Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 05 сарын 14 өдөр

Дугаар 574

 

 

 

2021         05         14                                  2021/ШЦТ/574

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж,

улсын яллагч Н.Ганчимэг,   

нарийн бичгийн дарга Б.Билэгжаргал,

шүүгдэгч Ц.Ж, түүний өмгөөлөгч Ц.Алтанцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.Жт холбогдох эрүүгийн 2106 00000 0757 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.           

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Холбогдсон хэргийн талаар:

Яллагдагч Ц.Ж нь 2021 оны 03 дугаар сарын 20-ны өдөр 10 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо Данзангийн 27 дугаар байрны гадна “машин таглаж тавиад утасны дугаараа тавьсангүй” гэх шалтгааны улмаас хохирогч М.Мтай маргалдаж нүүрэн тус газарт гараараа цохих, нүүр, хөл, хэсэгт хөлөөрөө өшиглөх зэргээр зодож түүний биед дээд уруул, цээжний зүүн хэсгийн зөөлөн эдийн гэмтэл, дээд үүдэн баруун нэгдүгээр шүд унасан, зүүн шанаа, хамрын зөөлөн эдийн гэмтэл, зүүн шанаа, шилбэнд зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.  

                                                                               /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/        

 

             ТОДОРХОЙЛОХ нь:

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Ц.Жийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хянан шийдвэрлүүлэхээр ирүүлснийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн түүнд холбогдох эрүүгийн 2106 00000 0757 дугаар хэргийг хянан шийдвэрлэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад дүгнэхэд:

Шүүгдэгч Ц.Ж нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хэрэгт авагдсан:

Хохирогч М.Мн мөрдөн байцаалтад өгсөн:

“Өнөөдөр 09 цагийн үед гэртээ байхад хүүгийн утас руу хүн залгаад машин гаргая гэж хэлсэн. Тэгэхээр нь би хувцсаа өмсөөд удаагүй  гарсан. Тэгтэл машин дээрээ яваад очиход приус 20 маркийн машин дотроос 2 залуу гарч ирсэн. Тэр үед хар куртиктэй, маск зүүгээгүй залуу намайг машин дээрээ утсаа тавихад яадаг юм удаан хүлээлгэлээ гэж хэлсэн. Тэгэхээр нь би чи урд талын машиныг дуудаад гаргачих боломж байсан байна шүү дээ би бүтэн хаагаагүй байна шүү дээ гэж хэлээд машин руугаа орох гэтэл тэр залуу намайг машин руу оруулахгүй хааж зогсоод миний нүүр хэсэг рүү нэг удаа цохисон. Би тэр үед газарт уначихсан. Намайг газарт унасан байхад тэр залуу миний нүүр хэсэг рүү 2-3 удаа өшиглөсөн. Мөн хөл рүү өшиглөсөн. Харин хажууд нь байсан залуу салгаж тэр залууг хориод байсан. Миний нүүр рүү цохиж өшиглөснөөс болж миний үүдэн дээд 1 шүд унасан, уруул дотор хэсэгтээ язарсан, зүүн дух овойж арьс нь халцарсан, эрүүн доогуур шалбарсан, зүүн хөлний шилбэний гадна хэсэгт халцарсан байна. Толгой руу цохиулсны улмаас өвдөөд хөндүүрлэж байна. ” гэх мэдүүлэг /хх-ийн 10-11/,

Гэрч А.Буянзулын мөрдөн байцаалтад өгсөн:

            “2021 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 09 цагт эмнэлэгт үзүүлэхээр цаг авсан байсан учир 08 цаг 30 минутад гэрээсээ гарсан. Надтай хамт манай найз залуу Ц.Ж, найз Б.Баярцогт нар ажилдаа явахаар хамт гарсан. Тэгээд машин дээрээ ирэхэд 2 машин таглаад зогссон байсан. Замын цагдаагийн 19001234 дугаарын утсаар холбогдож ярихад машин хааж тавьсан машины эзэмшигч рүү холбож өгсөн. Тэр хүнтэй холбогдоод  машинаа холдуулаад өгөөч гэж хэлтэл би машин таглаж тавиагүй гэхэд машины улсын дугаарыг хэлтэл аан за одоо би гарлаа ш дээ гэж уцаарлангуй  хэлсэн. Тэгээд бид гурав машиндаа суугаад нөгөө хүнийг хүлээсэн. Тэр хүн гарч ирээд машинаа холдуулах нуу гэтэл ойр орчмын машинуудыг хараад зогсоод байсан. Тэгтэл манай найз залуу Ц.Ж, найз Б.Баярцогт нар гараад тухайн хүнтэй уулзсан. Тэгээд тэр хүн урд талын машин руу залгахгүй яасан юм вэ гэхэд тэр машин дугаараа авахгүй байсан учир таны дугаарыг замын цагдаагийн лавлахаар дамжуулан холбогдсон тухайгаа хэлж байсан. Тухайн үед  би машин дотроо утсаар холбогдоод  сууж байх үед нөгөө М манай найз залуу болох Ц.Жийг заамдан авч Баярцогтын машины хамар дээр түлхэж унагаагаад нүүр лүү нь гараараа цохисон. Тэр үед би машинаас бууж ирсэн. Тэгээд манай найз залуу Ж өөрийгөө хамгаалахын тулд цааш нь түлхээд Мн нүүр рүү нь гараараа 1 удаа цохисон. М гэх хүн газар унасан. Тэгээд М гэх хүн гэр лүүгээ ороод гарч ирэхдээ эхнэрээ дагуулан гарч ирээд цагдаа дуудсан.” гэх мэдүүлэг /хх-н 17-18/,

Гэрч Б.Баярцогтын мөрдөн байцаалтад өгсөн:

“2021 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 08 цагт ажил руугаа явахаар найз Жийн гэрээс машинаа халаахаар ганцаараа гарч ирэхэд миний машиныг 2 машин таглаад зогссон байсан. 08 цаг 30 минутад найз Ж, Баянзул гарч ирсэн. Таглаж тавьсан 2 машины 1 нь дугаараа байрлуулсан байсан ба залгаад утсаа авахгүй байсан. Тэгээд эхний машин утсаа авахгүй байсан тул дараагийн машины улсын дугаараар замын цагдаагийн лавлах утас руу Баянзул залгахад машины эзэмшигчтэй шууд холбож өгсөн. Тэгээд М гарч ирээд хараад зогсоод байсан. Тэгээд Ж буугаад очтол урдах машинаа дуудахгүй яасан юм гэж М гэх хүн хэлэхэд Ж наад дугаар чинь байхгүй байна таны буруу биз дээ гээд маргаж эхэлсэн. Тэгээд М, Ж нар заамдалцаад М нь Жийн нүүр лүү нь 2-3 удаа гараараа цохиж машины хамар луу унагаасан. Тэгээд би очиж салгах гэтэл Ж Мн нүүр лүү 1 удаа гараараа цохиход М гэх хүн газарт унасан. М гэх хүн тоосго барьж босож ирээд Ж лүү далайгаад цохиогүй доош суун унасан шүдээ газраас хайж авсан.” гэх мэдүүлэг /хх-н 20/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 2528 дугаартай:

“М.Мн биед дээд уруул, цээжний зүүн хэсгийн зөөлөн эдийн гэмтэл, дээд үүдэн баруун 1-р шүд унасан, зүүн шанаа, хамрын зөөлөн эдийн гэмтэл, зүүн шанаа, шилбэнд зулгаралт тогтоогдов. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр үүссэн шинэ гэмтэл байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 1 шүд унасан нь цаашид эрүүл мэнд хөдөлмөрийн чадварт 5% тогтмол нөлөөлнө.” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 22-23/,

 

Шүүгдэгч Ц.Жийн мөрдөн байцаалтад өгсөн:

“Би өнөөдөр 08:30-08:40 цагийн хооронд ажилдаа явахаар гэрээсээ гарсан. Надтай хамт манай эхнэр Буянзул эмнэлэгт үзүүлэхээр гарсан. Мөн манай найз Баярцогт ажилдаа явахаар гарсан. Тэгээд машин дээр ирэхэд машиныг машин хаагаад тавьчихсан, тэр машин дээр утасны дугаар байхгүй байсан. Ингээд би замын цагдаагийн 19001234 дугаар луу залгаж ярихад машин хааж тавьсан машины эзэмшигч рүү холбож өгсөн. Тэр хүнд машин гаргах гэсэн юм, хурдан гараад ирээрэй гэж хэлтэл ямар машин, дугаар байх ёстой ш дээ гээд байхаар нь машины улсын дугаарыг нь хэлтэл аан за одоо гараад очлоо гээд уурлангуй ярьсан. Тэгээд тэр хүн машин дээрээ гарч ирээд машинаа холдуулахгүй эргэн тойрныг хараад зогсоод байхаар нь би эхлээд тэр хүн дээр машинаасаа бууж очоод машин дээр чинь дугаар байхгүй байна, тээврийн газраас залгаж дугаарыг чинь олж авлаа, гарч чадахгүй 30 минут хүлээлээ гээд хэлтэл тэр хүн надад чи гараад ирэхийн хооронд яасан сүртэй юм вэ гээд над руу ойртоод ирсэн. Тэгэхээр нь би таны зөв юм уу гээд хэлтэл тэр хүн намайг шууд заамдаад нүүр рүү цохитол миний хамраас цус гарсан. Тэгээд намайг татаад манай машины хамар дээр унгаасан. Тэр үед манай найз Баярцогт бид хоёрыг салгах гээд оролдсон. Би тухайн үед тэр хүний нүүр рүү гараараа нэг удаа цохисон. Тэгээд Баярцогт намайг салгасан.  Үүнээс хойш зодолдоогүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 13-14/,

- зөрчлийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл, шуурхай удирдлагын тасгийн дуудлагын лавлагааны хуудас /хх-ийн 01-02/,

- хохирогч М.Мгаас 2021  оны 04 дүгээр сарын 07-ны өдөр “ Андууд” нэртэй шүдний эмнэлэгт шүд хийлгэсэн баримт /хх-ийн 4-7/ зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Хавтаст хэргээс шүүгдэгч Ц.Жийн оршин суух газрын тодорхойлолт /хх-ийн 47/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 40/, эд хөрөнгийн лавлагаа /хх-ийн 42/, , эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 41/ зэрэг нотлох баримтыг судлав.

 

Шүүгдэгчийг тухайн гэмт хэргийг үйлдээгүй гэж үзэх үндэслэл, нотолгоогүй, мөн тус хэргийн нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байна.      

 

Дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай, шүүгдэгчийн гэм бурууг нотлоход хангалттай байх бөгөөд Баянзүрх дүүргийн прокурорын газраас Ц.Жийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйлчлэл үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Ц.Ж нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь дээр дурдсан хохирогч, шинжээчийн дүгнэлт, шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцсэн баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

 

Иймд шүүгдэгч Ц.Жийн иргэн М.Мн бие махбодод хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Хохирогчид гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 1.100.000 төгрөгийг мөрдөн шалгах ажиллагааны явцад төлж барагдуулсан тул шүүгдэгчийг нотлох баримтаар бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзэв.

             Шүүгдэгч Ц.Ж нь гэмт хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, нотлох баримтаар бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгчийн эзэмшлийн эд хөрөнгийг битүүмжлээгүйг дурдах нь зүйтэй байна. 

 

Шүүх шүүгдэгчид ял оногдуулахад эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрийг нөхөн төлсөн байдал, түүний хувийн байдал, шүүх хуралдааны оролцогч нарын гаргасан санал, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх үндэслэл, нөхцөлд тооцож, уг байдлуудыг харгалзан торгох ял оногдуулж, тухайн ялыг Эрүүгийн хуульд зааснаар тодорхой хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

        ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт Цийн Жийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн  1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Жт таван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу таван зуун тавин мянган төгрөгөөр торгох ял оногдуулсугай.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Жт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай. 

   4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Хэргийн учир шүүгдэгч Ц.Ж нь цагдан хоригдсон хоноггүй, нотлох баримтаар бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

            6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Жт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэсүгэй.

 

            7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

            8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Жт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Н.БААСАНБАТ