Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2019 оны 01 сарын 15 өдөр

Дугаар 001/ХТ2019/00068

 

МК ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Г.Цагаанцоож даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Б.Ундрах, П.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 183/ШШ2018/01360 дугаар шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 1728 дугаар магадлалтай,

МК ХХК-ийн нэхэмжлэлтэй

Б.Эд холбогдох, 

Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 95.000.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд: ...2014 оны 3 дугаар сарын 11-ний өдөр МК ХХК-ийн Хаан банкны данснаас Б.Эы дансанд 95.000.000 төгрөгийг зээл гэсэн утгатайгаар шилжүүлэн авсан байсан. Энэ нь аудитын дүгнэлтээр гарч ирсэн. Хариуцагч Б.Эы нөхөр болох Ж.Г нь манай компанид 2014 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл гүйцэтгэх захирлын албанд ажиллаж байсан. Бидний хувьд Б.Эд ямар нэгэн өр төлбөргүй. Иймд үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэж 95.000.000 төгрөгийг авахаар нэхэмжлэл гаргасан гэжээ.

Хариуцагчийн шүүхэд гаргасан тайлбарт: ...МК ХХК банк бус санхүүгийн байгууллагаас зээл аваад буцаан төлөхдөө манай гэр бүлийн хүний дансаар дамжуулж шилжүүлсэн. Би 2014 оноос эхэлж МК ХХК-д ажиллаад 2016 онд ажлаасаа гарсан. Компанид санхүүгийн эх үүсвэр хэрэгтэй болоод н.А-ын байрыг барьцаанд тавьж ББСБ-аас зээл авах шаардлага гарсан. Л.Г захирал н.Э гэх хүнээс зээл авахаар болсон. Улмаар н.Эрдэнэцэцэгтэй холбогдоход манай ББСБ мөнгө гаргах боломжгүй байна, Хүрэн бэлчир уул ББСБ ХХК-аас авчих гэсэн. Хүрэн бэлчир уул ББСБ ХХК нь дөнгөж үйл ажиллагаагаа эхэлж байсан ба бид нарт зээл олгосон. Зээлийн гэрээ, мөнгийг иж бүрнээр нь компанид авчирч өгсөн. Ингээд компанид мөнгө орж ирээд зээлийг төлсөн. Төлөхөд н.А бид 2 явсан. Тухайн үед компанийн Хаан банкны дансанд мөнгө байсан учраас мөнгийг Хаан банкаар дамжуулбал хурдан шилжих учраас Хаан банкны данс хэрэгтэй болсон. Надад Хаан банкны данс байхгүй байсан учраас манай гэр бүлийн хүнийн данс руу орсон. Н.А бид 2 бэлэн мөнгө тушаасан баримтад гарын үсэг зураад Баянзүрх дүүргийн өмчийн газраас барьцаалбарыг чөлөөлөхийг зөвшөөрөв гэсэн албан тоот бичүүлэн барьцааг суллаж авсан ийм л процесс болсон. Тухайн үед компанийн төлбөр тооцооны гүйлгээ надаар дамжсан болохоос биш ямар нэгэн байдлаар компаниас мөнгө авсан зүйлгүй гэжээ.

Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 183/ШШ2018/01360 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1, 492.1.1, 492.2, 492.2.1-т зааснаар хариуцагчаас 25.000.000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 70.000.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас 282.950 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 632.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 1728 дугаар магадлалаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 183/ШШ2018/01360 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 282.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Г хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ...Иргэний хуулийн 492 дугаар зүйлд заасан үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэх үндэслэл нь нэхэмжлэгч бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгүүлэхээр хариуцагчийн дансанд мөнгө шилжүүлж, хариуцагч нь тэр мөнгийг нь хувьдаа завшин үүргийг гүйцэтгээгүй байх урьдчилсан нөхцөл, үйл баримтыг шаардана. Гэтэл шүүх нэхэмжлэгчийн нэхэмжилсэн 95 сая төгрөгөөс 70 сая төгрөгийн зээл төлөгдсөн байна гэж дүгнэсэн атлаа 25 сая төгрөгийн зээл төлөгдөөгүй гэх ямарч үйл баримтгүй, нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ нотолж чадахгүй байхад хариуцагчийг хувьдаа авсан гэж шууд дүгнэн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч өөрийн хүсэл зоригоор хариуцагчийн дансанд мөнгө шилжүүлэн бусдаас зээлсэн зээлийн төлбөрөө дамжуулан төлсөн даалгаврын харилцаа үүссэн байхад үүрэг үүсээгүй гэж дүгнэсэн мөн нэхэмжлэгч бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хариуцагчид хөрөнгө шилжүүлсэн гэж үзвэл хэний өмнө хүлээсэн ямар үүрэг нь хангагдаагүй талаар нэхэмжлэлийн шаардлагадаа дурьдаагүй, үндэслэлээ нотлох баримт гаргаж өгч чадахгүй байхад хуулийг буруу тайлбарлан хэрэг маргааныг илт нэг талд шийдвэрлэсэн гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч МК ХХК нь Б.Э-д холбогдуулан 95.000.000 төгрөг шаардаж, үндэслэлээ, “2014 оны 3 дугаар сарын 14-ний өдөр түүний ХААН банк дахь дансанд үндэслэлгүйгээр шилжүүлсэн 95.000.000 төгрөгийг буцаан гаргуулах” гэж тодорхойлсныг, хариуцагч эс зөвшөөрч, “Хүрэн бэлчир уул ХХК болон Ж.А нараас авч компанийн үйл ажиллагаанд зарцуулсан зээлийг төлүүлэх зорилгоор  компанийн ерөнхий захирал Л.Г-ийн шилжүүлсэн мөнгийг тухайн этгээдүүдэд төлсөн” гэж маргажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлээс 25.000.000 төгрөг гаргуулж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосныг, давж заалдах шатны шүүх хянаж, шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагыг хангаагүй байх тул шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгуулах тухай хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчөөгүй боловч зохигчийн хооронд үүссэн маргаантай эрх зүйн харилцаанд хэрэглэвэл зохих Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг буруу тайлбарлан хэрэглэжээ.

Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс, хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон нөхцөлд буцаан шаардах эрхтэй байна.

Нэхэмжлэгч МК ХХК-ийн захирал Л.Г-ийн гарын үсэг бүхий шилжүүлгээр Б.Э-ы дансанд 2014 оны 3 дугаар сарын 14-ний өдөр “зээл төлөлт” утгаар нийт 95.000.000 төгрөг шилжүүлсэн нь тогтоогдсон энэ үйл баримтад зохигч маргаагүй байна.

Дээрх мөнгөнөөс 70.000.000 төгрөгийг МК ХХК-ийн үйл ажиллагаанд зориулж Б.Э-ээр зуучлуулж Хүрэн бэлчир уул ББСБ ХХК-с Д.А, Л.Г нарын авсан зээлд, 25.000.000 төгрөгийг мөн зорилгоор хариуцагч Б.Эы нөхөр тухайн үед нэхэмжлэгч компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Ж.Г-ийн эгч Ж.А-ээс авсан зээл, хүүд тус тус төлөхөөр тохирсны дагуу тухайн этгээдэд дамжуулж өгсөн гэх хариуцагчаас гаргасан тайлбар нотолгоог нэхэмжлэгч үгүйсгэж чадаагүй байна.

Иймд зохигчийн хооронд үүрэг үүссэн, уг үүргийг хариуцагч биелүүлсэн гэж үзэх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь хуульд нийцнэ.

Хоёр шатны шүүх 70.000.000 төгрөгийн тухайд нэхэмжлэгч шаардлага гаргах эрхгүйг хэргийн баримтад үндэслэн зөв дүгнэсэн боловч адил утгаар шилжүүлсэн 25.000.000 төгрөгийн хувьд хариуцагч татгалзлаа нотлоогүй гэж үзсэн нь үндэслэл муутай болжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, гэрч Ж.А-ийн мэдүүлэг, 4.900.000 төгрөгийг Ж.Г-ээс Ж.А-т шилжүүлсэн баримтуудыг үгүйсгэх боломжгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.4-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 183/ШШ2018/01360 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 1728 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасан үндэслэл тогтоогдоогүй тул Б.Эаас 95.000.000 төгрөг гаргуулахыг хүссэн МК ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагч нь хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 282.950 төгрөг төлснийг шүүгчийн захирамж гарган буцаан олгосугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Г.ЦАГААНЦООЖ

ШҮҮГЧ                                                          Г.АЛТАНЧИМЭГ