Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 04 сарын 07 өдөр

Дугаар 2021/ШЦТ/479

 

 

 

 

2021         04          07                                        2021/ШЦТ/479

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Санжидмаа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Сүхбат,

Улсын яллагч Х.Ням-Эрдэнэ,

Шүүгдэгч Т.Ш, түүний өмгөөлөгч Д.Энхтунгалаг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б овогт Т.Ш-д холбогдох эрүүгийн 2006 04348 0370 дугаар хэргийг 2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Холбогдсон хэргийн талаар/ яллах дүгнэлтээр/:

Шүүгдэгч Т.Ш нь 2020 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо, Ээж хайрхны 2-54 тоотод  архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Б.Ө-тэй маргалдан улмаар түүний нүүрэн тус газар нь 2-3 удаа цохиж биед нь эрүүний зүүн булангийн хугарал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын гаргасан хүсэлтээр хэрэгт цугларсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Т.Ш шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Мөрдөн шалгах ажиллагааны шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн. Нэмж мэдүүлэх зүйлгүй гэв.

Эрүүгийн 2006 04348 0370 дугаартай хэргээс:

Шүүгдэгч Т.Ш-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...Би 2020 оны 09 дүгээр сарын сүүлээр найз Д, Э, Б нарын хамт 1 шил архийг хувааж уусан. Тухайн үед Ө согтоод “пязда” гэх мэт хараал хэлж, ширээ өшиглөөд босож ирэхээр нь би түүний нүүр орчимд 2-3 удаа цохисон” гэх мэдүүлэг /хх-ийн 48-49 дүгээр хуудас/,

Шүүгдэгч Т.Ш-ын гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөр болох 1.578.500 төгрөгийг төлөхөө илэрхийлсэн хүсэлт /хх-ийн 93 дугаар хуудас/

Хохирогч Б.Ө-ын мөрдөн байцаалтад өгсөн: ...2020 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороонд байрлах Т.Ш-ын гэрт найз Д-гийн хамт 0.75 литрийн 4 шил архи хувааж уугаад унтсан. Маргааш өглөө нь 07:00 цагийн үед босоход зүүн талын шанаа, эрүү орчим хавдсан байсан. Тухайн үед намайг хэн зодсон талаар асуухад Д, Ш нар мэдэхгүй гэж хэлсэн. Би 09 дүгээр сарын 28-ны өдрөөс Улсын Нэгдүгээр эмнэлгийн эрүү нүүрний мэс заслын тасагт 10 хоног эмчлүүлсэн. Эмнэлгээс гарсны дараа Д гэх залуутай уулзаж намайг хэн зодсон талаар асуухад “Ш чамайг зодсон” гэж хэлсэн. Тэгэхээр нь би Ш-тай уулзаж асуухад “ тиймээ би чамайг зодсон” гэж хэлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 29-30 дугаар хуудас/,

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Б.Ариунзулын  2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 12733 дугаартай: “1. Б.Ө-ын биед эрүүний зүүн булангийн хугарал тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 3.Шүүх эмнэлгийн Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 4. Цаашид эрүүл мэнд, ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх-ийн 40-41 дүгээр хуудас/,

-Хохирогч Б.Ө-ын гаргаж өгсөн хохирлын баримтууд /хх-ийн 25-26 дугаар хуудас/,

-Шүүгдэгч Т.Ш-ын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 58 дугаар хуудас/,

-Шүүгдэгч Т.Ш-ын өмгөөлөгч Д.Энхтунгалагийн “хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай” хүсэлт /хх-ийн 79 дүгээр хуудас/,

-Эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаарх прокурорын санал /хх-ийн 84 дүгээр хуудас/ зэрэг баримтуудыг шинжлэн судлав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Т.Ш нь хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдсон, шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, түүний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгож, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн зэрэг нөхцөл байдлууд хууль зөрчөөгүй байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэх боломжтой гэж шүүх үзэв.

Шүүгдэгч Т.Ш-т холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Т.Ш нь 2020 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр  архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Б.Ө-тэй маргалдан улмаар түүний нүүрэн тус газар нь 2-3 удаа цохиж биед нь эрүүний зүүн булангийн хугарал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч Т.Ш-ын мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлгүүд, хохирогч Б.Ө-ын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг, Шүүхийн  шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 12733 дугаартай дүгнэлт болон хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт бэхжүүлэгдэн, шүүх хуралдаанаар хэлэлцүүлэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч Т.Ш-ын гэм буруутай үйлдэл болон уг үйлдлийн улмаас хохирогчийн биед гэмтэл учирсан үр дагавар шууд шалтгаант холбоотой болох нь нотлогдсон байна.

Шүүгдэгч Т.Ш-ын энэхүү үйлдэл нь Монгол улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулж буй гэмт үйлдэл болох юм.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч Т.Ш-ын хүндэвтэр гэмтэл бүхий хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай  учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.

Шүүгдэгч Т.Ш нь хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэх нь  зүйтэй.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцохоор тодорхойлж зохицуулсан бөгөөд шүүгдэгч Т.Ш-аас гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөр болох 1.578.500 төгрөгийг гаргуулж  хохирогч Б.Ө-д олгох нь зүйтэй байна.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Улсын яллагчаас Т.Ш-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь түүний гэмт үйлдэлд тохирсон байх тул шүүгдэгч Т.Ш-ыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тухайн зүйл хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Т.Ш-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэгт заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Т.Ш-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэргийн  нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг  харгалзан улсын яллагчийн саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгийн торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

Шүүгдэгч Т.Ш нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, эд мөрийн баримт, бичгийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б овогт Т.Ш-ыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Ш-ыг 600 /зургаан зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянган/ төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан ялтан Т.Ш-т оногдуулсан торгох ялыг 7 /долоон/ сарын дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан Т.Ш нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол ялтан Т.Шт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Ш-аас 1.578.500 төгрөгийг гаргуулж регистрийн дугаартай хохирогч А овогт Б.Ө-д олгосугай.

7.  Ялтан Т.Ш нь  энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримт, бичгийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

8.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

                                       ДАРГАЛАГЧ,

                  ШҮҮГЧ                       Х.САНЖИДМАА