Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 05 сарын 31 өдөр

Дугаар 1285

 

МАГАДЛАЛ

 

2017.05.31                                                  Дугаар 1285                                   Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

“Агар интернэшнл” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч С.Энхтөр, М.Наранцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар,

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 181/ШШ2017/00785 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч “Агар интернэшнл” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдох,

 

2 дахь албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг,

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг үндэслэн,

шүүгч М.Наранцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Д.Долгорлхам,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Цолмон нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон хариу тайлбарт: Баянгол,    Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 6 дугаар сарын 03-ний өдрийн 102/ШШ2015/05771 дугаар захирамжаар “Агар интернэшнл” ХХК-иас 913 753 993 төгрөгийг гаргуулж “Голомт банк” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж Баянгол дүүргийн 20 дугаар хороо Үйлдвэрийн бүс /16101/ХД/76/1 байршилтай 1120 м.кв талбайтай 95 хувийн гүйцэтгэлтэй сэндивчин барилга 6 000 м.кв газрын хамт 2 дахь албадан дуудлага худалдаанд 818 480 000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг 50 хувь бууруулж 409 240 000 төгрөгөөр үнэлж үнэгүйдүүлсэн байх тул үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй байгаа талаар ахлах шийдвэр гүйцэтгэгчид гомдол гаргахад ахлах шийдвэр гүйцэтгэгч Ц.Бямбасүрэн 2 дахь албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай гомдлыг хүлээн авах боломжгүй гэсэн хариуг өгсөн Гомдлын хариуг 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдрмйн 14 цаг 30 минутад хүлээж авсан болно. Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 3/35555 дугаар мэдэгдлээр 2 дахь албадан дуудлага худалдааны доод үнэ болох 409 240 000 төгрөгөөр тогтоосон үнэ болох мэдэгдлийг хүлээн зөшөөрөхгүй байна. Мөн 2 дахь албадан дуудлага худалдаанд оруулах тогтоолыг огт өгч мэдэгдээгүй болно. Иймд хоёр дахь албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулж хуулийн дагуу шийдүүлэхээр шүүхэд нэхэмжлэл гаргаж байна гэжээ.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт:     Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж төлбөр төлөгч "Агар-интернэшнл" ХХК-д шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэхийг удаа дараа мэдэгдсэн боловч мэдэгдлийн хугацаанд төлбөрөө төлөөгүй байх тул "Агар-интернэшнл" ХХК-ийн өмчлөлийн үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан, эрхийн улсын бүртгэлийн Ү-2205039334 дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Үйлдвэрийн баруун бүс /16101/, ХД-76-1 тоот хаягт байршилтай 1120 м.кв талбайтай, 95%-ийн гүйцэтгэлтэй, эрхийн улсын бүртгэлийн           Ү-2205039334 дугаарт бүртгэлтэй сэндивчин барилга, эрхийн улсын бүртгэлийн Г-0229622 дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүргийн 20 дугаар хороонд байрлалтай 6 000 м.кв талбайтай газрын хамт, 2016 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 01/140, дугаар тогтоолоор Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай Монгол улсын хуулийн 36 дугаар зүйлд заасны дагуу эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжилж, 2016 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 140/04 дугаартай эд хөрөнгийг хураах тогтоолоор хураан авсан байна. Төлбөр төлөгч "Агар-интернэшнл" ХХК-д 2016 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 3/5837, 2016 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 3/9862 дугаар албан бичгээр удаа дараа үнийн саналаа өгөхийг "Агар-интернэшнл" ХХК-ийн 100 хувийн үүсгэн байгуулагч, итгэмжлэлгүй төлөөлөх этгээд гүйцэтгэх захирал Б.Ганболдод Монгол шуудан ТӨХК-ийн баталгаат шуудангаар хүргүүлж, "Агар-интернэшнл" ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Отгонбаярт гардуулан өгч тэмдэглэл хөтөлсөн байна. Дурдсан хугацаанд үнийн санал өгөөгүй тул хөндлөнгийн шинжээч томилон "Хөрөнгийн үнэлгээний төв" ХХК-иар үнэлүүлэхэд Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Үйлдвэрийн баруун бүс /16101/, ХД-76-1 тоот хаягт байршилтай 1 120 м.кв талбайтай, 95%-ийн гүйцэтгэлтэй, эрхийн улсын бүртгэлийн Ү-2205039334 дугаарт Бүртгэлтэй сэндвичин барилга, эрхийн улсын бүртгэлийн Г-0229622 дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүргийн 20 дугаар хороонд байрлалтай 6 000 м.кв талбайтай газрын хамт 818 480 000 төгрөгөөр үнэлснийг 2016 оны 04 дүгээр сарын 11-ны өдрийн 3/13299 дүгээртэй албан бичгээр төлбөр төлөгч "Агар интернэшнл" ХХК-ийн захирал Б.Ганболдод тус компаний итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Отгонбаярт 2016 оны 04 дүгээр сарын 20-ний өдөр гардуулан өгч тэмдэглэл хөтөлсөн байна. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнэ болох Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Үйлдвэрийн баруун бүс /16101/, ХД-76-1 тоот хаягт байршилтай 1120 м.кв талбайтай, 95%-ийн гүйцэтгэлтэй, эрхийн улсын бүртгэлийн Ү-2205039334 дугаарт бүртгэлтэй сэндвичин барилга, эрхийн улсын бүртгэлийн Г-0229622 дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүргийн 20 дугаар хороонд байрлалтай 6000 м.кв талбайтай газрын хаф"        818 480 000 төгрөгийн 70 хувь болох 572 936 000 төгрөгөөр доод үнийг тогтоон 2016 оны 05 дугаар сарын 13-ны өдөр оруулах мэдэгдэлийг 2016 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 3/16474 дүгээр албан бичгийг тус ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Отгонбаярт гарын үсэг зуруулан хүлээлгэн өгсөн байна. Анхны албадан дуудлага худалдаанд оруулахаар өдөр тутмын хэвлэл "Өнөөдөр" сонингоор нийтэд мэдээлсэн боловч үнийн санал ирээгүй, худалдан борлогдоогүй байна. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.4-д зааснаар үнэлгээчин тогтоосон зах зээлийн үнийн 50 хувиар дуудлага худалдааны санал болгох доод үнийг тогтоон 2016 оны 06 дугаар сарын 10-ний өдрийн 10 цагт болох 2 дахь албадан дуудлага худалдаанд оруулахаар нийтэд өдөр тутмын хэвлэл "Үндэсний шуудан" сонинд мэдээлсэн боловч Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 05 дугаар сарын 26-ний өдрийн 101/Ш32016/21658 дугаар захирамжаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3 дахь хэсэгт заасныг баримтлан Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдуулан гаргасан, Үл хөдлөх эд хөрөнгийг хоёр дахь албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай Агар интернэншл ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4,-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.2-т зааснаар давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах хүртэл хугацаанд "Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай" 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 00370 дугаар шүүгчийн захирамж хэвээр байхыг дурдаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: 2 дахь албадан дуудлага худалдаа явуулах тогтоолыг өгч мэдэгдээгүй талаар анхан шатны шүүхэд хандсан юм. Гэтэл шүүх гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд гомдолтой байна. Иймд дээрх шүүхийн шийдвэрийг дахин хянаж үзэж хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримт, зохигчдын тайлбарыг хуульд нийцүүлэн үнэлсэн, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байна.

Нэхэмжлэгч “Агар интернэшнл” ХХК нь хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдуулан 2 дахь албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...2 дахь албадан дуудлага худалдааны санал болгох доод үнийг 409 240 000 төгрөгөөр тогтоосон тогтоолыг мэдэгдээгүй...” гэж тайлбарласан.

Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 102/ШШ2015/05771 дүгээр шийдвэрээр нэхэмжлэгч компаниас зээлийн гэрээний үүрэгт 909 050 789 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн, энэ шийдвэрт үндэслэн шүүхийн гүйцэтгэх хуудас бичигдсэнээр шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж байгаа, төлбөр авагчийн хүсэлтээр үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг шинжээчээр тогтоолгосон, анхны албадан дуудлага худалдаанд үнийн санал ирээгүй тул шүүхийн шийдвэрт заасан үл хөдлөх эд хөрөнгийг хоёр дах албадан дуудлага худалдаанд оруулахаар 2016 оны 5 дугаар сарын 27-ны өдөр 6/173 тоот тогтоол гарсныг 2016 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 3/20243 тоот албан бичгээр, уг албан бичгийг 2016 оны 6 дугаар сарын 02-ны өдөр нэхэмжлэгчийн хаягаар шуудангаар хүргүүлсэн үйл баримт тогтоогдсон байна.

Хариуцагч байгууллагын ажиллагаа хуульд нийцээгүй гэх байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон шүүхийн шийдвэр үндэслэлтэй гэж үзнэ.

Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “...2 дахь албадан дуудлага худалдаа явуулах тогтоолыг мэдэгдээгүй...” гэж давж заалдах гомдол гаргасныг хүлээн авах үндэслэлгүй тул шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 181/ШШ2017/00785 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн   162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70 200 төгрөгийг  улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

      

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Э.ЗОЛЗАЯА

 

               ШҮҮГЧИД                              С.ЭНХТӨР

 

                                                                         М.НАРАНЦЭЦЭГ