Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 02 сарын 24 өдөр

Дугаар 741

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Л.Энхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Монгол улсын хуулийн этгээд, ......... регистрийн дугаартай, Сүхбаатар дүүрэг Сөүлийн гудамжинд оршин байх ............ ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Монгол улсын хуулийн этгээд ........... регистрийн дугаартай Баянзүрх дүүрэг, 11 дүгээр хороо, Барилга Мега стори В1-8 тоотод оршин байх . ХХК-нд холбог............... дох,

Гэрээний үүргийн гүйцэтгэлд 259.573.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.   

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ц, Д.У, хариуцагчийн төлөөлөгч Т.Ч, түүний өмгөөлөгч Д.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Номинцэцэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ:

1. Нэхэмжлэгч Э.К ХХК нь хариуцагч Ч.Д ХХК-тай 2014 оны 5 дугаар сарын 26-ны өдөр 01/2014-0526 тоот Бараа нийлүүлэх гэрээ болон 2014 оны 11 дүгээр сарын 21-ны өдрийн НГ01/2014-1121 тоот нэмэлт гэрээг байгуулсан. Хоёр талын байгуулсан 01/2014-0526 тоот үндсэн гэрээний 2.2-т заасны дагуу хариуцагч Ч.Д ХХК нь нэг бүр нь 1.500.000 төгрөгийн үнэ бүхий 165 ширхэг нийт 247.500.000 төгрөгийн үнэ бүхий модон хавтастай ган хамгаалалтын хаалгыг гэрээний 2.6-т заасны дагуу 2014 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр бүрэн нийлүүлэх үүрэгтэй байсан боловч гэрээнд заасан хугацаанд нийлүүлээгүй тул талууд 2014 оны 11 дүгээр сарын 21-ны өдөр НГ01/2014-1121 тоот нэмэлт гэрээг байгуулан гэрээний 1-д заасны дагуу модон хавтастай ган хамгаалалтын хаалгыг 2015 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр нийлүүлж дуусгахаар талууд харилцан тохиролцож нэмэлт хугацаа тогтоосон боловч хариуцагч Ч.Д ХХК нь гэрээнд заасан хугацааг хэтрүүлж 2015 оны 7 дугаар сарын 05-ны өдөр хаалгыг бүрэн нийлүүлсэн. Хариуцагч Ч.Д ХХК нь нэхэмжлэгч ******* ******* ХХК-д нийт 169 ширхэг хаалга буюу 253.500.000 төгрөгийн үнэ бүхий хаалгыг гэрээнд заасан хугацааг хэтрүүлэн нийлүүлж, суурилуулсан боловч хариуцагч Ч.Д ХХК-ийн нийлүүлсэн хаалга нь чанар стандартын шаардлага хангахгүй хаалга нийлүүлсэн бөгөөд талуудын эрх бүхий хүмүүс хариуцагч талын нийлүүлж, суурилуулсан хаалгыг нэг бүрчлэн шалгахад хариуцагч Ч.Д ХХК-ийн 01/2014-1226 тоот гэрээний 2.6-д заасан Кинг тауэр барилгын 1, 2 дугаар барилгад нийлүүлж суурилуулсан 56 ширхэг хаалганаас 21 ширхэг хаалга нь чанарын шаардлага хангаагүй тул 2016 оны 4 дүгээр сарын 15-ны дотор солихоор харилцан тохиролцож акт үйлдсэн боловч өнөөдрийг хүртэл чанаргүй 21 ширхэг хаалгыг сольж өгөөгүй, мөн хариуцагч талын Кинг тауэр барилгын 2, 3 дугаар барилгад нийлүүлсэн 113 ширхэг хаалганаас 37 хаалга, 7 цоож чанарын шаардлага хангахгүй байсан тул хариуцагч тал чанарын шаардлага хангаагүй хаалга нийлүүлсэн гэдгээ хүлээн зөвшөөрч 2016 оны 5 дугаар сарын 10-ны дотор сольж өгөхөөр харилцан тохиролцож акт үйлдсэн боловч хариуцагч Ч.Д ХХК нь өнөөдрийг хүртэл нэг ч хаалга, цоож сольж өгөлгүй гэрээний үүргээ зөрчсөн. Хариуцагч Ч.Д ХХК-ийн Кинг тауэр барилгын 1, 2 дугаар барилгад 21 ширхэг, Кинг тауэр барилгын 2, 3 дугаар барилгад 37 ширхэг нийт 58 ширхэг чанаргүй хаалгыг нийлүүлж, чанаргүй нийлүүлсэн хаалгыг чанарын шаардлага хангасан хаалгаар сольж өгөөгүй тул нэхэмжлэгч ******* ******* ХХК нь хариуцагч талын нийлүүлсэн чанарын шаардлага хангахгүй байгаа 58 ширхэг хаалгыг 01/2014-0526 тоот гэрээний 2.2-т заасан хаалганы нэг бүрийн үнэ болох 1.500.000 төгрөгөөр тооцож нийт 87.000.000 төгрөгөөр хохирч байна.

Хариуцагч Ч.Д ХХК нь хоёр талын байгуулсан 2014 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 01/2014-0526 тоот бараа нийлүүлэх гэрээний нэмэлт НГ01/2014-121 тоот гэрээний 1-т заасан хугацаанд 217.500.000 төгрөгийн үнийн дүн бүхий 145 ширхэг хаалгыг нийлүүлэх үүрэгтэй байсан боловч гэрээнд заасан хугацааг 156 хоногоор хэтрүүлж 2015 оны 7 дугаар сарын 05-ны өдөр нийлүүлсэн. Хоёр талын байгуулсан 01/2014-0526 тоот Бараа нийлүүлэх гэрээний 4.6-д зааснаар гэрээний хугацаа хэтрүүлсэн нэг хоногийн алданги /217.500.000х0.01/ 21.750 төгрөг нийт 156 хоногийн алданги 3.393.000 төгрөгийг Монгол улсын Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6, хоёр талын байгуулсан гэрээний 4.6-д заасны дагуу нэхэмжлэгчид төлөх хууль зүйн үндэсдэдтэй

2. Нэхэмжлэгч ******* ******* ХХК нь хариуцагч Ч.Д ХХК-тай 2015 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр бараа бүтээгдэхүүн худалдах, худалдан авах 05/2015090703 тоот гэрээг байгуулан хариуцагч Ч.Д ХХК нь нийт 486.000.000 төгрөгийн үнэ бүхий хаалгыг нэхэмжлэгч ******* ******* ХХК-нд нийлүүлэхээр харилцан тохиролцсон. Нэхэмжлэгч ******* ******* ХХК нь 2 талын байгуулсан 05/2015090703 тоот гэрээний 3.1-д заасны дагуу 26.000.000 төгрөгийг бэлнээр төлсөн, мөн 478.700.000 төгрөгийн үнэ бүхий орон сууц, автомашин, гааль татварын зардалд 21.500.000 төгрөгийн зээлийг хариуцагч талд хүлээлгэн өгсөн. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч ******* ******* ХХК нь 05/2015090703 тоот гэрээний дагуу нийт 526.200.000 төгрөгийг хариуцагч ******* ******* ******* ХХК-д төлж гэрээний үүргээ бүрэн биелүүлсэн. Хариуцагч Ч.Д ХХК нь хоёр талын байгуулсан 5/2015090703 тоот гэрээний 2.1-д заасан нийт 650 ширхэг буюу 486.000.000 төгрөгийн үнэ бүхий хаалгыг гэрээний 2.3, 2.4-т заасны дагуу 2015 оны 12 дугаар сарын 10-ны өдөр бүрэн нийлүүлэх үүрэгтэй байсан боловч 393.000.000 төгрөгийн хаалгыг гэрээнд заасан хугацааг зөрчиж нийлүүлж үлдэгдэл 93.000.000 төгрөгийн үнэ бүхий хаалгыг нийлүүлэлгүй гэрээний хугацаа зөрчсөн бөгөөд нэхэмжлэгч ******* ******* ХХК шүүхэд нэхэмжлэл гаргасны дараа буюу 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдөр 94.000.000 төгрөгийн үнэ бүхий 94 ширхэг хаалгыг Кинг тауэр барилгад нийлүүлсэн. Мөн талууд 2014 оны 5 дугаар сарын 26-ны өдөр байгуулсан 01/2014-0526 тоот бараа нийлүүлэх гэрээний дагуу нэхэмжлэгч ******* ******* ХХК-ийн төлөх ёстой 36.500.000 төгрөгийг 2015 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 05/2015090703 тоот гэрээний дагуу нийлүүлэх бараа бүтээгдэхүүний үнэ дээр нэмж оруулж тооцохоор талууд харилцан тохиролцсон. Өөрөөр хэлбэл хариуцагч Ч.Д ХХК нь нэхэмжлэгч талд нийт 523.500.000 төгрөгийн үнэ бүхий зүйл нийлүүлсэн бөгөөд нэхэмжлэгч ******* ******* ХХК нь нийт 526.200.000 төгрөгийг төлсөн тул хариуцагч Ч.Д ХХК нь нэхэмжлэгч ******* ******* ХХК-нд 2.700.000 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Тйимээс хариуцагч Ч.Д ХХК-иас хоёр талын байгуулсан 2015 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 05/2015090703 тоот Бараа бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөр болох 2.700.000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна. Хоёр талын байгуулсан гэрээний 4.1.5-д заасны дагуу 2015 оны 12 дугаар сарын 10-ны өдрөөс шүүхэд нэхэмжлэл гаргасан өдөр болох 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр хүртэл өдрийн /93.000.000х0.5/ 465.000 төгрөгийн нийт 328 өдрийн алданги 152.520.000 төгрөгийг Монгол улсын Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т зааснаар 46.500.000 төгрөгийг нэхэмжилж байна.

3. Хариуцагч Ч.Д ХХК нь нэхэмжлэгч ******* ******* ХХК-тай 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр 09/20161118 тоот зээлийн гэрээг байгуулсан. Хоёр талын байгуулсан 09/20161118 тоот зээлийн гэрээний 1-д заасны дагуу талуудын хооронд байгуулсан 2015 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 05/2015090703 тоот гэрээгээр авах Кинг тауэр 1-6 барилгад нийлүүлэх хаалганы үйлдвэрт төлөх үнэ болох 53.475.000 төгрөг, гааль, тээврийн зардалд зориулж 11.525.000 төгрөг нийт 65.000.000 төгрөгийг нэхэмжлэгч ******* ******* ХХК нь хариуцагч Ч.Д ХХК-д 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хүртэл хүүгүйгээр зээлдүүлсэн. Хариуцагч ******* ******* ******* ХХК нь 09/20161118 тоот зээлийн гэрээний 2-т заасны дагуу 2016 оны 12 дугаар сарын 20-ны дотор бүрэн төлж барагдуулах үүрэгтэй байсан боловч өнөөдрийг хүртэл нэг ч төгрөг төлөөгүй тул хоёр талын байгуулсан зээлийн гэрээний 4-т заасны дагуу 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс шүүхэд нэхэмжлэл гаргах өдөр буюу 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдөр хүртэл өдрийн 325.000 төгрөг нийт 45 өдрийн алданги 14.625.000 төгрөгийг нэхэмжилж байна.

4. Хоёр талын байгуулсан 2015 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн 01/2015-0122 тоот зээлийн гэрээний 1, 2-т заасны дагуу зээлийн төлбөр 35.000.000 төгрөг, гэрээний 3-т заасны дагуу алданги 5.355.000 төгрөг нийт 40.355.000 төгрөгийг хариуцагч ******* ******* ******* ХХК-иас гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Чанарын шаардлага хангаагүй гэж 58 ширхэг хаалганы төлбөрт 87 сая төгрөгийн шаардлага гаргах эрх нэхэмжлэгчид байхгүй. 2014 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 01/2014-0526 дугаартай худалдах, худалдан авах гэрээ-ний 2.9 дүгээр заалтад ... худалдагч тал бараандаа 6 сарын чанарын баталгаат хугацаа олгохоор заасан байдаг. Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.6-д худалдагч эд хөрөнгийн баталгаат хугацаа тогтоосон бол энэ хугацааны дотор, доголдолыг илрүүлсэн худалдан авагч тал нь энэ хуулийн 254.1-д заасан шаардлага гаргах эрхтэй байхаар заажээ. Өөрөөр хэлбэл худалдан авагч тал нь гэрээнд заасан 6 сарын баталгаат хугацааны дотор шаардлага гаргахаар байна, гэтэл нэмэлт гэрээг 2014 оны 11 дүгээр сарын 21-ны өдөр байгуулахдаа үлдэгдэл хаалгануудыг 2015 оны 01 дүгээр сарын 30-ны дотор нийлүүлэхээр хугацааг сунгасан байдаг ба худалдагч тал хаалгыг хугацаандаа нийлүүлсэн байгаа, 2015 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр 35 сая төгрөгийн зээл авч ам долларт хөрвүүлэн 20.450 ам долларыг Хятад улсын хаалганы үйлдвэрийн дансанд шилжүүлж хаалганууд энэ өдрөөс хойш 3-7 хоногийн дотор ирж худалдан авагчид хүлээлгэн өгсөн байдаг. Уг хаалгануудыг тус компаний ажилтан М.Октябрь нь хамт явж Монгол улсын гаалиар оруулж ирсэн ба гаалиар ******* ******* ХХК-ийн нэрээр орж ирсэн байдаг. Тиймээс нэхэмжлэгчид шаардлага гаргах эрх байхгүй. Мөн нэхэмжлэгч талаас 58 ширхэг хаалгыг чанарын шаардлага хангахгүй гэх боловч яг ямар доголдолтой, ямар чанарын шаардлага хангаагүй хаалга байгаа талаар нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөөгүй байна, өөрөөр хэлбэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.2.2, 38.1-т зааснаар нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй, хэрэв үнэхээр чанарын шаардлага хангаагүй хаалганууд нийлүүлсэн гэж байгаа бол нэхэмжлэгч үүргээ биелүүлээгүй байна.

Үлдэгдэл 93 ширхэг хаалганы төлбөр, зээлсэн 21.500.000 төгөрг, илүү төлсөн 18.700.000 төгрөгийн тухайд бол 2 компаний 2017 оны 1 дүгээр сарын 25-ны нийлсэн тооцооны актаар 94 ширхэг хаалга нийлүүлсэн 21.500.000 төгрөг тооцоонд орсон байгаа, илүү төлсөн 18.700.000 төгрөгийг хасч тооцсон байгаа.

Зээлсэн 35.000.000 төгрөгийн алдангийг тооцохгүйгээр тооцоо нийлсэн актанд тооцож оруулсан байгаа. Гэрээнд заасан хугацаа хэтрүүлж 145 хаалганы 156 хоногийн алданги 3.393.000 төгрөг нэхэмжилжээ. Энэхүү хаалгануудыг 2015 оны 01 дүгээр сарын 30-ны дотор нийлүүлэхээр нэмэлт гэрээ байгуулсан ба хугацаандаа хаалгыг нийлүүлж, зээлсэн мөнгийг Хятад улсын үйлдвэрийн дансанд шилжүүлсэн нь баримтаар нотлогдож байгаа.

2015 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр байгуулсан гэрээгээр үлдэгдэл 2.700.000 төгрөг, гэрээгээр 2015 оны 12 дугаар сарын 10-ны өдөр нийлүүлэх 93 ширхэг хаалгыг 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр нийлүүлсэн, хугацаа хэтрүүлсэн 328 өдрийн алданги 46.500.000 төгрөг нэхэмжилжээ. 2017 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр 2 компаний тооцоо нийлсэн актаар манай компаниас төлөх төлбөрийг нэг бүрчлэн тооцож нийт 102.700.000 төгрөгийн тооцоо гарсан байгаа, өөрөөр хэлбэл зээлийн гэрээгээр 35 сая төгрөг болон 65 сая төгрөгийн өглөгтэй гэсэн тооцоо гарсан байгаа. Иймд дээр нэхэмжлэл үндэслэлгүй байна. Мөн зээлсэн 65 сая төгрөгийн алдангид 14.625.000 төгрөг нэхэмжилсэн нь үндэслэлгүй. Ч.Д ХХК болон ******* ******* ХХК-ийн хооронд тооцоо нийлж акт үйлдэгдсэн байхад итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын зүгээс нэхэмжлэл гаргаж байгаа нь үндэслэлгүй юм гэв.

 

Шүүх хуралдаанд зохигчдын гаргасан тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ******* ХХК нь хариуцагч Ч.Д ХХК-нд холбогдуулж дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан. Үүнд:

1. 2014 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 01/2014-0526 дугаартай Бараа нийлүүлэх гэрээ, 2014 оны 11 дүгээр сарын 21-ны өдрийн 01/2014-1121 дугаартай 2014 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 01/2014-0526 тоот бараа нийлүүлэх гэрээний өөрчлөлт-ийн гэрээний дагуу чанарын шаардлага хангаагүй 58 ширхэг хаалганы төлбөр 87.000.000 төгрөг, алданги 3.393.000 төгрөг нийт 90.393.000 төгрөг,

2. 2015 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 05/2015090703 дугаартай Бараа бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээний дагуу үлдэгдэл төлбөр 2.700.000 төгрөг, алданги 46.500.000 төгрөг нийт 49.200.000 төгрөг,

3. 2015 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн 01/2015-0122 дугаартай Зээлийн гэрээ-ний дагуу үндсэн зээл 35.000.000 төгрөг, алданги 5.355.000 төгрөг нийт 40.355.000 төгрөг,

4. 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 09/20161118 дугаартай Зээлийн гэрээ-ний дагуу үндсэн зээл 65.000.000 төгрөг, алданги 14.625.000 төгрөг нийт 79.625.000 төгрөг буюу талуудын хооронд байгуулсан дээрх гэрээнүүдий дагуу нийт 259.573.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан.

Хариуцагч ******* ******* ******* ХХК нь талуудын хооронд 2017 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн тооцоо нийлсэн актын дагуу 102.700.000 төгрөгийг зөвшөөрч, нэхэмжлэгч баталгаат хугацаанд гомдлын шаардлага гаргаагүй тул чанарын шаардлага хангаагүй хаалганы төлбөр нэхэмжилсэн нь үндэслэлгүй, алдангийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нэхэмжилж байгааг зөвшөөрөхгүй гэж маргасан.

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

2014 оны 5 дугаар сарын 26-ны өдөр 01/2014-0526 дугаартай Бараа нийлүүлэх гэрээ, гэрээний дагуу шаардсан нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Зохигчдын хооронд 2014 оны 5 дугаар сарын 26-ны өдөр 01/2014-0526 дугаартай Бараа нийлүүлэх гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр нийлүүлэгч буюу ******* ******* ******* ХХК нь 2200*960*70 хэмжээтэй цоож нь хурууны хээгээр онгойдог модон хавтастай ган хамгаалалтын нэг бүрийн үнэ нь 1.500.000 төгрөгийн үнэ бүхий нийт 247.500.000 төгрөгийн 165 ширхэг хаалгыг нийлүүлэх үүний 34 ширхэг хаалгыг 2014 оны 7 дугаар сарын 01-ны дотор, 41 ширхэг хаалгыг 2014 оны 7 дугаар сарын 30-ны дотор, үлдэх 90 ширхэг хаалгыг 2014 оны 9 дүгээр сарын 30-ны дотор нийлүүлэх, захиалагч буюу ******* ******* ХХК нь гэрээний урьчдилгаа төлбөрт Infiniti QX56 маркийн автомашиныг 100.000.000 төгрөгөөр тооцон, үлдэгдэл төлбөр болох 147.500.000 төгрөгөөс талуудын хооронд 2012 оны 11 дүгээр сарын 09-ны өдөр байгуулсан 01/2012-1109 дугаартай бараа нийлүүлэх гэрээний үлдэгдэл 50.500.000 төгрөгийг хасч 01/2012-1109 дугаартай гэрээний тооцоог хааж, үлдэгдэл 97.000.000 төгрөгийн 50 хувь буюу 48.500.000 төгрөгийг нийлүүлэгч талын сонгосон хөдлөх хөрөнгийн бараа солилцоогоор, үлдэгдэл 48.500.000 төгрөгийг нийлүүлэгч талын нийлүүлж байгаа барааны ачаа тээврийн хөлс, гаалийн татварт төлөхөөр харилцан тохиролцсон болох нь зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан гэрээгээр тогтоогдож байна./х.х-ийн 8-9 дүгээр тал/

Талууд 2014 оны 11 дүгээр сарын 21-ны өдөр 01/2014-1121 дугаартай 2014 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 01/2014-0526 тоот бараа нийлүүлэх гэрээний өөрчлөлт-ийн гэрээ байгуулж 2014 оны 5 дугаар сарын 26-ны өдөр байгуулсан 01/2014-0526 дугаартай гэрээний дагуу нийлүүлэх модон хавтастай ган хамгаалалтын хаалганаас үлдсэн 145 ширхэг хаалгыг нийлүүлэх хугацааг 2015 оны 1 дүгээр сарын 30-ны дотор байхаар гэрээнд өөрчлөлт оруулжээ./х.х-ийн 10 дугаар тал/

Гэрээг Бараа нийлүүлэх гэрээ гэж нэрлэсэн хэдий ч гэрээний 2.1-д нийлүүлэгч тал биет байдлын доголдолгүй модон хавтастай ган хамгаалалтын хаалгыг захиалагч талд нийлүүлэх, захиалагч барааг хүлээн авч, энэхүү гэрээгээр тохиролцсон нөхцлийн дагуу төлбөр төлөхтэй холбоотой үйл ажиллагааг зохицуулахад оршино гэж зааснаас үзэхэд Монгол улсын Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д ... бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж зохицуулсан зохицуулалтын дагуу худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан байх ба уг гэрээнд эрх бүхий этгээдүүд гарын үсэг зурж, хуулийн этгээдийн тамга дарагдсанаар хүчин төгөлдөр хэлцэл байгуулагджээ.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ... 2015 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр нийлүүлэх хугацааг хэтрүүлж 217.500.000 төгрөгийн 145 ширхэг хаалгыг 2015 оны 7 дугаар сарын 05-ны өдөр нийлүүлэн гэрээний 4.6-д зааснаар хугацаа хэтрүүлсэний алданги 3.393.000 төгрөг, мөн чанарын шаардлага хангаагүй 58 ширхэг хаалганы үнэ 87.000.000 төгрөгийг гаргуулах гэж тодорхойлсон.

Хариуцагч нь ... 2015 оны 1 дүгээр сарын 24-ны өдөр хятад улсын хаалганы үйлдвэрийн дансанд төлбөрийг шилжүүлснээр хаалгыг хугацаандаа нийлүүлсэн, нийлүүлэгч нь нийлүүлж байгаа бараанд 6 сарын чанарын баталгаат хугацаа олгосон уг хугацаанд нэхэмжлэгч шаардлага гаргаагүй тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж мэтгэлцсэн.

Талуудын хооронд байгуулсан гэрээний 3.3-т захиалагч тал барааг хүлээж авахдаа тоо, чанар, иж бүрдлийг шалгаж баримтаар баталгаажуулна гэж заасан байх бөгөөд хариуцагч 145 ширхэг хаалгыг 2015 оны 7 дугаар сарын 05-ны дотор нийлүүлж, хугацаа хэтрүүлсэн гэх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нэхэмжлэгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй тул 217.500.000 төгрөгийн 0.01 хувиар тооцож 156 хоногийн алданги 3.393.000 төгрөг нэхэмжилсэн нь үндэслэлгүй байна.

Хариуцагч нь хаалгыг хугацаандаа нийлүүлсэн үйл баримтыг нотолж 2015 оны 1 дүгээр сарын 21-ны өдөр Хаан банкны гадаад гуйвуулгын даалгаврын баримтыг нотлох баримтаар гаргаж өгсөн боловч энэхүү баримт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдэврлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.4-д заасан шаардлагыг хангаагүй тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгоогүй болно. /х.х-ийн 121 дүгээр тал/

Бараа нийлүүлэх гэрээний 2.9-д нийлүүлэгч тал нь нийлүүлж байгаа бараанд 6 сарын чанарын баталгаат хугацаа олгоно гэжээ.

Хэрэгт авагдсан 2015 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн Кинг 2, 3 дугаар барилгын 8-12 дугаар давхрын бүргэд хаалганы бүрэн бүтэн байдал, суулгалтын ажлыг шалгасан дүн-гээр 37 хаалга, 2016 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн Кинг 1-2 барилгын бүргэд хаалга суулгалтын ажлыг шалгасан дүн-гээр 21 хаалга чанарын шаардлага хангаагүй талаар талууд дүгнэжээ.

Хууль болон гэрээнд зааснаар баталгаат хугацаанд доголдолыг илрүүлсэн худалдан авагч нь худалдагч талд доголдолын талаар гомдлын шаардлага гаргах эрхтэй бөгөөд энэхүү хугацаа нь гомдлын шаардлага гаргах эрхийг зохицуулсан бөгөөд нэхэмжлэгчийн шүүхэд мэдүүлэх, шаардлага гаргах эрхийг хязгаарлах үндэслэл болохгүй тул хариуцагчийн татгалзал үндэслэлгүй байна.

Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.6-д худалдагч эд хөрөнгийн баталгаат хугацаа тогтоосон бол энэ хугацааны дотор, баталгаат хугацаа тогтоогоогүй бол тухайн эд хөрөнгийг өмчлөх эрхийг шилжүүлэн авснаас хойш зургаан сарын дотор доголдолыг илрүүлсэн худалдан авагч энэ хуулийн 254.1-д заасан шаардлагын аль нэгийг гаргах эрхтэй гэж, мөн хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1-д худалдан авагч нь эд хөрөнгийн доголдолыг арилгуулах буюу доголдолгүй тухайн төрлийн эд хөрөнгөөр солиулах, доголдолыг арилгахад гаргасан зардлаа төлүүлэх, эсхүл гэрээг цуцлах тухай шаардлага гаргах эрхтэй гэж тус тус зохицуулсан.

Тодруулбал, нэхэмжлэгч нь эд хөрөнгийн доголдолыг өөрийнхөө зардлаар арилгаж өгөхийг худалдагчаас шаардах, эсхүл доголдолтой эд хөрөнгийг доголдолгүй эд хөрөнгөөр сольж өгөхийг худалдагчаас шаардах, эсхүл гэрээнээс татгалзаж эд хөрөнгийг буцаан өгч төлсөн үнийг буцааж шаардах боломжуудаас аль нэгийг сонгож шаардах эрхтэй байна.

Нэхэмжлэгчээс 87.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг тодруулахад Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсэгт зааснаар доголдолтой эд хөрөнгийг доголдолгүй эд хөрөнгөөр солиулах зохицуулалтын дагуу 58 ширхэг хаалганы үнэ /58х1.500.000/ 87.000.000 төгрөгийг гаргуулах гэж тодорхойлж байх бөгөөд доголдолгүй тухайн эд хөрөнгөөр солиулах гэсэн уг үндэслэлээр нэхэмжлэлийн энэхүү шаардлагыг хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлгүй байна.

Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.2-т худалдан авагч нь баталгаат болон гомдлын шаардлага гаргах хугацаанд энэ хуулийн 254.1-д заасан шаардлагыг гаргаагүй бол тэрээр доголдолыг арилгахад шаардлагатай мөнгөний хэмжээгээр анхны үнийг бууруулахаар шаардаж болно гэж зааснаар нэхэмжлэгч нь доголдолтой эд хөрөнгийг өөртөө үлдээж, харин эд хөрөнгийг зохих хэмжээнд засварлахад шаардлагатай зардлын хэмжээгээр үнийг бууруулахаар шаардах эрхтэй байх боловч нэхэмжлэгч энэ тухай шаардлага гаргаагүй болохыг дурдах нь зүйтэй.

2015 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 05/2015090703 дугаартай Бараа бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээний дагуу шаардсан нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Зохигчдын хооронд 2015 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр 05/2015090703 дугаартай Бараа бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр худалдагч буюу ******* ******* ******* ХХК нь Кинг тауэр апартментын 2.1, 1.6 дугаар барилгад нэг бүрийн үнэ 1.000.000 төгрөгийн 240.000.000 төгрөгийн 240 ширхэг хаалга, Х апартмент барилгад нэг бүрийн үнэ 600.000 төгрөгийн 246.000.000 төгрөгийн 410 ширхэг хаалгыг нийлүүлэх, захиалагч буюу ******* ******* ХХК нь 460.000.000 төгрөгийг бартераар, 26.000.000 төгрөгийг гэрээ байгуулснаар 16.000.000 төгрөгийг, эхний ээлжийн хаалга 2015 оны 10 дугаар сарын 01-ны өдөр гааль дээр ирэхэд үлдэгдэл 10.000.000 төгрөгийг тус тус төлөхөөр харилцан тохиролцсон болох нь зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан гэрээгээр тогтоогдож байна./х.х-ийн 36-39 дүгээр тал/

Худалдагч нь гэрээний 2.3-т заасан хугацаанд Кинг тауэр 2.1, 1.6 дугаар барилгын 240 ширхэг хаалгыг, 2.4-т заасан хугацаанд Х апартмент барилгын 410 ширхэг хаалгыг тус тус нийлүүлэхээр тохиролцжээ.

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар талуудын хооронд хүчин төгөлдөр худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан байна.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ... нэхэмжлэгч 526.200.000 төгрөгийг үнэ төлж 523.500.000 төгрөгийн үнэ бүхий хаалга нийлүүлсэн тул үлдэгдэл төлбөрийн зөрүү 2.700.000 төгрөг, 93.000.000 төгрөгийн хаалгыг 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдөр нийлүүлсэн тул талуудын хооронд байгуулсан гэрээний 4.1.5-д зааснаар алдангид 46.500.000 төгрөгийг гаргуулах гэж тодорхойлсон.

Хариуцагч нь ... хугацаа хэтрүүлсэн үндэслэлээ орон сууц баригдаж дуусаагүй улмаас хаалгыг угсарч суурилуулах боломжгүй байсан гэж тайлбарлаж байх боловч татгалзалын үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй болно.

Талуудын хооронд байгуулсан гэрээний 5.3-т хэрэв худалдагч талын буруутай үйлдлээс шалтгаалан гэрээнд заасан хугацаанд барааг нийлүүлж чадаагүй тохиолдолд хугацаа хоцорсон хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн 0.5 хувьтай тэнцэх алдангийг худалдан авагч талд төлнө гэж зааснаар нэхэмжлэгч нь хугацаандаа нийлүүлээгүй 94 ширхэг хаалганы үнийн дүн 93.000.000 төгрөгт алданги тооцож 46.500.000 төгрөгийг нэхэмжилсэн Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасантай нийцэж байна.

Харин нэхэмжлэгч 2014 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн байгуулсан 01/2014-0526 дугаартай Бараа нийлүүлэх гэрээ-ний дагуу төлөх байсан 36.500.000 төгрөгийг 2015 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр05/2015090703 дугаартай Бараа бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээ-ний дагуу нийлүүлэх барааны үнэнд нэмж тооцохоор тохиролцож 526.200.000 төгрөгийг шилжүүлсэн, хариуцагч 523.500.000 төгрөгийн бараа нийлүүлсэн гэж төлбөрийн үлдэгдэл 2.700.000 төгрөг нэхэмжилсэн нь хууль зүйн үндэслэлгүй байхаас гадна хэрэгт авагдсан бичгийн баримтаар энэхүү үйл баримт нотлогдоогүй болно.

2015 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн 01/2015-0122 дугаар, 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 09/20161118 дугаар Зээлийн гэрээ-ний дагуу тус тус шаардсан нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Зохигчдын хооронд 2015 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр 01/2015-0122 дугаартай Зээлийн гэрээ-г байгуулж зээлдүүлэгч ******* ******* ХХК нь зээлдэгч ******* ******* ******* ХХК-нд 35.000.000 төгрөгийг хүүгүйгээр, 2015 оны 6 дугаар сарын 01-ны өдрийг хүртэл хугацаанд, мөн 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 09/20161118 дугаартай Зээлийн гэрээ-гээр зээлдүүлэгч ******* ******* ХХК нь зээлдэгч ******* ******* ******* ХХК-нд 65.000.000 төгрөгийг хүүгүйгээр 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл хугацаатайгаар тус тус зээлдүүлсэн болох нь зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан гэрээ зэрэг бичгийн нотлох баримтаар нотлогдож байх бөгөөд талууд энэхүү үйл баримтын талаар маргаагүй. /.х.х-ийн 55, 105-106 дугаар тал/

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж зааснаар талуудын хооронд хүчин төгөлдөр зээлийн гэрээ байгуулагдсан гэж дүгнэх үндэслэлтэй.

Нэхэмжлэгч нь хариуцагчаас 2015 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн зээлийн гэрээний үндсэн үүрэг 35.000.000 төгрөг, 2016 оны 06 дугаар сарын 01-ны өдрөөс шүүхэд нэхэмжлэл гаргасан 2016 оны 11 дүгээр сарын 01-ны өдөр хүртэл 153 өдрийн алданги 5.355.000 төгрөг, 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн зээлийн гэрээний үндсэн үүрэг 65.000.000 төгрөг, 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс шүүхэд нэхэмжлэл гаргасан 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдөр хүртэл 45 өдрийн алданги 14.625.000 төгрөгийг тус тус гаргуулахаар нэхэмжилсэн.

Хариуцагч нь 2015 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн зээлийн гэрээний үндсэн үүрэг 35.000.000 төгрөг, 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн зээлийн гэрээний үндсэн үүрэг 65.000.000 төгрөгийг зөвшөөрч алданги төлөх үндэслэлгүй гэж маргасан.

Талуудын хооронд байгуулсан 2015 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн зээлийн гэрээний 1-т зээлдүүлэгч ******* ******* ХХК нь зээлдэгч ******* ******* ******* ХХК-нд 35.000.000 төгрөгийг 2015 оны 01 дүгээр сарын 22-ны өдрөөс 2015 оны 6 дугаар сарын 01-ны өдөр хүртэл ... зээлдэгч нь заасан хугацаанд зээлсэн мөнгийг буцаан төлөх үүрэг хүлээнэ гэж, гэрээний 2-т ... зээлсэн мөнгийг гэрээнд тохиролцсон 2016 оны 6 дугаар сарын 01-ны өдөр төлж дуусгасан байна гэж,

Мөн 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн зээлийн гэрээний 1-т ... 65.000.000 төгрөгийг зээлдүүлэгч тал нь 2016 оны 11 дүгээр сарын 18-ны зээлдэгч талд 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл хугацаанд зээлдүүлж байна гэж, гэрээний 2-т зээлдэгч тал тус гэрээний 1-д заасан хугацаа буюу 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдөр зээлсэн мөнгийг ... барагдуулах үүрэгтэй гэж тус тус зааснаас тус тус үзэхэд талуудын хооронд байгуулсан 2015 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр, 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн зээлийн гэрээний хугацааг тодорхойлох боломжгүй гэрээнд заасан хугацааны аль нэгийг шүүх үнэн зөв гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагчаас алданги нэхэмжилсэн нь үндэслэлгүй байна.

Иймд дээрх үндэслэлүүдээр хариуцагч ******* ******* ******* ХХК-иас 2015 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр 05/2015090703 дугаартай Бараа бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээ-ий үүргийн гүйцэтгэлд 46.500.000 төгрөг, 2015 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр 01/2015-0122 дугаартай Зээлийн гэрээ-ний үүрэгт 35.000.000 төгрөг, 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 09/20161118 дугаартай Зээлийн гэрээ-ний үүрэгт 65.000.000 төгрөг нийт 146.500.000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ******* ХХК-нд олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 113.073.000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзэв.

Хариуцагч нь талуудын хооронд байгуулсан зохих гэрээнд ерөнхий захирал С.Н гарын үсэг зурсан, хуулийн этгээдийн улсын бүртгэлд С.Бг гүйцэтгэх захиралаар томилсон, уг маргаанд С.Бы олгосон итгэмжлэлээр итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нэхэмжлэл гаргаж байгаа нь үндэслэлгүй гэж маргасан.

Хариуцагч ******* ******* ******* ХХК нь нь талуудын хооронд байгуулсан зохих гэрээнүүдийнхүчин төгөлдөр бус байх талаар маргаагүй, эдгээр гэрээнүүд нь агуулга, хэлбэр, субъект болон субъектив талын хувьд хүчин төгөлдөр бус байх үндэслэл Иргэний хуулийн 56, 57, 58, 59, 60-д зааснаар илрээгүй, түүнчлэн хүчин төгөлдөр бус гэж тооцуулах сөрөг нэхэмжлэл гаргаагүй байх тул шүүх хууль зүйн хувьд хүчин төгөлдөр гэрээнүүд талуудын хооронд байгуулагдсан гэж дүгнэсэн болно.

Нэхэмжлэгч ******* ******* ХХК-ийн 2016 оны 11 дүгээр сарын 01-ны өдөр 01/2016-574 дугаартай итгэмжлэлээр ******* ******* ******* ХХК-нд холбогдох иргэний хэрэгт тус хуулийн этгээдийг төлөөлөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан зохигчийн эдлэх эрхийг эдлэн оролцох эрхийг Ж.Базарсад, Д.Ууганбаяр, М.Цэдэнпунцаг нарт олгосон байна.

Уг итгэмжлэл нь Иргэний хуулийн 64 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангасан байх бөгөөд төлөөлөгч нь шүүхэд нэхэмжлэл гаргасан үндэслэлээ өөрчилж, нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт заасантай нийцэж байгааг дурдах нь зүйтэй.

 

Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 254 дүгээр зүйлийн 254.1, 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч ******* ******* ******* ХХК-иас 146.500.000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ******* ******* ХХК-нд олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 113.073.000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч ******* ******* ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2.251.800 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******* ******* ******* ХХК-иас 890.450 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ******* ХХК-нд олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах хүртэл хугацаанд шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай тус шүүхийн шүүгчийн 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 31592дугаар захирамж хэвээр байхыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.ЭНХЖАРГАЛ