 2, 3-р шүдний буйланд цус хуралт, 2 шүдний булгарал, 1-р шүдний сулрал гэмтэл бүхий нь хөнгөн хохирол учруулж санаатайгаар дээрх гэмт хэргийг үйлдсэн байна.

Шүүгдэгчийн үйлдсэн энэхүү гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар нь бусдын эрүүл мэндийн халдашгүй байдалд хөнгөн хохирол учирсан гэж шүүх дүгнэлээ.

Хохирогч Э.Э  нь хохирлын мөнгө хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 36 тал/, шүүхийн мэдэгдэх хуудаст өгсөн хариу тайлбар зэрэг хавтаст хэрэгт авсагдсан баримт зэргээс шүүгдэгч М.О-г бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна. 

2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай:

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн шүүгдэгч М.О-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан, цээрлүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, гэмт хэрэг анх удаа үйлдсэн байдал эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус баримтлан шүүгдэгчийн хувийн байдал, үйлдсэн гэмт хэрэгтээ хандах хандлага, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл зэргийг тус тус харгалзан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгчийн хувийн байдалд шүүхийн хэлэлцүүлэгт дурдсан нотлох баримтаар тогтоогдсон нөхцөл байдал, гэмт хэрэг анх удаа үйлдсэн байдал, үйлдсэн гэмт хэрэг, хохирол, хор уршигт хандаж буй хандлага, хохирогчид хөнгөн гэмтэл учруулсан зэргийг харгалзан үзсэн болно. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаад, шүүгдэгчийн хохирол төлбөргүй, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн хэрэг хувийн байдлыг, хохиогчийн зүгээс гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл болгосон, бусдын биед анх хүрсэн зэрэг зүй бус үйлдэл гаргасан зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдлаар тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулахдаа торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

Шүүгдэгч М.О-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ улсын яллагчаас шүүгдэгчид “600 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулъя” гэснийг, харгалзан үзээд шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг анх удаа үйлдсэн зэрэг ар гэрийн байдал мөн түүний ажил эрхлэлтийн байдал зэргийг харгалзан үзэж ял оногдуулав.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, түүнийг цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.5, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

 1. Шүүгдэгч М.О-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.О-г 500 /таван зуу/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын эдлээгүй үлдсэн найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Хохирогч Э.Э нь гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирлоо холбогдох нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар шүүгдэгчээс жич нэхэмжлэх эрх нээлттэй болохыг дурдсугай.

5.  Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон, битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.      

6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.О-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хохирогч, шүүгдэгч нар эс зөвшөөрвөл тогтоол гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        Д.АЗЖАРГАЛ