Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 07 сарын 24 өдөр

Дугаар 12

 

                                                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

  Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Одонтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: П.Ч-ын нэхэмжлэлтэй

Хариуцагч: Архангай аймгийн Цэцэрлэг сумын Засаг даргад холбогдох

Архангай аймгийн Цэцэрлэг сумын Засаг даргын 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн “ЗДТГ-н дарга П.Ч-д ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулах тухай” Б/19 дүгээр захирамжийг хүчингүй болгуулж, Архангай аймгийн Цэцэрлэг сумын Засаг даргын Тамгын газрын даргын ажилд эгүүлэн тогтоолгох тухай шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

  Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч П.Ч, түүний өмгөөлөгч С.П, хариуцагч Архангай аймгийн Цэцэрлэг сумын Засаг дарга Ц.М, түүний өмгөөлөгч Т.Ц /ШЕЗ-өөс онлайнаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнх-Өлзий нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 Нэхэмжлэгч П.Ч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Цэцэрлэг сумын Засаг дарга П.М нь 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Б/19 дүгээр захирамжаар тус сумын Засаг даргын Тамгын газрын дарга П.Ч намайг өөрийн эрхэлсэн ажилдаа идэвхи зүтгэл гаргадаггүй, өгсөн үүрэг даалгаврыг хангалтгүй биелүүлж, төрийн ажил үйлчилгээг удаа дараа цалгардуулж, төсвийн хөрөнгийг хувьдаа шамшигдуулж, төсвийг зориулалтын дагуу зарцуулаагүй, ажлын байрны тодорхойлолтод заасан тавигдах шаардлагыг хангахгүй, ажлын цагаар удаа дараа архидан согтуурч байгаа зэрэг зөрчил илэрсэн гэж үүрэгт ажлаас халах шийтгэл ногдуулсан захирамжийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Миний бие урьдчилан шийдвэрлүүлэх журмаар Төрийн албаны зөвлөлийн Архангай аймаг дахь Салбар зөвлөлд 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр хандсан боловч өнөөдрийн байдлаар гомдлыг шийдвэрлэж хариуг ирүүлээгүй, гомдол шийдвэрлэх хуульд заасан хугацаа хэтэрсэн учир харьяаллын дагуу тус шүүхэд нэхэмжлэл гаргаж байна.

Сумын Засаг дарга надад хууль бус шаардлага тавьж, үүнийг нь хэрэгжүүлээгүйн төлөө намайг өгсөн үүрэг даалгавар биелүүлээгүй, идэвхи зүтгэл гаргасангүй гэдэг. Төрийн захиргааны албан хаагч намайг улс төрийн нүдээр байнга харж, шахан гадуурхах байдал гаргадаг. Миний бие 2013 оноос эхлэн Засаг даргын Тамгын газрын даргаар ажиллах хугацаандаа сум орон нутгийнхаа ажлыг өөрийн ажлын байрны тодорхойлолтод заасан ажил, үүргийн хүрээнд гүйцэтгэж ирсэн. Цэцэрлэг сумын Засаг дарга надтай 2017 онд үр дүнгийн гэрээ байгуулахгүй гээд байгуулаагүй, 2018 онд үр дүнгийн гэрээ байгуулсан ч үнэлээгүй байж ажил цалгардуулсан, идэвхи зүтгэлгүй, төсвийг зориулалтын бус зарцуулсан гэх мэтээр ажлаас халсан нь үндэслэлгүй. Миний ажлын байранд төрийн ажил үйлчилгээ цалгардаагүй, хууль журмын дагуу явагдаж байгаа, намайг сүүлийн 1 жилийн хугацаанд эрхэлсэн ажилдаа идэвхи зүтгэл гаргадаггүй, өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй, төрийн ажил үйлчилгээг цалгардуулсан гэсэн иргэдээс ирсэн гомдол санал байхгүй, сумын Засаг дарга энэ талаар ярьж хэлсэн хариуцлага тооцож байгаагүй. 

Төсвийн хөрөнгийг хувьдаа шамшигдуулсан гэдэгт туйлын их эмзэглэж байна. Яагаад гэвэл хувьдаа шамшигдуулсан гэдгийг орон гэртээ, ахуй амьдралдаа хэрэглэсэн гэж ойлгож байгаа. Хэрэв ийм зүйл байвал цагдаагийн байгууллагад болон холбогдох байгууллага нь шалгаж тогтоосон байх ёстой. Гэтэл үүнтэй холбоотой шалгаж тогтоосон зүйл байхгүй. Намайг архидан согтуурсан гэдгийг би хүлээн зөвшөөрөхгүй байна. Тухайн үед баяр наадмын урьд өдөр ажлын ачаалал ихтэй ажилласан. Нойр дутуу байсныг хараад архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гээд байна. Архитай холбоотой зүйл ярихад сумын Засаг дарга өөрөө Эрдэнэтийн орлогч даргыг өрөөндөө оруулж архидан согтуурсан. Би наадмын үеэр согтуу байгаагүй, хэсгийн цагдаа ч гэрт хүргэж өгөөгүй. Хэрвээ намайг гэрт хүргэж өгсөн гэж байгаа юм бол тухайн үед нь бичлэг хийхгүй яасан юм бэ. Зүгээр дэлгүүрээс гараад явж байхад бичлэг хийчихсэн байсан, намайг хэдэн сарын хэдний өдөр ажлын цаг алдагдуулж архидан согтуурсан болон архи ууж ноцтой зөрчил дутагдал гаргасан талаар ямар ч дүгнэлт, нотолгоо байхгүй байхад ажлаас халсан. 

Иймд Архангай аймгийн Цэцэрлэг сумын Засаг даргын 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн “ЗДТГ-н дарга П.Ч-д ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулах тухай” Б/19 дүгээр захирамжийг хүчингүй болгож, П.Ч намайг Архангай аймгийн Цэцэрлэг сумын Засаг даргын тамгын газрын даргын ажилд эгүүлэн тогтоолгож өгнө үү гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.П шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний үйлчлүүлэгч П.Ч-ыг Архангай аймгийн Цэцэрлэг сумын Засаг даргын захирамжаар ажлаас халсан. Маргаан бүхий захирамжийн үндэслэл нь П.Ч-ыг эрхэлсэн ажилдаа хичээл зүтгэл гаргадаггүй, өгсөн үүрэг даалгаврыг биелүүлдэггүй, төрийн ажил үйлчилгээг удаа дараа цалгардуулсан, төсвийн хөрөнгийг хувьдаа шамшигдуулсан, төсвийг зориулалтын дагуу зарцуулаагүй, Тамгын газрын даргын ажлын байранд тавигдах шаардлага хангахгүй, ажлын цагаар удаа дараа архи согтууруулах ундаа хэрэглэсэн гэдэг үндэслэлүүдээр ажлаас халсан. Дээрх зөрчлүүдийг шалгаж тогтоосон зүйл огт байхгүй. Захиргааны шийдвэр гаргах ажиллагаа нь захиргааны үйл ажиллагаа юм. Захиргааны ерөнхий хуульд заасан нөхцөл зохицуулалтуудыг бүрдүүлж гаргаж ирсний дараа энэ үйл ажиллагаанууд явагдах ёстой. Хуулийн шаардлага бол нөхцөл байдлыг тодруулж, нотлох баримтаар нотолсон байх ёстой. Ямар нотлох баримтуудаар П.Ч-ын гаргасан зөрчлүүд нь нотлогдож байгаа юм бэ гэдгийг нэхэмжлэгчид мэдэгдэж, сонсох ажиллагаа хийх ёстой байсан. Гэтэл дээрх ажиллагаануудыг хийгээгүй, зохих журмын дагуу ажлаас чөлөөлсөн юм уу гэхээр үгүй. Ажилдаа идэвхи зүтгэл гаргадаггүй гэсэн ерөнхий юм яриад байдаг. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас харахад яг ямар ажлыг цалгардуулаад, ямар үүрэг даалгаврыг биелүүлэхгүй байгааг нотлох эрх бүхий алба хаагчийн гаргасан дүгнэлт харагдахгүй байна. Мөн төсвийн хөрөнгийг хувьдаа шамшигдуулсан, төсвийн хөрөнгийг зориулалтын дагуу зарцуулаагүй гэдгийг тогтоосон Цагдаагийн байгууллагын болон санхүүгийн хяналтын албанаас гаргасан акт, баримт байхгүй. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад цагдаагийн байгууллагад хандсан нь энэ явдлаас хойш гарч ирсэн асуудал. 

П.Ч нь төрийн удирдах албан тушаалтны шалгалтад тэнцэж, төрийн албаны тангараг өргөж Засаг даргын Тамгын газрын даргаар ажиллаж байсан учир ажлын байрны тодорхойлолтод заасан шаардлагыг хангасан гэж үзнэ. Хэрвээ ажлын байрны тодорхойлолтод заасан шаардлагыг хангаагүй гэж үзэж байгаа бол ямар шаардлагыг яаж хангахгүй байгаа талаар хариуцагч талаас хавтаст хэрэгт гаргаж өгсөн баримт байхгүй. Сонсох ажиллагаа хийгдсэн талаар огт дурдаагүй. Ажлын цагаар архидан согтуурсан гэдгийг нотлох баримт байхгүй, яаж нотлоод байгаа юм бэ. Нэхэмжлэгчийн тайлбарт дурдагдсан шиг улс төрийн шалтгаанаар ажлаас халсан гэж үзэж болохоор байна. Ажлын цагаар архидан согтуурсан талаар Цагдаагийн байгууллага болон эмнэлгийн дүгнэлтээр тогтоосон зүйл байхгүй. Гэрчүүдийн мэдүүлгийг аваад үзэхэд сумын Засаг даргын орлогч, мал эмнэлэг, үржлийн тасгийн эрхлэгч гэх мэт хүмүүс гэрчийн мэдүүлэг өгсөн байдаг. Харин хамт ажиллаж байсан хүмүүс нь энэ талаар огт мэдэхгүй байгаа зэрэг баталгаа, нотолгоогүйгээр нэхэмжлэгчийг ажлаас халсан байна. Мөн нэхэмжлэгчийг үүрэгт ажилдаа тэнцэхгүй, ажил цалгардуулсан гэсэн холбогдох байгууллагын дүгнэлт байхгүй. Төсвийн хөрөнгийг хувьдаа шамшигдуулсан, төсвийн хөрөнгийг зориулалтын дагуу зарцуулаагүй талаар ямар нотлох баримт байгаа юм бэ гээд хариуцагч талаас асуухад үүнийг бид хараад мэднэ гэсэн утга агуулга бүхий тайлбар өгдөг. Энэ мэтээр нэхэмжлэгчийг ажлаас халж, хөдөлмөрлөх эрхэд халдсан. Маргаан бүхий шийдвэр нь хууль бус байгаа учраас нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй байх тул хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.

Хариуцагч Архангай аймгийн Цэцэрлэг сумын Засаг дарга шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон хуралдаанд гаргасан тайлбартаа: Архангай аймгийн Цэцэрлэг сумын Засаг даргын Тамгын газрын дарга П.Ч нь өөрийн эрхэлсэн ажилдаа идэвхи зүтгэл гаргадаггүй, өгсөн үүрэг даалгаврыг хангалтгүй биелүүлж, төрийн ажил үйлчилгээг удаа дараа цалгардуулж, төсвийн хөрөнгийг хувьдаа шамшигдуулж, төсвийг зориулалтын дагуу зарцуулаагүй, ЗДТГ-ын даргын ажлын байрны тодорхойлолтод заасан тавигдах шаардлагыг хангахгүй, ажлын цагаар удаа дараа архидан согтуурч байгаа зэрэг ноцтой зөрчил илэрч, ажлаас халах үндэслэл бүрдсэн тул 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр үүрэгт ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулж, үр дүнгийн гэрээг цуцалсан.

Архангай аймгийн Цэцэрлэг сумын Засаг даргын Тамгын газрын дарга П.Ч-ыг ажлаас халах хангалттай шалтгаан, нөхцөл, нотлох баримт гарсан учраас энэ шийдвэрийг гаргах нь зүйтэй гэж үзсэн. Архидан согтуурсан нь ойлгомжтой. Архи уугаагүй гэдгээ нотлох гэж зүтгэж байна. Шүүхээс суманд очиж анхан шатны тайлбарыг авахад архи уусан, согтуу байсан бичлэгээ үзсэн. Манай суманд согтууруулах ундаа хэрэглэсэн хүний согтуурлыг шалгадаг багаж байхгүй. П.Ч нь төрийн баяр наадмаар согтуу байсан учраас сумын хэсгийн төлөөлөгч, цагдаа нар мотоциклоороо гэрт нь хүргэж өгсөн.

2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр ажлын цагаар олон нийтийн газар биеэ авч явах чадваргүй болтлоо согтуурч, төрийн албаны нэр хүндийг гутаан доромжилсон, мөн Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалын эрхлэх асуудлын хүрээний ажлыг хийх чадваргүй, мэдлэг дутмаг, ажилдаа хайхрамжгүй хандаж, аймгийн Засаг даргын Тамгын газраас ирүүлсэн хугацаатай албан бичгийн хариуг өгөлгүй, сумын ажлыг цалгардуулж, албан тушаалын шаардлагад заасан тавигдах шаардлагыг хангахгүй байгаа ба олон удаагийн худалдан авах ажиллагаанд хувийн ашиг сонирхлын үүднээс оролцож, төрийн эд хөрөнгө, мөнгийг шамшигдуулсан нь нотлох баримтаар илэрсэн. 

Засаг даргын Тамгын газрын дарга П.Ч 2017 оны 01 дүгээр сарын дундуур гэрээ байгуулах талаар ярьж орж ирэхэд нь за одоо би аймгийн Засаг даргатай гэрээ байгуулахаар удахгүй явна. Тэгээд аймгийн даргатай байгуулсан гэрээтэйгээ уялдуулан үр дүнгийн гэрээ байгуулъя гэж хэлээд гаргасан. Ингээд 2017 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр аймгийн Засаг даргатай хамтран ажиллах гэрээг байгуулж ирсэн. Намайг гэрээ байгуулахаар явсныг П.Ч маш сайн мэдэж байсан. Би 3 сар гэрээний төсөл барьж орж ирэхийг нь харж хүлээсэн. Тэгсэн 2017 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр хэл чимээгүй байсан П.Ч гэрээний төсөл барьсаар орж ирсэн. Би гэрээг авч үзсэн. Гэрээний нүүрнээс эхлээд дотоод бүтэц, агуулга, стандарт алдаа учир дутагдалтай, аймгийн Засаг даргатай байгуулсан хамтран ажиллах гэрээтэй огт уялдаагүй байсан. Би түүнд хандан “Та төрийн албанд олон жил ажилласан хүндээ, би таныг хашир туршлагатай хүн гэж бодож байсан юм. Хийсэн гэрээнээс чинь харахад тантай хамтран ажиллахад хэцүү л юм байна даа. Аль хэзээ хүчингүй болсон Төсвийн байгууллагын удирдлага санхүүжилтийн тухай хуулийг тусгасан, стандарт хангахгүй үсгийн фондтой, та хийсэн гэрээгээ хянадаггүй юм уу, Төрийн албаны зөвлөлийн 2012 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн №134 дүгээр тогтоолоор батлагдсан журмын хавсралт Төсвийн шууд захирагчтай үр дүнгийн гэрээ байгуулах маягтын дагуу боловсруулагдаагүй учир дутагдалтай, уялдаа холбоо муутай гэрээ байна. Наадахаа сайн хянаад холбогдох ажлуудыг нэмж оруулан маягтын дагуу болгоод ир, би ийм гэрээ дээр гарын үсэг яаж зурах билээ” гээд зэмлээд гаргасан.

Өөрийн эрхэлсэн ажилдаа сэтгэл гаргадаггүй, үүрэг даалгаврыг хангалтгүй биелүүлсэн гэдэгт дээд шатны захиргааны байгууллага буюу аймгийн Засаг даргын Тамгын газраас ирүүлсэн цаг хугацаатай албан бичгүүдийг хугацаанд нь хүргүүлээгүй, аймгийн удирдлагуудаар сумын Засаг даргад шаардлага тавиулж байсан. 2010 онд Тогтвортой амьжиргаа 2 төслөөс суманд ирсэн агропаркын тракторыг эзэмшиж байсан хүнээс авч одоо болтол хувийн хэрэгцээнд ашигладаг, одоо болтол энэ хүний зуслангийн байран дээр байгаа. Манай байгууллага Залаат хайрхан гэх газраас бензин шатахуунаа авдаг. Нэхэмжлэгч нь 3.400.000 төгрөгийг бензиний лимитийг хэтрүүлж сумын Тамгын газарт хохирол учруулсан.

Миний бие хууль бус зүйлтэй эвлэршгүй байж, Засаг даргын Тамгын газрын дарга П.Ч-ыг ажлаас халах нь хууль зүйн үндэслэлтэй юм байна гэж үзэн шийдвэр гаргасан. П.Ч-ын гаргасан зөрчил, дутагдлууд нь бүрэн дүүрэн нотлогдож байгаа учраас Архангай аймгийн Цэцэрлэг сумын Засаг даргын 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн Б/19 дүгээр захирамжаар сахилгын шийтгэл оногдуулсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэв.

Хариуцагчийн өмгөөлөгч Т.Ц шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч талын тайлбарыг сонслоо. Нэхэмжлэгчийн зүгээс ямар нэгэн баримт, баталгаа нотолгоогүйгээр намайг ажлаас халсан гэсэн тайлбарыг хийж байна. Захиргааны хэргийн шүүх хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хуульд үндэслэн хэргийг шийдвэрлэдэг. Тайлбараа хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хийе. Маргаж байгаа захиргааны акт болох Архангай аймгийн Цэцэрлэг сумын Засаг даргын 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн Б/19 дүгээр захирамж нь Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1, 26 дугаар зүйлийн 26.1.3, Төсвийн тухай хууль, Засгийн газрын 2018 оны 258 тоот тогтоол, 2007 оны 01 тоот албан даалгавар, Аймгийн Засаг даргын 2018 оны А/433 дугаар захирамж, байгууллагын дотоод журам зэргийг үндэслэн гарсан. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд нэхэмжлэгч нь 2018 онд сахилгын шийтгэл хүлээсэн бөгөөд сахилгын шийтгэлтэй байх хугацаа нь дуусаагүй нөхцөл байдал тогтоогдсон талаарх нотлох баримтын шаардлага хангасан баримт байна. Архидан согтуурсан талаар дурдахад төрийн албан хаагч архидан согтуурсан тохиолдолд сахилгын арга хэмжээ авах зохицуулалт нь байгууллагын дотоод журам, Төрийн албаны тухай хууль , Засгийн газрын 2018 оны  258 дугаар тогтоол, 2007 оны 01 тоот албан даалгавар, аймгийн Засаг даргын 2018 оны А/433 захирамжаар тогтоогдож  байна. Архидан согтуурах асуудал нь Засгийн газрын 2010 оны 288 дугаар тогтоолоор батлагдсан Төрийн захиргааны албан хаагчийн Ёс зүйн дүрмээр ёс зүйн зөрчилд тооцогдоно. 2018 оны 11 дүгээр сарын байдлаар энэхүү ёс зүйн дүрэм нь үйлчилж байгаад 2019 оны 01 дүгээр сараас эхлэн хүчингүй болсон. Иймд  энэхүү журмыг баримтлах ёстой. 2018 оны 11 дүгээр сард Төрийн албаны 2002 оны хууль үйлчилж байсан учраас Төрийн албаны хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1. буюу “өөрөөр заагаагүй бол удаа дараа /2 ба түүнээс дээш/ албан үүргээ хангалтгүй биелүүлсэн” гэсэн үндэслэлээр төрийн албанаас халах сахилгын шийтгэл хүлээлгэсэн. Сахилгын шийтгэлгүй болох нэг жилийн хугацаа өнгөрөөгүй байхад дээрх дурдаад байгаа зөрчлүүдийг гаргасан. 

Нэхэмжлэгч архидан согтуурсан гэдэг нь гэрчүүдийн мэдүүлэг болон бичлэгээр тогтоогдож байна. Архи, согтууруулах ундаа хэрэглэх нь ёс зүйн зөрчилд хамаардаг. Нэхэмжлэгчийн зүгээс ёс зүй зөрчсөн талаарх холбогдох дүгнэлт гараагүй учраас хүлээн зөвшөөрөхгүй гэж үзээд байна. Тухайн хэрэгт ач холбогдолтой нөхцөл байдлыг мэдэж байгаа хэн ч гэрч байж болно. Үүнд хамт ажилдаг хүмүүс хамаарна. Бичлэгийг хэний зөвшөөрлөөр хийсэн юм бэ гэж нэхэмжлэгчийн өмгөөлөгч асууж байна. Гар утсаар бичлэг хийхэд хэн нэгнээс зөвшөөрөл авах шаардлагагүй, хууль дүрэм байхгүй.

Сонсох ажиллагааны талаар яригдаж байна. Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.4 дэх хэсэгт сонсох ажиллагаа явуулах хэлбэрийг заасан байгаа. Тухайн үед нэхэмжлэгч сумын Засаг даргатай уулзахад нарийн бичиг нь байгаагүй учраас тэмдэглэлд тусгаагүй байдаг. Харин дараа нь уг уулзалтыг бичгээр тэмдэглэлд тусгасан. Энэ нь Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.4 дэх хэсэгт сонсох ажиллагаа явуулах хэлбэр болох 27 дугаар зүйлийн 27.4.3 дахь заалтад “Биечлэн явуулах” гэсэн хэлбэрт хамаарч байгаа юм. Сонсох ажиллагааны үед нэхэмжлэгч зөрчил гаргасан гэдгээ хүлээн зөвшөөрч өөр төрлийн шийтгэл оногдуулж өгнө үү гэсэн байдаг. Сонсох ажиллагааны уг хэлбэр, тэмдэглэл нь нотлох баримтын шаардлага хангаж байна. Үүнийг нэхэмжлэгч үгүйсгээгүй, шүүх үүнийг харгалзаж үзнэ үү.

Төсвийн хөрөнгийг зориулалтын дагуу зарцуулаагүй гэдэг нь хавтаст хэрэгт авагдсан Засгийн газрын тогтоолоор төрийн албан хаагч нарт нэг удаа 300.000 төгрөгийн урамшуулал олгосон тушаалыг хэрэгжүүлэхдээ сахилгын шийтгэл хүлээсэн, сахилгын шийтгэлтэйд тооцох хугацаа дуусаагүй, мөн ажлаас халагдсан хүмүүст урамшуулал олгосон байдаг. Төсвийн тухай хуулиар төсвийн хөрөнгийг зориулалтын дагуу зарцуулаагүй гэж юуг ойлгохыг тодорхойлсон байдаг. Зориулалтын дагуу зарцуулаагүй гэж зөвхөн хувьдаа авсныг биш, сахилгын шийтгэл хүлээсэн, сахилгын шийтгэлтэйд тооцох хугацаа дуусаагүй, өөрөө тушаал гаргаж ажлаас халсан хүмүүст урамшуулал олгосон явдал хамаарна. Хавтаст хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд дээрх зөрчлүүд нотлогдож байна. Заавал үүнийг баталсан эрх бүхий албан хаагчийн дүгнэлт шаардлагагүй юм. Ажилдаа хичээл зүтгэл гаргадаггүй, өгсөн үүрэг даалгаврыг биелүүлдэггүй, төрийн ажил үйлчилгээг удаа дараа цалгардуулсан, дээд шатны захиргааны байгууллага болох аймгийн Засаг даргын Тамгын газраас ирүүлсэн хугацаатай албан бичгийн хариуг хугацаанд нь хүргүүлээгүй зөрчлүүд байгаа. Бүртгэлийн дэвтэрт уг албан бичгийг хэдэн сарын хэдний өдөр хүлээж аваад, хэдний өдөр хариу хүргүүлсэн тухай бүртгэсэн байгаа. Архидан согтуурсан талаар тайлбар гаргахад нэхэмжлэгчийг согтуу байхад сумын хэсгийн төлөөлөгчөөр гэрт нь хүргүүлэхэд согтуу байсныг нь нотолж байгаа. Эдгээр үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна. Маргаан бүхий захиргааны акт хуульд заасан үндэслэл бүхий нотлох баримтад тулгуурласан акт. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 Шүүх энэ хэрэгт хуульд заасан нөхцөл журмын дагуу цугларсан бичгийн нотлох баримтууд, гэрчийн мэдүүлэг, нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн өмгөөлөгч нарын тайлбаруудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

  Тус шүүх иргэн П.Ч-с Архангай аймгийн Цэцэрлэг сумын Засаг даргад холбогдуулан гаргасан “Архангай аймгийн Цэцэрлэг сумын Засаг даргын 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн “ЗДТГ-н дарга П.Ч-д ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулах тухай” Б/19 дүгээр захирамжийг хүчингүй болгуулж, Архангай аймгийн Цэцэрлэг сумын Засаг даргын Тамгын газрын даргын ажилд эгүүлэн тогтоолгох” тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч, 2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр захиргааны хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан байна. /1-р х.х-н 2-3/

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэгт зааснаар захиргааны актыг хүчингүй болгуулахаар дээрх хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1, Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-д заасан Архангай аймгийн Цэцэрлэг сумын Засаг даргад холбогдох маргаан бөгөөд Захиргааны хэргийн шүүхийн харьяаллын хэрэг мөн, нутаг дэвсгэрийн хувьд харьяалагдаж байгаа учир хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулах үндэслэлтэй гэж үзлээ.

Уг хэргийн маргааны үйл баримтын тухайд, Архангай аймгийн Цэцэрлэг сумын Засаг дарга 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн “ЗДТГ-н дарга П.Ч-д ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулах тухай” Б/19 дүгээр захирамжаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1, 26 дугаар зүйлийн 26.1.3 дахь заалт, Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.5 дахь заалт, Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 258 дугаар тогтоол, Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 01 тоот албан даалгавар, аймгийн Засаг даргын 2018 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн а/433 дугаар захирамж, байгууллагын дотоод журам, Төсвийн шууд захирагчийн төсвийн ерөнхийлөн захирагчтай байгуулсан үр дүнгийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.3в дэх заалтыг үндэслэн ЗДТГ-н дарга П.Ч нь өөрийн эрхэлсэн ажилдаа идэвхи, зүтгэл гаргадаггүй, өгсөн үүрэг даалгаврыг хангалтгүй биелүүлж, төрийн ажил үйлчилгээг удаа дараа цалгардуулж, төсвийн хөрөнгийг хувьдаа шамшигдуулж, төсвийг зориулалтын дагуу зарцуулаагүй, ЗДТГ-н даргын ажлын байрны тодорхойлолтод заасан тавигдах шаардлагыг хангахгүй, ажлын цагаар удаа дараа архидан согтуурч байгаа зэрэг ноцтой зөрчил илэрч, ажлаас халах үндэслэл бүрдсэн гэх үндэслэлээр П.Ч-д үүрэгт ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулжээ. /1-р х.х-н 4/

Нэхэмжлэгч П.Ч-с 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Төрийн албаны зөвлөлийн Архангай аймаг дахь Салбар зөвлөлд гомдол гаргаж, тус зөвлөлийн 2019 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн “Дүгнэлт гаргах тухай” 01 дүгээр тогтоолоор Архангай аймгийн Цэцэрлэг сумын Засаг даргын 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн Б/19 дүгээр захирамжийг хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэсэн байна. /1-р х.х-н 249/

Хэргийн оролцогч, тэдгээрийн өмгөөлөгч нар дээрх дүгнэлтийн талаар шүүхэд маргаагүй болно.

Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчөөс “ ... сумын Засаг дарга надад хууль бус шаардлага тавьж, үүнийг нь хэрэгжүүлээгүйн төлөө намайг өгсөн үүрэг даалгавар биелүүлээгүй, идэвхи зүтгэл гаргасангүй гэдэг. Төрийн захиргааны албан хаагч намайг улс төрийн нүдээр байнга харж, шахан гадуурхах байдал байнга гаргадаг ... надтай 2017 онд үр дүнгийн гэрээ байгуулахгүй гээд байгуулаагүй, 2018 онд үр дүнгийн гэрээ байгуулсан ч үнэлээгүй байж ажил цалгардуулсан, идэвхи зүтгэлгүй, төсвийг зориулалтын бус зарцуулсан гэх мэтээр ажлаас халсан нь үндэслэлгүй. Намайг хэдэн сарын хэдний өдөр ажлын цаг алдагдуулж архидан согтуурсан болон архи ууж ноцтой зөрчил дутагдал гаргасан талаар ямар ч дүгнэлт, нотолгоо байхгүй байхад ажлаас халсан ...” гэж;

Хариуцагч, түүний өмгөөлөгчөөс “ ... Архангай аймгийн Цэцэрлэг сумын Засаг даргын Тамгын газрын дарга П.Ч нь өөрийн эрхэлсэн ажилдаа идэвхи зүтгэл гаргадаггүй, өгсөн үүрэг даалгаврыг хангалтгүй биелүүлж, төрийн ажил үйлчилгээг удаа дараа цалгардуулж, төсвийн хөрөнгийг хувьдаа шамшигдуулж, төсвийг зориулалтын дагуу зарцуулаагүй, ЗДТГ-ын даргын ажлын байрны тодорхойлолтод заасан тавигдах шаардлагыг хангахгүй, ажлын цагаар удаа дараа архидан согтуурч байгаа зэрэг ноцтой зөрчил илэрсэн ...  Засаг даргын Тамгын газрын дарга П.Ч-ыг ажлаас халах нь хууль зүйн үндэслэлтэй ...” гэж тус тус маргаж байна. 

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзвэл: Архангай аймгийн Цэцэрлэг сумын Засаг дарга 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Архангай аймгийн Цэцэрлэг сумын Засаг даргын Тамгын газрын дарга П.Ч-д ажлаас халах шийтгэл ногдуулах болсныг мэдэгдэж, сонсох ажиллагааг 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 10 цагт Засаг даргын өрөөнд хийх тухай мэдэгдэл хүргүүлжээ. /1-р х.х-н 33/

Ийнхүү 2019 оны 11 дүгээр 23-ны өдөр Архангай аймгийн Цэцэрлэг сумын Засаг дарга Б/19 дүгээр захирамжаар тус сумын Засаг даргын Тамгын газрын дарга П.Ч-ыг ажлаас нь халснаар уг маргаан үүссэн байна. 

Архангай аймгийн Цэцэрлэг сумын Засаг даргын 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн “ЗДТГ-н даргын ажлыг хүлээлцүүлэх тухай” А/73 дугаар захирамжаар Засаг даргын Тамгын газрын даргын ажлыг хүлээлцүүлэх ажлын хэсгийг байгуулж, 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдөр ажил хүлээлцсэн тухай тэмдэглэл үйлджээ. /1-р х.х-н 42, 46/

Улмаар Архангай аймгийн Цэцэрлэг сумын Засаг даргын 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн “Д.Ц-г ЗДТГ-н даргын түр орлон гүйцэтгэгчээр томилох тухай” Б/20 дугаар захирамжаар байгаль орчны хяналтын улсын байцаагч Д.Ц-г дараагийн хүн томилогдтол Засаг даргын Тамгын газрын даргын түр орлон гүйцэтгэгчээр томилсон байна. /1-р х.х-н 49/

Маргаан бүхий 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн “ЗДТГ-н дарга П.Ч-д ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулах тухай” Б/19 дүгээр захирамжийн үндэслэлд дурдсан “Өөрийн эрхэлсэн ажилдаа идэвхи, зүтгэл гаргадаггүй, өгсөн үүрэг даалгаврыг хангалтгүй биелүүлж, төрийн ажил үйлчилгээг удаа дараа цалгардуулж гэх үндэслэлүүдийн тухайд, 

 

Хариуцагчаас “ ... төрийн ажил үйлчилгээг удаа дараа цалгардуулсан гэдэгт 2018 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн аймгийн Төрийн аудитын газрын “Зөвлөмж хүргүүлэх тухай” 180 тоот албан бичгийн хариуг 2018 оны 10 дугаар сарын 01-ний дотор алдаа дутагдлыг арилган хүргүүлэх чиглэл өгч уг бичгийг цохсон. Гэвч зөвлөмжийн дагуу ажил зохион байгуулаагүй ба хариу тайланг хүргүүлээгүй бөгөөд уг бичгийг ор сураггүй үрэгдүүлсэн. Мөн 2018 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн аймгийн Засаг даргын Тамгын газраас ирүүлсэн “Үндсэн чиглэлд санал ирүүлэх тухай” 03/959 тоот албан бичгийн хариуг 2018 оны 9 дүгээр сарын 20-ны дотор холбогдох албан байгууллагуудаас саналыг авч хүргүүлэх чиглэл өгч, уг бичгийг түүнд цохсон боловч хариуг явуулаагүй ба албан бичгийг үрэгдүүлсэн. Аймгийн Засаг даргын Тамгын газраас албан бичгийн хариуг удаа дараа нэхэж, сумын засаг дарга миний бие саналыг нэгтгэж, хугацаа хожигдуулан хүргүүлж, төрийн ажил цалгардуулсан ...” гэж тайлбарлажээ.

Архангай аймгийн Засаг даргын Тамгын газрын 2018 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн “Үндсэн чиглэлд санал ирүүлэх тухай” 03/959 дүгээр албан бичгээр “ ... үндсэн чиглэлд тусгуулах саналаа Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хууль болон Засгийн газрын 2016 оны 249 дүгээр тогтоолоор баталсан “Хөгжлийн бодлогын баримт бичиг боловсруулах нийтлэг журам”-д заасны дагуу үр дүнг хэмжиж болохуйц оновчтой тодорхойлон 2018 оны 9 дүгээр сарын 20-ны дотор Засаг даргын Тамгын газрын холбогдох хэлтэст ирүүлэх талаар сумдын Засаг дарга, агентлагийн дарга нарт мэдэгджээ. /1-р х.х-н 57/ 

Дээрх албан бичгийг П.Ч хэзээ хэрхэн үрэгдүүлсэн, уг албан бичгийн хариуг хэзээ хүргүүлсэн болох нь шүүхийн үзлэгээр нотлогдоогүй, хариуцагч Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.3 дахь хэсэгт зааснаар нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөөгүй болно.

  

Хариуцагч Архангай аймгийн Цэцэрлэг сумын Засаг дарга нь нэхэмжлэгч тус сумын Засаг даргын Тамгын газрын даргад хэзээ, ямар үүрэг даалгаврыг хэрхэн хангалтгүй биелүүлсэн, өөрийн эрхэлсэн ажилдаа идэвхи, зүтгэл гаргадаггүй нь ямар ямар нотлох баримтаар хэрхэн тогтоогдож байгаа нь тодорхойгүй, албаны чиг үүрэгт тусгагдсан, хэрэгжүүлбэл зохих үйл ажиллагааг гүйцэтгэсэн боловч чанарын хувьд доголдуулсан, хугацаа хэтрүүлсэн, тогтоосон журмыг зөрчсөн зэргээр зохих ёсоор биелүүлээгүй, өгсөн үүрэг даалгаврыг хангалтгүй биелүүлж, удаа дараа төрийн ажил үйлчилгээг цалгардуулсан нь нотлогдон тогтоогдсонгүй. 

Төсвийн тухай хуулийн 40 дүгээр зүйл, Төрийн албаны тухай /2002 оны/ хуулийн 19 дүгээр зүйл 19.1 дэх хэсэгт заасны дагуу хариуцагч Цэцэрлэг сумын Засаг дарга, нэхэмжлэгч тус аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга нар нь 2018 оны үр дүнгийн гэрээ байгуулсан үр дүнгийн гэрээнд заасан хэрэгжүүлэх хөтөлбөр, арга хэмжээ, тэдгээрийн төсөв, хүрэх үр дүн, түүнийг дүгнэх талаар тусгасан байх бөгөөд  уг  үр дүнгийн гэрээнд заагдсан ажлыг хийж гүйцэтгэх боломжит хугацаагаар хангаагүй, үр дүнгийн гэрээний тайланг хангалтгүй дүгнэгдсэн шалтгаан нөхцөлийг тодруулаагүй байна.

Мөн хэргийн оролцогч нар /нэхэмжлэгч, хариуцагч/ 2017 оны үр дүнгийн гэрээ байгуулахгүйгээр бүтэн жил ажиллаж байсан байна. 

•   Маргаан бүхий захиргааны актын “Төсвийн хөрөнгийг хувьдаа шамшигдуулсан, төсвийг зориулалтын дагуу зарцуулаагүй  гэх үндэслэлийн  тухайд, 

Хариуцагчаас “ ... Төсвийн хөрөнгийг хувьдаа шамшигдуулсан гэдэгт 2014 онд Засаг даргын Тамгын газрын коридорт шилэн хоргыг суурилуулахаар төсөвт 900.000 төгрөг суусан. Тухайн 900.000 төгрөгийг 2014 оны 12 дугаар сарын 25-ны өдөр сумын Засаг даргын Тамгын газрын орлогод авсан. Уг шилэн хоргыг 2015, 2016, 2017 онуудад хийгдээгүй. Мөн шинээр ажилд орсон нярав А-гаас өвс тэжээлийн фондын мөнгөнөөс 400.000 төгрөгийг сумын Засаг даргын зөвлөлийн шийдвэргүйгээр авч шилэн хорго хийлгүүлнэ гээд 2018 оны 4 дүгээр улиралд авч шилэн хоргыг хийлгэсэн.  Мөн ёслол хүндэтгэлийн өргөөний барилга баригдахад ашиг сонирхлын зөрчил үүсэж, төрийн хөрөнгийг хувьдаа шамшигдуулсан. Өөрөө эрх олгох гэрээ байгуулчхаад, ажил хүлээн авах ажлын хэсгийн ахлагчаар ажиллаад зогсохгүй, ажлын хэсгээс тавьсан шаардлагыг эсэргүүцэж, би өөрөө хариуцъя, би барьж хүлээлгэж өгнө, хүлээгээд аваа гэж хэлсэн нь хавтаст хэрэгт буюу шийдвэрийн дүгнэлт тусгагдсан байгаа ...” гэж, 

Мөн хариуцагчаас “ ... төсвийг зориулалтын дагуу зарцуулаагүй гэдэгт 2018 онд 01 дүгээр сараас 11 дүгээр сард сумын Засаг даргын Тамгын газрын шатахууны зардлыг хэтрүүлэн, “З” шатахуун түгээх станцад нэлээдгүй хэмжээний шатахуун хэтрүүлэн хэрэглэж, өртэй гарсан. Энэ асуудлыг “З” компаний нэхэмжлэх, мөн сумын Засаг даргын Тамгын газрын даргын шатахуун олгох баримтаар нотлогдсон. Жишээ нь жолооч Б-д “Галын байрны цонхыг засуулахад 10 литр түлш, Ихбулаг багийн иргэн өөрийн малыг малладаг малчин Д.Э-д 2018 оны 8 дугаар сарын 13-ны өдөр хөдөө ажлаар явах нэрийдлээр 20 литр дизель түлшийг олгосон гэх мэт. Мөн “Г” ХХК-ийн “А” хүнсний дэлгүүрт өртэй гаргасан ...” гэж тайлбарлажээ.

Монгол Улсын Их Хурлын 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 67 дугаар тогтоолоор 2017 оны төсвийн жилд ... төрийн албан хаагчид 300.000 төгрөгийн ажлын үр дүнгийн урамшуулал олгохоор шийдвэрлэж, уг тогтоолтой холбогдуулан сахилгын шийтгэл хүлээсэн бөгөөд сахилгын шийтгэлгүйд тооцох хугацаа нь дуусаагүй байгаа албан хаагчдаас бусад төрийн албан хаагчдад мөнгөн урамшуулал олгох арга хэмжээ авахыг Засгийн газраас төсвийн шууд захирагч нарт даалгаж шийдвэрлэжээ.

Архангай аймгийн Цэцэрлэг сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн “Төрийн албан хаагчдад урамшуулал олгох тухай” Б/33 дугаар тушаалаар Засаг даргын Тамгын газрын ажилтан, албан хаагчдад төсвийн тодотголоор батлагдсан төрийн албан хаагчдад олгох 300.000 төгрөг олгохоор шийдвэрлэж, нэр бүхий 19 албан хаагчид урамшуулал олгосон байна. /1-р х.х-н 71-72/

Дээрх нэр бүхий албан хаагчдаас сахилгын шийтгэлтэй албан хаагчдад мөнгөн урамшуулал олгожээ. Тухайлбал, Архангай аймгийн Цэцэрлэг сумын Засаг даргын Тамгын газрын Мал эмнэлэг, үржлийн тасгийн мэргэжилтэн Р.У-д 2017 оны 2 дугаар сарын 03-ны өдрийн Б/07 дугаар тушаалаар “сануулах”, төрийн сангийн мэргэжилтэн Ш.А-д 2017 оны 2 дугаар сарын 03-ны өдрийн Б/06 дугаар тушаалаар “сануулах”, 2017 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн Б/11 дүгээр тушаалаар 1 сарын хугацаатай үндсэн цалинг 20 хувиар бууруулах, санхүүгийн албаны дарга Ц.Т-т 2017 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн Б/10 дугаар тушаалаар “сануулах”, сахиул Ц.Н-д 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн Б/25 дугаар тушаалаар “ажлаас халах”, уурын зуухны ажилтан Ц.М-д 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн Б/30 дугаар тушаалаар “ажлаас халах” тухай сахилгын шийтгэлийг Цэцэрлэг сумын Засаг даргын Тамгын газрын дарга П.Ч тус тус ногдуулжээ.

Дээрх сахилгын шийтгэлтэй нэр бүхий 5 албан хаагчдад урамшуулал олгохоор шийдвэрлэсэн нь Монгол Улсын Засгийн газрын тогтоол шийдвэрт нийцээгүй байна гэж хариуцагч талаас маргасан болно.

Шүүх дээрхи үндэслэлүүдийг хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, хэргийн оролцогч нарын шүүх хуралдаанд мэдүүлсэн мэдүүлгүүдийг нэгтгэн дүгнэвэл:

Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.17 дэх заалтанд зааснаар хариуцагч Архангай аймгийн Цэцэрлэг сумын Засаг дарга нь төсвийн ерөнхийлөн захирагч бөгөөд мөн хуулийн 16 дугаар зүйлийн 16.4.15 дахь заалтанд зааснаар нэхэмжлэгч тус сумын Засаг даргын Тамгын газрын дарга нь төсвийн шууд захирагч юм. Мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт тус тус зааснаар төсвийн ерөнхийлөн захирагч буюу тус аймгийн Цэцэрлэг сумын Засаг дарга нь нэхэмжлэгчид холбогдуулан хууль тогтоомжийн хэрэгжилтэнд хяналт тавих, төсвийн хөрөнгө, өр төлбөр, орлого, зарлага, хөтөлбөр, арга хэмжээ, хөрөнгө оруулалтанд санхүүгийн хяналт, шалгалт хийх, үнэлэлт, дүгнэлт, зөвлөмж гаргах, эрсдэлийн удирдлагаар хангахад чиглэсэн дотоодын аудитыг албыг байгуулж ажиллах бүрэн эрхтэй байсан байна. 

Хариуцагч тал нэхэмжлэгчийн гаргасан гэх тухайн зөрчил тус бүрийг тус тусдаа шалгах, нөхцөл байдлыг тогтоох шаардлагатай байх бөгөөд цаг тухайд нь арга хэмжээ аваагүй, зөрчил гаргасан үйлдэлд хамт олны хуралдаан хийж тэмдэглэл хөтлөөгүй, хяналт шалгалт хийлгэх чиг үүргээ хэрэгжүүлээгүй байна. 

Түүнчлэн үр дүнгийн гэрээ, түүнийг үнэлж дүгнэх зорилго нь төсвийн харилцаанд оролцогчийн эрх, үүрэг, хариуцлагыг тодорхойлж, төсөв боловсруулах, батлах, зарцуулах, бүртгэх, тайлагнахад хяналт тавих, төсвийн ерөнхийлөн захирагч төсвийн шууд захирагчтай гэрээ байгуулж, үйл ажиллагааны үр дүн, мэргэжлийнх түвшинг үнэлэхэд нэгдсэн стандарт тогтоож мөрдүүлэх, гэрээнд тусгагдсан хөтөлбөр, арга хэмжээг хуваарилагдсан төсвийн хүрээнд хэрэгжүүлэх үндсэн дээр байгууллагын үйл ажиллагааны зорилго зорилтуудыг хангахад чиглүүлэх, төсвийн шууд захирагчийн үйл ажиллагааг оновчтой төлөвлөж, хэрэгжүүлэхэд орших бөгөөд дээрхи хуулийн зорилго, зорилт, зарчмуудыг хариуцагч тал  хэрэгжүүлж ажиллаагүй байна гэж шүүх дүгнэв.

Архангай аймгийн Цэцэрлэг сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн “Төрийн албан хаагчдад урамшуулал олгох тухай” Б/33 дугаар тушаалаар тус сумын Засаг даргын Тамгын газрын ажилтан, албан хаагчдад төсвийн тодотголоор батлагдсан төрийн албан хаагчдад олгох 300.000 төгрөг олгохоор шийдвэрлэсэн үйлдэл нь цаг хугацааны хувьд зөрчил гаргасан өдрөөс хойш 6 сарын дотор уг зөрчил илрээгүй, мэдэгдээгүй өнгөрсөн байх хугацаа дууссан гэж үзэх үндэслэлтэй байна. Уг урамшууллын талаар нэр бүхий 5 албан хаагчид холбогдуулж гомдол, хүсэлт гаргаагүй болохыг тэмдэглэв.

 

• Маргаан бүхий актын “ЗДТГ-н даргын ажлын байрны тодорхойлолтод заасан тавигдах шаардлагыг хангахгүй” гэх үндэслэлийн тухайд, 

 

Хариуцагчаас “ ... ажлын байрны тавигдах шаардлага, нөхцөлд Засаг даргын Тамгын газрын дарга нь манлайлан удирдах, захиргааны удирдлагын арга барилтай, зохион байгуулах чадвартай, хүнтэй ажиллаж эв дүйтэй, харилцааны соёлтой, компьютер, англи хэлний мэдлэгтэй байна гэж ур чадвар хэсэгт нь заасан байдаг. Гэвч П.Ч нь хамтарч ажиллах хугацаанд ширээн дээрээ компьютер тавьж үйл ажиллагаа явуулж байхыг нэг ч удаа харж байгаагүй, мөн албан бичиг, захирамжийг хянаж үздэггүй ...” гэж тайлбарласан. 

Хэргийн оролцогч, тэдгээрийн өмгөөлөгч нарын тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаас үзэхэд П.Ч нь ажлын байрны тодорхойлолтод заасан тавигдах шаардлагыг хангахгүй болох нь нотлогдож тогтоогдохгүй байна. 

Нэхэмжлэгч П.Ч-ын тухайд, Удирдах ажилтны сонгон шалгаруулалтад оролцож, 2013 оны 10 дугаар сарын 23-ны өдөр 66.5 оноо авч, Архангай аймгийн Цэцэрлэг сумын Засаг даргын 2013 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн Б/147 дугаар захирамжаар тус сумын Засаг даргын Тамгын газрын даргаар томилогдсон байх тул ажлын байрны тодорхойлолтод заасан шаардлагыг хангахгүй гэж үзэх үндэслэлгүй. /2-р х.х-н 52, 81/

Учир нь: Төрийн албаны тухай /2002 оны/ хуулийн 10 дугаар зүйлийн 10.1, 17 дугаар зүйлийн 17.2, 33 дугаар зүйлийн 33.5 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч төрийн албан тушаалд тавих ерөнхий болон тусгай шаардлагыг хангасан маргаан бүхий албан тушаалд 6 жил ажиллаж байсан гэж үзэх үндэслэлтэй байна. Энэ нь Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.4 дэх хэсэгт заасан зарчимтай нийцэж байна. 

Түүнчлэн Төрийн албаны зөвлөлөөс гаргасан Ажлын байр /албан тушаал/-ны тодорхойлолтод заасны дагуу ямар шаардлагыг хангаагүй, ажлын байрны зорилго, үндсэн зорилт биелүүлээгүй, ажлын байрны гол үйл ажиллагааны алийг хийж хэрэгжүүлээгүй талаар болон тавигдах шаардлагын ерөнхий шаардлага болох боловсрол, мэргэжил, мэргэшил, туршлага, ур чадвар, тусгай шаардлагыг тус бүрээр тодорхойлж тэдгээрийн аль аль шаардлагыг хангаагүй гэдгээ хариуцагч тал нотолж чадаагүй болно.

-Маргаан бүхий актын “Ажлын цагаар удаа дараа архидан согтуурсан” гэх үндэслэлийн тухайд, 

 

Хариуцагчаас Архангай аймгийн Цэцэрлэг сумын Засаг даргын Тамгын газрын даргаар ажиллаж байсан П.Ч-ыг 2018 оны 7 дугаар сарын 20, 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдрүүдэд архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэж тайлбарласан. 

Шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлд зааснаар хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтуудыг цуглуулж, гэрчүүдээс мэдүүлэг авсан байна. Тухайлбал,

Гэрч Ш.Э шүүхэд өгсөн мэдүүлэгтээ “ ... Комиссын даргаар П.Ч, миний бие нарийн бичгийн даргаар томилогдож ажилласан. Баяр наадмын эхний өдөр сумын Үндэсний баяр наадмын бөхийн барилдаан болсон ... хоёр дахь өдөр буюу 2018 оны 7 дугаар сарын 20-ны өдөр П.Ч дарга согтуу ирсэн байсан.  Өглөө 10 цаг өнгөрч байсан, тэр үед би бөхийн оноолтын хүнтэй сууж байхад намайг налаад унтаж байсан. Тэгэхээр нь би, та одоо харьж амар гэж хэлсэн ...” гэж; /1-р х.х-н 152-153/

Гэрч Д.Г шүүхэд өгсөн мэдүүлэгтээ “ ... П.Ч даргыг наадмын үеэр архи уусан байхыг би өөрөө хараагүй. Гарын үсэг бол миний гарын үсэг мөн, наадам болсон орой П.Ч даргыг архи уусан гэж хүмүүс ярьсан. Тэгээд 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр гарын үсэг зурсан ...” гэж /1-р х.х-н 154-155/

Гэрч Я.Д шүүхэд өгсөн мэдүүлэгтээ “ ... тэр өдөр П.Ч нь согтуу байсан, тэгээд хүнээр хүргүүлээд харьсан. Засаг даргын Тамгын газрын урд саадны урдаас н.Б хүргэж өгсөн ...” гэж /1-р х.х-н 156-157/

Гэрч Г.Э шүүхэд өгсөн мэдүүлэгтээ “ ... 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр 14 цагийн үед П.Ч дарга ирсэн. Тэгээд П.Ч дарга н.А-тэй уулзаад юм яриад байсан. Тэр хоёр танилууд байсан. Тэр өдөр А бид хоёр Манханруу явж П.Ч дарга идэш үзүүлнэ гэж байсан. Тэгээд П.Ч, н.А бид гурав Манханруу явсан. Тэгээд орой 17 цагийн үед П.Ч даргыг гэрт нь хүргэж өгсөн ...” гэж /1-р х.х-н 158-159/

Гэрч Л.Г шүүхэд өгсөн мэдүүлэгтээ “ ... 2018 оны 7 дугаар сарын ... 20-ны өдөр бөхийн комиссын даргаар ажиллаж байсан П.Ч дарга ажиллаагүй, П.Ч дарга согтуу байсан. 2018 оны 7 дугаар сарын 20-ны өдөр би Засаг даргын жолооч Б-тай хамт Засаг даргын машин дотор сууж байсан чинь П.Ч дарга нилээн согтуу, тасарцан ирсэн. Тэр үед П.Ч дарга мотоциклтой явж байсан ...” гэх /1-р х.х-н 160-161/

Гэрч Д.М шүүхэд өгсөн мэдүүлэгтээ “ ... Манайх Цэцэрлэг сумын Ихбулаг багийн Манхан гэдэг газар өвөлждөг. 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Цэцэрлэг сумын Засаг даргын Тамгын газрын дарга П.Ч, н.А, сумын байгаль хамгаалагч н.Э гурав манайд ирсэн. П.Ч ахын үхэр манайд байдаг, тэгээд үхрээ А гэж хотоос ирсэн хүнд үзүүлэх гэж ирсэн байсан. Тэгээд 11 дүгээр сарын 06-ны өдрийн 15 цагийн үед манайд ирсэн, үхрээ үзэх гэсээр байтал оройтоод үхрээ үзэж чадаагүй. Тэд нар манайд ирээд архи уусан зүйл байхгүй. Архи уугаагүй сумруу явсан ...” гэж; /1-р х.х-н 204-205/

Гэрч Д.С шүүхэд өгсөн мэдүүлэгтээ “ ... 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 12 цагийн үед би сумын төврүү хүнтэй уулзах гээд явж байсан. Тэгэхэд П.Ч дарга агуулахын үүдэнд зогсож байсан. Тэгээд надтай уулзаад үүрэг өгсөн. Маргааш нь палк, мод ачих, хашаа янзлах үүрэг өгсөн. Тэгээд нөгөө хоёр галчдаа хэлээрэй гэсэн ...” гэж; /1-р х.х-н 206-207/

Гэрч Х.Б шүүхэд өгсөн мэдүүлэгтээ “ ... П.Ч дарга 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр архи согтууруулах ундаа хэрэглэсэн байсан. Тэр өдөр үдээс хойш 16 цагийн үед би дэлгүүр орох гээд гадуур явж байсан. Тэгсэн “У” хүнсний дэлгүүрийн гадаа Тамгын газрын дарга П.Ч нэг хүнтэй хэрэлдээд согтуу байсан. Тэгэхээр нь би П.Ч даргыг тэр хүнээс нь салгаад гэрт нь хүргэж өгсөн ...” /2-р х.х-н 27-28/ гэж тус тус мэдүүлжээ. 

Шүүх дээрх нөхцөл байдлыг нэгтгэн дүгнэхэд, Архангай аймгийн Цэцэрлэг сумын Засаг даргын Тамгын газрын даргаар ажиллаж байсан П.Ч-ыг 2018 оны 7 дугаар сарын 20, 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдрүүдэд тухайн байгууллагын дотоод журмын дагуу архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн нөхцөл байдалд зөрчлийн шинж байдлыг нотолж тогтоогоогүй, зөрчил давтан гаргасан талаар шалгаагүй, сонсох ажиллагаа явуулаагүй, шийдвэр гаргах өмнө нэхэмжлэгчид урьдчилан мэдэгдэж тайлбар, саналаа гаргах боломж олгоогүй нь Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 24.4, 26 дугаар зүйлийн 26.1, 26.2 дахь хэсэгт заасныг тус аймгийн Цэцэрлэг сумын Засаг дарга зөрчсөн байна.

Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч болох нэхэмжлэгч Архангай аймгийн Цэцэрлэг сумын Засаг даргын Тамгын газрын даргаар ажиллаж байсан П.Ч нь согтууруулах ундаа хэрэглэхдээ төрийн ... ажлын байрандаа архидан согтуурсанг хариуцагч Цэцэрлэг сумын Засаг дарга нотлогдож чадаагүй, энэ талаар бичлэг хийсэн бөгөөд уг бичлэгийг шүүх үзлэгээр авсан боловч энэ нь тухайн ажлын байранд архидан согтуурсан, танхайрсан, ёс зүйгүй хандсан нь нотлогдоогүй бөгөөд архидан согтуурсан талаар маргааш нь буюу 2018 оны 7 дугаар сарын 23, /даваа гараг/, 2018 оны 11 дүгээр сарын 07, /лхагва гараг/ ажлын өдөр тухайн зөрчил тус бүрд нь зохих арга хэмжээ аваагүй, хамт олны хуралдаанаар оруулж тэмдэглэл хөтлөх, тайлбар мэдүүлэг аваагүй, ёс зүйн асуудлыг шалгаж тогтоогоогүй, хууль, журамд заасан үүргээ биелүүлээгүй гэж үзэх үндэслэлтэй.   

Түүнчлэн 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн Сонсох ажиллагаа явуулсан тухай №01 дүгээр тэмдэглэлд “ ... танд ажлаас халах шийтгэл ногдуулна. Шийдвэр гаргахаас өмнө таньтай биечлэн уулзаж байна. Танд хэлэх үг байна уу ... Уучлаарай миний буруу, та намайг харж үзээд, цалингийн 20 хувиар сахилгын шийтгэл оноож өгөөчээ. Би дахиж ийм алдаа гаргахгүй ээ. Хэрвээ дахиж алдаа гаргавал шууд халаарай. Ах нь 56 настай, удахгүй тэтгэвэрт гарна. Надад энэ ажил ч хүнд байна ... нам улс төрийн ажлаар намайг битгий шахаад бай. Би шүүхээр явна ...” гэх тайлбар гаргасан талаар тэмдэглэл үйлдэж, Т.У-р гарын үсэг зуруулжээ./1-р х.х-н 37-38/

Гэрч Т.У шүүхэд өгсөн мэдүүлэгтээ  “ ... сумын Засаг дарга П.М-ыг Тамгын газрын дарга П.Ч-тай уулзаж, сонсох ажиллагаа явуулах үед би өөрийн биеэр байгаагүй, удирдлагууд уулзаж байна гэж бодсон. ... дарга өөрөө сонсох ажиллагааны ноорог бичээд надад оруулж ирж өгсөн. Би тэр ноорог бичвэрийг шивээд гарын үсэг зурсан. Би санамсаргүй гарын үсгээ зурчихсан юм. Энэ нь миний алдаа болсон. Би өөрөө сонсох ажиллагааны тэмдэглэлийг биечлэн хөтлөөгүй ...” гэж мэдүүлсэн бөгөөд Захиргааны ерөнхий хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2, 27 дугаар зүйлийн 27.5, 27.6, 27.4.2, 29 дүгээр зүйлийн 29.1 дэх хэсэгт заасан хуулийн зохицуулалтыг зөрчсөн байна. /2-р х.х-н 29-30/ 

Хариуцагч талаас Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.4.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчтэй биечлэн уулзсан нь сонсох ажиллагаа хийсэн гэж тайлбарлаж байгаа хэдий ч тухайн уулзсан талаар хариуцагч өөрөө тэмдэглэл хөтлөх, уг уулзалтын тэмдэглэлийг нэхэмжлэгчид танилцуулж гарын үсэг зуруулах, тайлбарыг авч баримтжуулахгүй болох нь шүүхийн үзлэгээр нотлогдсон болно. 

Өөрөөр хэлбэл тухайн зөрчлийн талаар сонсох ажиллагаа хийж байгаа тохиолдолд хуралдааны тэмдэглэлийг хууль бусаар хөтөлж, сонсох ажиллагааны тэмдэглэл хөтлөөгүй этгээдээр гарын үсэг зуруулсан үйлдэл нь хууль бус болжээ. 

Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2. Захиргааны үйл ажиллагаанд дараах тусгай зарчмыг баримтална: 4.2.4.-т “үр нөлөөтэй байх”, 4.2.5.-д “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх”, 4.2.6.-д “бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах”, 24 дүгээр зүйлийн 24.1.Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно., 24.2. дахь хэсэгт “Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ”, 25 дугаар зүйлийн 25.1. дахь хэсэгт “Захиргааны шийдвэр гаргах ажиллагааны нөхцөл байдлыг тогтооход шаардлагатай нотлох баримтыг захиргааны байгууллага дараах байдлаар цуглуулна” 25.1.1.-д “ач холбогдол бүхий мэдээллийг цуглуулах”, 25.1.2.-д “оролцогчийг сонсох, тайлбар гаргуулах”, 26 дугаар зүйлийн 26.1. дэх хэсэгт “Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно” гэж тус тус заасныг зөрчсөн байна.

Монгол Улсын Үндсэн Хуулийн Арван зургадугаар зүйлийн 4/ “ажил мэргэжлээ чөлөөтэй сонсох, хөдөлмөрийн аятай нөхцөлөөр хангуулах, цалин хөлс авах..., 13/ халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй. Хуульд заасан үндэслэл, журмаас гадуур дур мэдэн хэнийг ч ... мөрдөн мөшгих, эрх чөлөөг нь хязгаарлахыг хориглоно. Хэнд боловч эрүү шүүлт тулгаж, хүнлэг бус, хэрцгий хандаж, нэр төрийг нь доромжилж болохгүй. Баривчилсан шалтгаан, үндэслэлийг баривчлагдсан хүн, түүний гэр бүлийнхэн, өмгөөлөгчид нь хуульд заасан хугацаанд мэдэгдэнэ. Иргэний хувийн ба гэр бүл, захидал харилцааны нууц, орон байрны халдашгүй байдлыг хуулиар хамгаална” гэж заасан хуулийн заалтыг хариуцагч тал зөрчсөн байна.  Мөн нэхэмжлэгч П.Ч-ыг ажлаас нь халахдаа тухайн үйл баримтыг тогтоох, үүрэг даалгавар өгч түүний үр дүнг дүгнэх, албан үүргээ хангалтгүй биелүүлсэн эсэхэд үнэлэлт дүгнэлт өгөх, сахилгын зөрчил бүр тус тусдаа тогтоогдсон эсэх, үйл ажиллагааны үр дүн, мэргэжлийн түвшинг үнэлж дүгнээгүй болох нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, хэргийн оролцогч нарын мэдүүлгээр нотлогдлоо. 

Иймд дээрхи хууль зүйн үндэслэлүүдээр Архангай аймгийн Цэцэрлэг сумын Засаг даргын 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн “ЗДТГ-н дарга П.Ч-д ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулах тухай” Б/19 дүгээр захирамжаар П.Ч-ыг ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан хууль бус захиргааны акт гаргасан нь Төрийн албаны тухай хуулийн /2002 оны/ 4 дүгээр зүйлийн 4.2.5, 4.2.6, 11 дүгээр зүйлийн 11.1, 19 дүгээр зүйлийн 19.1, 17 дугаар зүйлийн 17.2, 25 дугаар зүйлийн 25.1.1, 27 дугаар зүйлийн 27.1.1, 26 дугаар зүйлийн 26.1.3, Төсвийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсгүүдийн тус тус зөрчиж нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчигдсөн байна гэж шүүх дүгнэв. 

Түүнчлэн нэхэмжлэгч П.Ч-ын тухайд, өмнө нь Архангай аймгийн Цэцэрлэг сумын Засаг даргын 2018 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” Б/03 дугаар захирамжаар “сануулах” шийтгэл ногдуулсан талаар хэргийн оролцогчид маргаагүй болохыг тэмдэглэв. /2-р х.х-н 32/

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3 дугаар зүйлийн 106.3.1, 106.3.12 дахь заалт, 107, 108 дугаар зүйлүүдийг удирдлага болгон                                                                                                

ТОГТООХ нь:

             1. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 4.2.6 дахь заалт, 26 дугаар зүйлийн 26.1, 27 дугаар зүйлийн 27.5, 27.6, 29 дүгээр зүйлийн 29.1 дэх хэсэг, Төрийн албаны тухай хуулийн /2002 оны/ 4 дүгээр зүйлийн 4.2.4, 4.2.6 дахь заалт, 17 дүгээр зүйлийн 17.2, 25 дугаар зүйлийн 25.1.1, 27 дугаар зүйлийн 27.1.1, 26 дугаар зүйлийн 26.1.3 дахь хэсэг, Төсвийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсгийг тус тус баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Архангай аймгийн Цэцэрлэг сумын Засаг даргын 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн “ЗДТГ-н дарга П.Ч-д ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулах тухай” Б/19 дүгээр захирамжийг хүчингүй болгож, П.Ч-ыг Архангай аймгийн Цэцэрлэг сумын Засаг даргын Тамгын газрын даргаар эгүүлэн тогтоосугай.  

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, 47 дугаар зүйлийн 47.2. дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Архангай аймгийн Цэцэрлэг сумын Засаг дарга /Тамгын газар/-аас гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай. 

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1.-д зааснаар хэргийн оролцогчид болон тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

                                 ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             Б.ОДОНТУЯА