Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 05 сарын 31 өдөр

Дугаар 21

 

 

 

 

С.Ширбазар нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

            Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Туяа даргалж, шүүгч Д.Мөнхөө, Б.Дамба нарын бүрэлдэхүүнтэй, шүүгдэгч Б.Энхтайваны өмгөөлөгч Н.Оюунчимэг, прокурор А.Анхбаяр, нарийн бичгийн дарга Ц.Энхтуяа нарыг оролцуулан

            Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 43 дугаар шийтгэх тогтоолтой, С.Ширбазар, Б.Энхтайван нарт холбогдох эрүүгийн 17360000000023 дугаартай хэргийг шүүгдэгч түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн, 2018 оны 05 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч шүүгч Б.Дамбын илтгэснээр нээлттэйгээр хянан хэлэлцэв.

            Монгол улсын иргэн, 1986 оны 08 дугаар сарын 24-ний өдөр Ховд аймгийн Алтай суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, яс үндэс захчин, дээд боловсролтой, урьд ял шийтгэлгүй, Мужааныхан овогт Баянзулын Энхтайван,

             Монгол улсын иргэн, 1973 оны 05 дугаар сарын 23-ны өдөр Говь-Алтай аймгийн Хөх Морьт суманд төрсөн, 44 настай, эрэгтэй, яс үндэс халх, дээд боловсролтой, урьд ял шийтгэлгүй, Сульчин бэрсүд овогт Сундуйн Ширбазар нь 2017 оны 12 дугаар сарын 16-ны орой 23 цаг 30 минутын үед Ховд аймгийн Жаргалант сумын Наран багийн нутаг дэвсгэрт Б.Энхтайтантай маргалдаж улмаар түүний зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан, Б.Энхтайван нь 2017 оны 12 дугаар сарын 16-ны орой 23 цаг 30 минутын үед Ховд аймгийн Жаргалант сумын Наран багийн нутаг дэвсгэрт С.Ширбазарыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

            Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Хохирогч, шүүгдэгч Сульчин бэсүд овогт Сундуйгийн Ширбазар, Мужааныхан овогт Баянзулын Энхтайван нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Ширбазар, Б.Энхтайван нарыг тус бүрийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 / дөрвөн зуун тавин мянга / төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Ширбазар, Б.Энхтайван нар нь 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийн торгох ялыг хуулийн хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учиртайг тайлбарлаж, шүүгдэгч С.Ширбазар, Б.Энхтайван нарт оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга / төгрөгөөр торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар 457 дугаар нээлттэй, хаалттай хорих ангид даалгаж, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, хохирол төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, шүүгдэгч С.Ширбазарын эзэмшлийн 32 инчийн “Шарп” маркийн зурагт битүүмжилсэн 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 5/18 дугаартай прокурорын тогтоол, шүүгдэгч Б.Энхтайваны эзэмшлийн 32 инчийн  “Шарп” маркийн зурагт битүүмжилсэн 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 5/21 дугаартай прокурорын тогтоолыг торгох ял биелэгдэх хүртэл тус тус хэвээр үлдээж  шийдвэрлэжээ.

            Шүүгдэгч Б.Энхтайваны өмгөөлөгч Н.Оюунчимэг давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй. С.Ширбазарын биед гэмтэл учирсан гэх  2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 29 дүгээр шинжээчийн дүгнэлт нь эргэлзээтэй  байхад шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй. С.Ширбазар нь хэрэг учрал болсон үеэс нэг сарын дараа эмчид үзүүлсэн байх бөгөөд цаг хугацааны хувьд энэ хугацаанд өөр хүчин зүйлийн үйлчлэлээс гэмтэл авсан эсэх талаар мөрдөн шалгах ажиллагааны үед тодруулаагүй.

            С.Ширбазарын биед гэмтэл учирсан гэх шинжээчийн дүгнэлт нь эргэлзээтэй, мөн Б.Энхтайваны үйлдлээс болж эрүүл мэндэд хохирол учирсан гэдэг нь тогтоогдохгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 14-д заасан нотлох баримт нь хэрэгт ач холбогдолтой, хамааралтай эсэхэд эргэлзэх үндэслэл тогтоогдож байхад шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон, шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байна.

            Мөн гэрчийн мэдүүлгийн зөрүү, бодит байдлыг тогтоогоогүй. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Б.Энхтайванд холбогдох үйлдлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

            Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: Шүүгдэгч нар нь гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

            Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль зүйн үндэслэлтэй гарсан тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Энхтайван түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

                                                                                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

            Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1,3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгч түүний өмгөөлөгчийн давж заалдсан гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянаж үзвэл анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй болж чадаагүй байна.

            Шүүгдэгч Б.Энхтайваны  үйлдлийг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн мөн С.Ширбазарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэж   үзэж  яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ.

            Шүүх уг хэргийг хүлээн авч шийдвэрлэсэн байх боловч хэргийн баримтуудыг шинжлэн судлахад: Шүүгдэгч Энхтайван түүний өмгөөлөгч Н.Оюунчимэг нар шүүгдэгч С.Ширбазарын биед хөнгөн зэргийн гэмтэл тогтоосон шинжээч эмчийн 29 дугаартай дүгнэлтийг / хх-н 37 / хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байгаа бөгөөд өөрөөр хэлбэл гэмтлийн зэрэг тогтоох журамд зааснаар хөнгөн зэргийн гэмтэл нь 7-14 хоногийн хугацаанд илрэх боломжтой байсаар байтал бүтэн сар өнгөрсний дараа  С.Ширбазарын биед хөнгөн зэргийн гэмтэл тогтоогдсон гэж шинжээч эмчийн дүгнэлт гаргасан  нь эргэлзээтэй  гэж маргаж шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байхад анхан шатны шүүх С.Ширбазарын биед гаргасан хөнгөн зэргийн гэмтлийг ямар учраас үндэслэлтэй гэж үзэж байгаа талаар дүгнэлт хийгээгүй мөн энэ талаарх үндэслэлээ тодорхой бичээгүй нь учир дутагдалтай болжээ.

            Мөн шүүгдэгч түүний өмгөөлөгч нар нь гэрч Ц.Пүрэвжав, Т.Лхамдулам, М.Отгонбаяр нарын мэдүүлгүүд хоорондоо зөрүүтэй гэж маргаж байхад шүүх энэ талаар дүгнэлт хийгээгүй ямар үндэслэлээр зөрүүгүй гэж үзэж байгаа талаараа тодорхой бичээгүй  байна.

            Шүүх хуралдаанд С.Ширбазарын биед хөнгөн зэргийн гэмтэл гаргасан шинжээч эмчийг оролцуулан С.Ширбазарын биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан гэж дүгнэлт гаргах болсон талаар тодруулж уг хэргийг шийдвэрлэх нь хэрэгт чухал ач холбогдолтой байна гэж үзлээ.

            Хэргийг дахин хэлэлцүүлэхээр сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд буцаасан учир шүүгдэгч Б.Энхтайван түүний өмгөөлөгч Н.Оюунчимэг нарын Б.Энхтайванд холбогдох үйлдлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэх давж заалдсан гомдолд дүгнэлт өгөх боломжгүй болно.

            Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож уг хэргийг дахин хэлэлцүүлэхээр сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.3, 39.6 дугаар зүйлийн 1.3-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

            1.Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 43 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, С.Ширбазар, Б.Энхтайван нарт холбогдох хэргийг дахин хэлэлцүүлэхээр Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн  хэргийн анхан шатны шүүхэд буцаасугай.

            2. Хэргийг шүүхэд очтол С.Ширбазар, Б.Энхтайван нарт урьд авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

            3. Гомдол эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

                                   ДАРГАЛАГЧ,

                          ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Н.ТУЯА

 

                                       ШҮҮГЧИД                                        Д.МӨНХӨӨ

 

                                                                                               Б.ДАМБА