Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 04 сарын 24 өдөр

Дугаар 998

 

Л.Жавзангийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 181/ШШ2017/00531 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Л.Жавзангийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Х.Оюунд холбогдох

 

5 000 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

 

Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2017 оны 3 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хариуцагч Х.Оюун,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шинэцэцэг нар оролцов.

 

Нэхэмжлэгч Л.Жавзан шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие өөртөө болон хүүхдүүддээ газар авах зорилгоор Баянзүрх дүүргийн газрын алба дээр явж байгаад Х.Оюунтай танилцсан ба Х.Оюун нь газрын албанд олон хүн танина, даргыг нь ч танина гээд энд тэнд газар зааж өгч хашаа хүртэл бариулаад байсан болохоор нь итгээд би, манай бэр, хүүхдүүд бүгд цувуулаад 13 600 000 төгрөгийг Х.Оюунд өгч түүнд залилуулсан тухайгаа Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газарт өргөдөл гаргаж эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан. Энд шалгагдаж байхад Х.Оюун хоёулаа тохирч ярилцъя гээд байсан.

Шалгагдах явцад миний бэр Г.Мөнхзулын дансанд 5 000 000 төгрөгийг шилжүүлсэн. Надад өгөх ёстой байсан мөнгөнөөс 5 000 000 төгрөгийг өгөөгүй, Х.Оюун бид хоёрыг хоорондоо тохиролц гээд байсан болохоор бид хоёр нотариат дээр 2016 оны 5 дугаар сарын 23-ны өдөр очоод Х.Оюунд 5 000 000 төгрөгийг зээлдүүлсэн. Х.Оюун нь зээлсэн мөнгөө 2016 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр эргүүлж төлөхөөр гэрээ байгуулсан. Иймд Х.Оюунаас 5 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Х.Оюун шүүхэд гаргасан болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Баянзүрх дүүргийн газрын алба дээр явж байгаад Л.Жавзантай танилцсан нь үнэн. Тухайн үед Л.Жавзан би газар хөөцөлдөөд явж байна, миний хүүхэд Америкт сурдаг гээд надад хөлийг чинь зүгээр болгодог эм өгнө гээд бид хоёр яриа өрнүүлж надад эм өгч байсан. Л.Жавзантай 5 дугаар сарын 23-ны өдрийн Зээлийн гэрээг хийсэн. Л.Жавзан намайг газрын албаны даргаас газар авч өг гэж тулган 5 000 000 төгрөгийг өгч байсан. Би энэ 5 000 000 төгрөгийг нь түүний бэр н.Мөнхзулын дансанд нь буцаагаад хийчихсэн тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-т заасныг баримтлан Х.Оюунаас 5 000 000 төгрөг гаргуулж Л.Жавзанд олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 95 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 95 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч Х.Оюун давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Л.Жавзан нь Сонгин хайрхан дүүрэг дээр газар хөөцөлдөж явж байхад байцаагч н.Отгонбаяр орон нутгийн иргэний үнэмлэхтэй хүнд газар өгөхгүй гээд миний өргөдлийг буцаахад найздаа өгчих би авья гэхээр нь Л.Жавзанд өгсөн. 3 хоногийн дараа ирээд Баянзүрх дүүргийн газрын албаны дарга танай нутгийн хүн байна, ер нь засаг дарга нь мөнгө өгөхөд өгчихдөг гэж байна. Өөрийн чинь хөл их хэцүү харагдаж байна манай охин Америкд ажилладаг эм авчруулж өгье, ойрын хэд хоногт том бэрээсээ мөнгө цуглуулна, надад охиноос ирсэн архи байна. Хамт аваачаад өгчих, урьд нь би гадаад гаргадаг виз гаргаж бизнес хийж байсан одоо газраар хиймээр байна гэх мэт янз бүрийн зовлон ярьсан. Түүний бэр нь энэ мөнгө ээжийн мөнгө биш миний мөнгө данс руу хий гэхээр нь данс руу нь хийсэн. Нотариатын бичиг дээр хоорондоо зөвшилцөж гарын үсэг зураагүй тухайн үед би нотариатын байгууллагыг чухам ямар үүрэгтэй байгууллага вэ гэдгийг ч сайн ойлгоогүй явсан. Гэрээн дээр 2 хоногийн өмнө мөнгө өгсөн гэж бичсэн байсан тэр үед цагдаа дээр маргалдаж явсан байсан учир надад мөнгө өгөх боломжгүй юм. Үүнийг үнэн зөвөөр шийдвэрлэж өгч туслана уу гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч Л.Жавзан нь хариуцагч Х.Оюунд холбогдуулан 5 000 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч уг мөнгийг Г.Мөнхзулын дансанд шилжүүлэн өгсөн тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргасан байна.

 

Хариуцагч Х.Оюун нь 2015 оны 7 дугаар сард Л.Жавзанд газар авч өгнө гэж 1 000 ам.доллар, мөн оны 8 дугаар сарын 10-ны өдөр газар зохион байгуулагч нарт мөнгө өгнө гэж 1 800 000 төгрөг, газрын албаны дарга н.Батсүхийн нэрийг барьж 5 000 000 төгрөг авсан, иргэн Б.Сайнболдоос 2015 оны 9 дүгээр ард гэрчилгээ гаргаж өгнө гэж 650 000 төгрөг, мөн оны 6 дугаар сард иргэн Б.Мөнхболдоос 1 500 000 төгрөгийг тус тус залилан мэхэлж авсан үйлдэлдээ Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн үндэслэлээр шалгагдаж байсан байх ба Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газрын 2016 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 801 дүгээр тогтоолоор түүнд холбогдох эрүүгийн хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн байна.

/хэргийн 65 дугаар тал/

 

Дээрх эрүүгийн хэргийн мөрдөн байцаах ажиллагааны явцад талууд 2016 оны 5 дугаар сарын 23-ны өдөр 5 000 000 төгрөгийг, 2016 оны 5 дугаар сарын 23-ны өдрөөс мөн оны 9 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл хүүгүй зээлдүүлэхээр тохиролцож зээлийн гэрээ байгуулсан байх ба уг зээлийн гэрээг тэгш эрхийн үндсэн дээр хүсэл зоригийнхоо үндсэн дээр чөлөөтэй байгуулаагүй, дүр үзүүлэн хийсэн хэлцэл гэж анхан шатны шүүх дүгнэснийг буруутгах үндэслэлгүй болно. Өөрөөр хэлбэл, тэдгээрийн хооронд зээлийн гэрээний харилцаа бодитойгоор үүсээгүй гэж үзнэ.

 

Харин газрын зөвшөөрөл авах зорилгоор нэхэмжлэгч нь хариуцагчид 5 000 000 төгрөг өгсөн болохыг хариуцагч үгүйсгээгүй бөгөөд харин уг мөнгийг нь буцаан өгсөн гэх боловч үүнийгээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй байна.  

 

Хариуцагч Х.Оюун нь 2016 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр Г.Мөнхзулын 5034605310 тоот дансанд 2 000 000 төгрөгийг, мөн оны 4 дүгээр сарын 09-ний өдөр 3 000 000 төгрөгийг тус тус шилжүүлсэн байх боловч энэ нь нэхэмжлэгчээс авсан мөнгөтэй холбоотой буюу уг мөнгийг буцаан өгсөн гэх үндэслэл болохгүй байх бөгөөд уг хугацаанаас хойш эрүүгийн хэрэгт шалгагдаж байхдаа хариуцагч нь нэхэмжлэгчээс авсан мөнгийг эргүүлж төлөхийн тулд дээрх дүр үзүүлсэн зээлийн гэрээг бичгээр байгуулсан зэрэг үйл баримтуудас үзэхэд Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар хөрөнгө олж авсан болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон бол бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэнд хөрөнгө шилжүүлсэн тал нь уг зүйлийг олж авсан талаас хөрөнгөө буцаан шаардах эрхтэй гэснээр хариуцагч Х.Оюунаас 5 000 000 төгрөгийг нэхэмжлэгч Л.Жавзан шаардах эрхтэй байна. /хэргийн 56-57 дугаар тал/

 

Харин шүүх дээрх Иргэний хуулийн нарийвчилсан зохицуулалтыг хэрэглээгүй байх тул шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 181/ШШ2017/00531 дугаар шийдвэрийн “492.1” гэснийг “492.1.1” гэж өөрчлөн, хариуцагч Х.Оюуны гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд хариуцагч гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 95 000 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Э.ЗОЛЗАЯА

 

                                  ШҮҮГЧИД                                                 Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ   

                   

                                                                                                   С.ЭНХТӨР