Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 06 сарын 24 өдөр

Дугаар 9

 

                                

                                                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Одонтуяа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Ц.М

Хариуцагч: Архангай аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны Санхүүгийн хяналт, шалгалтын улсын ахлах байцаагч Н.С, улсын байцаагч Б.М, Архангай аймгийн Чулуут сумын Засаг дарга  

Гуравдагч этгээд: Архангай аймгийн Чулуут сумын Засаг даргын Тамгын газрын дарга Л.М, нягтлан бодогч С.Ц

Нэхэмжлэлийн шаардлага: Архангай аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны Санхүүгийн хяналт, шалгалтын улсын ахлах байцаагч Н.С, улсын байцаагч Б.М нарын 2018 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 17/03/20, 17/03/21, 2018 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 17/02/07, 17/02/09, 17/02/13, 17/02/24 дүгээр актуудыг хүчингүй болгуулж, Архангай аймгийн Чулуут сумын Засаг даргын 2018 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн “Ажлаас халах тухай” Б/09 дугаартай захирамжийг хүчингүй болгож, Ц.М-ыг Архангай аймгийн Чулуут сумын Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгох тухай шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ц.М, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.П, хариуцагч Н.С, Б.М, П.Ж, хариуцагчийн өмгөөлөгч Ц.Б, гуравдагч этгээд Л.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Анхтуяа нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ц.М шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Архангай аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албанаас 2018 оны 3 дугаар сард Архангай аймгийн Чулуут сумын Засаг даргын Тамгын газрын 2015 оноос 2017 оны санхүүгийн үйл ажиллагаанд хяналт, шалгалт хийсэн юм билээ. Хяналт, шалгалт хийх талаар надад мэдэгдээгүй, хэлээгүй, би Улаанбаатар хотод байсан. Намайг хотоос ирсний дараа Л.М дарга өрөөндөө дуудаж байна гэхээр нь би очиж уулзсан. Гэтэл Л.М дарга акт тавигдсан байна лээ гэхэд нь би Засаг даргын Тамгын газрын үйл ажиллагааг хэвийн явуулахын тулд ажилласан болохоос биш, хувьдаа ашигласан зүйл байхгүй, би энэ төлбөрийг төлөхгүй шүүх шийдвэрлэнэ биз гэж хэлээд гарсан. Дараа нь нягтлан бодогч Б-гээр удаа дараа гарын үсэг зуруулах гээд явуулсан байсан. Би шалгасан байгууллага нь актыг танилцуулах байтал Л.М та нар яагаад ингээд байгаа юм бэ гэж хэлснээс хойш дахин ирээгүй. 2018 оны 9 сарын эхээр аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албанаас 09 дүгээр сарын 27-ны дотор ирж акттай танилц гэсэн албан бичиг ирсний дагуу очиж танилцахад 2018 оны 4 дүгээр сарын 05-ны акт байсныг мэдсэн. 2018 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн актууд нь шалгалтын удирдамжид байгаагүй ч, үүнийгээ иргэдийн өргөдөл, гомдлын дагуу шалгасан гэж тайлбарласан. Гэтэл энэ өргөдөл, гомдол гээд байгаа зүйл нь Иргэдээс төрийн байгууллага албан тушаалтанд гаргасан өргөдөл гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-д бичгээр гаргасан өргөдөл гомдол, овог нэр, оршин суугаа газрын буюу шуудангийн хаягаа бичиж гарын үсгээ зурна гэсэн заалтыг зөрчиж хэн нь мэдэгдэхгүй хэнд хаягласан нь тодорхойгүй бичгийг үндэслэсэн байгаа.

 2018 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 17/03/20 тоот актанд дурдаад байгаа санхүүгийн албан хаагчдад өгсөн урамшуулал нь аль ч байгууллага дээр жил бүрийн 12 дугаар сард болдог Санхүүчдийн баяраар санхүүгийн албан хаагчдад өгдөг урамшууллын нэг байсан. Энэ нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна. 2018 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 17/03/21 тоот актанд дурдсан төлбөрийн хувьд надад хамаагүй. Яагаад гэвэл тухайн гүйцэтгэгч нартай гэрээ байгуулан анхан шатны баримтын дагуй хийсэн гүйлгээг нягтлан бодогч нярав нарын ажлын хариуцлагагүй байдлаас болж орлогот аваагүй, тайланд тусгагдаагүйгээс болж тавигдсан акт байсан. 

Би 2013 оноос эхлэн Архангай аймгийн Чулуут сумын Засаг даргын Тамгын газрын даргаар ажиллаж байгаад 2017 оны 01 дүгээр сараас эхлэн жирэмсний болон амаржсаны чөлөөтэй байж байгаад үргэлжлүүлэн хүүхэд асрах чөлөөгөө авсан. Ингээд 2018 оны 3 дугаар сарын 22-ны өдөр ажилдаа орохоор өргөдлөө өгтөл янз бүрийн шалтаг хэлж авахгүй байхаар нь аймгийн Төрийн албаны салбар зөвлөл, Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандсанаар 2018 оны 6 дугаар сарын 27-ны өдөр ажлаа хүлээж авсан. 

Гэтэл 2018 оны 7 дугаар сарын 09-ний өдөр ажлаас халах мэдэгдэл өгөөд 2018 оны 7 дугаар сарын 10-ны өдөр ажлаас халсан. Би мэдэгдлийг хүлээж аваад яагаад ингээд байгаа талаар Засаг даргын өрөөнд орж асуухад таньтай хамтарч ажиллахгүй гэж хэлсэн. 

Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлд заасны дагуу сонсох ажиллагаа хийгээгүй, ажлаас халсан. Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийг зөрчсөн. Би одоо 2 нас 3 сартай хүүхэдтэй. Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйл, Монгол улсын Үндсэн хуульд заасан иргэний үндсэн эрх болох үзэл бодол, арьс өнгө, шашин шүтлэгээр ялгаварлан гадуурхахгүй байх гэсэн заалтуудыг зөрчиж ажлаас халсанд миний хувьд гомдолтой байна гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.П шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “  ... Архангай аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны Санхүүгийн хяналт шалгалтын улсын ахлах байцаагч Н.С, улсын байцаагч Б.М нарын 2018 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 17/03/20 дугаар улсын байцаагч актыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байгаа ... маргаан бүхий актыг тавихдаа хуульд заасан зохицуулалтын дагуу, эрх ашиг нь зөрчигдөж байгаа хүнд танилцуулах, гарч байгаа шийдвэрийг мэдэгдээгүй. Ц.М-ыг хууль бусаар төсөв санхүүг зарцуулсан гэж акт тавихад энэ хүний эрх ашгийг хүндэтгэж үзсэнгүй. Ямар нөхцөл байдал тогтоогдсон бэ гэдгийг миний үйлчлүүлэгч мэдээгүй. 2018 оны 9 дүгээр сард энэ талаар мэдэж, мэдсэн цагаасаа хойш захиргааны шүүхэд хандаж эрхээ хэрэгжүүлж байна. 

Захиргааны актыг мэдэгдсэн гэдэг. Гэтэл Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлд “Захиргааны актыг мэдэгдэх ажиллагааг түүний гаргасан захиргааны байгуулага хариуцна” гэж заасан. Захиргааны байгууллага гэхээр Архангай аймгийн Санхүүгийн хяналт, аудитын алба, акт тавьсан С, М нар мэдэгдэх ажиллагааг хийхээр хуульд зохицуулсан. Шийдвэр гарсны дараа мэдэгдэх ажиллагаа хийгдсэн учир шийдвэртэй зэрэгцээд гомдол санал гаргаж байгаа юм. 

Улсын байцаагч Н.С-н актад иргэдээс ирсэн өргөдөл хүсэлтийг үндэслэн гэдэг, шүүхээс хийсэн ажиллагаагаас харахад ямар ч нэр хаяггүй өргөдөл байсан. Үүнийг Архангай аймгийн Чулуут сумын Сумын Засаг дарга, Тамгын газрын дарга нар нь  мэдэх боломжтой байх. 2018 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн актын хувьд удирдамж байна уу, хэн удирдамжийг батлаад, юу, юуг шалгах гэж байгаа нь хэрэгт авагдсан баримтаас харагдахгүй байна. Хяналт шалгалт хийх үндэслэл журам удирдамж байх ёстой гэж Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлд заасан байдаг. 

Засаг даргын захирамжийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын хувьд энэ үйл явц процесс нь улс төрийн зорилгоор ажлаас халсан. Хүчинтөгөлдөр бус актыг үндэслэж ажлаас халсан зүйл харагдаж байна. 2018 оны 3 дугаар сарын 22-ны өдөр ажилд оръё гэхэд энэ хүнийг ажилд оруулаагүй. Төрийн албаны зөвлөлд хандаж, Захиргааны хэргийн шүүхэд хандахад нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч 2018 оны 6 дугаар сарын сүүлээр ажилдаа орсон. Ажилд ороод 8, 9 хоногийн дараа буцааж халсан. Мэдээж илт улс төрийн зорилгоор халж байна гэж хэлэхгүй. Гэхдээ энэ байдал нь илт байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна гэв. 

Хариуцагч Архангай аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны Санхүүгийн хяналт, шалгалтын улсын ахлах байцаагч Н.С шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Архангай аймгийн Чулуут сумын Засаг даргын Тамгын газрын санхүүгийн үйл ажиллагаанд 2018 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн 04 тоот удирдамжаар хяналт, шалгалт хийсэн. Дээрх хяналт, шалгалт нь төлөвлөгөөт хяналт, шалгалт. Бид нарыг шалгалтаа хийх явцад аймгийн Засаг даргын орлогч Г.Б ийм, ийм зүйл дээр хяналт, шалгалт хийх гэсэн чиглэл өгсөн. Удирдах албан тушаалтнаас чиглэл ирсэн учраас шалгалтаа хийсэн. Шалгалт хийх явцад Ц.М-ыг удаа дараа дуудаж, ямар учир, утгатай шалгалт хийх гэж байгаа талаар дуулгасан. Тухайн үед Ц.М-ыг орон нутагтаа байгаа гэж сумын нягтлан бодогч, өөр бусад хүмүүс хэлж байсан. Дараа нь би очих боломжгүй, Улаанбаатар хотод байна гэж хэлсэн. Хэрэв Улаанбаатар хотод байгаа бол ирээд манай акттай танилцаарай гэж Б.М байцаагч хэлсэн. Гэтэл Ц.М нь манай алба дээр ирж уулзаагүй, тэгээд манай байгууллагаас 2018 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 89 тоот бичгээр Ц.М-ыг ирж уулзана уу, ийм ийм зөрчил гарсан байна гэдгийг мэдэгдэхэд 2018 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр ирж бүх акт материалтай танилцсан. Актаа танилцуулсан тэмдэглэл хөтлөөд гарын үсэг зуруулах гэтэл буцаж орж ирнэ гээд гарын үсэг зураагүй явсан.

 Улсын ахлах байцаагчийн 2018 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 17/02/07 дугаартай актаар төсөв хөрөнгийг хэмнэлтгүй, үргүй зарцуулж 493.000 төгрөгийг Тамгын газрын томилолтын зардлаас гарган малчин залуучуудын чуулга уулзалтад зарцуулсан зөрчил илэрлээ. Энэ нь Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.1-д заасан төсвийг үр ашигтай, хэмнэлттэй байхаар төлөвлөж, зарцуулах гэснийг зөрчсөн. Сумын малчин залуучуудын чуулга уулзалтыг Засаг даргын Тамгын газрын зардлаас гаргах ёсгүй болно. Мөн 2018 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 17/02/09 дугаартай актад гар утсаар ярьсан төсвийг төсвөөс төлж төсөв хөрөнгийг хэмнэлтгүй, үргүй зарцуулж, нийт 291.100 төгрөгийн зөрчил илэрсэн. Учир нь Чулуут сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2013 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 16 дугаар тушаал нь эрх зүйн үндэслэлгүй, гар утсаар ярьсан ярианы төлбөрийг төсвөөс олгох журам байхгүй байхад Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6-д Төрийн албан хаагч гэсэн ойлголт, байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын 3 дугаар зүйлийн 3.8-д ажилтан, албан хаагчдын амралтын тухай гэсэн ямар ч хамааралгүй худлаа заалтуудыг үндэслэн гар утсаар ярьсан ярианы төлбөрийг төсвөөс олгож эрх мэдлээ хэтрүүлэн шийдвэр гаргаж төсвийн 291.100 төгрөгийг зориулалт бусаар зарцуулсан. Энэ нь Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.1-д заасан төсвийг үр ашигтай, хэмнэлттэй байхаар төлөвлөж, зарцуулах гэснийг зөрчсөн. Мөн улсын ахлах байцаагчийн 2018 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 17/02/13 дугаартай актаар Засгийн газрын 1995 оны 96 дугаар тогтоолын 6 дугаар хавсралтын 5-д Төрийн байгууллагын захиргаа нь мэргэжлийн өндөр ур чадвар, идэвхи санаачлага гарган албан үүргээ тогтмол чанартай сайн биелүүлж, ажлын өндөр амжилт гаргасан болон төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, төрийн байгууллагын соёл, дэг журмыг сахиж, төрийн байгууллага, албан хаагчийн нэр хүндийг эрхэмлэн дээдэлж, мэдлэг мэргэжлээ байнга дээшлүүлж байгаа төрийн албан хаагчид улирлын ажлын үр дүнгээр албан тушаалын сарын цалингийн 40 хүртэл хувьтай тэнцэх хэмжээний мөнгөн шагнал олгож болно. Албан хаагчийг тийнхүү шагнаж урамшуулах үзүүлэлт журмыг төрийн тухайн байгууллага боловсруулан хэрэгжүүлнэ гэснийг зөрчсөн. 2013 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 44 дугаар тушаалд заагдсан 15 хүнд жилийн ажлыг дүгнэсэн гэх боловч Төрийн албан зөвлөлийн 2012 оны 134 дүгээр тогтоолын дагуу төрийн жинхэнэ албан хаагчийн үр дүнгийн гэрээ, хөдөлмөрийн гэрээг зохих журмаар дүгнээгүй, шалгуур үзүүлэлтийг нарийн тооцоогүй, цалингийн сангаас урамшуулал олгож, татвар суутган дансанд жагсаалтаар шууд шилжүүлсэн, нийгмийн даатгалын шимтгэл төлөөгүй байгаа нь хэсэг бүлэг ажилтан албан хаагчид хуйвалдан цалингийн сангийн үлдэгдлийг хувааж авсан байх магадлалтай. Төрийн албан хаагчийн үр дүнгийн гэрээ, хөдөлмөрийн гэрээг дүгнээд цалингийн хувиар урамшуулал олгох ёстой байтал шууд мөнгөн дүнгээр 40.000-70.000 төгрөг олгохоор шийдвэр гаргаж хууль эрх зүйн актуудыг зөрчин, төсөвт хөрөнгийн хэмнэлтгүй, үргүй зарцуулснаас 710.100 төгрөгийн төлбөр зөрчил илэрсэн. Энэ нь Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.1-д заасан төсвийг үр ашигтай, хэмнэлттэй байхаар төлөвлөж, зарцуулах гэснийг зөрчсөн. 

Мөн улсын ахлах байцаагчийн 2018 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 17/02/24 актаар шагнал олгох тухай Тамгын газрын даргын 2013 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн Малчин залуучууд шагнах тухай 47 дугаар тушаалд 168.000 төгрөгийг нэр бүхий 11 малчинд олгосон нь Тамгын газрын төсөвт малчдыг шагнах зардал байхгүй байна. Ногоон алт төслөөс зардал гарсан байсан. Сумын Тамгын газар дээрх зардалд зарцуулах төсөв тусгагдаагүй, төсөв хөрөнгийг хэмнэлтгүй, үргүй зарцуулж, малчин залуучуудын чуулга уулзалтад оролцсон малчин залуучуудад 168.000 төгрөгийн урамшуулал олгох шийдвэр гаргаж эрх мэдлээ хэтрүүлсэн байна. Энэ нь Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.1-д заасан төсвийг үр ашигтай, хэмнэлттэй байхаар төлөвлөж, зарцуулах гэснийг зөрчсөн тул шийдвэр гаргагчаар төлүүлэхээр улсын байцаагчийн тогтоосон болно гэв.

Хариуцагч Архангай аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны Санхүүгийн хяналт, шалгалтын улсын байцаагч Б.М шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Архангай аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын байцаагчийн 2018 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 17/03/20 дугаар акт нь 4 хүнтэй холбоотой 1.784.400 төгрөгийн төлбөр тогтоогдсон. Тамгын газрын нярав Н-д 489.100 төгрөгийн төлбөр тогтоогдсон. Энэ нь ямар учиртай юм бэ гэхээр энэ хүн няраваа хийгээд давхар үйлчлэгчийн ажлыг хийдэг. Үйлчлэгч хавсарч ажиллаж байгаа тохиолдол үйлчлэгчийн цалингийн 40 хувиас цалинжуулах ёстой. Гэтэл няравын цалингийн 40 хувиас бодож, няравт илүү цалин олгосон. Мөн 2015 оны жилийн эцсийн санхүүгийн тайланд аймгийн Аудитын газраас алдаатай тайлан гаргасан учраас хязгаарлалттай дүгнэлт өгсөн байхад ажлын үр дүнг харгалзалгүй санхүүгийн албаны дарга Ц.С-д сарын цалин 509.900 төгрөг, нягтлан бодогч С.Ц-д 539.500 төгрөг, төлбөр тооцооны мэргэжилтэн Б.О-т 245.700 төгрөгийг 2015 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн Б/39 тоот тушаал гаргаж Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.5 дахь заалтыг үндэслэл болгож олгосон тул шийдвэр гаргагчаар төлүүлэхээр шийдвэрлэсэн. Энэ заалт нь зөвхөн Тамгын газрын даргын тушаал гаргахдаа удирдлага болгох заалт, өөр бусад хуулийн заалтыг баримтлах ёстой байсан. Ямар учраас эдгээр хүмүүсийг шагнаад байгаа эрх зүйн үндэслэл нь байхгүй. Чулуут сумын Тамгын газар маш хангалтгүй ажиллаж байхад байхад урамшуулал олгосон нь буруу. Энэ нь өөрийнхөө ашиг сонирхлыг өндөржүүлэх гэсэн зорилготой гэсэн байна. Энэ актуудыг мөнгө авсан хүмүүс дээр тавьсан. Гэтэл Ц.М-д холбоогүй байхад энэ актыг хүчингүй болгуулах гэж нэхэмжлэл гаргасныг ойлгохгүй байна. 

Мөн улсын байцаагчийн 2018 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 17/03/21 дугаартай акт нь 4 хүнд холбоотой 8.707.800 төгрөг зөрчил илэрч акт тавигдсан. Дээрх актыг 1, 2 дугаар гарын үсэг зурсан, нярав гэх мэтийн хүмүүст хамааруулж тавьсан. Дээрх актаар тогтоогдсон төлбөрийг хэн яаж төлөх бэ гэхээр Засаг даргын Тамгын газрын даргаар ажиллаж байсан Ц.М-д 3.208.250 төгрөг, одоо Тамгын газрын даргаар ажиллаж байгаа Л.М 52.635 төгрөг, нягтлан бодогч С.Ц 3.260.883 төгрөг, нярав Н 2.185.933 төгрөг, нийт 8.707.800 төгрөгийг аймгийн төсвийн орлогод оруулахаар тогтоосон. 1, 2 дугаар гарын үсэг зурсан хүмүүсийг шалгалтын хугацаанд мөнгө шилжүүлсэн баримтыг үндэслэж хамааруулж тооцсон. Мөнгө шилжүүлсэн баримтыг жагсаалтаар харахад 2016 оны 3 дугаар сарын 30-ны өдөр “Х” ХХК-д 494.200 төгрөгийг жолооч Б.О-н буулгасан 3 машин модны төлбөрт түлш халаалтын зардлаас олгосон боловч нярав орлогод аваагүй, зарцуулалтын анхан шатны баримт байхгүй, 1 дүгээр гарын үсгийг Ц.М зурсан, 2 дугаар гарын үсгийг нягтлан бодогч С.Ц зурсан.  2016 оны 3 дугаар сарын 30-ны өдөр “А” ХХК-д 655.700 төгрөгийг жолооч Б.Ч-н буулгасан 4 машин модны төлбөрт түлш, халаалтын зардлаас олгосон боловч модыг няравын тайлан орлогод аваагүй, зарцуулсан анхан шатны баримт байхгүй. Мөн 2016 оны 5 дугаар сарын 24-ний өдөр төсвийн нэмэлт санхүүжилтийн данснаас “А” ХХК-д 1.000.000 төгрөгийг сэг, зэм устгалын шатахуунд олгосон гэх боловч няравын тайланд шатахууныг орлогод аваагүй, зарцуулалтын баримт байхгүй. 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдөр иргэн С.Г-д 157.900 төгрөгийн шатахууныг мод татахад олгосон боловч модыг орлогод аваагүй, зарцуулалтын баримт байхгүй зэргээс акт тогтоосон болно. Энэ үед Л.М дарга ажлаа авч энэ мөнгө нягтлан бодогч С.Ц, Л.М, Н нар дээр тавигдсан. Түүний дараа 2015 оны 6 дугаар сарын 16-ны өдөр “А” ХХК-иас 23 машин модны үнэ 4.600.000 төгрөгийг шилжүүлсэн байсан. Мөн л модыг няравын тайлан орлогод аваагүй, зарцуулсан анхан шатны баримт байхгүй, шаардах хуудас 12 дугаар сарын 30-ны өдөр гэж худлаа баримт бүрдүүлсэн. 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Б гэдэг хүнд 12 машин түлээний үнэ 1.800.000 төгрөг шилжүүлсэн. Зарлагийн падан нь цаад худалдагч байгууллагын баримт. Гэтэл зарлагын падан дээр Тамгын газрын нярав Н гарын үсэг зурж хүлээж авах ёстой. Гэтэл хүлээлгэж өгсөн, хүлээж авсан баримт огт байхгүй. 640.000 төгрөгийн түлээг 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдөр буюу ганцхан өдөр түлсэн гээд шаардах хуудсыг хуурамчаар хийсэн. Зөвшөөрсөн дарга Б, хүлээн авсан Б гэсэн байгаа. Б, Б гэдэг хүмүүсээр хуурамч шаардах хуудас дээр гарын үсэг зуруулсан. Миний бие эдгээр хүмүүсийг дуудаж уулзаад та нар 640.000 төгрөгийн түлээг 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдөр түлж дуусгасан юм уу гэхэд, үгүй манайх энэ түлээг түлээгүй, нярав Н гарын үсгээ зураад өг гээд гуйсаар байгаад зуруулсан гэж хэлсэн. Төсвийн хөрөнгийг зориулалт бусаар зарцуулсан учраас манай байгууллагаас актаа тавьсан. Шалгалт хийх хугацаанд Ц.М-тай утсаар ярихад Улаанбаатар хотод явж байна, очиж боломжгүй байна гэсэн. Мөн Л.М дарга бас байхгүй байсан. Тэгээд Л.М даргыг Улаанбаатар хотоос ирэхдээ ирж акттай танилцаарай, Ц.М-д мэдэгдэл хүргүүлээрэй гээд үүрэг өгөөд явуулсан. Бид нар тасралтгүй ажилтай байж байгаад 9 сар амарчихаад ирэхэд Ц.М актын талаар асууж сурсан зүйл огт байхгүй болохоор нь албан тоот явуулсан. Ц.М манай ажил дээр ирээд уулзахад нь актуудаа танилцуулахад би сумандаа дээрх актуудтай танилцсан, хуулбарлаж авах шаардлагагүй гэж байсан. Би сонсох ажиллагааны тэмдэглэлээ хөтлөөд гарын үсэг зур гэхэд үдээс хойш ирээд зурна гэж яваад эргэж ирээгүй. Дээрх байдлаас харахад төрийн албан хаагч ажилдаа ямар хариуцлагагүй хандаж байгааг нотлох баримтаар нотлоод өгсөн гэж ойлгож байгаа гэв.

Хариуцагч Архангай аймгийн Чулуут сумын Засаг даргад шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “ ... Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.1, 70 дугаар зүйлийн 70.3 дахь заалт, Архангай аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын байцаагчийн 2018 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 17/02/13 тоот акт, мөн тус газрын 2018 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 17/02/07, 17/02/13, 17/02/09 дүгээр акт үндэслэлүүдийг баримталсан болно. Үүний ишлэл нь:

1. Сумын Засаг даргын Тамгын газарт бага оврын аворын дизель мотор худалдан авах зориулалттай, зарцуулахаар 4.150.000 төгрөг шилжин ирснийг уг зүйлд зарцуулж аворын дизель мотор худалдан аваагүй, сум одоо болтол аворын дизель моторгүй байна. Энэ нь аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны 2018 оны 3 дугаар сарын 12-ны өдрөөс 20-ны өдрүүдэд хийсэн хяналт шалгалтаар тогтоогдсон.

2. Тамгын газрын үндсэн хөрөнгөнд бүртгэлтэй Мал эмнэлэг үржлийн тасгийн УАЗ фургон машиныг Өмчийн албаны шийдвэргүйгээр мотор, кроп, кардан гол гэх мэт эд ангиудыг тоногдуулсан энэ машин ажиллах нөхцөлгүй болсныг хуулийн байгууллагаар шийдвэрлүүлэхийг Тамгын газрын даргад үүрэг болгосон.

3. Үйлдвэр Хөдөө аж ахуйн яамнаас 2013 онд тендер зарлаж Чулуут сумын Зуунмод багийн Эрээнд 15 сая төгрөгөөр худаг гаргуулахаар “У” ХХК-д тус яамнаас 15 сая төгрөгийн санхүүжилтийг олгосон. Гэтэл 2014 онд орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөс 17 сая төгрөгийн санхүүжилтийг “У” ХХК-д хоёр хувааж нэг худаг дээр давхардуулж мөнгө шилжүүлсэн нь аудитын шалгалтаар тогтоогдсон.

4. 2012 оны 7 дугаар сард Халуун-Ус багийн Хүрээний буйрт 18 сая төгрөгөөр 10-04-ийн трансформатор тавигдсаныг сумын Засаг даргын Тамгын газрын үндсэн хөрөнгийн бүртгэлд авалгүй өмч эзэнгүйдэх боломжийг нээж өгсөн уг трансформатор 2015 онд алга болсон байхад Цагдаагийн байгууллагад мэдэгдэж шалгуулалгүй улсын өмч үрэгдүүлсэн.

5. Тамгын газрын даргаар ажиллаж байсан Ц.М-тай холбогдол бүхий санхүү төсөв хөрөнгийн 15.428.009 төгрөгийн төлбөрийн акт тавигдаж зөрчлүүд гарсныг Төсвийн тухай хуулийн дээр дурьдсан заалтуудыг үндэслэн ажлаас халсан болно.

Архангай аймгийн Чулуут сумын Засаг даргын тамгын газрын даргаар ажиллаж байсан Ц.М нь ажиллаж байх хугацаандаа Төрийн албаны тухай хууль, Төсвийн тухай хуулиудыг зөрчсөн үйлдлийг удаа дараа гаргаж байсан нь 2013, 2014 оны Санхүүгийн тайлан хязгаарлалтай сөрөг санал дүгнэлттэй гарсан нь, аймгийн Аудитын газрын 17/21, ААГ/2014/СТА-01 тоот албан шаардлага мөн 2015 оны жилийн эцсийн Санхүүгийн тайлангаар аймгийн Аудитын газрын 8/1ААГ/2015/04 тоот актанд хязгаарлалттай сөрөг дүгнэлт өгч төлбөр зөрчлийг холбогдох данс төсөвт төвлөрүүлэх үүрэг даалгавар өгч байсан албан шаардлага актуудаар нотлогдож байна. Иймд ажлаас халах тухай мэдэгдлийг Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.4.2-д зааснаар бичгээр мэдэгдэл хүргүүлж, мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.6 дахь заалтыг үндэслэн тэмдэглэл хөтөлж баталгаажуулсан. Би хэлэхдээ та ажиллаж байх хугацаандаа Санхүү төсвийн болон байгууллагын эд хөрөнгө өмчийн холбогдолтой асар их зөрчлүүд илэрсэн нь холбогдох газруудын шалгалтаар нотлогдон тогтоогдож байгаа тул энэ албан тушаал дээр хамтран ажиллах боломжгүй байна гэж хэлсэн. Үүний дагуу Засаг даргын Тамгын газрын эрх зүйч Э.Д-г томилон хариу тайлбар авах гэсэн боловч өөрөө ямар нэгэн тайлбар өгөхгүй гэсэн хариуг амаар хэлсэн.

Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1, Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.1, 70 дугаар зүйлийн 70.3 дахь заалт, аймгийн Санхүүгийн хяналт аудитын албаны улсын байцаагчийн 2018 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 17/02/07, 17/02/24, 17/02/13, 17/02/09 дугаартай актуудыг үндэслэн Ц.М-ыг 2018 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн Б/09 дүгээр захирамжаар халсан тухай шийдвэрээ хууль эрх зүйн үндэслэлтэй гэж үзэж байна гэв.

Хариуцагч Архангай аймгийн Чулуут сумын Засаг даргын өмгөөлөгч Ц.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Улсын байцаагчийн актуудын талаар тайлбарлахад нэхэмжлэгч Ц.М-ын гаргасан нэхэмжлэлийн шаардлага хууль зүйн үндэслэлгүй байна. Учир нь зарим актууд нь Ц.М-тай холбоогүй актууд. Улсын байцаагчийн 2018 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 17/03/20, 17/03/21 дугаартай актуудын талаар байцаагч Б.М тодорхой хэллээ. Энэ зөрчлүүдийг гаргаагүй гэдэг талаар нэг ч үг хэлээгүй учир энэ актыг хүлээн зөвшөөрч байна гэж үзэж байна. 

Харин 2018 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 17/02/07, 17/02/09, 17/02/13, 17/02/24 дугаартай актуудын талаар улсын ахлах байцаагч Н.С мөн тодорхой тайлбарласан. Мөн Ц.М дээрх актуудаар тогтоогдсон зөрчлүүдийг гаргаагүй талаар няцааж тайлбар өгсөнгүй.

Харин актыг гаргахдаа Захиргааны ерөнхий хуульд заасан процессийн дагуу гаргасан байна уу гэдгийг харах хэрэгтэй. Архангай аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын байцаагч нар удирдамжийн дагуу төлөвлөгөөт хяналт шалгалтаа Архангай аймгийн Чулуут сумын Засаг даргын Тамгын газрын санхүүд хийсэн. Хяналт, шалгалтаар гарсан зөрчлийн талаар эрх нь зөрчигдөж байгаа этгээдүүдэд мэдэгдэх үүрэгтэй. Мэдэгдэх, сонсох ажиллагааг хуульд заасны дагуу хийсэн байна. Энэ талаар улсын байцаагч нарын хувьд сонсох ажиллагааг утсаар мэдэгдэж хийсэн гэж хэлж байна. Ц.М улсын байцаагч нарыг дуудахад очоогүй байгаа нь сонсох ажиллагаа хийгээгүй гэж үзэх үндэслэлгүй. 

Дараагийн нэг асуудал нь актуудыг гардуулах асуудал. Актыг амралттай байсан Тамгын газрын дарга дээр нь ч тавьсан байна. Тухайн үед ажил албан үүргээ гүйцэтгэж байсан Л.М дээр ч тавигдсан байна. Ц.М гэдэг хувь хүн дээр акт тавигдаагүй. Архангай аймгийн Чулуут сумын Засаг даргын Тамгын газрын дарга гэдэг албан тушаалтан дээр тавьсан акт. Ц.М гэдэг хүн актыг гаргуулах гэж дуудвал нийтийн эрх зүйгээс халиад хувийн эрх зүй рүү орно. Тийм учраас байгууллагад нь тэр актыг өгөхөөс өөр яах юм бэ. Тийм учраас Тамгын газрын дарга Л.М-д актыг гардуулж өгсөн. Үүнээс харахад хяналт, шалгалт хийсэн байгууллага зохих журмын дагуу актаа гардуулсан байна. Эрх бүхий байгууллага хийх ёстой ажлаа хийсэн, нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлж нэхэмжлэл гаргасан. Тийм учраас санхүүгийн акттай холбоотой нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. 

Хоёрдугаарт, Ц.М-ын ажлаас халах тухай захирамж хуульд заасны дагуу гарсан. Удаа дараа гэх үндэслэлийн тухайд 2013 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн захирамжаар Засаг даргын тамгын газрын дарга М-д сахилгын шийтгэл ногдуулсан, 2015 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн Засаг даргын захирамжаар сахилгын шийтгэл ногдуулсан. 2018 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн актуудаар зөрчил гаргасан болох нь тогтоогдсон. Санхүүгийн зөрчилд арга хэмжээ авах нөхцөл үүссэн. 

Захиргааны албан тушаалтан маргаан бүхий эрх зүйн акт гаргаж байгаа учир Захиргааны ерөнхий хуульд заасан сонсох ажиллагаа хийсэн. 2018 оны 7 дугаар сард эрх зүйчээ явуулсан. Тэгэхэд надад мэдэгдлийн хариу өгөх шаардлагаггүй гэсэн. Дараа нь Засаг даргын өрөөнд орж ирээд та захирамжаа гарга би шүүхээр явна гэсэн. Ингэснээр сонсох ажиллагаа дуусаж байна. Үүний дараа М-г ажлаас халах тухай захирамж гарсан. 2018 оны 7 дугаар сарын 10-ны өдөр захирамжаа гардуулсан. 2018 оны 7 дугаар сарын 10-ны өдрөөс аль байгууллагад гомдол гаргах нь 30 хоногийн дотор тоологдох ёстой. 2018 оны 8 дугаар сарын 10-ны дотор энэ хүн гомдол гаргах ёстой байсан. Мөн шүүхэд нэхэмжлэл гаргах хугацааг заасан, гэтэл гомдлыг гаргаагүй. Хөөн хэлэлцэх хугацаа нь хоногоор тогтоогдох ёстой. Нэхэмжлэгч гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн учир нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэв.

Гуравдагч этгээд Архангай аймгийн Чулуут сумын Засаг даргын тамгын газрын дарга шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тус сумын Засаг даргын Тамгын газрын даргаар ажиллаж байгаа миний эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөж байгаа буюу тухайн байгууллага хохирч болзошгүй байна гэж үзэж тайлбар гаргаж байна. Үүнд:

Шалгалтаар тогтоогдсон баримтаар нотлогдсон зүйлийг мушиган гуйвуулж өөрийгөө зөвтгүүлж авч гаргах гэсэн явуургүй санаархлаар нэхэмжлэл гаргасан байна. Үүний илрэл нь шалгалтаар тогтоогдсон актыг 2018 оны 3 дугаар сарын 30-ны өдөр нягтлан бодогч Г.Б мэдэгдэх хуудсыг хамт өөрт нь бүрэн танилцуулж гарын үсэг зуруулах гэхэд зурахгүй гэсэн байна. Мэдэгдэх хуудасны 1 хувийг өөрт нь өгсөн байна. Мөн 2018 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр тамгын газрын түшмэл Э.Д-н өрөөнд орж ирээд өөртэйгөө холбогдолтой 12 хуудас акт материалыг хувиалж авсан нь Э.Д-н тэмдэглэл тодорхойлолтоор нотлогдож байна.

Актаар тавигдсан төлбөр зөрчлөө одоо болтол барагдуулахгүй байгаа нь байгууллагыг хохироохын зэрэгцээ үүнийг 2018 оны 6 дугаар сарын 01-ний өдрийн дотор барагдуулахаар үүрэг авсан миний бие болон нягтлан бодогч Г.Б бид хоёрын ажлын үр дүн гүйцэтгэлд сөргөөр нөлөөлж байна.

Иймд нэхэмжлэгч Ц.М нь илэрхий мэдсэн зүйлээ мушгиж, хариуцсан ажлаа биелүүлэхийн төлөө зүтгэж өөрт нь хэлж танилцуулахаар 2 удаа өөр дээр нь очиж уулзсан байтал дам сонссон гэсэн ёс зүйгүй үгээ энэ хүн татаж авах нь ёс зүйд нийцнэ гэв.

Гуравдагч этгээд С.Ц шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Иргэн Ц.М-ын нэхэмжлэлтэй Архангай аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын байцаагч Н.С, Б.М, Чулуут сумын Засаг дарга нарт холбогдох захиргааны хэрэгт нэхэмжлэлтэй холбоотой актыг төлөх боломжгүй. Хэрэг хянан шийдвэрлэх үйл ажиллагаанд цаашид оролцуулахгүй байж өгнө үү гэжээ.

 

Шүүх энэ хэрэгт хуульд заасан нөхцөл журмын дагуу цугларсан бичгийн нотлох баримтууд, гэрчийн мэдүүлэг, нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбаруудыг шинжлэн судлаад 

ҮНДЭСЛЭХ нь:

Тус шүүх иргэн Ц.М-с Архангай аймгийн Чулуут сумын Засаг даргад холбогдуулан гаргасан “Архангай аймгийн Чулуут сумын Засаг даргын 2018 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн “Ажлаас халах тухай” Б/09 дүгээр захирамжийг хүчингүй болгож, Ц.М-ыг Архангай аймгийн Чулуут сумын Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгох” тухай шаардлага бүхий нэхэмжлэлд 2018 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр;

Архангай аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны Санхүүгийн хяналт, шалгалтын улсын ахлах байцаагч Н.С, улсын байцаагч Б.М нарт холбогдуулан гаргасан “2018 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 17/02/20, 17/02/21, 2018 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 17/02/07, 17/02/09, 17/02/13, 17/02/24 дүгээр актуудыг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлд 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр тус тус захиргааны хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулжээ. /1-р х.х.-н 78-80, 2-р х.х-н 33-36/

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс гаргасан хэрэг нэгтгэн шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг хангаж, тус шүүхийн шүүгчийн 2019 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 109/ШЗ2019/0072 дугаар захирамжаар дээрх шаардлага бүхий хэргүүдийг нэгтгэсэн болно. /2-р х.х-н 167-168/

Нэхэмжлэгч Ц.М нь маргаан бүхий дээрх захиргааны актуудыг /улсын байцаагч/ хүлээн зөвшөөрөхгүй талаарх гомдлоо 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдөр гаргажээ. Улмаар Архангай аймгийн Санхүүгийн хяналт аудитын алба 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 113 дугаар албан бичгээр гомдлын хариу хүргүүлсэн байна. Шүүх хуралдааны явцад хариуцагчийн өмгөөлөгч нэхэмжлэгчийн нэхэмжлэл гаргах эрх, хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж маргаж байгаа боловч энэ талаар Захиргааны хэргийн Давж заалдах шатны 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 221/ШТ2019/0029 дүгээр шүүхийн тогтоолд тусгасан болохыг тэмдэглэх нь зүйтэй. /1-р х.х-н 9, 29, 71-74/

 

  Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх явцад, нэхэмжлэгчээс “ ... Архангай аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын байцаагчийн 2018 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 17/02/20 дугаар актыг хүчингүй болгуулах ...” тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж, үлдсэн маргаан бүхий актуудын өөрт /Ц.М-д/ холбогдох хэсгийг хүчингүй болгуулах гэж тодруулсан болно.

Нэхэмжлэгч Ц.М нэхэмжлэлийн шаардлагаасаа хэсэгчлэн татгалзсан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1 дэх хэсэгт “... нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзах...”, 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт “...нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзаж болно...”, 109 дүгээр зүйлийн 109.1. дэх хэсэгт “Захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх явцад энэ хуулийн 66-68 дугаар зүйлд заасан үндэслэл, нөхцөл байдал илэрвэл шүүгч, шүүх бүрэлдэхүүн нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан,  ... баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж заасан хуулийн заалттай нийцэж байх тул нэхэмжлэгч Ц.М нэхэмжлэлийн шаардлага болох Архангай аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын байцаагчийн 2018 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 17/02/20 дугаар актыг хүчингүй болгуулах нэхэмжлэлээсээ татгалзсаныг батлаж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Иймд үлдсэн нэхэмжлэлийн шаардлага болох “Архангай аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны Санхүүгийн хяналт шалгалтын улсын ахлах байцаагч Н.С, улсын байцаагч Б.М нарын 2018 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 17/03/21, 2018 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 17/02/07, 17/02/09, 17/02/13, 17/02/24 дүгээр актуудын Ц.М-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулж, Архангай аймгийн Чулуут сумын Засаг даргын 2018 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн “Ажлаас халах тухай” Б/09 дугаартай захирамжийг хүчингүй болгож, Ц.М-ыг Архангай аймгийн Чулуут сумын Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгох” тухай нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэв.

Хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч, хариуцагч, түүний өмгөөлөгч, гуравдагч этгээдийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудад үнэлэлт өгч нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

1. Архангай аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны Санхүүгийн хяналт, шалгалтын улсын ахлах байцаагч Н.С, улсын байцаагч Б.М нарын 2018 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 17/03/21 дүгээр актын тухайд: 

Архангай аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны аудит, хяналт шалгалтын 2018 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн “Чулуут сумын төсөвт албан байгууллагуудад хяналт шалгалт хийх тухай” 04 дүгээр удирдамжаар албаны аудитын жилийн төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу Чулуут сумын төсөвт байгууллагуудын 2015-2017 оны үйл ажиллагааны төсөв, сангийн хөрөнгийн үйл ажиллагааны бүрдүүлэлт, зарцуулалтад хяналт шалгалтыг 2019 оны 3 дугаар сарын 12-ны өдрөөс 2018 оны 3 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл календарын 8 хоногт багтаан хийх тухай тусгажээ. /1-р х.х-н 238-241/

Дээрх хяналт шалгалтаар тогтоогдсон маргаан бүхий 17/02/21 дүгээр актаар “ ... шатахууны үнийг шилжүүлээд орлогыг эд хариуцагчийн тайланд орлогоор бүртгээгүй, түлээний үнийг шилжүүлж хий орлого авч, хуурамч гарын үсэгтэй хүчин төгөлдөр бус анхан шатны баримтаар зарлага болгосон, түлээ татах шатахуун олгоод түлээг орлогот аваагүйгээс 8707800 төгрөгийн зөрчил илэрсэн ... Ц.М-р 3208250 ... төгрөгийг төлүүлэн авахийг Л.М, Ц.С, С.Ц, Г.Б нарт хариуцуулж” тус тус шийдвэрлэсэн байна. /1-р х.х-н 12-13/

Шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлд зааснаар хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтуудыг цуглуулсан болно. /1-р х.х-н 169-187/

Дээрх актын талаар хариуцагчаас  “ ... Чулуут сумын Засаг даргын Тамгын газар 2015 оны 6 дугаар сарын 16-нд “А” ХХК-иас 46000 мянган төгрөгийн 23м3 галын түлээ худалдан авч, няравын тайланд хий орлого авч, зарлагдахдаа 2015 оны 12 дугаар сарын 30-нд шаардах хуудсанд зөвшөөрсөн дарга, нябо гарын үсэг зураагүй, хүлээн авсан галч нарын гарын үсэг хуурамчаар зуруулж зарлагадсан, 2015 оны 11 дүгээр сарын 30-нд иргэн Б.Б-с 1800000 мянган төгрөгийн 12м3 галын түлээ худалдан авч, няравын тайланд хий орлого авч, зарлагдахдаа 2015 оны 12 дугаар сарын 30-нд шаардах хуудсанд зөвшөөрсөн дарга, нябо гарын үсэг зураагүй, хүлээн авсан галч нарын гарын үсэг хуурамчаар зуруулж зарлагдсан ...” гэж тайлбарласан бөгөөд нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчөөс дээрх үйл баримттай  маргаагүй, энэ талаар шүүх хуралдаанд мэтгэлцээгүй тухайн актын өөрт холбогдох хэсэг болох 3205250 төгрөгийг зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ нарийвчлан гаргаж тайлбарлаагүй тул нэхэмжлэгч уг актыг хүлээн зөвшөөрсөн гэж үзсэн болно. 

Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1. Төсвийг төлөвлөх, батлах, хэрэгжүүлэх, тайлагнахад эрх бүхий байгууллага, төсвийн захирагч нь төсвийн зарчмыг мөрдлөг болгож, хэрэгжүүлэх үүрэгтэй. 6.4.1.-д төсвийг үр ашигтай, хэмнэлттэй байхаар төлөвлөж, зарцуулах гэж заасан бөгөөд хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон хэргийн оролцогч нарын гаргасан тайлбараас үзвэл төсвийн шууд захирагч болох Архангай аймгийн Чулуут сумын Засаг даргын тамгын газрын даргаар ажиллаж байсан Ц.М нь дээрх үүргээ биелүүлээгүйн улмаас маргаан бүхий 17/03/21 дугаартай актаар “ ... ... Ц.М-р 3208250 ... төгрөгийг төлүүлэх ...”-ээр акт тогтоосон нь зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон байна.

Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.6, 5 дугаар зүйл 5.1, 5.2, 10 дугаар зүйлийн 10.12.2, Засгийн газрын 483 дугаар тогтоолоор баталсан Дотоод аудитын дүрмийн 7.5 Санхүүгийн хяналт шалгалтын улсын /ахлах/ байцаагч нь шалгалтаар тогтоосон ажлын үр дүн, зөрчил, түүнийг арилгах талаар цаашид авах арга хэмжээг тодорхойлсон шалгалтын тэмдэглэл, санхүү, төсөв, нягтлан бодох бүртгэлийн холбогдолтой хууль тогтоомж зөрчсөн албан тушаалтны төлөх торгууль, төлбөрийг заасан нэг бүрчилсэн акт, албан шаардлага бичнэ гэж заасан хууль, дүрмийг зөрчөөгүй байна. 

Иймд маргаан бүхий 2018 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 17/03/21 дүгээр актыг хүчингүй болгох хууль зүйн үндэслэлгүй гэж дүгнэв.

2. Архангай аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны Санхүүгийн хяналт, шалгалтын улсын ахлах байцаагч Н.С-ийн 2018 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 17/02/07, 17/02/09, 17/02/13, 17/02/24 дүгээр актуудыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын тухайд: 

Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2. дахь хэсэгт “Төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг эрх бүхий албан тушаалтны баталсан удирдамжийн дагуу хийх ...”,  5.7. дахь хэсэгт “Хяналт шалгалтыг зөвхөн удирдамж, хяналтын хуудсанд заасан асуудлын хүрээнд хийж гүйцэтгэнэ”, 52.1. дэх хэсэгт “Төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын өргөдөл, хүсэлт, гомдол, мэдээлэл, эрх бүхий байгууллагын шийдвэрээр, түүнчлэн осол аваар, халдварт өвчин, хордлого зэрэг хүний амь нас, эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчинд шууд буюу шууд бусаар хор хохирол учруулсан тохиолдолд болон хууль тогтоомжид заасан бусад үндэслэлээр хийнэ”, 52.3. дахь хэсэгт “Төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг гагцхүү түүнийг явуулах болсон үндэслэл, удирдамжид заасан асуудлын хүрээнд хийнэ” гэж тус тус заажээ.

Маргаан бүхий энэ хэргийн тухайд, хариуцагч Архангай аймгийн Санхүүгийн хяналт аудитын албанаас 2019 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн хяналт шалгалтыг хийхдээ эрх бүхий албан тушаалтнаас гаргасан удирдамжгүй явуулсан байх бөгөөд хариуцагч Н.С шүүх хуралдаанд “ ... 2018 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 17/02/07, 17/02/09, 17/02/13, 17/02/24 дүгээр актуудыг тогтоосон хяналт шалгалтыг хийх талаар тусгайлан удирдамж гараагүй ... иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдлыг үндэслэн өмнөх удирдамжийн хугацааг сунгаж хийсэн ...” гэх тайлбар гаргажээ.

Маргаан бүхий 17/02/07, 17/02/09, 17/02/13, 17/02/24 дүгээр актуудын тухайд:  

17/02/07 дугаар актаар “ ...төсөв хөрөнгийн хэмнэлтгүй, үргүй зарцуулж 439.000 төгрөгийг томилолтын зардлаас гарган малчин залуучуудын чуулга уулзалтад зарцуулсан зөрчил  илэрсэн ... 493.000 төгрөгийг Ц.М-р төлүүлэхийг Л.М, Г.Б нарт хариуцуулж”;

17/02/09 дүгээр актаар “ ... гар утасны төлбөрийг төсвөөс төлж хөрөнгийг хэмнэлтгүй, үргүй зарцуулж нийт 291.100 төгрөгийн зөрчил илэрсэн ... 291.000 төгрөгийг Ц.М-р төлүүлэхийг Л.М, Г.Б нарт хариуцуулж”;

17/02/13 дугаар актаар “ ... төрийн жинхэнэ албан хаагчийн үр дүнгийн гэрээ, хөдөлмөрийн гэрээг зохих журмаар дүгнээгүй цалингийн сангаас урамшуулал олгосон боловч нийгмийн даатгалын шимтгэл төлөөгүй төсөв хөрөнгийг хэмнэлтгүй, үргүй зарцуулснаас 710.000 төгрөгийн зөрчил илэрсэн ... 710.000 төгрөгийг Ц.М-р төлүүлэхийг Л.М, Г.Б нарт хариуцуулж”;

17/02/24 дүгээр актаар “ ... төсөв хөрөнгийн хэмнэлтгүй, үргүй зарцуулж малчин залуучуудын чуулга уулзалтад оролцсон малчин залуучуудад 168.000 төгрөгийн урамшуулал олгосон зөрчил илэрсэн ... 168.000 төгрөгийг Ц.Маар төлүүлэхийг Л.М, Г.Б нарт хариуцуулж” тус тус шийдвэрлэсэн байна. /1-р х.х-н 14-17, 129-160, 189-196/

Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нараас “ ... хяналт шалгалт хийх талаар танилцуулаагүй, тайлбар аваагүй, төлбөр тавих болсон үндэслэлээ тайлбарлаагүй, сонсох ажиллагаа явуулаагүй ...” гэж;

Хариуцагчаас “ ... хяналт шалгалтын явцад Засаг даргын тамгын газрын дарга асан Ц.М-ыг дуудаж актыг танилцуулах гэтэл Ц.М нь улсын байцаагч Б.М-ийн утсанд залгаж Улаанбаатар хотод байна гэж ярьсан. Засаг даргын Тамгын газрын дарга Л.М 2018 оны 3 дугаар сарын 30-нд мэдэгдэл хүргүүлсэн байна. 2018 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 89 тоот албан бичгээр шалгалтын талаар биеэр ирж уулзах тухай мэдэгдэл хүргүүлсэн. Албан бичгийн дагуу 2018 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр ирж уулзаж акт материалтайгаа танилцсан боловч хяналт шалгалтын материалтай танилцсан тэмдэглэлд гарын үсэг зуруулах гэтэл үдээс хойш буцаж ирнэ гээд ирээгүй алга болсон ...” гэж тус тус маргажээ.

Хавтаст хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл, Архангай аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны 2018 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 89 дүгээр албан бичигт: “ ... хяналт шалгалтын явцад таныг удаа дараа дуудсан боловч Улаанбаатар хотод байна гэсэн тайлбар өгч ирэхгүй байсан учраас 2018 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн дотор өөрийн биеэр аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албанд ирж уулзахыг үүгээр мэдэгдье ...” гэж; /1-р х.х-н 27/

Архангай аймгийн Чулуут сумын Засаг даргын тамгын газрын 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 02/352 дугаар албан бичигт: “ ... Архангай аймгийн Санхүүгийн хяналт аудитын албаны 2018 оны 3 дугаар сарын 12-ны өдрөөс 2018 оны 3 дугаар сарын 21-ний хооронд хийсэн хяналт шалгалтаар тавигдсан төлбөр зөрчлийн актыг Ц.М-д тамгын газрын нягтлан бодогч Г.Б өөрийн биеэр 2018 оны 3 дугаар сарын 30-ны өдөр гэрт нь очиж актыг танилцуулж 2018 оны 6 дугаар сарын  01-ний дотор барагдуулах мэдэгдлийг өгч мэдэгдлийн 1 хувийг актын материалд хавсаргасан байна. Акттай танилцсан атал гарын үсэг зурахгүй гэж хэлжээ. Мөн Ц.М нь 2018 оны 4 дүгээр сарын 5-ны өдөр тамгын газрын эрх зүйч Э.Д-гийн өрөөнд орж актыг хувилан авсан байна ...” гэж; /1-р х.х-н 31/

2018 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн Мэдэгдэл хүргүүлэх тухай баримтад “ ... хяналт шалгалтаар Ц.М танд Засаг даргын Тамгын газрын даргаар ажиллаж байсан үеийн 3.208.250 төгрөгийн төлбөрийн акт тавигдсан тул аймгийн төсвийн орлогын Төрийн сан банкин дахь 100010000914 тоот дансанд 2018 оны 6 дугаар сарын 01-ний дотор шилжүүлэхийг үүгээр мэдэгдэж байна ...” гэж; /1-р х.х-н 32/

Архангай аймгийн Чулуут сумын Засаг даргын тамгын газрын нягтлан бодогч Г.Б “ ... Архангай аймгийн Санхүүгийн хяналт аудитын албаны актуудыг 2018 оны 3 дугаар сарын 24-ний өдөр утсаар мэдэгдсэн ... мөн 2018 оны 3 дугаар сарын 30-ны өдөр өөрийн биеэр актыг бүрэн эхээр нь гэрт нь очиж танилцуулахад би хүлээн зөвшөөрөхгүй, мөн гарын үсэг зурахгүй гэж хэлсэн ...” гэж; Архангай аймгийн Чулуут сумын Засаг даргын тамгын газрын Нутгийн захиргаа, эрх зүйн ажилтан Э.Д “ ... 2018 оны 3 дугаар сарын 12-ны өдрөөс 2019 оны 3 дугаар сарын 21-ний  өдрүүдэд хийсэн Санхүүгийн хяналт аудитын албаны улсын байцаагчийн тавигдсан актыг Ц.М нь өөртэй нь холбоотой тавигдсан 12 хуудас актыг 2018 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр миний өрөөнд орж ирээд хувилж авсан ...” гэж; /1-р х.х-н 33-34/

Архангай аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны 2018 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 02 дугаар шалгалт хийсэн тухай тэмдэглэлд: “ ... Чулуут сумын Засаг даргын Тамгын газрын дарга асан Ц.М Улаанбаатар хот явсан байв ...” гэж /1-р х.х-н 38/ тус тус тэмдэглэсэн байна. 

 

Дээрхи баримт, тэмдэглэл, албан бичгүүдээс дүгнэхэд тухай маргаан бүхий 2018 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн актуудыг танилцаагүй, нэхэмжлэгч талд мэдэгдээгүй, тайлбарлаагүй нь Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 5.2, 5.7, 5.9, 5.17 дахь заалт, 10 дугаар зүйлийн 10.12.2 дахь заалтуудыг, Засгийн газрын 483 дугаар тогтоолоор баталсан Дотоод аудитын дүрмийн 5.2, 7.5-д заасныг зөрчсөн байна. 

 

Харин 2018 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн гаргасан улсын байцаагчийн актыг танилцуулах, мэдэгдэх, тэмдэглэл үйлдсэн болох нь холбогдох нотлох баримтууд, шүүх хуралдааны мэдүүлэгээр нотлогдож байна. 

Хариуцагч талууд 2018 оны 3 дугаар сарын 20-ны гаргасан улсын байцаагчийн актуудыг танилцуулах талаар тэмдэглэл болон албан бичгүүдийг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд 2018 оны 4 дүгээр сарын 05-ны гаргасан актуудыг урьдчилан гаргаж танилцуулах, мэдэгдэх нь хуулийг ноцтой зөрчих, нөхцөл байдал бий болсон гэж үзлээ.

 Учир нь Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.4 дэх хэсэгт зааснаар хяналт шалгалтын холбогдох асуудлын талаар урьдчилан дүгнэлт гаргаж, түүнийгээ батлах замаар хийхийг хориглосон хуулийн зохицуулалттай байна.

Уг хэргийн тухайд, маргаан бүхий захиргааны актуудыг гаргасан захиргааны байгууллага, албан тушаалтан болох Архангай аймгийн Санхүүгийн хяналт, аудитын алба /улсын байцаагч нар/-наас захиргааны актын улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж буй оролцогч болох Архангай аймгийн Чулуут сумын Засаг даргын Тамгын газрын даргаар ажиллаж байсан Ц.М-д мэдэгдэл хүргүүлээгүй, тайлбар, санал гаргах нөхцөл боломжоор хангаагүй байна.

Өөрөөр хэлбэл, оролцогчийг сонсох ажиллагааг гагцхүү захиргааны актыг гаргасан захиргааны  байгууллага /албан тушаалтан/ явуулах үүрэгтэй бөгөөд өөр бусад этгээдээр гүйцэтгүүлэх талаар эрх хэмжээ олгоогүй, маргаан бүхий актуудыг Архангай аймгийн Чулуут сумын Засаг даргын Тамгын газарт хүргүүлсэн, Засаг даргын тамгын газрын даргаар мэдэгдэл хүргүүлж мэдэгдсэн гэх хариуцагчийн тайлбар үндэслэлгүй юм. 

Мөн иргэдээс ирсэн гэх өргөдөл, хүсэлтийн тухайд, хариуцагч Архангай аймгийн Санхүүгийн хяналт аудитын албанд 2018 оны 3 дугаар сарын 21-ний өдөр Чулуут сумын иргэдээс өргөдөл ирсэн талаар бүртгэж, нэр, хаяг нь тодорхой бус 4 хуудас материал хүлээн авчээ. /1-р х.х-н 242-249/

Дээрх материалыг үндэслэн Архангай аймгийн Чулуут сумын Засаг даргын Тамгын газрын үйл ажиллагаанд хяналт, шалгалт явуулж, 2018 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 17/02/07, 17/02/09, 17/02/13, 17/02/24 дүгээр актуудыг гаргасан гэж тайлбарласан.

Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлд “Энэ хууль нь иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд хандаж өргөдөл, гомдол гаргах, түүнийг байгууллага, албан тушаалтнаас шийдвэрлэх үйл ажиллагааг зохицуулна”, 3 дугаар зүйлийн 2-д Төрийн хяналт шалгалтын тухай хуульд заасан асуудлаар гаргасан өргөдөл, гомдлыг уг хуульд заасан журмаар шийдвэрлэнэ. 10 дугаар зүйлийн 1.-д “Бичгээр гаргасан өргөдөл, гомдолд овог, нэр оршин суугаа газрын буюу шуудангийн хаягаа бичиж, гарын үсгээ зурна. Хүндэтгэн үзэх шалтгаанаар гарын үсгээ зурж чадахгүй бол бусдаар төлөөлүүлэн зурж болно.”, 2.-т “Өргөдөл, гомдлыг иргэд бичгээр хамтран гаргасан бол түүнд бүгд гарын үсэг зурах буюу эсхүл тэдгээрийн төлөөлөгч гарын үсэг зурж, төлөөлөх эрхээ нотлох баримт бичгийг хавсаргана.”, 14 дүгээр зүйлийн 1. Дор дурдсан үндэслэл байвал өргөдөл, гомдлыг хянан үзэхгүй байж болно: 1/өргөдөл, гомдол нь тодорхой нэр хаяггүй; 2.Өргөдөл, гомдол нь энэ хуулийн 10 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаагүй гэж тус тус заасан бөгөөд маргаан бүхий хяналт шалгалт явуулах үндэслэл болсон “иргэдээс ирсэн өргөдөл, хүсэлт” нь дээрх хуулийн шаардлагыг хангаагүй байна. 

Тодруулбал, хариуцагч Архангай аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын байцаагч нар нь холбогдох хуульд заасан шаардлагыг хангаагүй баримтыг үндэслэн, төрийн хяналт шалгалт хийсэн, хяналт шалгалтыг эрх бүхий албан тушаалтны баталсан удирдамжийн дагуу хийгээгүй болох нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдсон болно. 

Иймд маргаан бүхий 2018 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 17/02/07, 17/02/09, 17/02/13, 17/02/24 дүгээр актуудыг хүчингүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.

Түүнчлэн дээрхи актуудаар тогтоогдсон гэх зөрчлүүд нь 2013 оны үйл баримт, тус аймгийн Чулуут сумын Засаг даргын Тамгын газрын даргын  /2013 оны 12 дугаар сарын 25-ны  “Сургалт семинарын зардал гаргах тухай” 49 дүгээр тушаал, 2013 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн “Утасны төлбөр олгох тухай” 16 дугаар  тушаал, 2013 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн “Нэмэгдэл хөлс урамшуулал олгох тухай” 44 дүгээр тушаал, 2013 оны 12 дугаар сарын 24-ны өдрийн “Урамшуулал олгох тухай”  б/39 дүгээр тушаалууд нь хүчин төгөлдөр байгаа, уг тушаалаар ямар иргэн, байгууллага хэний эрх ашиг сонирхол зөрчигдсөн нь үйл баримтаар тогтоогдоогүй бөгөөд эрх албан тушаалтан хүчингүй болгосон захиргааны актууд үзлэгээр гарч ирээгүй болохыг тэмдэглэв. 

3. Архангай аймгийн Чулуут сумын Засаг даргын 2018 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн Б/09 дугаартай захирамжийг хүчингүй болгож, Ц.М-ыг Архангай аймгийн Чулуут сумын Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Архангай аймгийн Чулуут сумын Засаг даргын 2018 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн “Ажлаас халах тухай” Б/09 дүгээр захирамжаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1 дэх заалт, Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.1, 70 дугаар зүйлийн 70.3 дахь хэсэг, Архангай аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын байцаагчийн 2018 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 17/03/02, дугаар акт,  2018 оны  04 дүгээр сарын 05-ны өдрийн 17/02/07, 17/02/24, 17/02/13, 17/02/09 дүгээр актуудыг үндэслэн  Чулуут сумын Засаг даргын Тамгын газрын дарга Ц-н М нь санхүү, төсвийн зохистой удирдлагыг хэрэгжүүлэх зарчмыг удаа дараа зөрчсөн нь Архангай аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны хяналт шалгалтаар тогтоогдсон тул  2018 оны 07 дугаар сарын 10-ны өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас нь халжээ. /1-р х.х-н 44/

Архангай аймгийн Чулуут сумын Засаг дарга 2018 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 1/225 дугаар албан бичгээр “ ... сумын Засаг даргын Тамгын газрын дарга Ц.М та ажиллаж байх хугацаандаа Төрийн албаны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.7 дахь заалт, Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.1 дэх заалт, Архангай аймгийн Санхүүгийн хяналт аудитын албаны шалгалтаар 4.870.250 /дөрвөн сая найман зуун далан мянга хоёр зуун тавин/ төгрөгийн зөрчил илэрсэн тул Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1, Төсвийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.3 дахь заалтыг үндэслэн Засаг даргын Тамгын газрын даргын үүрэгт ажлаас халах болсныг үүгээр мэдэгдэж байна. Иймд Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.4.2 дахь заасан эрх хэмжээний хүрээнд 2018 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн 1200 цагт бичгээр хариу тайлбараа ирүүлнэ үү ...” гэх мэдэгдэл хүргүүлжээ. /2-р х.х-н 21/

Архангай аймгийн Чулуут сумын Засаг даргын хөтөлсөн 2018 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн тэмдэглэлд “ ... Ц.М: Миний хувьд тайлбар өгөөд байх шаардлага байхгүй. Захирамжаа гаргачих, дараагийн шат шүүхэд хандах болно ...” гэж тэмдэглэсэн байх бөгөөд Ц.М гарын үсэг зураагүй байна. /2-р х.х-н 49/

Архангай аймгийн Чулуут сумын Засаг даргын тамгын газрын Нутгийн захиргаа, эрх зүйн ажилтны 2019 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн тэмдэглэлд “ ... Засаг даргын Тамгын газрын дарга Ц.М-д ажлаас халах мэдэгдэл өгч 2018 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн 12 цаг 30 минутад мэдэгдлийн хариуг авахаар ороход Ц.М: надад мэдэгдлийн хариуг өгөөд байх шаардлагагүй гэж хэлэв ...” гэж тусгажээ. /2-р х.х-н 50/

Дээрх баримтуудаас үзэхэд хариуцагч Архангай аймгийн Чулуут сумын Засаг дарга, Чулуут сумын Засаг даргын Тамгын газрын даргаар ажиллаж байсан Ц.М-ыг ажлаас халахдаа уг захиргааны мэдэгдлээ 2018 оны 7 дугаар сарын 09-ны өдрийн 1/225 албан бичгээр өгсний маргааш буюу 2018 оны 7 дугаар сарын 10-ны  өдөр ажлаас халах захиргааны актаа гаргасан хууль бус байна. Уг захиргааны актаа гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй Ц.М-д шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломжоор хангаагүй, маргаан бүхий захиргааны актыг гаргасан талаар сонсох ажиллагааны явц, үр дүнгийн тэмдэглэл хөтлөөгүй, захиргааны шийдвэрийн хувийн хэрэг хөтлөөгүй нь Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйл, 25 дугаар зүйл, 27 дугаар зүйл, 29 дүгээр зүйлүүдийг тус тус зөрчжээ. 

Шүүхээс  Архангай аймгийн Чулуут сумын Засаг даргын 2018 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн “Ажлаас халах тухай” Б/09 дүгээр захирамжийн үндэслэл болсон Архангай аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны Санхүүгийн хяналт шалгалтын улсын ахлах байцаагч Н.Сийн 2018 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 17/02/07, 17/02/09, 17/02/13, 17/02/24 дүгээр актуудыг хүчингүй болгож шийдвэрлэсэн болно.

Түүнчлэн Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1. дэх хэсэгт “Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно” 24.2. дахь хэсэгт “Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ”, 25 дугаар зүйлийн 25.1. Захиргааны шийдвэр гаргах ажиллагааны нөхцөл байдлыг тогтооход шаардлагатай нотлох баримтыг захиргааны байгууллага дараах байдлаар цуглуулна: 25.1.2.оролцогчийг сонсох, тайлбар гаргуулах; 26 дугаар зүйлийн 26.1. дэх хэсэгт “Захиргааны акт, ... батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно”, 27 дугаар зүйлийн 27.2. дахь хэсэгт Сонсох ажиллагааны талаарх мэдэгдлийг эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдэд дараах байдлаар хүргүүлнэ: 27.2.1.хорь буюу түүнээс доош тооны этгээдийг сонсохоор бол мэдэгдлийг этгээд тус бүрд шууд хүргүүлэх,  27.4.Сонсох ажиллагааг дараах арга хэлбэрээр явуулна: 27.4.4.утсаар санал авах, 29 дүгээр зүйлийн 29.1. дэх хэсэгт “Захиргааны байгууллагаас захиргааны шийдвэрийн хувийн хэргийг хөтлөх бөгөөд уг хувийн хэрэгт шийдвэр гаргах үйл ажиллагааны үндэслэл, үе шат, оролцогчийн санал, холбогдох баримт, сонсох ажиллагаа, уулзалт, хуралдааны тэмдэглэл, шийдэл, хүргүүлсэн, мэдэгдсэн баримт зэргийг бүрдүүлэн, архивт хадгална” гэж тус тус заасан бөгөөд захиргааны байгууллага, албан тушаалтан нь захиргааны актыг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж буй этгээдийг тодорхойлж, түүнд тайлбар, санал гаргах боломж олгож, сонсох ажиллагаа явуулах үүрэгтэй байна.

Мөн нэхэмжлэгч Ц.М нь 2017 оны 3 дугаар сарын 11-ний өдөр хүү Н-ийн Ч-г төрүүлжээ. /2-р х.х-н 28/

Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1. дэх хэсэгт “Ажил олгогч нь жирэмсэн эмэгтэй, гурав хүртэлх насны хүүхэдтэй эхийг аж ахуйн нэгж, байгууллага татан буугдсан болон энэ хуулийн 40.1.4, 40.1.5-д зааснаас бусад тохиолдолд ажлаас халахыг хориглоно” гэж заасан бөгөөд нэхэмжлэгч Ц.М нь гурав хүртлэх насны хүүхэдтэй болох нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон болно.

Түүнчлэн нэхэмжлэгч Ц.М-ын нэхэмжлэлтэй захиргааны хэргийг тус шүүх өмнө 2018 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 24 дүгээр шүүгчийн захирамжаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. Уг хэргийн шүүх хуралдааны өмнө буюу Архангай аймгийн Чулуут сумын Засаг дарга 2018 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн б/07 дугаар захирамжаар Ц.М-ыг тус сумын Засаг даргын тамгын газрын даргад томилсон захиргааны акт гаргажээ. 

Монгол Улсын Үндсэн Хуулийн Арван зургадугаар зүйлийн 4/ “ажил мэргэжлээ чөлөөтэй сонсох, хөдөлмөрийн аятай нөхцөлөөр хангуулах, цалин хөлс авах..., 12/ төрийн байгууллага, албан тушаалтанд өргөдөл, гомдлоо гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй. Төрийн байгууллага, албан тушаалтан нь иргэдийн өргөдөл, гомдлыг хуулийн дагуу шийдвэрлэх үүрэгтэй” гэж хуульчилсан. Мөн нэхэмжлэгч Ц.М-ыг ажлаас нь халахдаа тухай үйл баримтыг тогтоох, үүрэг даалгавар өгч түүний үр дүнг дүгнэх, албан үүргээ хангалтгүй биелүүлсэн эсэхэд үнэлэлт дүгнэлт өгөх, сахилгын зөрчил бүр тус тусдаа тогтоогдсон эсэх, үйл ажиллагааны үр дүн, мэргэжлийн түвшинг үнэлж дүгнээгүй болох нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, хэргийн оролцогч нарын мэдүүлгээр нотлогдлоо.

 Архангай аймгийн Чулуут сумын Засаг даргын 2018 оны 7 дугаар сарын 10-ны “Ажлаас халах тухай” б/09 дүгээр захирамжаар Ц.М-ыг халсан хууль бус захиргааны акт гаргасан нь Төрийн албаны тухай хуулийн /2002 оны/ 4 дүгээр зүйлийн 4.2.5, 4.2.6, 11 дүгээр зүйлийн 11.1, 19 дүгээр зүйлийн 19.1, 25 дугаар зүйлийн 25.1.1, 27 дугаар зүйлийн 27.1.1,  39 дүгээр зүйлийн 39.7, Төсвийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсгүүдийн тус тус зөрчсөн байна. 

Иймд дээрх хууль зүйн үндэслэлүүдээр Архангай аймгийн Чулуут сумын Засаг даргын 2018 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн Б/09 дугаартай захирамжийг хүчингүй болгож, Ц.М-ыг Архангай аймгийн Чулуут сумын Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалд эгүүлэн тогтоож шийдвэрлэх нь зүйтэй байна. 

Түүнчлэн уг хэргийн 1 дүгээр хавтасны 44 дүгээр хуудас, 2 дугаар хавтасны 51 дүгээр хуудсанд Архангай аймгийн Чулуут сумын Засаг даргын 2018 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн “Ажлаас халах тухай” Б/09, Б/10 дугаартай захирамжууд авагдсан байх бөгөөд шүүхээс Чулуут сумын Засаг даргын 2018 оны захирамжийн дугаарын бүртгэлийн дэвтэрт үзлэг хийхэд Ц.М-ыг ажлаас халсан захирамж Б/09 дугаартай болох нь тогтоогдсон болохыг тэмдэглэв. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3 дугаар зүйлийн 106.3.1, 106.3.13 дахь заалт, 107 дугаар зүйл, 108 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн  4 дүгээр зүйлийн 4.1.6, 5 дугаар зүйлийн 5.1, 5.2, 5.7, 10 дугаар зүйлийн 10.12.2,  Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ц.М-аас Архангай аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны Санхүүгийн хяналт шалгалтын улсын ахлах байцаагч Н.С, улсын байцаагч Б.М нарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Архангай аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны Санхүүгийн хяналт, шалгалтын улсын ахлах байцаагч Н.С-ийн 2018 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 17/02/07, 17/02/09, 17/02/13, 17/02/24 дүгээр актуудыг хүчингүй болгож, үлдсэн нэхэмжлэлийн Архангай аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны Санхүүгийн хяналт шалгалтын улсын ахлах байцаагч Н.С, улсын байцаагч Б.М нарт холбогдох 2018 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 17/03/21 дүгээр актыг хүчингүй болгуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1, 109 дүгээр зүйлийн 109.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа Архангай аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны Санхүүгийн хяналт шалгалтын улсын ахлах байцаагч Н.С, улсын байцаагч Б.М нарт холбогдох 2018 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 17/03/20 дугаар улсын байцаагч актыг хүчингүй болгох нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

3. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 4.2.6 дахь заалт,  26 дугаар зүйлийн 26.1, 27 дугаар зүйлийн 27.5, 29 дүгээр зүйлийн 29.1 дэх хэсэг, Төрийн албаны тухай хуулийн /2002 оны/ 4 дүгээр зүйлийн 4.2.4, 4.2.6 дахь заалт, 19 дүгээр зүйлийн 19.1, 25 дугаар зүйлийн 25.1.1, 27 дугаар зүйлийн 27.1.1, 39 дүгээр зүйлийн 39.7 дахь хэсэг, Төсвийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсгийг тус тус баримтлан нэхэмжлэгч Ц.М-с Архангай аймгийн Чулуут сумын Засаг даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Архангай аймгийн Чулуут сумын Засаг даргын 2018 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн “Ажлаас халах тухай” Б/09 дүгээр захирамжийг хүчингүй болгож, Ц.М-ыг Архангай аймгийн Чулуут сумын Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалд эгүүлэн тогтоосугай. 

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, 47 дугаар зүйлийн 47.2. дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140.400 /нэг зуун дөчин мянга дөрвөн зуун/ төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч /Н.С, П.Ж/ нараас гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай. 

5. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1.-д зааснаар хэргийн оролцогчид болон тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

                           ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  Б.ОДОНТУЯА