| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нацагийн Баасанбат |
| Хэргийн индекс | 105/2021/0342/Э |
| Дугаар | 443 |
| Огноо | 2021-04-01 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | Д.Уянга |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 04 сарын 01 өдөр
Дугаар 443
2021 04 01 2021/ШЦТ/443
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж,
улсын яллагч Д.Уянга,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хосбаяр,
шүүгдэгч Х.Б, түүний өмгөөлөгч Н.Ганбат нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт Боржигон овогт Хишгээгийн Бд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2006 04121 0261 дугаартай хэргийг 2021 оны 03 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Х.Б нь 2020 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэр 7 дугаар байрны 03 дугаар орцны 00 тоот жижүүрийн өрөөний хаалганы цоожийг эвдэн орж ТЖЛ загварын 32 инчийн зурагтыг хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдэж, бусдад 250.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
/яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлахад шүүгдэгч Х.Б нь хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч үйлдсэн болох нь:
Хохирогч С.Уийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:
“2020 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр орцны подвалд хонины толгой хуйхлахаар жижүүрийн өрөө буюу гэрийнхээ хаалгыг цоожилсон юм. Хонины толгойгоо хуйхалж дуусгаад гэртээ ирэхэд гэрийн хаалганы цоожийг эвдэж ороод зурагт аваад явсан байсан. Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 4 дүгээр байрны 1 дүгээр орцны жижүүр Оюунжаргалын жижүүрийн өрөө рүү орсон чинь манай зурагтай адилхан зурагт байхаар нь шалгуулахаар цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Цагдаагийн албан хаагч нар ирээд надаас “та зурагтаа яаж таних вэ” гэж асуухаар нь “зурагтын голын доод хэсэгт байрлах Самсунг гэх бичгийг хуулаад үзвэл ТЖЛ гэсэн бичиг гарч ирнэ” гэж хэлсэн ба миний хэлснээр шалгаж үзэхэд ТЖЛ гэсэн бичиг гарч ирсэн учир манай зурагт гэдгийг мэдсэн. Оюунжаргал гэх эмэгтэй огт юм дуугарахгүй байсан бөгөөд түүний нөхөр Баяраа манай зурагтыг хулгайлсан гэж бодож байна. Би зурагтаа алдсан өдрөө цагдаагийн байгууллагад хандаагүй юм” гэх мэдүүлэг /хх-ийн 08-09/,
Гэрч Д.Оюунжаргалын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:
“Би Нарантуул захаас зурагт худалдаж аваагүй. Х.Б хавтгай хар өнгийн зурагтыг гэрээсээ авч ирлээ гэж хэлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 21-22/,
Хөрөнгийн үнэлгээ, зуучлалын “Дамно” ХХ Компанийн 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн БЗД2-20-1478 дугаартай:
“ТЖЛ маркийн 32 инчийн саарал өнгийн телевизорыг 250.000 төгрөгөөр үнэлэв” гэх үнэлгээний тайлан /хх-ийн 39-40/,
Шүүгдэгч Х.Бы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:
“Манай эхнэр өмнө нь надад “том зурагт үзмээр байна” гэж хэлсэн. Би тухайн өдөр салхинд гарч яваад Урнаагийн гэрээр ороод гаръя гэж бодоод орц руу нь ороход Урнаа гэртээ байхгүй, хаалга нь онгорхой байсан. Урнаа архи уудаг учир би түүнийг гараад явсан гэж бодсон. Би гэрт нь ороод зурагтыг аваад харьсан.
Би өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байна, хийсэн хэрэгтээ харамсаж байна” гэх мэдүүлэг /хх-ийн 24-25, 101-102/,
- гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 06/,
- эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 10/,
- хэргийн газар нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 26-29/,
- эд зүйлийн гэрэл зураг /хх-ийн 34-37/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.
Хавтаст хэргээс Х.Бы эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, холбогдох баримтууд /хх-ийн 54-78/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 79/ зэрэг баримтуудыг шинжлэн судалсан болно.
Эдгээр нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар гэмт хэргийн нөхцөл байдлын талаар хуульд заасан үндэслэл журмын дагуу буюу нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх журмын дагуу олж авсан, тухайн хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хамааралтай гэж шүүх дүгнэсэн болно.
Хохирогч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа хууль сануулж, хуульд заасан журмын дагуу мэдүүлгийг авсан, хөрөнгийн үнэлгээний тайланг тухайн хэрэгт хувийн сонирхолгүй этгээд тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан байна.
Бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг нь гэмт этгээд хохирогчийн эрүүл мэнд, амь насанд халдахгүйгээр хохирогч болон бусдад мэдэгдэхгүйгээр бусдын эд хөрөнгийг авч захиран зарцуулах боломжийг өөртөө үүсгэснээр төгс үйлдэгддэг.
Гэмт этгээдийн бусдын эд хөрөнгийг эзэмшилдээ авч, өөрийн болгон захиран зарцуулах бодит бололцоо бий болсон үйлдэл нь хулгайлах гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж, өөртөө амар хялбар аргаар орлого олох санаа зорилготой, орлого олохыг хүсэж үйлддэг идэвхтэй үйлдлээр үйлдэгддэг гэмт хэрэг болно.
Гэмт хэрэг үйлдэгдсэн байр нь хохирогчийн байнга байрлан амьдрахын зэрэгцээгээр өдөр тутмын үйл ажиллагаагаа явуулах зориулалтаар ашигладаг байгууламж буюу байрны орцны жижүүрийн өрөө байх бөгөөд уг өрөө тасалгаа нь нэг субъектийн эрх ашиг, орон зайг нөгөө субъектийн орон зай, үйлдлээс тусгаарлаж байдаг байдлаараа байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалт бүхий орон байранд хамаарах юм.
Шүүгдэгч Х.Б нь хохирогч С.Уийн байнга амьдарч, өөрийн хариуцсан ажил үүргийг гүйцэтгэдэг орцны жижүүрийн өрөөнд эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр хууль бусаар буюу хаалганы цоожийг эвдлэн нэвтэрч, тэнд байсан зурагтыг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр өөрийн болгон авч, захиран зарцуулах бололцоог бий болгосон үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.
Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Х.Бд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйлчлэл хууль зүйн үндэслэлтэй байна.
Хулгайлах гэмт хэргийн үр дагавар нь хууль бусаар, нууц аргаар, шууд санаатай, шунахай сэдэлт зорилгоор гэмт этгээд бусдын эд зүйлс, өмч хөрөнгийг эзэмшиж, захиран зарцуулж, иргэн, аж ахуй нэгжид хохирол учруулах байдлаар илэрнэ. Энэ үйлдэл нь өмчлөх эрхээ шударгаар эдэлж буй эзэмшигчдэд материаллаг болон сэтгэл санааны хохирол учруулдаг.
Шүүгдэгч нь хүний амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтын шатанд өгсөн хохирогч, шүүгдэгч, гэрч нарын мэдүүлэг болон хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.
Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Х.Быг хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийг баримтлан мөн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчимд тулгуурлан, хуульд заасан хариуцлага оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Хохирогч С.У нь шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэж хулгайлж авсан зурагтыг өөрөө таньж олсноор цагдаагийн байгууллагад мэдээлэл гаргаснаар мөрдөн шалгах ажиллагааг явуулж зурагтыг хураан авч, хүлээлгэн өгсөн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, санаа сэдэл, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-д ...эрүүгийн хариуцлага нь тухай хүн... үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байна... гэсэн зарчмыг баримтлан шүүгдэгчийн үйлдэлд Эрүүгийн хуульд зааснаар гэм буруутайд тооцон, ял шийтгэл оногдуулж шийдвэрлэлээ.
Шүүхээс шүүгдэгчид ял шийтгэхдээ үйлдсэн гэмт хэргийнх нь нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хохирлын хэмжээ, гэмт хэргийн улмаас учирсан хохирол арилсан байдал, шүүгдэгчийн хувийн байдал, үйлдсэн гэмт хэрэгтээ өгч байгаа дүгнэлт, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хорих ялыг оногдуулж, биечлэн эдлүүлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэхээр хуульчилсан ба шүүгдэгч Х.Бы урьд нь өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг удаа дараа үйлдэж ял шийтгүүлж байсан хувийн байдлыг харгалзаж тухайн гэмт хэрэгт оногдуулах хорих ялын доод хэмжээнээс доогуур хорих ял оногдуулах тухай түүний өмгөөлөгчийн саналыг хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлгүй гэж үзлээ.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8,
36.10, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Хийн Быг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Х.Быг хоёр жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Бд оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Хэргийн учир шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг 2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн тооцсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хохирогч, шүүгдэгч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид хэрэглэсэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БААСАНБАТ