Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 04 сарын 08 өдөр

Дугаар 2021/ШЦТ/485

 

 

 

 

2021         04          08                                        2021/ШЦТ/485

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Санжидмаа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Сүхбат,

Улсын яллагч С.Чимэдцэеэ,

Шүүгдэгч Э.А нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Т овогт Э.А-д холбогдох эрүүгийн 2106 00000 0337 дугаартай хэргийг 2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Холбогдсон хэргийн талаар/ яллах дүгнэлтээр/:

Шүүгдэгч Э.А нь 2021 оны 02 дугаар сарын 05-ны оройн 21 цагийн үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Э.Мтэй үл ялих шалтгаанаар маргалдаж нүүр, цээж хэсэгт гараараа цохин, толгой руу нь үнсний сав шидэж, их бие хэсэгт хүрзээр цохисны улмаас түүний биед хуйханд шарх, зөөлөн эдийн няцрал, баруун доод зовхинд цус хуралт, хүзүүнд цус хуралт, зулгаралт, зүүн эгэм орчим цус хуралт, нуруунд зулгаралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын гаргасан хүсэлтээр хэрэгт цугларсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Э.А шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: “Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлэг өгсөн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.

Эрүүгийн 2106 00000 0337   дугаартай хэргээс:

Шүүгдэгч Э.Аын мөрдөн байцаалтад өгсөн: “2021 оны 02 дугаар сарын 05-ны өдөр би өөрийн найз Б-тэй Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах найз Б-гийнд очсон. Бид хоёрын очих үед Б, Э.М болон түүний найз болох зүс танихгүй 2 залуу байсан бөгөөд олон шил архи уусан шинжтэй байсан. Э.М бид 2 нутаг ус, аав, ээжийнхээ талаар ярьж байгаад маргалдсан. М.Э намайг “миний боовыг хөх” зэргээр согтуурхаад байхаар нь би үнсний сав шидэж толгой хэсэгт нь оносон, мөн хүрзээр нуруу орчимд нь 1 удаа цохисон” гэх мэдүүлэг /хх-ийн 35-36 дугаар хуудас/,

Хохирогч Э.М-н мөрдөн байцаалтад өгсөн: ...Би Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Намяанжү 47-1 тоот Шөнийн зах, Сандэй плаза хоёрын дунд байрлах Ижий Монгол ХХК-д туслах ажилтан хийдэг. 2021 оны 02 дугаар сарын 04-нөөс 05-нд шилжих шөнө ажил дээрээ харуул хийж хоносон. Манай найз Түвшинтөгс гэх залуу надтай хамт хоносон. 02 дугаар сарын 05-ны өдрийн өглөө 10:00 цагт ээлжийн ажилтан Бямбасүрэн, манай найз Батдэлгэр хоёр нэг, нэг шил 0,75 литрийн “Соёрхол” нэртэй архи авчирсан бөгөөд тэр архийг бид нар хамт хувааж уусан. Амгаа гэх нэртэй залуу манай аавыг “их сонин нөхөр байсан” гэж хэлснээс болж маргаан үүссэн. Амгаа, Бэрхээ хоёр нь хоёулаа намайг зодсон” гэх мэдүүлэг /хх-ийн 8-10 дугаар хуудас/,

Гэрч Б.Б мөрдөн байцаалтад өгсөн: “...2021 оны 02 дугаар сарын 05-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах найз Бямбасүрэнгийнд найз Э.Аын хамт очсон. Тэнд Бямбасүрэнгээс гадна М болон хоёр танихгүй залуу байсан. Бид хоёрыг орсноос хойш нэг их удалгүй Э.А, Э.М нар маргалдаж эхэлсэн бөгөөд сүүлдээ зодолдож А М-ийг ганц нэг удаа цохисон” гэх мэдүүлэг /хх-ийн 40-41 дүгээр хуудас/,

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Т.Номинцэцэгийн 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 1399 дугаартай: 1. Э.М-н биед хуйханд шарх, зөөлөн эдийн няцрал, баруун доод зовхинд цус хуралт, хүзүүнд цус хуралт,  зулгаралт, зүүн эгэм орчим цус хуралт, нуруунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. 5. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой” гэх дүгнэлт /хх-ийн 15-16 дугаар хуудас/,

- Шүүгдэгч Э.Аын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас / хх-ийн 43 дугаар хуудас/,

- Шүүгдэгч Э.Аын хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх-ийн 46 дугаар хуудас/,

- Хохирогч Э.М-н гаргасан хүсэлт /хх-ийн 45 дугаар хуудас/,

- Эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаарх прокурорын санал /хх-ийн 53 дугаар хуудас/ зэрэг баримтуудыг шинжлэн судлав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Э.А нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдсон, шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, түүний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгож, хохирлыг нөхөн төлсөн,прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн зэрэг нөхцөл байдлууд хууль зөрчөөгүй байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзэв.

Шүүгдэгч Э.Аад холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Э.А нь 2021 оны 02 дугаар сарын 05-ны оройн 21 цагийн үед Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Намяанжү гудамжны 47-1 тоотод байрлах Ижий “Монгол” ХХК-ийн байранд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Э.Мтэй үл ялих шалтгаанаар маргалдаж нүүр, цээж хэсэгт гараараа цохин, толгой руу нь үнсний сав шидэж, их бие хэсэгт хүрзээр цохисны улмаас түүний биед хуйханд шарх, зөөлөн эдийн няцрал, баруун доод зовхинд цус хуралт, хүзүүнд цус хуралт, зулгаралт, зүүн эгэм орчим цус хуралт, нуруунд зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч Э.Аын мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлгүүд, хохирогч Э.М, гэрч Б.Б нарын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг, Шүүхийн  шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 1399 дугаартай дүгнэлт болон хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт бэхжүүлэгдэн, шүүх хуралдаанаар хэлэлцүүлэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч Э.Аын гэм буруутай үйлдэл болон уг үйлдлийн улмаас хохирогчийн биед гэмтэл учирсан үр дагавар шууд шалтгаант холбоотой болох нь нотлогдсон байна.

Шүүгдэгч Э.Аын энэхүү үйлдэл нь Монгол улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулж буй гэмт үйлдэл болох юм.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч Э.Аын хөнгөн гэмтэл бүхий хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай  учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйлийн хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.

Шүүгдэгч Э.А нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэх нь  зүйтэй.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Улсын яллагчаас Э.Аад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь түүний гэмт үйлдэлд тохирсон байх тул шүүгдэгч Э.Аыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тухайн зүйл хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Э.Аад ял шийтгэл оногдуулахад тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэгт заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Э.Аад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэргийн  нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг  харгалзан улсын яллагчийн саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

Шүүгдэгч Э.А нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримт, бичгийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Э.М нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдах нь зүйтэй байна.

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Т овогт Э.А-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Аыг 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/  төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан ялтан Э.Аад оногдуулсан торгох ялыг 7 /долоон// сарын дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан Э.А нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол ялтан Э.Аад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6.  Ялтан Э.А нь  энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримт, бичгийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Э.М гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.

7.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

                                ДАРГАЛАГЧ,

                                         ШҮҮГЧ                      Х.САНЖИДМАА