| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашдоржийн Азжаргал |
| Хэргийн индекс | 185/2021/0295/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/0282 |
| Огноо | 2021-04-27 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Ц.Төгөлдөр |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 04 сарын 27 өдөр
Дугаар 2021/ШЦТ/0282
2021 04 27 2021/ШЦТ/0282
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 185/2021/0295/Э
Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Азжаргал даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Цэрэндулам,
Улсын яллагчаар хяналтын прокурор Ц.Төгөлдөр,
Шүүгдэгч О.Э,
Шүүгдэгч М.Ч нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.Ч, О.Э нарт холбогдох 2109... дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв. ХЯНАВАЛ:
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, М.Ч
Монгол улсын иргэн, О.Э
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Яллагдагч М.Ч , О.Э нар нь бүлэглэн 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдөр иргэн П.Э- Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо, 79 дүгээр байрны 34 тоот гэртээ байхад нь интернет банкаар нь нэвтрэн орж Хаан банкны 5034583826 дугаарын данснаас 700,000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар шилжүүлэн авсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч М.Ч , О.Э нар нь бүлэглэн 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдөр иргэн П.Э- Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо, 79 дүгээр байрны 34 тоот гэртээ байхад нь интернет банкаар нь нэвтрэн орж Хаан банкны 5034583826 дугаарын данснаас 700,000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар шилжүүлэн авсан гэмт хэргийг үйлдсэн байна.
Шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан нотлох баримтууд болох:
- Хохирогч П.Э-ын гэрчээр мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт Хавдар судлалын үндэсний төвийн хажуугийн байрны дэлгүүрээс 21 цаг 30 минутанд 10.200 төгрөгийн гүйлгээг хамгийн сүүлд интернет банк ашиглаж хийсэн. Тэгээд би Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо 79 дүгээр байрны 34 тоотод байх гэртээ харьсан. Гэртээ би 22 цаг 20 минутын орчимд ороод амарсан. Тухайн өдөр данснаас мөнгө хулгайд алдсан талаар мэдээгүй. Тэгээд өнөөдөр буюу 2020 оны 12 дугаар 16-ны өдрийн 11 цаг 30 минутын орчимд интернет банкаа ашиглаж гүйлгээ хийх гэхэд интернет банкны нууц үг солигдсон байсан. Тэгэхээр нь би gmail хаягаа ашиглан нууц үгээ сольсон байсан. Түүний дараа дахин гүйлгээ хийх гэхэд миний гүйлгээний нууц үгийг сольсон байсан. Тэгэхээр нь дахин гүйлгээний нууц үгээ солиод мөнгөнийхөө үлдэгдпийг шалгахад дансанд байсан 700,000 төгрөг байхгүй болсон байсан... ’’.гэх мэдүүлэг /хх-ийн 14-17, 18-19 тал/
- Яллагдагч М.Ч гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Эрдэнэцогт гэх хүнтэй гар утсаа 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдөр сольсон гэж санаж байна. Тэгсэн чинь Эрдэнэцогтын гар утсанд интернет банк руу шууд орж байсан. Ингээд Хаан банкны аппликэйшнг Эрдэнэцогт гэх хүн устгасан. Би тэгэхээр нь буцаагаад Хаан банкны аппликэйшн татсан чинь Эрдэнэцогтын интернет банк руу шууд нэвтрээд орчихсон. Тэгсэн чинь Эрдэнэцогтын дансанд 1,200,000 төгрөг байсан. Тэгэхээр нь би Эрдэнэцогтын интернет банкнаас гараад өөрийн интернет банк руу нэвтэрч ороод худалдан авалт хийгээд гэртээ орсон. Ингээд маргааш нь Эрдэнэцогтын данс руу би нэвтэрч ороод байна гэсэн чинь манай эгч Оогий битгий хүний юманд хүрээрэй гэж уурласан. Тэгээд 3-4 хоногийн дараа Энхжин нөгөө дансаа нэг шалгаад үзээч гэхээр нь одоо байхгүй байх гэсэн чинь Жи мэйл дээрээ хадгалагдсан байдаг. Хоёулаа наадахыг чинь авчихвал яадаг юм бэ гэсэн. Тэгээд орой самранд явахаар болоод мөнгөгүй болчихоор нь тухайн данс руу код хийхгүйгээр нэвтэрч ороод 700,000 төгрөгийг Алимаа гэх хүний данс руу 2020 оны 12 дугаар сарын 15-наас 16-нд шилжих шөнө шилжүүлээд авсан. Тухайн үед гүйлгээний нууц үгийг мэдэхгүй байсан чинь гар утасны и баримт аппликэйшн дээр регистрийн дугаар нь байхаар нь Интернет банкны кодыг нь сольчихсон. Энхжин бид 2 самранд явахаар болоод мөнгөгүй болчихоор нь Алимаагийн дансаар авчихсан юм. Одоо уг мөнгийг бүрэн төлж барагдуулсан” гэх мэдүүлэг /хх-ийн 90 тал/,
- Яллагдагч О.Э-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... М.Ч хүнтэй гар утсаа сольсон чинь интернет банкинд нь мөнгө байна гэж хэлсэн. Ингээд уг яриаг ярилгүйгээр хэд хоноод самранд явахаар болсон чинь мөнгөгүй болчихоор нь М.Ч бид хоёр тухайн интернет банк руу нэвтэрч орсон. Тэр үед кодгүй хадгалагдсан байсан. Бид 2 ярилцаад тухайн дансанд байсан 700,000 төгрөгийг авахаар болоод Алимаа гэх өөрийн найзыгаа дуудаад дансаар нь мөнгө аваадхъя гэж хэлээд Алимаагийн дансыг ашиглаад мөнгө авсан. Тухайн 700,000 төгрөгийг авахад гүйлгээний код нэхэхээр нь М.Ч өөрөө кодыг нь сольсон. Яаж сольсоныг мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 93 тал/,
- Гэрч Ч.Алимаагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...М.Ч миний дансыг асууж утсаараа оролдож байх үед 700,000 төгрөгийн орлого орсон. Тэгээд гэмтлийн эмнэлгийн орчим байх Хаан банкны ATM гадаа очиж Энхжин бид 2 машинаас бууж М.Ч машинд үлдсэн. Тэгээд Энхжин ATM орж 690,000 төгрөгийг картнаас авсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 8 тал/,
- ХААН банкны 5619117105 дугаартай Ч.Алимаагийн депозит дансны дэлгэрэхгүй хуулга /хх-ийн 15-16 тал/,
- ХААН банкны 5034583826 дугаартай П.Э-ын депозит дансны дэлгэрэхгүй хуулга /хх-ийн 17-18 тал/ болон бусад нотлох баримтуудаар нотлогдож байна.
Шүүгдэгч М.Ч гийн хувийн байдлыг тогтоосон дараах баримтуудыг шүүх шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч О.Э-гийн хувийн байдлыг тогтоосон дараах баримтуудыг шүүх шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, үгүйсгэх нотлох баримт хэрэгт байхгүйн дээр шүүгдэгч нар нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч, маргахгүй байгаагаар давхар нотлогдож байх тул энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж шүүх үнэллээ.
Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, хуульд заасан нотолбол зохих нөхцөл байдлуудыг бүрэн гүйцэд тогтоосон гэж үзлээ.
Гэмт хэрэг гарахад шүүгдэгч нарын хууль зүйн мэдлэг дутмаг, мөн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиг үүрэг бүхий байгууллага холбогдох хууль журмыг сурталчлах, соён гэгээрүүлэх ажил хангалтгүй хийгдсэн, гэмт хэрэг зөрчлийн талаарх мэдээллийг Цагдаагийн байгууллага хангалтгүй зохион байгуулж, энэ талаарх сургалт сурталчилгааг зохих төвшинд, холбогдох хүмүүст нь хүртэл хийж чадаагүй, хохирогч өөрийн эд хөрөнгийг хараа хяналтгүй орхисон зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн байна.
Шүүгдэгч нар нь Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан бусдын өмчлөх эрхийг зөрчин хор уршигт зориуд хүргэж, хулгайлах гэмт хэргийг үйлдсэн нь дээрх гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэртэй, шунахайн сэдэлтээр, мөнгө олж архи уух зорилгоор, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй юм.
Хэрэгт авагдсан баримтуудыг үндэслэн прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж шүүх үзлээ.
Гэмт хэргийг илрүүлэх зорилгоор хийсэн гэрч, хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлэг зэрэг нь гэмт хэрэг гарсан нөхцөл байдлыг бүрэн дүүрэн тогтооход чухал ач холбогдолтой болсон байна.
Шүүгдэгч М.Ч , О.Э- нар нь бүлэглэн хохирогч П.Э-ын Хаан банкны 5034583826 дугаарын данснаас 700,000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар шилжүүлэн авсан авч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн байна.
Шүүгдэгч М.Ч , О.Э- нар нь үйлдсэн энэхүү гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар нь бусдын эд хөрөнгөд 700.000 төгрөгийн бодит хор уршиг учирсан гэж шүүх дүгнэлээ.
Хохирогч П.Э- нь шүүгдэгч М.Ч , О.Э- нарт гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, хохирлоо бүрэн барагдуулж авсан... талаарх баримт, шүүхийн мэдэгдэх хуудсанд өгсөн хохирогчийн тайлбар /хх-ийн 82, 98 тал/ зэрэг баримтаар тогтоогдож байх тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Хавтаст хэрэгт баримтжуулсан шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй байна.
2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай:
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн шүүгдэгч М.Ч , О.Э- нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан, цээрлүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус баримтлан шүүгдэгчийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгчийн хувийн байдал, үйлдсэн гэмт хэрэгтээ хандах хандлага, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл зэргийг тус тус харгалзан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруугаа шүүгдэгч хүлээн зөвшөөрч байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгчийн хувийн байдалд шүүхийн хэлэлцүүлэгт дурдсан нотлох баримтаар тогтоогдсон нөхцөл байдал, хохирол төлбөргүй байдал, гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрсөн, гэм буруугийн талаар маргахгүй байгаа байдал, хохирогчоос уучлалт гуйж эвлэрсэн, үйлдсэн гэмт хэрэг, хохирол, хор уршигт хандаж буй хандлага, шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхдөө гэмшиж байгаа байдал зэргийг харгалзан үзсэн болно.
Шүүгдэгчийн хувьд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалгүй, харин гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлыг нөхөн төлж, хохирогчоос уучлалт гуйж эвлэрснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.
Шүүх шүүгдэгч М.Ч , О.Э- нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан, хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж, шүүгдэгч нарт 250 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар саналтайгаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шилжүүлсэн байх тул прокурорын саналыг харгалзан шүүгдэгч нарт нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй байна.
Шүүгдэгч М.Ч , О.Э- нар нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.5, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч М.Ч, О.Э нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Мөнхтөрийн М.Ч, О.Э нарт 250 /хоёр зуун тавь/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүийн хуулийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Ч , О.Э- нарт оногдуулсан 250 /хоёр зуун тавь/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдрийн найман цагаас дээшгүй цагаар эдлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Ч , О.Э- нар нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын эдлээгүй үлдсэн найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон, битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Ч , О.Э- нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хохирогч, шүүгдэгч нар эс зөвшөөрвөл тогтоол гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.АЗЖАРГАЛ