Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 04 сарын 01 өдөр

Дугаар 448

 

 

                                                                                                                   

 

 

   2021        04          01                                   2021/ШЦТ/448    

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Баасанбат даргалж,

улсын яллагч М.Эрдэнэзаяа,   

нарийн бичгийн дарга А.Хосбаяр,

хохирогч Б.Х,

өсвөр насны шүүгдэгч нарын өмгөөлөгч Д.Ганбаатар,

өсвөр насны шүүгдэгч Д.С, түүний хууль ёсны төлөөлөгч Ц.Дулам,

өсвөр насны шүүгдэгч Б.М, түүний хууль ёсны төлөөлөгч Б.Мягмарсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.С, Б.М нарт холбогдох эрүүгийн 2006 03763 2721 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

           

Өсвөр насны шүүгдэгч нарын биеийн байцаалт:

 

Холбогдсон хэргийн талаар:

Өсвөр насны яллагдагч Д.С, Б.М нар нь бүлэглэн 2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 14 цагийн орчим Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо 13/4 дүгээр байрны 06 дугаар орцонд Б.Хтэй маргалдаж улмаар хүч хэрэглэн зодож тархи доргилт, баруун хацар, шанааны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун бугалгын хазагдсан шарх, зулгаралт, цус хуралт зөөлөн эдийн няцрал, бүсэлхий нурууны зулгаралт, өгзөгний дунд дээд хэсгийн цус хуралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт холбогджээ.

                                                                              /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

             ТОДОРХОЙЛОХ нь:

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас өсвөр насны шүүгдэгч Д.С, Б.М нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг хянан шийдвэрлүүлэхээр ирүүлснийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн тэдэнд холбогдох эрүүгийн 2006 03763 2721 дугаар хэргийг хянан шийдвэрлэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан:

 

Хохирогч Б.Хгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр найз Ану-Үжин хэдэн охинтой уулзах гэж байгаа талаараа надад хэлж хамт явсан. Бид хоёр тэр хүүхдүүдтэй Баянзүрх дүүргийн 6-р хороо Бөхийн өргөөний урд талд 14:47 цагийн орчимд уулзахад тэнд манай найзтай уулзахаар танихгүй 4 охин ирсэн байсан. Тэгээд сааданд хүн багатай газар очиж юм ярина гээд Бөхийн өргөөний зүүн талд байх 4-р байрны 6-р орцонд хүчээр түлхэж оруулаад хаалгыг хаагаад лифтэнд оруулаад 9 давхарт гараад шатны хэсэгт зогсоогоод Үүрийнцолмон гэх охин нь ямар том амтай юм бэ? юу юу гэж ярьдаг гэнээ гээд намайг 2 удаа түлхсэн. Тэгээд дахин түлхэх гэхээр нь би зөрүүлээд нэг удаа түлхэхэд тэр 4 охин дөрвүүлээ миний үснээс зулгаасан. Би болиулах гэж оролдсон. Мөн манай найз Ану-Үжин тэднийг болиулан гэж оролдоход тэр 4 охин найз Ану-Үжин рүү дайраад зодоод байх шиг байсан. Тэр үед үсээ ягаанаар будсан охин нь намайг дээд давхар руу дагуулж гараад яах гэж Ану-Үжинтэй ирсэн талаар асуухад би та нарын дунд болсон хэрүүлд оролцоогүй ээ найзыгаа дагаж ирсэн талаараа хэлэхэд доод давхарт буусан. Тэгээд бид хоёрыг зэрэгцүүлж зогсоогоод дөрвүүлээ тамхи татаад бид хоёрын нүүр рүү тамхины утаагаа үлээгээд тамхи татах уу гэж байсан. Тэгээд тэр 4 охин тамхиа татаж дуусаад та хоёрыг сөгдүүлнэ, уучлалт гуйлгана гэхээр нь би яахаараа тэгэх ёстой юм гэхэд шар үстэй М гэдэг охин нь миний цээж хэсэг рүү 1 удаа өшиглөөд үснээс зулгааж эхэлсэн ба газар унасан байхад нөгөө охид нь намайг өшиглөөд байсан. Тэгээд шар үстэй нь үсдээд байхаар нь би үснээс нь бас зулгаасан. Тэгэхэд тэр охин тавь гэж хэлээд миний баруун гарын бугалга хэсгийг хазаад байсан. Тэгтэл 8-н давхрын оршин суугч гарж ирээд салгасан. Тэр 4 охин доошоо буусан. Ану-Үжин бид хоёр нөгөө гарж ирсэн оршин суугчийн гэрт байж байгаад 30 орчим минутын дараа тэр байрнаас гарсан. Миний мэдэж байгаагаар Ану-Үжин тэдний нэгэнтэй нь  чатаар муудалцаад блок хийсэн байсан.

...Мтэй үсдэлцээд газарт унасан хойно нэг нь миний баруун шанаанд өшиглөсөн бөгөөд М баруун гарын бугалга хэсгийг хазсан. Мөн бүсэлхий нуруу хэсэгт зулгаралт болон өгзөгний дунд, дээд хэсгийн цус хуралт гэх гэмтлийг М гэх охин намайг үсдээд татах үед үүссэн гэмтэл гэх мэдүүлэг /хх 12-15/,

 

Насанд хүрээгүй гэрч Д.Ану-Үжингийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр 14:00 цагийн үед БЗД-н 15-р хороо Бөхийн өргөөний урд талд найз болох Хгийн хамтаар танил охид болох С, Ануужин, Үүрийнцолмон, М нартай фейсбүүк мессенжерээр маргалдсаны улмаас тэдэнтэй уулзацгаасан. Тэр охид анх уулзаад сааданд очиж ярилцъя гээд Х бид хоёрыг дагуулаад явсан бөгөөд 13/4-р байрны 6-р орц руу ороод 8-9 давхрын завсарт гаргаад манай найз Хг Үүрийнцолмон эхлээд түлхэхэд хариуд нь Х Үүрийнцолмонг мөн адил түлхсэн. Тэгтэл хажуугаас нь үлдсэн 3 нь Хг цохиж зодоод байхаар нь би очоод салгаад найз болох Хг хажуудаа авсан. Тэр үед М намайг нэг удаа алгадах үед би Мг бас хөлөөрөө жийсэн. Тэгтэл намайг нь нэг унагаах үед дээрээс тэд нар өшиглөөд цохиод үсдээд байсан. Удалгүй Х хүрч ирээд салгаж намайг босгоод маргалдаж байхад М дахин хүрч ирээд намайг 5-6 удаа нүүрэн хэсэгт алгадсан бөгөөд 2 удаа багалзуурдсан. Тэгээд манай найз Хг М гэх охин үсдээд чирээд өшиглөж байхад 8 давхрын 211 тоотоос нэг эгч гарч ирээд салгаад Х бид хоёрыг гэртээ оруулсан. Намайг харахад Х Мтэй харилцан үсдэлцэж байсан. Мөн Үүрийнцолмонгийн гарыг маажсан байсан гэх мэдүүлэг /хх 07-08/,

 

Насанд хүрээгүй гэрч Б.Үүрийнцолмонгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

Тухайн өдөр С чатаар над руу уулзах шаардлагатай байна гэхээр нь Анунгоогийнд очсон. ...Стай чатаар маргалдсан охид ирж байна гэхээр нь бид дөрөв өөдөөс нь очиж уулзахад танил болох Ану-Үжин өөр нэг танихгүй охины хамт зогсож байсан. Бид нар гадаа их хүнтэй байна орцонд орж уулзахаар болоод 13/4-р байр 6-р орцны 7-8 давхрын дунд ороод би Ану-Үжингээс юунаас болж маргалдсан талаар асуухад тоохгүй хариулахгүй байхаар нь утсаа болиод учраа олмоор байна гэсэн. Тэр үед Х гэх охин намайг нааш ир гэхэд нь би ганцаараа очоод Хгээс чи намайг абортод орсон гэж юу яриад байгаа юм гээд бид хоёр маргалдсан бөгөөд утсаа оролдоод байхаар нь би утсаа боль гээд утаснаас татахад өөрөө утсаа татаад миний гараас маажаад үснээс зулгаахаар нь мөр хэсэг рүү түлхэхэд манай найзууд ирж салгасан. Тэр үед С хүрч ирээд Хтэй маргалдаад өнгөрсөн бөгөөд Ану-Үжин М хоёр маргалдаад М Ану-Үжинг үсдээд 2 удаа нүүрэн хэсэгт алгадаж байсан. Тэгээд М Ану-Үжинд хандаад чи Сгаас уучлалт гуй гэхэд Ану-Үжин үгүй гэсэн. М хоолойг нь боогоод хананд тулгаад сөгдөөд уучлалт гуйчих гэхэд Ану-Үжин Мгийн гарыг нь салгаж цохиод хөл рүү нь нэг удаа жийсэн. Тэр үед нь би Х Ану-Үжин хоёрыг Сгаас уучлалт гуйгаад салчих гэхэд үгүй гээд Х Мгийн мөр хэсэгт гараараа нэг удаа түлхэхэд тэр хоёр ноцолдож байгаад шалан дээр хамт уначихсан байсан бөгөөд харилцан үсдэлцэж байгаад М Хгийн дээр гараад үснээс тавь гээд 3-4 удаа нүүрэн хэсэгт нь алгадсан.

Тухайн үед би Хтэй юм яриад зогсож байхад миний асуултад хариулахгүй утсаа оролдоод байхаар нь мөр хэсэгт нь түлхээд утсаа больчхооч гээд утсыг нь татахад надаас гар утсаа буцааж авахдаа миний гараас маажихаар нь би дахин Хг түлхсэн. Тэгтэл Х миний үснээс зулгаахаар нь би ахиад Хгийн мөр хэсэгт нь тавиач гэж хэлээд түлхсэн. Намайг Хд үсдүүлж байхад М Хг яаж байна аа гэж хэлээд үсдээд татаж байхад С болон Анунгоо нар хувцаснаас татаад байсан. Удалгүй М Ану-Үжин, Х хоёрыг одоо өвдөг сөгдөөд уучлалт гуй гэхэд тэр хоёр чадахгүй гээд Х Мгийн мөр хэсэгт нь түлхэхэд М Хг үсдээд газарт унагахад С Хгийн нүүрэн хэсэгт нь 2 удаа хөлөөрөө өшиглөсөн. М Хг үсдээд газарт унагааж байгаад 5-6 удаа алгадсан. Нуруу хэсэгт нь 3-4 удаа гараараа цохиж байсан гэх мэдүүлэг /хх 17-19/,

 

Насанд хүрээгүй гэрч Х.Анунгоогийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр 12:00 цагийн үед манай найз Үүрийнцолмон гэрт ирээд удалгүй М, С 2 гадаа ирчихсэн гэхээр нь хамт гараад уулзсан. Гадаа уулзаад С, Үүрийнцолмон нартай маргалдсан гэх 2 үл таних охинтой уулзаад 13/4 байрын 6-р орцны 7-8 давхарт гараад Үүрийнцолмон намхан охинтой юм ярьж байгаад Үүрийнцолмон тэр охиныг утсаа оролдоод байхаар нь болиоч гэсэн. Тэгээд би нээх анзаараагүй гар утсаа оролдоод байж байхад Үүрийнцолмонг тэр охин үсдээд доош дарж байхад нь бид нар очоод салгасан. Удалгүй танил болох С, М хоёр нөгөө өндөр охин болох Ану-Үжинтэй ярилцаж байхад би юу болж байгаа талаар нь сонирхоод дундуур ортол үг хэлгүй нэг удаа миний хэвлийд өшиглөхөөр нь би уурлаад харилцан үсдэлцсэн бөгөөд хоёр тийшээ салцгаасан. Тэгээд би Х гэх охиныг дагуулаад лифтний хажууд очоод юу болсон талаар асууж байхад зодоон болж байгаа чимээ гарахаар нь яваад очтол М Ану-Үжинтэй үсдэлцээд шалан дээр хэвтэж байсан бөгөөд би очоод салгах гэхэд чадахгүй байж байхад гэнэт нэг эгч гарч боль гэж хэлээд тэр хоёр охиныг салгаад аваад явсан. М Хтэй үсдэлцээд харилцан зодолдоод байсан. М Хг 1-2 удаа алгадсан. 2-3 удаа нуруу руу нь цохисон гэх мэдүүлэг /хх 21-23/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 10132 дугаартай:

“Б.Хгийн биед тархи доргилт, баруун хацар, шанааны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун бугалгын хазагдсан шарх, зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, бүсэлхий нурууны зулгаралт, өгзөгний дунд дээд хэсгийн цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь шинэ гэмтэл байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдагдуулахгүй” гэх дүгнэлт /хх 32-33/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 10164 дугаартай:

“Д.Ану-Үжингийн биед духанд зулгаралт, дээд уруулын салст, баруун хацарт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй” гэх дүгнэлт /хх 39-40/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 10164 дугаартай:

“Б.Мгийн биед гэмтэл тогтоогдсонгүй” гэх дүгнэлт /хх 42-43/,

 

Шинжээч Б.Ундармаагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“Б.Хгийн биед учирсан гэмтлээс тархи доргилт нь тусдаа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна, баруун хацар, шанаа зөөлөн эдийн няцрал гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна, нурууны зулгаралт, өгзөгний цус  хуралт нь тус тусдаа гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Б.Хгийн биед учирсан гэмтэл нь мохоо зүйлийн 4-5 удаагийн үйлчлэлээр үүснэ” гэх мэдүүлэг /хх 45-46/,

 

Өсвөр насны шүүгдэгч Д.Сгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

Надад сонсгож байгаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан ялыг би хүлээн зөвшөөрч байна. 2020 оны 09 дүгээр 02-ны орой танил охин болох Ану-Үжинтэй фейсбүүк чатаар бага зэрэг маргалдсан. Тэгтэл Ану-Үжин нэг найздаа хэлээд групп чат нээгээд намайг болон манай найзуудтай чатаар маргалдсан бөгөөд маргааш нь буюу 2020 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр 13:00 цагийн үед бид тухайн охидтой уулзахаар болоод Үүрийнцолмон, Анунгоо, М нартай 12:00 цагийн үед уулзацгаагаад бид нар сагс тоглоод байж байхад Ану-Үжин, Х 2 хүрч ирээд ярилцаж байгаад 4-р байрны орцонд орцгоогоод Ану-Үжинтэй би ярилцаад зогсож байхад хажууд Үүрийнцолмон Х нар ярилцаад зогсож байсан бөгөөд Үүрийнцолмон гэнэт орилохоор нь хартал зүүн гарын сарвуу хэсгийг нь Х маажчихсан байсан. Тэр үед М Х дээр очоод түүнийг найз яаж байна аа гээд алгадсан ба Анунгоо Х М нарыг салгахад Анунгоо Хг аваад шатаар дээш гараад ярилцаж байсан. М Ану-Үжин, Х нарт хандаад уучлалт гуйчих тэгээд явцгаая гэхэд Ану-Үжин чадахгүй гэтэл М хана хэд цохиж байгаад уучлалт гуйчих гээд нэлээн чанга дуугаар хэлээд Ану-Үжингийн хоолойг нь боогоод уучлалт гуйчих гээд байна ш дээ гэж хэлсэн. Анунгоо хажуугаас нь та хоёр сөгдөөд уучлалт гуй гэхэд үгүй гэцгээгээд байхаар нь М Х дээр очоод харилцан үсдэлцээд салгахад Х Мгийн хэвлий хэсэгт өшиглөөд дахин тэр хоёр үсдэлцээд М Хгийн дээр нь гараад нүүрэн хэсэг нь 5-6 удаа хүчтэй алгадсан. Гараа атгаж байгаад Хгийн нуруу хэсэгт гараараа 4-5 удаа цохиж байхад нь би очоод Хгийн нуруу хэсэгт 2 удаа өшиглөсөн гэх мэдүүлэг /хх 61-62/,

 

Өсвөр насны шүүгдэгч Б.Мгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

Надад сонсгож байгаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан ялыг би хүлээн зөвшөөрч байна. 2020 оны 09 дүгээр 02-ны өдөр 12:00 цагийн үед найзууд болох Анунгоо Үүрийнцолмон нартай БЗД-н 15-р хороо 54-р байрны 4 давхарт Анунгоогийн гэрт Стай фейсбүүкээр маргалдсан охидтой уулзах гэж цугласан. Удалгүй араас найз С ирээд бид нар 4-р байран дээр очоод сагс тоглоод байж байхад нөгөө охид Анунгоо руу залгаад ирж байна хүрээд ирээч гэхээр нь өөдөөс тосож очсон. Бид нар уулзаад буцаад 4-р байрны орц руу орцгоогоод 7-8 давхарт гараад Үүрийнцолмон Х нар тусдаа байж байгаад маргалдаж эхэлсэн. Үүрийнцолмон тэр охиныг утсаа болио гэхэд Х гэх охин Үүрийнцолмонгийн гарыг маажсан. Манай найз буцаагаад тэр охиныг түлхэхэд шууд Үүрийнцолмонг үсдээд авсан. Тэр үед нь бид нар очоод салгаад юм яриад зогсож байхад Ану-Үжин гэх охин шатан дээр зогсож байхад Анунгоо нь буугаад ирээ гэхэд хэвлий хэсэгт нэг удаа өшиглөсөн хариуд нь Анунгоо тэр Ану-Үжин гэх охины нүүрэн хэсэгт нь нэг удаа алгадаад харилцан үсдэлцэж байхад нь бид нар салгасан. Тэр үед Анунгоо Хг аваад дээш гарсан. Тухайн үед би Ану-Үжинтэй ярилцаад та нар уучлалт гуйгаад салаа гэхэд Анунгоо Хтэй бууж ирсэн. Тэгтэл Анунгоо тэр хоёр охиныг сөгдөөд уучлалт гуй гэхэд үгүй эгч нарыгаа дуудна гэхээр нь би Ану-Үжинг хана руу түлхээд уучлалтаа гуйгаад больцгоо гэхэд Х хажуугаас яагаад та нараас уучлалт гуйх ёстой юм бэ? гээд уурлаад байхаар нь би Хг түлхэхэд намайг үсдэхээр нь харилцан үсдэлцээд газарт унаад би дээр нь гарчхаад байж байхад араас нэг нь татаад байхаар нь би цаашаа байж бай гэж хэлээд Хгийн үснээс тавихад Х үсдээд тавихгүй байхаар нь нүүрэн хэсэгт нь 2 удаа гараараа алгадсан бөгөөд бие хэсэгт нь нэг удаа цохисон. Тэр үед миний үснээс тавиад намайг дээш босох явцад хэвлий давсаг хэсэг рүү хөлөөрөө 2-3 удаа жийсэн. Удалгүй Х босож ирээд дахин үснээс зулгаахад би харилцан үсдэлцээд газарт унагачихсан дээр нь гараад байж байхад нэг эгч гарч ирээд больцгоо гэхэд бид хоёр салсан. Тэр эгч гарч ирээд Х Ану-Үжин нарыг нааш ир гээд хажуудаа авсан бөгөөд бид нар лифтэнд суугаад явцгаасан. Би Хг үсдээд нүүрэн хэсэгт нь 2 удаа алгадсан ба нуруу хэсэгт нь 1 удаа цохисон гэх мэдүүлэг /хх 70-71/,

 

- гэмт хэргийн талаар гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 02-03/,

- Натур эмнэлгийн компьютерт томографын оношилгоо хийлгэсний төлбөр 120.000 төгрөг төлсөн баримт, Бэст массажинд бариа хийлгэсний төлбөр 900.000 төгрөг төлсөн баримт /хх 47-48/, хохирогчоос шүүх хуралдаанд гаргаж өгсөн Өргөө импексээс эмийн бүтээгдэхүүн худалдан авсан 36.500 төгрөгийн баримт,

 

- өсвөр насны шүүгдэгч нарын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 72, 79/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 74, 80/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх 75, 84/, төрсний гэрчилгээний хуулбар /хх 76, 82/, нас тоолсон тэмдэглэл /хх 77, 83/, Ерөнхий боловсролын сургуулийн тодорхойлолт /хх 78, 84/ зэрэг нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

 

Насанд хүрээгүй хохирогч, гэрч, өсвөр насны яллагдагч нараас мэдүүлэг авахдаа хууль сануулж, хуульд заасан журмын дагуу мэдүүлгийг авсан, шинжээчийн дүгнэлтийг энэ хэрэгт хувийн сонирхолгүй этгээд хуульд зааснаар гаргасан байх тул үнэн зөвд тооцож үнэлсэн болно.

 

Өсвөр насны шүүгдэгч Д.С, Б.М болон бусад охид хохирогч Б.Х нартай маргалдсан байх бөгөөд улмаар Д.С, Б.М нар нь бүлэглэн хүч хэрэглэн Б.Хг зодож тархи доргилт, баруун хацар, шанааны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун бугалгын хазагдсан шарх, зулгаралт, цус хуралт зөөлөн эдийн няцрал, бүсэлхий нурууны зулгаралт, өгзөгний дунд дээд хэсгийн цус хуралт гэмтэл бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтын шатанд өгсөн насанд хүрээгүй хохирогч, гэрч, өсвөр насны шүүгдэгч нарын дээрх мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдлоо.

 

Нотлох баримт болон шүүхийн хэлэлцүүлэгт өсвөр насны шүүгдэгч нарын гэм буруутай үйлдэл хангалттай тогтоогдож өсвөр насны шүүгдэгч Д.С, Б.М нар нь бүлэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай байна.

 

Баянзүрх дүүргийн прокуророос Өсвөр насны шүүгдэгч Д.С, Б.М нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

 

Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Б.М, Д.С нарыг бүлэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Хохирогч Б.Х нь гэмт хэрэг үйлдэгдэх үед насанд хүрээгүй буюу 17 нас 7 сар 15 хоногтой байсан байх ба хэргийг шүүхэд хүргүүлсний дараа хохирогч 18 насанд хүрсэн болохыг дурдах нь зүйтэй.

 

Хохирогч Б.Х нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 1.056.500 төгрөгийг нэхэмжилж нотлох баримтыг гаргаж өгснөөс 156.500 төгрөгийн нэхэмжлэлийг хангаж өсвөр насны шүүгдэгч нарын хууль ёсны төлөөлөгч нараас тэнцүү хуваан гаргуулж, нэхэмжлэлийн бусад хэсгийг хэлэлцэхгүй орхиж, нэхэмжлэлтэй холбогдох хууль ёсны баримтыг бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар хохирол нэхэмжлэх хохирогчийн эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэлээ.

 

Шүүх хуралдааны явцад өсвөр насны шүүгдэгч нарын хууль ёсны төлөөлөгч нараас хохирол гаргуулж шийдвэрлэснийг биелүүлэн хохирогч Б.Хд 160.000 төгрөгийг төлж барагдуулсан болно.

 

Хохирогчийн нэхэмжилсэн шүүх хэлэлцээгүй 900.000 төгрөгийн хохирлыг нотлох баримт нь дан ганц Тогтох эх ХХК-ийн тамгатай Бэст массаж гэсэн зарлагын баримт байна. Уг баримт нь хөндлөнгийн өөр баримтаар давхар нотлогдон тогтоогдох учиртай. Хохирогч нь 900.000 төгрөгийг ямар эх үүсвэрээс төлсөн эсэх, хувааж эсхүл бүгдийг нэг удаа төлсөн эсэх нь эргэлзээ төрүүлж байх ба зүй нь үйлчилгээний байгууллагад төлбөр төлснийг нотлох НӨАТ тооцсон баримт, болон тухайн төлбөрийн эх үүсвэрийг илэрхийлсэн санхүүгийн үнэн бодит баримт байх ёстой.

Мөн хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэмтлийг эмчлэхэд толгойн болон бүтэн биеийн бариаг хийлгэх ёстой гэсэн гэмтлийн эмчийн дүгнэлт хэрэгт авагдаагүй байх тул уг нэхэмжлэлийг хэлэлцэх боломжгүй юм.

 

Тухайн хэрэгт авагдсан баримтуудыг шинжлэн судлахад эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд өсвөр насны шүүгдэгч нар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлж барагдуулсан зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

 

Өсвөр насны шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй боловч эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршдог.

 

Өсвөр насны хүний холбогдсон хэргийг шийдвэрлэхэд түүний нас, бие, эрүүл мэнд, ёс суртахуун, сэтгэцийн онцлогийг харгалзаж байх шаардлагатай бөгөөд цаашид эрүүгийн хариуцлага оногдуулах гэхээсээ илүү түүний нийгэмд өөрийн байр суурийг олоход нь туслах, гэмт хэрэг үйлдэх болсон шалтгаан болон үйлдсэн гэмт хэргийнх нь хор уршгийг ухамсарлуулахыг зорьж байх нь чухал байна. 

 

Шүүх өсвөр насны шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэх үедээ 18 насанд хүрээгүй байсан, одоо Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангид суралцдаг зэрэг хувийн байдал болон тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэгт холбогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, төлж барагдуулсан байдал зэргийг харгалзан ялаас чөлөөлөхөөр шийдвэрлэв.

 

Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, өсвөр насны шүүгдэгч нар цагдан хоригдсон хоноггүй, тэднээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

         ТОГТООХ нь:

 

1. Өсвөр насны шүүгдэгч Б овогт Дын С, А овогт Бийн М нарыг бүлэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг журамлан өсвөр насны шүүгдэгч Д.С, Б.М нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан ялаас чөлөөлсүгэй.

 

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Б.Х нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаарх нотлох баримтыг бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар хохирол нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

 

4. Хэргийн учир өсвөр насны шүүгдэгч нар цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол өсвөр насны шүүгдэгч Д.С, Б.М нарт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэсүгэй.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

                       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Н.БААСАНБАТ