| Шүүх | Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Амарын Нарантуяа |
| Хэргийн индекс | 150/2017/00108/и |
| Дугаар | 100 |
| Огноо | 2017-05-01 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2017 оны 05 сарын 01 өдөр
Дугаар 100
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч А.Нарантуяа даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч *******гийн хүсэлттэй *******ыг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүх хуралдаанд хүсэлт гаргагч *******, нарийн бичгийн дарга Э.Нарантуяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч ******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ:
“...Бид хоёр 2005 онд танилцсан. 2006 оны 03 дугаар сарын 19-ний өдөр том хүүхэд төрсөн. Бид хоёр 2006 оны 10 дугаар сарын 25-ны өдөр хуримаа хийж тусдаа гарсан. 2007 оны 04 дүгээр сард гэрийнхээ хамаг эд зүйл, шинэ зурагт зэрэг зүйл байсныг намайг байхгүй үеэр нууцаар Дархан руу ломбарданд тавиад алга болсон. Энэ хүн би засарсан гэж 2010 оны 12 дугаар сарын 15-ны үеэр ээжтэйгээ ирээд бид нарыг Төв аймгийн Жаргалант сум руу авч яваад 6-7 сар хамт амьдарсан. Төв аймгийн Жаргалант сумд байхад цэрэг татлага болоод 2011 оны 11 дүгээр сарын 20-ны үеэр цэрэгт явахаар болоод бид нарыг 2011 оны 10 сард Хөтөлд авчирж өгсөн. Цэргээс ирснийхээ дараа нэг удаа залгасан. Тэрнээс хойш сураггүй байгаа. Миний З хүүхдийн 2 том нь энэ хүний хүүхэд. *******ын ээжийг Атарцэцэг, хойд аавыг нь Ганболд гэдэг. ******* энэ айлын том хүүхэд...” гэв.
Хүсэлт гаргагчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч ******* нь хамтран амьдрагч *******ыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргасан байна.
Хүсэлт гаргагч *******, ******* нар нь 2005 онд танилцаж гэр бүлийн харьцаатай болж улмаар 2006 оны 03-р сарын 19-ний өдөр хүү М.Мөнхбилэгийг, 2007 оны 10-р сарын 13-ны өдөр охин М.Энхмааг тус тус төрүүлсэн байна. *******, ******* нар нь 2006 оны 10-р сарын 25-ны өдөр гэр бүл болж хуримаа хийсэн гэж байгаа боловч албан ёсоор бүртүүлж гэрлэлтийн гэрчилгээ аваагүй болох нь *******гийн тайлбараар тогтоогдож байна.
******* нь 2010 оны намар 11-р сарын 20-нд цэрэгт явлаа гэж ******* болон хүүхдүүдээ Сайхан сумд авчирч орхиод түүнээс хойш хаана байгаа нь тодорхойгүй болсон байна. ******* нь ажил хийдэггүй, амьжиргааны баталгаажих түвшингийн 50 хувиас доогуур орлоготой өрх болох нь Сайхан сумын 2 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 4 хуудас/-оор тогтоогдож байгаа ба хүү М.Мөнхбилэг, М.Энхмаа нарт хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох шаардлагатай тул хариуцагчаар оролцвол зохих этгээд болох *******ыг эрэн сурвалжилж, түүний оршин суугаа газрыг тогтоох нь зүйтэй байна.
*******ын хойд эцэг, төрсөн эх Атарцэцэг нар нь Төв аймгийн Жаргалант сумын 1 дүгээр баг Билүүтийн 17-9 тоотод оршин суудаг, нагац ах Атарсайхан нь Сайхан сумын 18 дугаар байрны 31 тоотод оршин суудаг, дүү Г.Цэнд-Аюуш нь Жаргалант сумын 10 жилийн сургуулийн 7 дугаар ангид сурдаг болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамж 70 200 төгрөгөөс *******г чөлөөлж шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь :
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1, 155.4 дэх хэсэгт зааснаар *******ыг эрэн сурвалжилж, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын цагдаагийн тасгаар гүйцэтгүүлсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамж 70 200 төгрөгөөс *******г чөлөөлсөн болохыг дурдсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд энэ хуулийн 119.3,119.4 дэх хэсгүүдэд зааснаар шүүх хуралдаанд оролцсон ******* нь шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авахыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаасаа хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.НАРАНТУЯА