Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Намжилын Долгорсүрэн |
Хэргийн индекс | 127/2019/0009/З |
Дугаар | 221/МА2023/0087 |
Огноо | 2023-02-01 |
Маргааны төрөл | Газар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2023 оны 02 сарын 01 өдөр
Дугаар 221/МА2023/0087
“А.Т.Р.С” ХХК-ийн
нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн:
Даргалагч: Шүүгч Т.Энхмаа,
Бүрэлдэхүүнд оролцсон: Шүүгч А.Сарангэрэл,
Илтгэгч: Шүүгч Н.Долгорсүрэн,
Давж заалдах гомдол гаргасан: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ү,
Нэхэмжлэгч: “А.Т.Р.С” ХХК,
Хариуцагч: Хэнтий аймгийн Засаг дарга,
Гуравдагч этгээд: “Х-У” ХХК,
Нэхэмжлэлийн шаардлага: “Хэнтий аймгийн Засаг даргын 2008 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 121 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах”,
Хэнтий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 18 дугаар шийдвэртэй,
Шүүх хуралдаанд оролцогчид: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ү, гуравдагч этгээдийн төлөөлөгч Ч.Т, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Л.Б, Э.А-У нар,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Т.Мөнхтуяа,
Хэргийн индекс: 127/2019/0009/З.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “А.Т.Р.С” ХХК нь Хэнтий аймгийн Засаг даргад холбогдуулан “Хэнтий аймгийн Засаг даргын 2008 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 121 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.
2. Хэнтий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 18 дугаар шийдвэрээр: “Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4, 21.4.3, 27 дугаар зүйлийн 27.1, 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэг, Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай /2006 оны/ хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3 дахь хэсэгт заасныг баримтлан “Хэнтий аймгийн Засаг даргын 2008 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 121 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэгч “А.Т.Р.С” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.
3. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ү дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд: “...
3.1. Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ “аймгийн Засаг дарга өөрт байхгүй эрх хэмжээг хэрэгжүүлж сумын Засаг даргын эрх мэдэлд халдаж захирамж гаргаж газар болон рашаан ашиглах эрхийг бусдад шилжүүлсэн үйлдэл нь хууль бус” гэж дүгнэж нэхэмжлэлийн шаардлагыг хангахаас татгалзсан нь үндэслэлгүй. Учир нь гуравдагч этгээд 2003 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 115 дугаар аймгийн Засаг даргын захирамжийг хүлээн зөвшөөрөөгүй талаар гомдлыг 2008 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 121 дүгээр захирамж гаргах хүртэлх хугацаанд гаргаагүй, гаргасан талаарх баримт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргаж өгөөгүй, мөн Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын Засаг дарга 2003 оны аймгийн Засаг даргын захирамжтай холбоотой гомдол гаргаагүй зэрэг нь аймгийн Засаг дарга сумын Засаг даргын эрх хэмжээнд халдаагүйг харуулж байна. Хэрэв шүүх аймгийн Засаг дарга Дэлгэрхаан сумын Засаг даргын эрх хэмжээнд халдсан гэж үзвэл Дэлгэрхаан сумын Засаг дарга нь эрх ашиг нь хөндөгдөж буй этгээд болох тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдээр оролцох ёстой байсан этгээд болно.
3.2. Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцдаа рашаан ашиглах эрхийг цуцалсан эсхүл газар эзэмших эрхийг цуцалсан эсэх талаар хууль зүйн дүгнэлт хийгээгүй, тэр талаар хариуцагчаас тодруулаагүй зэрэг нь шүүхийн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр байх шаардлагыг хангаагүй. Иймд 18 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.
4. Хариуцагч, гуравдагч этгээд нараас давж заалдах гомдлыг үгүйсгэж бичгээр тайлбар гаргаагүй байна.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг давж заалдах гомдлын хүрээнд хянав.
2. Анхан шатны шүүх Газрын тухай хууль, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль болон бусад холбогдох хуулийн зүйл, заалтуудыг зөв тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тул шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
3. Шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг дараах үндэслэлээр хангахгүй орхилоо. Үүнд:
3.1. Нэхэмжлэгч “А.Т.Р.С” ХХК нь Хэнтий аймгийн Засаг даргад холбогдуулан “Хэнтий аймгийн Засаг даргын 2008 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 121 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах”-аар маргаж байна.
3.2. Гуравдагч этгээд “Х-У” ХХК-ийн тухайд Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын Засаг даргын 1998 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 67 дугаар захирамжаар “... тус компанид 2 га газрыг эзэмшүүлсэн”, сумын Засаг дарга 1999 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр, 2005 оны 06 дугаар сарын 09-ний өдөр тус тус 67 тоот шийдвэрийг үндэслэн 2 га газрыг 15 жилийн хугацаатай рашаан ус, үйлчилгээний зориулалтаар эзэмшүүлэхээр гэрчилгээ олгосон, 2003, 2005, 2007, 2009, онуудад “Ус ашиглах гэрээ”, “Аж ахуйн нэгж, байгууллагын газар ашиглах гэрээ”-г тус тус байгуулсан, сумын Засаг даргын 2012 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 78 дугаар захирамжаар “ “Х-У” ХХК-ийн эзэмшиж байсан 2 га газрын эзэмших эрхийг 15 жилийн хугацаагаар сунгаж”, 2013, 2015, 2018, 2019 онуудад “Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ”-г, 2006, 2018, 2019 онуудад “Рашаан ашиглах гэрээ”-г байгуулсан байна.
3.3. Нэхэмжлэгчийн тухайд Хэнтий аймгийн Засаг даргын 2003 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 115 дугаар захирамжаар “... Аваргын рашааныг ашиглах эрхийг “А Т” рашаан сувиллыг нийтийн дуудлагын худалдаагаар авсан “А Т-Х” ХХК-д олгож, газар эзэмших болон ус ашиглах гэрээг байгуулж ажиллахыг сумын Засаг даргад даалгаж, “Х-У” ХХК-д эрх олгосон гэх Дэлгэрхаан сумын Засаг даргын 1997 оны 67 дугаар захирамж, 1997 онд байгуулсан газар эзэмших 09 дүгээр гэрээ, 2003 оны ус ашиглах гэрээ, газар ашиглах 05 дугаар гэрээнүүдийг тус тус хүчингүй болсонд тооцсон” байна.
Харин Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын Засаг даргын 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 04 дүгээр албан бичгээр “... 115 дугаар захирамжийн дагуу сумын Засаг даргын захирамж гараагүй” гэж мэдэгдэж, сумын Засаг даргын “А Т Х” ХХК-д олгосон 2004 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 0022540 дүгээр газар эзэмших эрхийн гэрчилгээ, мөн өдрийн тус компанитай байгуулсан “Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ”-г ирүүлсэн, мөн анхан шатны шүүхийн 2020 оны 31 дүгээр албан бичгээр “А.Т.Р.С” ХХК-ийн Аваргын рашааныг ашиглахтай холбоотой байгуулсан гэрээ, төлбөр төлсөн баримт болон байгаль орчны үнэлгээ хийлгэсэн тайлан зэргийг шаардахад сумын Засаг даргын Тамгын газрын 2020 оны 41 дүгээр албан бичгээр “... дурдагдсан баримтууд байхгүй” гэх хариуг ирүүлсэн, сумын газрын даамлын 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн тайлбарт “... тус компанид 2 га газрыг эзэмшүүлэх сумын Засаг даргын шийдвэр гараагүй, тухайн үед гаргасан газар эзэмших хүсэлт, өргөдөл холбогдох этгээд гаргаж байгаагүй, тус компанид олгосон нэгж талбар байхгүй” гэжээ. Нэхэмжлэгчээс тухайн газар болон рашааныг эзэмшиж, ашиглахтай холбоотой 115 дугаартай захирамж, газар эзэмших эрхийн гэрчилгээ, төлбөр төлсөн баримт зэргээс өөр баримт ирүүлээгүй байна.
3.4. “Х-У” ХХК-ийн 2003 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 15 дугаар албан бичгээр аймгийн Засаг даргад “... 115 тоот захирамжийг өөрчилж, зөрчигдсөн эрхээ сэргээлгэх” хүсэлт гаргасан, улмаар аймгийн Засаг даргын 2008 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 121 дүгээр захирамжаар “... Дэлгэрхаан сумын нутаг дэвсгэрт орших А Т нуур болон А Т эмчилгээний зориулалттай нийтийн эзэмшлийн рашааныг зараагүй бөгөөд А Т сувиллын барилга байгууламжийг дуудлага худалдаагаар зарсан. Аймгийн Засаг даргын 2003 оны 155 дугаар захирамжаар Д.Ттэй байгуулсан “Худалдах, худалдан авах гэрээ”-г үндэслэн “А Т Х” ХХК-д Аваргын рашааныг ашиглах эрхийг олгосон нь үндэслэлгүй учир дээрх газар эзэмшигчээр эхэлж авсан “Х-У” ХХК-ийн эрхийг сэргээн олгож, газар эзэмших болон ус ашиглах гэрээг “Х-У” ХХК-тай байгуулж ажиллахыг сумын Засаг даргад даалгаж, аймгийн Засаг даргын 2003 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 115 дугаар захирамжийг хүчингүй болсонд тооцсон” байх тул “... гуравдагч этгээд 115 тоот захирамжийг хүлээн зөвшөөрөөгүй талаарх гомдлыг 121 дүгээр захирамжийг гаргах хүртэлх хугацаанд гаргаагүй” гэх давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй.
3.5. Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4.3-д “энэ хуулийн 21.3.2-т зааснаас бусад газрыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу сумын хэмжээнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэж, зохион байгуулах”, 21.3.2-т “аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөний дагуу аймгийн төвийн инженерийн шугам, сүлжээ бүхий газруудад газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэнэ. Уг асуудлыг шийдвэрлэхэд тухайн сумын Засаг даргын саналыг авсан байна” гэж тус тус заасан.
3.6. Дээрх үйл баримтууд болон хуулийн зохицуулалтуудаас үзвэл сумын Засаг дарга тухайн сумын хэмжээнд газар эзэмшүүлэх эрхтэй бөгөөд Дэлгэрхаан сумын Засаг дарга энэ эрхийнхээ хүрээнд нэхэмжлэгч “А.Т.Р.С” ХХК-д газар эзэмшүүлсэн шийдвэр гаргаагүй, өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч хууль ёсны дагуу мөн газрыг болон рашааныг эзэмших эрх үүсээгүй байна. Иймд аймгийн Засаг дарга маргаан бүхий 121 дүгээр захирамжаар өмнө гаргасан 115 дугаар захирамжаа хүчингүй болгосон нь Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль /2006/-ийн 29 дүгээр зүйлийн 29.3-д “Засаг даргын захирамж хууль тогтоомжид нийцээгүй бол өөрөө, эсхүл сум, дүүргийн Засаг даргын захирамжийг аймаг, нийслэлийн Засаг дарга, аймаг, нийслэлийн Засаг даргын захирамжийг Ерөнхий сайд тус тус өөрчлөх буюу хүчингүй болгоно” гэж заасантай нийцсэн, энэ талаар анхан шатны шүүх үндэслэлтэй дүгнэжээ.
3.7. Түүнчлэн гуравдагч этгээд “Х-У” ХХК-д газар эзэмших эрх олгосон 67, газар эзэмших эрхийг сунгасан 78 дугаар захирамжууд нь хүчин төгөлдөр байгаа тохиолдолд нэхэмжлэгч уг газрыг давхар эзэмших боломжгүй бөгөөд ийнхүү эзэмшүүлэх нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-д заасантай нийцэхгүй.
3.8. “... Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцдаа рашаан ашиглах эрхийг цуцалсан эсхүл газар эзэмших эрхийг цуцалсан эсэх талаар хууль зүйн дүгнэлт хийгээгүй, тэр талаар хариуцагчаас тодруулаагүй” гэх гомдлын тухайд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “... аймгийн Засаг даргын 115, 121 дүгээр захирамжууд нь газар эзэмшүүлэхтэй холбогдсон эрх зүйн харилцаа бус зөвхөн Аваргын рашааныг ашиглуулахтай холбогдсон харилцааг шийдвэрлэсэн” гэх хариу тайлбарыг шүүхэд гаргасан, хэдийгээр 115, 121 дүгээр захирамжуудын агуулгаас үзвэл Аваргын рашааны ашиглахтай холбоотой харилцааг зохицуулсан гэж үзэж болох ч рашааныг бодитоор ашиглахын тулд тухайн газрыг болон рашааныг эзэмших, ашиглах эрх нэн түрүүнд хууль ёсны дагуу үүссэн байх ёстой. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтын хүрээнд нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл, хэргийн нөхцөл байдлыг зөв дүгнэж нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь холбогдох хуулийг зөрчөөгүй байна.
3.9. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.5-д зааснаар нэхэмжлэлийн шаардлагад тодорхойлсон захиргааны акт, захиргааны гэрээний улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдийг гуравдагч этгээд гэж ойлгоно. “Хэнтий аймгийн Засаг даргын 2008 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 121 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагын улмаас сумын Засаг даргын эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөөгүй, түүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдээр татан оролцуулах шаардлага бий болоогүй байх тул энэ талаарх давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй.
3.10. Дээр дурдсан үндэслэлээр шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хангахгүй орхилоо.
4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч анхан шатны шүүх хуралдаанд оролцсон, давж заалдах шатны шүүх түүнд шүүх хуралдааны товыг мэдэгдсэн, тэрээр шүүх хуралдаанд оролцох боломжгүй бөгөөд энэ талаар бичгээр хүсэлтээ ирүүлэхээ амаар илэрхийлсэн тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.2-т “Энэ хуулийн 117.1-д зааснаар шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд ирээгүй нь давж заалдах журмаар хэргийг хянан шийдвэрлэхэд саад болохгүй” гэж зааснаар хэргийг хэлэлцсэн болохыг тэмдэглэв.
5. Шүүхийн шийдвэрт Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн “Улсын” гэснийг “улсын” гэж техникийн алдаа гаргасан байгааг цаашид анхаарах нь зүйтэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хэнтий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 18 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч “А.Т.Р.С” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Үийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Т.ЭНХМАА
ШҮҮГЧ А.САРАНГЭРЭЛ
ШҮҮГЧ Н.ДОЛГОРСҮРЭН