Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 07 сарын 02 өдөр

Дугаар 10

 

 

 

 

 

 

 

                                    109/ШШ2019/0010

 

             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Ганбат даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Гомдол гаргагч: “Ө” ХХК

Хариуцагч: Архангай аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Ч.Б 

Гомдол гаргагчийн шүүхэд гаргасан гомдол: Архангай аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Ч.Б-гийн 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн “Зөрчилд шийтгэл оногдуулах тухай” №01042018001 дүгээр шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай гомдол бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: гомдол гаргагч “Ө” ХХК-ийн захирал Л.Ч, хариуцагч Архангай аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Ч.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнх-Өлзий нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Гомдол гаргагч “Ө” ХХК шүүхэд гаргасан гомдолдоо: Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 2 дугаар багийн нутагт байрлах “Ө” ХХК-ийг төлбөрийн баримт олгоогүй гэж иргэн Э, Ч нарын гомдлын дагуу татварын улсын байцаагч Ч.Б кассын машин хэвлэгч, хор цаас ашиглаагүй гэж 1.500.000 төгрөгийн торгуулийн шийтгэл ногдуулсан. 

Манай компани нь 2012 оноос эхлэн “И” ХХК-ийн “Д” программыг үйл ажиллагаандаа ашиглаж байгаа ба 2016 оны 5 дугаар сарын сүүлээс монгол улсын стандартад нийцсэн RP-325-L хэвлэгч машин, хор, 80мм-н тасалбарын цаасыг ашиглан төлбөрийн баримт олгож эхэлсэн. 

“Ө” ХХК-ийн захирал Л.Ч миний бие тодорхой шалтгааны улмаас 2016 оны 8 дугаар сараас 2018 оны 01 дүгээр сар хүртэл эзгүй байсан ба энэ хугацаанд зарим үед интернет саатсанаас болж зарим үйлчлүүлэгч е-мэйл хаягаараа төлбөрийн баримтаа авах санал гаргасны дагуу төлбөрийн баримтыг е-мэйл хаягаар нь явуулж байсан болно. Гомдол гаргасан н.Э-гийн төлбөрийн баримтыг е-майл хаягаар нь явуулсан боловч гомдол гаргасан. н.Ч-гийн е-мэйл хаягийг касс Т буруу бичсэний улмаас баримтыг явуулж чадаагүй ба сүүлд нь нөхөн олгосон болно.

Иймд энэ асуудлыг хянан шалгаж манай “Ө” ХХК-д оногдуулсан 1.500.000 /нэг сая таван зуун мянга/ төгрөгийн торгуулийн шийтгэлийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Архангай аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Ч.Б шүүхэд гаргасан тайлбартаа: Архангай аймгийн Татварын хэлтэстэй харилцдаг 2778602 регистрийн дугаартай “Ө” ХХК-тай холбогдуулж иргэн Н.Ч, С.Э нараас гомдол, мэдээлэл ирсний дагуу 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдрөөс 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр хүртлэх хугацаанд шалгалтыг хийж гүйцэтгэсэн. Шалгалтаар тус компанийн Х барааны дэлгүүр нь Монгол улсын стандартын шаардлага хангасан кассын машин, хэвлэх төхөөрөмж, хэвлэлийн хор, тасалбарын цаас, пос терминал машин хэрэглэж худалдан авагчид төлбөрийн баримт олгоогүй болох нь холбогдогч, хохирогч, гэрч нараас авсан мэдүүлэг, дэлгүүрт хийсэн үзлэгийн тэмдэглэл, хохирогчид нөхөн хэвлэж өгсөн төлбөрийн баримт зэргээр нотлогдож 01042018001 тоот шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуульд заасны дагуу 1.500.000 төгрөгийн торгууль ногдуулсан. Тус компани нь худалдан авагчид төлбөрийн баримтыг тухай бүр хэвлэж өгдөггүй, Монгол улсын стандартын шаардлага хангасан кассын машин хэрэглэдэггүй нь Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.8-д заасан заалтыг зөрчиж байна. Иймд 01042018001 тоот шийтгэлийн хуудсыг хэвээр баталж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Тус шүүх “Ө” ХХК-иас Архангай аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Ч.Б-д холбогдуулан гаргасан “Архангай аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Ч.Б-гийн 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн “Зөрчилд шийтгэл оногдуулах тухай” №01042018001 дүгээр шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” тухай гомдлыг 2018 оны 2 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, 2018 оны 2 дугаар сарын 21-ний өдөх захиргааны хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан байна. 

Хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд гомдол гаргагч, хариуцагч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудад үнэлэлт өгч гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Уг хэргийн маргааны үйл баримтын тухайд, 228602 регистрийн дугаартай “Ө” ХХК нь 2003 оны 12 дугаар сарын 25-ны өдөр үүсгэн байгуулагдсан, худалдаа үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг хуулийн этгээд байна. 

Анх 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Татварын ерөнхий газрын гомдол мэдээллийн 180012880 дугаарын утасанд  иргэн С.Э, Н.Ч нараас “Х” дэлгүүрээс бараа худалдан авахад төлбөрийн баримт өгөөгүй гэх гомдлыг утсаар гаргасан тухай Зөрчлийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол мэдээллийг хүлээн авсан тухай 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 01 дугаар тэмдэглэлд дурджээ. 

Улмаар Архангай аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч /Ч.Б/-ийн 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн “Зөрчлийн хэрэг нээх тухай” 01 дүгээр тогтоолоор худалдан авагчид төлбөрийн баримт хэвлэж өгөөгүй “Ө” ХХК-ийн захирал Л.Ч-т холбогдуулан Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 12.1 дэх хэсэгт зааснаар 1812000001 дугаартай зөрчлийн хэрэг нээсэн байна. 

Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад гомдол гаргасан иргэн Н.Ч-гаас авсан мэдүүлэгт “ ... нилээд олон удаа бараа авч байсан, бараа авах болгонд мэйл хаягаар явуулна гээд мэйл хаяг бичиж авдаг. Гэхдээ мэйл хаягаар нэг ч удаа баримт ирж байгаагүй ... 2017 оны 11 сарын эхэн үеэр ...  45000 төгрөгийн  бараа авсан, тэрнээс өмнө 9 дүгээр сард 75000 төгрөгийн бараа авсан байсан тэрний баримт ирээгүй ...” гэж; 

Иргэн С.Э-гаас авсан мэдүүлэгт “ ... 2017 оны 10 дугаар сарын эхээр 180000 төгрөгийн өвлийн эрэгтэй ботинк хүүхэддээ авч өгсөн ... дараа нь 2017 оны 12 дугаар сарын эхээр 200000 төгрөгөөр пиджак костюм авсан ... 10 дугаар сард авсан 180000 төгрөгийн барааны баримтыг одоо болтол аваагүй ...” гэж тус тус тайлбарлажээ. 

Эрх бүхий албан тушаалтны 2018 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн Үзлэг хийсэн тухай 01 дүгээр тэмдэглэлд “ ... тус дэлгүүрт ороход 2 барааны худалдагч 1 кассын худалдагч ажиллаж байна. Кассын тоног төхөөрөмжийг харахад дэлгүүрийн гарах хаалганы зүүн талд байрласан, компьютер 1 ширхэг, барааны бар код уншигч скайнер 1 ширхэг, баримт хэвлэгч 1 ширхэг байна. Компьютер нь сүлжээний утсаар интернетэд холбогдсон, интернетийг захирлын өрөөнөөс салгаж болдог. Компьютер дээр бараа бүртгэлийн Diamond 5.0 программ суулгасан. Энэхүү программд  тус дэлгүүрийн бүх бараа кодлогдож бүртгэгдсэн байна. Худалдан авагч бараа авахад тухайн программ дээр зарлагаар бүртгэж кассын худалдагч тооцоо хийж барааг гаргадаг. Энэхүү программ нь хэрэглэгчийн нэгдсэн системд холбогдоогүй учир төлбөрийн баримт хэвлэгддэггүй. Кассын худалдагч компьютер интернетэд холбогдсон үед Ebarimt.mn хаягаар орж төлбөрийн баримтыг хэвлэж өгөх боломжтой байдаг, интернетгүй үед худалдан авагчийн интернет шуудангийн хаяг, болон утасны дугаарыг бичиж авдаг бүртгэлийн дэвтэр хөтөлдөг болно.

Холбогдогч “Ө” ХХК нь Монгол улсын стандартын шаардлага хангасан кассын машин ашиглаж хэрэглэгчдэд төлбөрийн баримтыг тухай бүр өгдөггүй болох нь кассын тоног төхөөрөмж, худалдан авагчид төлбөрийн баримтыг илгээх хаяг болон утасны бүртгэлийг хөтөлсөн дэвтэр зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна ...” гэж тэмдэглэжээ. 

Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад холбогдогч “Ө” ХХК-ийн захирал Л.Ч-гээс авсан мэдүүлэгт “ ... яг кассын машин байхгүй, баримт хэвлэх пос хэвлэгч байгаа ... манайх төлбөрийн баримтыг интернетээр буюу ebarimt.mn хаягаар орж иргэдэд хэвлэж өгдөг. Тийм болохоор интернетгүй үедээ худалдан авагчийн email хаягийг бичиж авч үлдээд оройн цагаар интернетээ залгаж худалдан авагчид email хаягаар нь төлбөрийн баримтыг илгээдэг ...” гэж;

Гэрч Ц.Т-ын мэдүүлэгт “ ... манайх төлбөрийн баримтыг интернетээр ebarimt.mn хаягаас шууд хэвлэж өгдөг, кассын компьютер интернетгүй байгаа үед би худалдан авагчийн email хаяг болон утасны дугаараар илгээдэг ... баримт авий гэсэн хүнд л төлбөрийн баримт илгээдэг. Баримт авна гэхгүй бол баримт өгдөггүй. Баримт илгээсэн талаараа хүмүүст хэлдэггүй ...” гэж тус тус мэдүүлжээ. 

Ийнхүү Архангай аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Ч.Б 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн “Зөрчилд шийтгэл оногдуулах тухай” №01042018001 дүгээр шийтгэлийн хуудсаар холбогдогч “Ө” ХХК-ийн гаргасан зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 6.5 дахь хэсэгт заасны дагуу 1.500.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан байна. 

Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 6.5.-д “Монгол Улсын стандартын шаардлага хангасан кассын машин хэвлэх төхөөрөмж, хэвлэлийн хор, тасалбарын цаас, пос терминал машин хэрэглэх үүргээ биелүүлээгүй бол хүнийг нэг зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянга таван зуун  нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж;

Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн  18.1. дэх хэсэгт “Татвар төлөгч дараахь үүрэг хүлээнэ: 18.1.8.-д “Монгол Улсын стандартын шаардлага хангасан кассын машин хэвлэх төхөөрөмж, хэвлэлийн хор, тасалбарын цаас, пос терминал машин хэрэглэх” гэж; 

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.14.-д "төлбөрийн баримт" гэж тухайн төлбөр тооцоо хийгдсэнийг нотлох он, сар, өдөр, дахин давтагдашгүй төлбөрийн дугаар бүхий нэгдсэн системээр баталгаажсан, албан татвар суутган төлөгч буюу худалдаа эрхлэгчийг таних тэмдэг бүхий нэр, хаяг, татвар төлөгчийн дугаар, худалдаа хийгдсэн бараа, ажил, үйлчилгээний нэр, код, тоо хэмжээ, үнэ, төлбөр тооцооны болон татварын дүн зэрэг мэдээллийг агуулсан зориулалтын тоног төхөөрөмжөөс гаргасан цаасан болон цахим баримтыг;

5 дугаар зүйлийн 5.2. Үйл ажиллагааны борлуулалтын орлогын хэмжээ нь 50 сая ба түүнээс дээш төгрөгт хүрч, албан татвар ногдуулан суутган авч, төсөвт төвлөрүүлэх үүрэг бүхий дараах этгээд албан татвар суутган төлөгч байна: 5.2.1.-д Монгол Улсын нутаг дэвсгэрт бараа, ажил, үйлчилгээний борлуулалт хийсэн; 5.2.2.-д бараа, ажил, үйлчилгээг импортоор оруулсан; 5.2.3.-д бараа, ажил, үйлчилгээг экспортод гаргасан.

17 дугаар зүйлийн 17.3. Албан татвар суутган төлөгч доор дурдсан үйл ажиллагааг хэрэгжүүлнэ: 17.3.2.-т “бараа, ажил, үйлчилгээг борлуулсан тухай бүр төлбөрийн баримтыг татвар төлөгчид олгоно”, 17.5. дахь хэсэгт “Албан татвар суутган төлөгч төлбөрийн баримт олгохоос татгалзах, хуурамч буюу хийгдсэн төлбөр тооцооноос өөр дүнтэй төлбөрийн баримт олгохыг хориглоно”, 17.6. дахь хэсэгт “Албан татвар суутган төлөгч төлбөрийн баримтыг өөр дүнгээр олгосон, эсхүл төлбөрийн баримт олгохоос татгалзсан бол албан татвар төлөгч энэ талаар татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад, эсхүл харьяа татварын албанд нэн даруй мэдэгдэх үүрэгтэй” гэж тус тус заасан.

Хуулийн дээрх заалтын агуулгаас үзвэл, татвар суутган төлөгч хуулийн этгээд нь бараа, ажил, үйлчилгээ борлуулсан тохиолдол бүрт татвар төлөгчид төлбөрийн баримтыг заавал олгохоор зохицуулжээ.

Маргаан бүхий энэ тохиолдолд, гомдол гаргагч “Ө” ХХК нь иргэн С.Э, Н.Ч нарын худалдан авсан барааны төлбөрийн баримтыг тухайн цаг хугацаанд нь олгоогүй, дээрх иргэдийг гомдол гаргасны дараа нөхөж олгосон үйл баримт тогтоогдож байна. 

Гомдол гаргагч “Ө” ХХК-иас “ ... зарим үед интернет саатсанаас болж зарим үйлчлүүлэгч е-мэйл хаягаараа төлбөрийн баримтаа авах санал гаргасны дагуу төлбөрийн баримтыг е-мэйл хаягаар нь явуулж байсан ... гомдол гаргасан н.Э-гийн төлбөрийн баримтыг е-майл хаягаар нь явуулсан ... н.Ч-гийн е-мэйл хаягийг касс Т буруу бичсэний улмаас баримтыг явуулж чадаагүй ба сүүлд нь нөхөн олгосон болно ...” гэж тайлбарлаж байгаа боловч уг тайлбар нь маргаан бүхий шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох үндэслэл болохгүй. 

Өөрөөр хэлбэл, гомдол гаргагч “Ө” ХХК-ийн гомдолд дурдсан дээрх нөхцөлийг холбогдох хууль тогтоомжоор зохицуулаагүй, татвар төлөгчид төлбөрийн баримтыг е-мэйл хаягаар илгээх эсхүл тодорхой хугацааны дараа нөхөн олгох талаар эрх хэмжээ олгогдоогүй байна. 

Нөгөөтэйгүүр, гомдол гаргагч “Ө” ХХК нь Монгол Улсын стандартын шаардлага хангасан кассын машин, хэвлэх төхөөрөмж, хэвлэлийн хор, тасалбарын цаас, пос терминал машин хэрэглэх үүрэгтэй бөгөөд дээрх үүргээ биелүүлээгүй болох нь хэргийн оролцогч, гэрч нарын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар тогтоогдож байна. 

Тодруулбал, гомдол гаргагч “Ө” ХХК-ийн захирал зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад гаргасан мэдүүлэгтээ “ ... яг кассын машин байхгүй, баримт хэвлэх пос хэвлэгч байгаа ...” гэж, гэрч Ц.Т-ын мэдүүлэгтээ “ ... баримт авий гэсэн хүнд л төлбөрийн баримт илгээдэг. Баримт авна гэхгүй бол баримт өгдөггүй. Баримт илгээсэн талаараа хүмүүст хэлдэггүй ...” гэж мэдүүлсэн бөгөөд татвар төлөгчийн хуулиар хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй гэж үзэх үндэслэлтэй. 

Иймд дээрх үндэслэлээр гомдол гаргагч “Ө” ХХК-ийн гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулий 106 дугаар зүйлийн 106.1., 106.3.14 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.8, Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 6.5.-д заасныг баримтлан гомдол гаргагч “Ө” ХХК-иас Архангай аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Ч.Б-д холбогдуулан гаргасан “Архангай аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Ч.Б-гийн 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн “Зөрчилд шийтгэл оногдуулах тухай” №01042018001 дүгээр шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” тухай гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай. 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1., 47 дугаар зүйлийн 47.1. дэх хэсэгт заасныг баримтлан гомдол гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2.-д зааснаар хэргийн оролцогчид болон тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш таван хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

                                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         С.ГАНБАТ