Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 05 сарын 12 өдөр

Дугаар 553

 

 

 

 

 

 

 

  2021       05         12                                   2021/ШЦТ/553

 

 

                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хосбаяр,

улсын яллагч М.Отгонжаргал,

шүүгдэгч Д.Т нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэйгээр хялбаршуулсан журмаар хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Д.Тыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2106 00497 0670 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

                      

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

 

Холбогдсон гэмт хэргийн талаар:

Шүүгдэгч Д.Т нь 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Энканто хотхоны Оргил худалдааны төвийн гаднах зогсоол дээр хэрүүл маргааны улмаас иргэн У.Атэй харилцан зодолдож улмаар түүний эрүүл мэндэд зулайн шарх, зовхинд цус хуралт, хуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.                                                              

                                                                                  /яллах дүгнэлтэд бичсэнээр/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Д.Тыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шийдвэрлүүлэхээр ирүүлснийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн түүнд холбогдох эрүүгийн 2106 00497 0670  дугаар хэргийг хянан шийдвэрлэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад дүгнэхэд:

Шүүгдэгч Д.Т нь хохирогч У.Аийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хэрэгт авагдсан:

Хохирогч У.Аийн мөрдөн байцаалтад өгсөн:

“...тухайн залуутай юм ярих гэхээр постын хажууд байсан нэг хүн цонхыг хааж зогсоод чи яв гээд байхаар нь би “наад хүнтэй чинь юм яръя, зай барь” гэж хэлээд түлхэхэд нөгөө хүн уурлаад намайг заамдаад авахаар нь би зөрүүлээд заамдаж авсан ба удалгүй больчихсон байхад пост дотор байсан залуу гарч ирээд “чамайг сургаад өгье” гэж хэлээд миний толгойны зүүн тал руу гараараа нэлээд хэдэн удаа цохисон. Манай эхнэр хажуугаар орж ирээд чи яагаад хүн цохиод байгаа юм бэ гэж маргалдсан. Постын гадна зогсож байсан хүн, тухайн газрын захирал гэх хүн хоёр намайг бариад хорьж байх хооронд постоос гарч ирсэн залуу миний толгой руу нэлээд хэдэн удаа цохисон” гэх мэдүүлэг /хх 06-08/,

 

Камерын бичлэгт үзлэг 2021 оны 03 дугаар сарын 26-ны өдөр хийсэн “...Бичлэгийн 13 дахь секундэд тухайн пүүтэгнээс гэрч ирсэн хүн тэнд байх нэгэн хүн руу гараараа цохих үйлдэл хийж, тэр хоёр барилцаж аваад тэр хоёрын дунд байх 2 хүн тэр хоёрыг салгах гэж байгаа үйлдэл хийнэ. Энэ үед пүүтэгнээс гарч  ирсэн залуу тэнд байх нэгэн хүн рүү гараараа 2-3 удаа цохиж байгаа мэт үйлдэл үзүүлж байгаа нь харагдана. ...Тухайн үед тэнд байх нэгэн хүн барьцалдаж аваад зууралдаж буй нэг хүний бие рүү гараараа цохих болон 2-3 удаа өшиглөх үйлдэл хийж байгаа нь хяналтын камерын бичлэгт харагдана. Бичлэгийн 01 минут 17 дахь секундэд тухайн хүмүүс бие биетэйгээ зууралдах ба тэр үед тэнд байх хоёр хүн бие биеийнхээ бие рүү цохих үйлдэл хийж байгаа нь харагдана. Тэр хоёр хүн бие биеэ цохиж тэнд байх 2-3 хүн салгаж байгаа үйлдэл харагдана” гэх тэмдэглэл /хх 14-15/,

  

Гэрч Н.Доржгочоогийн мөрдөн байцаалтад өгсөн:

“...Т гэх залуу тэр залуугийн цээжин бие, толгой руу нь гараараа 2-3 удаа цохисон. Тэр залуу Тын толгой, цээж рүү нь гараараа 2-3 удаа цохисон. Тэр хоёр бие биеэ адилхан цохиж байсан. Тэгээд тэр хоёрыг арай гэж салгаад Тын зогсоолын пүүтэг рүү оруулж хаалгыг нь гаднаас дарж зогссон. Нөгөө залуу нь пүүтэгний хаалгыг Тыг чирч гаргаж ирээд тэр хоёр дахин зууралдаж бие биеэ дахиж хэд хэдэн удаа цохисон” гэх мэдүүлэг /хх 28-30/,

 

Гэрч Ц.Отгонбаярын мөрдөн байцаалтад өгсөн:

“...Би тэр пүүтэгний цонхон дээр зогсож байхад нөгөө залуу миний цээж рүү түлхэхээр нь би “наадах чинь ажлаа хийж байна, чи яагаад байгаа юм” гэж хэлэхэд чамд хамаагүй гэж хэлсэн. Дотроос харуул залуу “наадах чинь настай хүн шүү дээ, чи болиоч” гэж хэлэхэд тэр залуу чамд хамаагүй гөлөг минь, гараад ир гэж хэлэхэд харуул залуу гарч ирсэн. Тэр хоёр бие биеийнхээ нүүр, толгой руу гараараа цохиж, зууралдсан” гэх мэдүүлэг /хх 32-33/,

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 966 дугаартай:

“У.Аийн биед зулайд шарх, зовхинд цус хуралт, хуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.  Дээрх гэмтлүүд нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтлүүд байна. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтлүүд нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх 37/,

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 955 дугаартай:

“Д.Тын биед хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, хүзүү, ооч, уруулд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.  Дээрх шинэ гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх 42/,

 

Шүүгдэгч Д.Тын мөрдөн байцаалтад өгсөн:

“...Тэгэхээр нь миний уур хүрээд гарч очоод тэр залуутай барилцаж авахад тэр залуу миний толгой руу гараараа 2-3 удаа цохихоор нь би зөрүүлээд тэр залуугийн толгой, нүүр рүү нь гараараа 1-2 удаа цохисон. Тэр үед тухайн залуугийн эхнэр нь миний гэдэс, гуя руу хөлөөрөө 5-6 удаа өшиглөсөн. Тэр үед миний хүзүү улайчихсан, нүүр, ам шалбараад, хамраас цус гарсан байсан” гэх мэдүүлэг /хх 51/,

 

- зөрчлийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх 04/,

- БЗДЦГ ЦХ-1, шуурхай удирдлагын тасгийн дуудлагын лавлагааны хуудас /хх 05/,

- кассын орлогын ордер /хх 12/,

- эд зүйлийг хүлээн авсан тухай тэмдэглэл, эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх 13, 16/,

- Лазер мед эмнэлгийн компьютерт томографийн шинжилгээ /хх 35/ зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Хавтаст хэргээс шүүгдэгч Д.Тын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 55/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 56/, оршин суух газрын тодорхойлолт /хх 57-58/, гэрлэлтийн бүртгэлгүй тухай лавлагаа /хх 59/, үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа /хх 60/, жолоочийн лавлагаа, мэдээлэл /хх 61/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх 62/, ажлын газрын тодорхойлолт /хх 63/, хохирогч, шүүгдэгчийн хэргийн хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх 77-78/ зэрэг нотлох баримтыг судлав.

Шүүгдэгчийг тухайн гэмт хэргийг үйлдээгүй гэж үзэх үндэслэл, нотолгоогүй, мөн тус хэргийн нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байна.      

 

Дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай шүүгдэгчийн гэм бурууг нотлоход хангалттай байх бөгөөд Баянзүрх дүүргийн прокурорын газраас Д.Тыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйлчлэл үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Д.Т нь хүний эрүүл мэндэд шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь дээр дурдсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, шинжээчийн дүгнэлт, шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

 

Иймд шүүгдэгч Д.Тын хохирогч У.Аийн биед зулайд шарх, зовхинд цус хуралт, хуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал зэргийн гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 100.000 төгрөгийг хохирогч У.Ад мөрдөн байцаалтын шатанд төлж бараглуулсан байх ба хохирогчид шүүх хуралдааны тов мэдэгдэхэд “гомдол санал нэхэмжлэх зүйлгүй, шүүх хуралдаанд оролцохгүй” гэснийг үндэслэж шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв. 

 

Шүүгдэгч Д.Т нь гэмт хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, хохирогч нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэсэн, шүүгдэгчийн эзэмшлийн эд хөрөнгийг битүүмжлээгүй болохыг дурдаж байна.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн сиди 1 ширхгийг хэрэгт хавсаргуулахаар тус шүүхийн тамгын газарт шилжүүллээ.

 

Шүүх шүүгдэгч Д.Тын үйлдсэн гэмт хэргийнх нь нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хохирлын хэмжээ, хохирлыг төлж барагдуулсан байдал, хувийн байдал, гэмт хэрэг үйлдэх болсон шалтгаан нөхцөл зэргийг харгалзан үйлдсэн гэмт хэргийнх нь хор уршгийг ухамсарлуулах зорилгоор Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан ялаас чөлөөлөхөөр шийдвэрлэв.

 

Монгол Улсын Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улсад хууль ёсоор оршин сугаа хүн бүр хууль шүүхийн өмнө эрх тэгш байна”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...ял оногдуулахад хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, бэлгийн болон хүйсийн чиг баримжаа, боловсрол, хөгжлийн бэрхшээлтэй байдлаар ялгаварлан гадуурхахгүй” гэж тус тус хуульчилжээ.

 

Гэм буруу гэдэг нь санаатай үйлдсэн гэмт хэрэг, түүний хор уршигт хандах сэтгэхүйн харьцаа бөгөөд эрүүгийн хариуцлага хүлээлгэх зайлшгүй шаардлагатай нөхцөл байдаг.

Хүн бүр хууль, шүүхийн өмнө тэгш байна гэж хүн бүрт эрх, үүрэг, хариуцлага гурвыг ямар нэг ялгаваргүй тогтоох, хэрэгжүүлэх явдлаар илэрч байх ёстой буюу хуулийн нэг ижил заалтыг ялгавартай хэрэглэж болдоггүй.

Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хэний ч эрх ашиг Эрүүгийн хуулиар нэг адил түвшинд хамгаалагдах учиртай бөгөөд Үндсэн хууль болон Олон Улсын эрх зүйн түгээмэл зарчим учир дээрх зарчмыг нийтээр чанд мөрдөж байх нь чухал шаардлагатай.

 

Тухайн гэмт хэргийн хувьд гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай хүний тухай асуудал байх боловч энэ зарчмыг өргөн утгаар нь ойлгож хэрэгжүүлэх нь чухал бөгөөд хэн нэгэнд субьектив байдлаар хандаж үл болно.

 

Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршдог.

Гэмт хэрэг үйлдсэн хэн боловч заавал хариуцлага хүлээж байх нь Эрүүгийн хуулийн урьдчилан сэргийлэх нөлөөллийн ач холбогдлыг илэрхийлэх гол арга болдог.

Хариуцлага гарцаагүй байх нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлж, хүмүүжүүлэхээс гадна бусдад гэмт хэрэг үйлдвэл заавал хариуцлага хүлээдэг гэсэн анхааруулга санамж өгөх ач холбогдолтой.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн  ...6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана.” хэмээн хуульчилсны дагуу шүүх хэргийг шийдвэрлэсэн, шийдвэрлэж болох хэдий ч цаашид прокурорууд энэ мэт байдлаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх санал гаргаж хэрэг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхгүй байх зохистой.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг  тус тус удирдлага болгон

         ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Хн овогт Дгийн Тыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг журамлан шүүгдэгч Д.Тыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас чөлөөлсүгэй.

 

3. Хэргийн учир шүүгдэгч Д.Т нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн сиди 1 ширхгийг хэрэгт шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хадгалуулахаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тамгын газарт шилжүүлсүгэй.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох  ба шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Тт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, өсвөр насны шүүгдэгч, насанд хүрээгүй хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Н.БААСАНБАТ