| Шүүх | Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бэгзийн Дамба |
| Хэргийн индекс | 178/2018/0050/Э |
| Дугаар | 24 |
| Огноо | 2018-05-31 |
| Зүйл хэсэг | 17.12.1., |
| Улсын яллагч | Д.Дуламжав |
Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2018 оны 05 сарын 31 өдөр
Дугаар 24
Ц.*******д холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Туяа даргалж, шүүгч Д.Мөнхөө, Б.Дамба нарын бүрэлдэхүүнтэй, шүүгдэгч Ц.******* түүний өмгөөлөгч М.Мандалбаяр, Ж.Энхжаргал прокурор Д.Дуламжав, нарийн бичгийн дарга Ц.Энхтуяа нарыг оролцуулан
Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 50 дугаар шийтгэх тогтоолтой, Ц.*******д холбогдох эрүүгийн 1836000190037 дугаартай хэргийг шүүгдэгч түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн, 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч шүүгч Б.Дамбын илтгэснээр нээлттэйгээр хянан хэлэлцэв.
Монгол улсын иргэн, 1992 оны 04 сарын 01-ний өдөр Ховд аймгийн ******* суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, боловсролгүй, урьд Ховд аймаг дахь Сум дундын нэгдүгээр шүүхийн 2008 оны 06 сарын 18- ны өдрийн 81 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жилийн хорих ял шийтгүүлж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулж байсан,
Ховд аймаг дахь Сум дундын нэгдүгээр шүүхийн 2011 оны 12 сарын 16-ны өдрийн 81 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар хорих ялыг тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзаж байсан, ******* ******* ******* ******* нь 2017 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Ховд аймгийн ******* сумын Өгөөмөр багийн нутаг дэвсгэр Нуурын хөвөөний хулсан дотроос машин механизм ашиглан хохирогч *******ы 5 тооны эр ямаа, 1 тооны хонь хулгайлж хохирогч *******д 430000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч ******* ******* ******* *******г бусдын мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч ******* ******* ******* *******г 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 1.4-т зааснаар шүүгдэгч Ц.*******д оногдуулсан 6 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, Эрүүгийн 1836000190037 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1.3-т зааснаар шүүгдэгч Ц.*******гаас 70000 / далан мянга / төгрөгийг гаргуулж, улсын төсөвт шилжүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Ц.*******д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсныг өөрчилж, энэ өдрөөс эхлэн шийтгэх тогтоол хүчин хүчин төгөлдөр болтол цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Ц.******* түүний өмгөөлөгч М.Мандалбаяр нарын давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүх Ц.*******д 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулсан нь эрх зүйн байдлыг нь дордуулж шийдлээ гэж үзэж байна.
Учир нь шүүгдэгч Ц.******* нь шүүхээр ял шийтгүүлж байсан боловч 2002 оны Эрүүгийн хуулийн 78 дугаар зүйлийн 78.2.3-т зааснаар ялгүй болсон байх тул анх удаа гэмт хэрэг үйлдсэн мөн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдлууд харагдаж байна.Ар гэрийн хувьд эхнэр 4 хүүхдийн хамт амьдардаг амьдралын түвшин доогуур айлын мал хөлсөөр хариулж амь зуудаг ийм өрх юм. Ц.*******гийн хувьд хорих ял оногдуулсан явдал нь ар гэрт нь хүндээр тусаж нялх хүүхдүүдийг нь 6 сарын хугацаанд тэжээн тэтгэх хүнгүй өлөн зэлмэн амьдрах хувь тавилан давхар оногдож байгаа тул шүүх бүрэлдэхүүн анхаарч үзэж хорих ялыг тэнсэж өгнө үү гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Энхжаргал давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2015 оны Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчим байгаа. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5-д зааснаар тохиолдлын шинж чанартайгаар гэмт хэрэг үйлдсэн юм. Мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байхад албадлагын арга хэмжээ хэрэглэх ёстой байсан. Шүүгдэгч нь хөнгөн гэмт хэрэг үйлдсэн ба 4 нялх хүүхэдтэй, эхнэр нь ажилгүй зэрэг хувийн байдлыг нь харгалзан үзэж тэнсэж хянан харгалзаж өгнө үү гэв.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: Шүүгдэгч Ц.******* нь мал хулгайлах гэмт хэргийг машин механизм ашиглан хулгайлсан болох нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн баримтуудаар тогтоогдсон. Ц.******* нь урьд өмнө хулгайлах гэмт хэргийг 2 удаа үйлдэж байсан. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал байгаа. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Эрүүгийн хэрэг хянан хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3-т зааснаар давж заалдах шатны шүүх тухайн хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгч Ц.*******, түүний өмгөөлөгч М.Мандалбаяр нарын давж заалдах гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянаж үзлээ.
Ц.******* нь 2017 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Ховд аймгийн ******* сумын Өгөөмөр багийн нутаг дэвсгэр Нуурын хөвөөний хулсан дотроос машин механизм ашиглан хохирогч *******ы 5 тооны эр ямаа, 1 тооны хонь хулгайлж хохирогч *******д 430000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг буюу бусдын мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн болох нь:
Хохирогч *******ы . . .” Ц.******* нь хулгайлсан 5 тооны эр ямаа, 1 тооны хонио тоо ёсоор нь буцааж хүлээлгэн өгсөн надад одоо ямар нэг гомдол санал, нэхэмжлэх зүйл алга байна. . . “ гэх мэдүүлэг / хх-н 12-13 /, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / хх-н 24-26 /, мал үнэлсэн тухай тайлан / хх-н 28 /, авто машин үнэлсэн тухай тайлангаар. . . “ Hyundai verna “ маркийн автомашин 500000 төгрөг . . .” гэх баримт / хх-н 37 /, Ц.*******гийн яллагдагчаар байцаагдахдаа үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлэг / хх-н 40-41 / зэрэг тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэн, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдсон, шүүхийн шийдвэр нь хууль зүйн үндэслэлтэй болсон байна.
Хэргийн бүх ажиллагааг хянахад мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж, тодруулсан мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно. Ц.*******гийн үйлдсэн гэмт хэргийн зүйлчлэл тохирсон, шүүх хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх бөгөөд шүүхээс оногдуулсан ял шийтгэл нь түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм бурууд тохирсон байна гэж үзлээ.Шүүгдэгч Ц.******* түүний өмгөөлөгч М.Мандалбаяр нарын. . .” Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирлоо нөхөн төлсөн, ар гэр, хувийн байдлыг харгалзан шүүгдэгч Ц.*******д оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлж тэнсэж өгнө үү. . .” гэх давж заалдах гомдол гаргасныг хүлээн авах үндэслэлгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ц.******* түүний өмгөөлөгч М.Мандалбаяр нарын давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 29-ны өдрийн 50 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ц.******* түүний өмгөөлөгч М.Мандалбаяр нарын давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар давж заалдах шатны шүүхээр хэргийг хянан хэлэлцэх хүртэл цагдан хоригдсон 63 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.
3. Гомдол эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н.ТУЯА
ШҮҮГЧИД Д.МӨНХӨӨ
Б.ДАМБА