Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 03 сарын 30 өдөр

Дугаар 2021/ШЦТ/219

 

 

 

 

 

 

 

2021          03             30                                      2021/ШЦТ/219

 

    

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 185/2021/0198/Э

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Азжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Цогтбаяр,

Улсын яллагч, хяналтын прокурор Я.Мөнхзаяа,

Шүүгдэгч Э.Б нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Э-д холбогдох эрүүгийн 2109... дугаартай хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Монгол улсын иргэн, Б.Э

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Э.Б нь 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Сүхбааатар дүүргийн 16 дугаар хороо, Тоосгоны эцсийн буудал дээр хохирогч А.М-той “зам тээврийн осол гаргах шахлаа” хэмээн маргалдаж, хүзүүг нь боох, нүүр, уруул хэсэг рүү гараараа цохих зэргээр зодож эрүүл мэндэд нь тархи доргилт, дээд уруулын дотор талын язрал, зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал, баруун бугалганы цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.  

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Э.Б-нь 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Сүхбааатар дүүргийн 16 дугаар хороо, Тоосгоны эцсийн буудал дээр хохирогч А.М-оос “зам тээврийн осол гаргах шахлаа” хэмээн маргалдаж ирсэний улмаас түүний хүзүүг нь боох, нүүр, уруул хэсэг рүү гараараа цохих зэргээр зодож эрүүл мэндэд нь тархи доргилт, дээд уруулын дотор талын язрал, зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал, баруун бугалганы цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн байна.

Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдаж, шинжлэн судлагдсан нотлох баримтууд болох:

  • Зөрчлийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 10 тал/
  • Зөрчлийн талаарх гомдол мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх тухай прокурорын тогтоол /хх-ийн 09 тал/
  • Хохирогч А.М-ын цагдаагийн газарт гаргасан өргөдөл /хх-ийн 11 тал/

-    Хохирогч А.М-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2020 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 19 цагийн үед би 17 дугаар сургуулийн уулзварын орчмоос нүүрс аваад хөдлөөд гэрлэн дохиогоор гараад Дарь-Эхийн зам руу нийлэхээр явж байхад Г1риус-20 маркийн тээврийн хэрэгсэлтэй хүн намайг шахаж ороод би машинаа зогсоохоор зогсоох төхөөрөмжин дээрээ /тормоз/ гишгээд хашлага мөргөх шахаад зогссон... Тэгэхээр нь би буугаад нөгөө машин дээр очоод цонхыг нь тогшоод хаалгыг нь онгойлгоод “чи яаж яваад байгаа юм бэ, хүний амь нас, эд хөрөнгөд заналхийлж шахаад байгаа юм бэ” гэж хэлэхэд өөдөөс уурлаад босож ирэх гэхээр нь би буцааж түлхэж суулгасан. Тэгэхэд өөдөөс босож ирээд намайг боосон. Тэгэхээр нь би бас боосон. Тэгээд боолцож байхдаа тэр хүн “чи намайг ямар гэдгийг мэдэх үү, би чамайг хачин болгоноо” гэх зэргээр хэл амаар доромжилж, заамдаж байгаад заамдсан чигээрээ гарын ар хэсгээрээ миний уруул хэсэгт нударч цохисон. Тэгэхэд миний уруулын дээд тал сэтэрсэн. Тухайн үед бага зэрэг цус гарч, аманд мэдэгдэж байсан ба их хэмжээгээр бол гараагүй. Тэгээд намайг түлхээд машин налуулж байгаад машины дээд хэсэгт миний толгойны ар хэсгээр мөргүүлсэн. Тэгээд заамдаж байгаад болиод миний нүүр хэсэгт 2 удаа мангастаад тэгээд над руу дайрч хэрэлдсэн... би гинж байсан эсэхийг мэдэхгүй байна. Зузаан цамцтай байсан болохоор гинж нь харагдахгүй шүү дээ. ...мэдрэгдээгүй. ...тэр залуу болон бид 2 хоёулаа цагдаад дуудлага өгсөн. ...тэр залуу маргалдаж байгаад одоо зайл яв гээд орилоод байхаар нь надад нэмж хэрэлдэж, маргалдах сонирхол байгаагүй учир би явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 15-16, 19 тал/,

- Гэрчээр Э.Б гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Тухайн өдөр би 17-р сургуулийн буудлын тэнд нүүрс аваад зогсож байсан машин миний урдуур огцом дараад орж ирсэн. Тэгээд би 2 метр гаран гулгаад зогссон тэгтэл намайг орхичхоод яваад өгсөн. Тэгэхээр нь би араас нь гүйцэж очоод цонхоо онгойлгоод “зам тээврийн осол гаргалаа мал юм уу” гэж хэлээд цааш явсан. Тэгээд би Сүхбаатар дүүргийн 16-р хороо, Тоосгоны үйлдвэрийн эцэс “Тэлмэн” төвийн үүдэнд машинаа зогсоолд тавих гээд эхнэрлүүгээ зурвас бичээд сууж байхад гэнэт нэг хүн машины хаалга татаж онгойлгоод миний зүүн талын шанааруу алгадсан. Тэгээд би буух гэтэл буулгахгүй дээрээс дараад хоолой боогоод намайг цохих гэж оролдсон. Тэгээд миний ухаан балартаад муужраад ирсэн чинь тэр залуу больсон. Тэгээд буугаад очиход монгол захтай цамц ураад, хүзүүний монетон зүүлт тастсан. Тэгээд би цагдаа дуудна гээд цагдаа дуудахад би ч гэсэн цагдаа дуудна гээд зугтаад явсан. ...Намайг боохоор нь би машинаасаа буухад тэр залуу надруу дайраад байсан тэгэхээр нь би бас хоолойг нь боож заамдалцсан юм... гэх мэдүүлэг /хх-ийн 25-27 тал/,

-        Гэрч О.Одонтунгалагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...би тухайн өдөр 22 цаг өнгөрч байхад нөхөр Мөнх-Одтой манай ажлын гадаа уулзаад цуг гэртээ харьсан юм. ...уруул нь хавдсан байхаар нь асуухад нүүрсээ аваад явж байгаад зам руу нийлэхэд намайг шахсан юм. Тэгээд араас нь тоосгоны эцэс дээр очоод муудалцаж маргалдсан талаараа хэлж байсан. Тэгээд дотор муухайраад байна. Би машинаа барьж чадахгүй нь чи машинаа бариад явчих гээд би машинаа бариад явсан. Тэгээд харахад уруул нь бас язарчихсан байсан. ...гэрт хариад хувцасыг нь тайлахад баруун гарын дотор хэсэг нь хөхөрсөн байсан. Өөр гэмтэл байгаагүй. ...надад тэр өдөр хэлж байгаагүй. Маргааш өдөр нь цагдаагаас дуудаж байна гэж хэлээд оччихоод ирэхдээ гинж асууж байна гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 29-р тал/

  • Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн №392 дугаартай шинжээчийн “...А.Мын биед тархи доргилт, дээд уруулын дотор талын язрал, зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал, баруун бугалганы цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Уг гэмтэл нь тухайн болсон хэргийн нөхцөлд үүссэн байх боломжтой... гэх дүгнэлт /хх-ийн 34-35 тал/,
  •  Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн №391 дугаартай шинжээчийн “...Э.Б гийн биед хүзүүнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-т зааснаар эрүүл мэндийг түр сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 32-33-р тал/,
  • А.М-д Зөрчлийн тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 100.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан талаарх 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 1713971 дугаартай шийтгэлийн хуудас  /хх- ийн 56-р тал/,
  • Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 57-63-р тал/ болон бусад нотлох баримтуудаар нотлогдож байна.

Шүүгдэгч Э.Б гийн хувийн байдлыг тогтоосон дараах баримтуудыг шүүх шинжлэн судлав. Үүнд:

  • Шүүгдэгч Э.Б гийн оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 50 тал/
  • Шүүгдэгч Э.Б ийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 51 тал/
  • Шүүгдэгч Э.Б гийн эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа /хх-ийн 52 тал/
  • Шүүгдэгч Э.Б гийн Гэрлэлт цуцлалтын бүртгэлийн лавлагаа /хх-ийн 53 тал/
  • Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 54 тал/
  • Шүүгдэгч Э.Б гийн 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500.000 төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 72-73 тал/
  • Шүүгдэгч Э.Б гийн 2018 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жил 06 сарын хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх ял шийтгүүлсэн шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 74-76 тал/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, үгүйсгэх нотлох баримт хэрэгт байхгүйн дээр шүүгдэгч нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч, маргахгүй байгаагаар давхар нотлогдож байх тул энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж шүүх үнэллээ.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, хуульд заасан нотолбол зохих нөхцөл байдлуудыг бүрэн гүйцэд тогтоосон гэж үзлээ.

Шүүгдэгч Э.Б-нь дээрх гэмт хэргийг ганцаараа үйлдсэн болох нь гэрч, хохирогч нарын мэдүүлгээр нотлогдож байна.

Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулсан хор уршигт зориуд хүргэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн нь дээрх гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй юм.

Хэрэгт авагдсан баримтуудыг үндэслэн прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж шүүх үзлээ.

Гэмт хэргийг илрүүлэх зорилгоор хийсэн гэрч, хохирогч нарын мэдүүлэг зэрэг нь гэмт хэрэг гарсан нөхцөл байдлыг бүрэн дүүрэн тогтооход чухал ач холбогдолтой болсон ба гэмт хэрэг гарахад хохирогч, шүүгдэгчийн буруутай үйл ажиллагаа нөлөөлсөн байна.

Шүүгдэгч Э.Б-нь хохирогч А.Мтой маргалдаж, хүзүүг нь боох, нүүр, уруул хэсэг рүү гараараа цохих зэргээр зодож эрүүл мэндэд нь тархи доргилт, дээд уруулын дотор талын язрал, зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал, баруун бугалганы цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол учруулж санаатайгаар дээрх гэмт хэргийг үйлдсэн байна.

Шүүгдэгчийн үйлдсэн энэхүү гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар нь бусдын эрүүл мэндийн халдашгүй байдалд хөнгөн хохирол учирсан гэж шүүх дүгнэлээ.

Хохирогч А.М нь хавтаст хэрэгт болон шүүхийн шатанд хохирол нэхэмжилсэн баримт өгөөгүй, шүүх хуралдааны тов мэдэгдсэн шүүхийн мэдэгдэх хуудсанд “шүүх хуралдаанд оролцохгүй, гомдол санал нэхэмжлэх зүйлгүй” гэсэн хариу ирүүлсэн баримт зэргээс шүүгдэгч Э.Б г бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна. 

2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай:

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн шүүгдэгч Э.Б д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан, цээрлүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус баримтлан шүүгдэгчийн хувийн байдал, үйлдсэн гэмт хэрэгтээ хандах хандлага, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл зэргийг тус тус харгалзан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгчийн хувийн байдалд шүүхийн хэлэлцүүлэгт дурдсан нотлох баримтаар тогтоогдсон нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэрэг, хохирол, хор уршигт хандаж буй хандлага, хохирогчид хөнгөн гэмтэл учруулсан зэргийг харгалзан үзсэн болно. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаад, шүүгдэгчийн хохирол төлбөргүй, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн хэрэг хувийн байдлыг, хохиогчийн зүгээс гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл болгосон, бусдын биед анх хүрсэн зэрэг зүй бус үйлдэл гаргасан зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдлаар тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулахдаа торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

Шүүгдэгч Э.Б д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ улсын яллагчаас шүүгдэгчид “1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1000000 төгрөгийн торгох ял оногдуулъя” гэснийг, шүүгдэгчийн “ар гэрийн байдлыг минь харгалзан үзэж багаар торгож өгөөч” гэснийг тус тус харгалзан үзээд шүүгдэгчийн хувийн байдал, өрх толгойлсон 3 хүүхдийн эцэг зэрэг ар гэрийн байдал мөн түүний ажил эрхлэлтийн байдал зэргийг харгалзан үзэж ял оногдуулав.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, түүнийг цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.5, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

 1. Шүүгдэгч Э.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б-г 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь зааснаар шүүгдэгч Э.Б-нь 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахаар тогтоож, заасан хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

4. Хохирогч А.М нь гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирлоо холбогдох нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар шүүгдэгчээс жич нэхэмжлэх эрх нээлттэй болохыг дурдсугай.

5.  Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон, битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.      

6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Б д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хохирогч, шүүгдэгч нар эс зөвшөөрвөл тогтоол гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        Д.АЗЖАРГАЛ