Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 05 сарын 24 өдөр

Дугаар 2021/ШЦТ/140

 

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Ариунцэцэг даргалж,

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Н

Улсын яллагч Н.Д

Шүүгдэгч Д.Т

Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Б нарыг оролцуулан хийж Орхон аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Т-д холбогдох эрүүгийн 2125000770139 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Д.Т

 

Орхон аймгийн Прокуророос, шүүгдэгч Д.Т-ыг 2021 оны 02 дугаар сарын 07-ны өдөр Орхон аймгийн Баян- Өндөр сумын Булаг баг 13-03 тоотод 78 настай биеэ хамгаалж чадахгүй Б.И-г зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан /яллах дүгнэлтэд бичсэнээр/ гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Т-ын мэдүүлсэн” 2021 оны 2 дугаар сарын 07-нд ээж хотоос ирээд 8-нд эхнэр ээж бид 3 архи уусан. Ээж бид 2 маргалдаж над руу аягатай цай авч шидсэн. Зууралдаж ноцолдож угаалгын машины тэнд рүү ээж унасан. Би дээрээс нь нүүр рүү нь 3 цохисон. Ээж гарч яваад гэрийн довжоо руу унасан. 1 сая гаруй төгрөгийн оношлогоо эмчилгээ хийлгэсэн. Дараа нь Талын булаг эмнэлэгт төлбөрийг нь төлж хэвтүүлсэн. Гэм буруугаа хүлээж гэмшиж байна гэх мэдүүлэг,

 

-Хохирогч Б.И-н мөрдөн байцаалтад мэдүүлсэн “... хүргэн Түмэннаст намайг хэл амаар доромжлоод эхэлсэн юм, тэгэхээр нь миний дургүй хүрээд байхаар нь би хэрэлдээд Түмэннаст руу аяга, түлээний мод халбага болон гартаа баригдсан зүйлээ шидсэн юм, миний чадал тэр шүү дээ. Тэгсэн Түмэннаст намайг заамдаад газар унагаад дээр гараад сууж байгаад цээжин дээр дарж байгаад нүүр рүү минь гараа зангидаж байгаад цохисон. Намайг 4-5 минут газар дараад ноцолдсон, толгой хагарчихсан цус гараад, босоод ирсэн чинь миний хувцас урагдаад дээгүүрээ нүцгэн байсан, толгойгоо газар унахдаа юм мөргөөд хагалчихсан юм. ...Тэгээд охин хүргэн хоёр гарч ирээд намайг өргөөд гэрт оруулсан юм. ...Өмнө нь намайг 2 удаа зодож байсан архи уухаараа маш муухай авиртай, заримдаа архи уучихсан муухай орилоод байхаар нь би гэртээ ороод хаалгаа цоожилчихдог байсан. Намайг хоолойноос заамдаад зүүн хацар хэсэг рүү нэг удаа баруун гараараа цохисон, цээжин дээр дараад хоолой боочихсон байсан, өөрөөр намайг яаж цохисон юм байгаан санахгүй байна.... Би газраас босоход миний толгой хагарчихсан, газарт цус болчихсон байсан, миний дээгүүрээ өмсөж хувцас урагдчихсан байсан. Би гэртээ харих гээд Түмэннастын байшингаас гараад довжооноос буух гэж байгаад хөл алдаад газар уначихсан. Намайг хэн нэгэн хүн түлхээгүй. Газар унахдаа биеийн цээж хэсгээрээ унасан. Газар уначихаад босож чадахгүй байсан болохоор Ундраа гээд олон удаа дуудсан боловч гарч ирээгүй, ойролцоогоор 5-10 минутын дараа Ундармаа, Түмэннаст нар гарч ирээд намайг өргөөд өөрсдийнхөө байшинд оруулсан. Би гар утсаараа төрсөн эгч Долгорын гар утас руу залгаад тусламж дуудсан. Удалгүй Долгор эгчийн охин Энхчимэг, хүргэн Хадбаатар нар ирээд намайг гэр лүүгээ авч явсан. Маргааш нь цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 24-27-р хуудас/

 

-Гэрч Д.У-н мөрдөн байцаалтад мэдүүлсэн “...Архи ууж байгаад үр хүүхдүүдээ ярьж байгаад тэрнээсээ болоод хэрүүл маргаан хийж эхэлсэн тэгээд гэнэт барьцалдаад авсан юм. Ээж хэрүүл хийж байгаад тавагтай бууз ширээн дээр байсныг аваад Түмэннаст руу шидчихсэн манай нөхөр огцом ууртай болохоор босоод барьцалдаж ноцолдоод эхэлсэн би дундуур нь ороод салгах гэж оролдоод дийлээгүй. Зууралдаад зодолдоод байсан ээж газар унахдаа хүчтэй унаад байсан. Угаалтуурын урд хана руу шахаж байгаад хоолойноос нь боож унагаж ноцолдож байгаад үүдний довжоон дээрээс Түмэннаст ээжийг түлхээд унагачихсан юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 35-р хуудас/

 

-Гэрч Ч.Э-н мөрдөн байцаалтад мэдүүлсэн “...2021 оны 02 дугаар сарын 07-ны орой би гэртэй нөхөр, хүүхэд, ээж нарын хамт байж байхад ээж Долгорын утас руу Ичинхорлоо эгч залгаад хоорондоо ярьж байгаад ээж Долгор надад утсаа өгсөн. Би Ичинхорлоо эгчтэй утсаар ярихад Түмэннаст агсан тавиад байна, чи ирээд намайг аваач гэж хэлсэн. Би нөхөр Хадбаатарын хамт гэрээс гараад Ичинхорлоо эгчийн хүргэн Түмэннастын гэрт ороход Ичинхорлоо эгч газарт хэвтчихсэн, зодуулсан байдалтай байсан Тухайн үед Түмэннаст ах, түүний эхнэр Ундармаа нар хамт байсан. Тэд нар архи уучихсан, согтуу байсан. Ичинхорлоо эгчийн нүүр нь битүү хөхөрчихсөн, хоёр гар нь зодуулаад хөхөрчихсөн, амьсгалах гэхээр цээж хэсгээр өвдөөд байна гэж хэлсэн. Мөн толгойны орой хэсэгт ялзарчихсан, цохиулсан шинжтэй байсан. Би юу болсон юм бэ гэж асуухад Ичинхорлоо эгч дугарч чадахгүй, ёолоод байсан. Түмэннаст ах өөрөө газар унаад ийм болсон гэж хэлсэн. Ундармаа ямар нэгэн зүйл яриагүй, нилээн согтуу байсан. Нөхөр бид хоёр Ичинхорлоо эгчийг дагуулаад гэртэй авчирч нүүр, гарыг нь угааж цусыг нь цэвэрлэсэн. Өвчин намдаах эм өгөөд унтуулсан. Маргааш өглөө Ичинхорлоо эгч гэртэй харимаар байна гэхээр нь ээж Долгорын хамт Ичинхорлоо эгчийг гэрт нь хүргэж өгсөн....тухайн үед Ичинхорлоо эгч дээгүүрээ хувцасгүй, нүцгэн байсан, хамаг хувцас нь урагдчихсан, тайлчихсан байсан, газар ор засаад хөнжил дотор хэвтэж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 39-р хуудас/

 

-Гэрч С.Б-н мөрдөн байцаалтад мэдүүлсэн “.... Би Энхчимэг эгчийн утас руу залгаад юу болоод байгаа талаар асуухад ....эмээг чинь Түмэннаст аймар болтол зодсон байна, Ундармаа эд нар хамт архи уусан байна. Эмээгийн чинь нүүр хүн харахын аргагүй болготол зодсон байна, гадаа цасан дээр хэвтүүлчихсэн байна гэж хэлсэн. Би 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдөр Орхон аймагт ирэхэд эмээ Ичинхорлоо гэмтлийн тасагт хэвтчихсэн байсан. Би эмнэлэг дээр очиж эмээ Ичинхорлоотой уулзаж юу болсон талаар асуухад Түмэннаст зодсон, хэл амаар доромжилсон гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 41-р хуудас/

 

-Орхон аймгийн Шүүх шинжилгээний албаны шинжээч эмч Ж.Гэрэлмаагийн 2021 оны 02 дугаар сарын 26-ний өдрийн 136 дугаартай “...Б.И-н биед тархины эдийн 1-р зэргийн няцрал, хуйханд зүсэгдсэн шарх, нүүр, хүзүү, зүүн гарын сарвуу, баруун шуу, цээжинд зөөлөн эдэд олон тооны цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Зүсэгдсэн шарх нь үзүүр ирмэгтэй зүйлийн 1 удаагийн, бусад гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Тархины эдийн 1-р зэргийн няцрал, хуйхны зүсэгдсэн шарх нь тус бүрдээ шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана, бусад гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д заасны дагуу гэмтлийн зэрэгт хамаарагдахгүй. Гоо сайхан болон ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй, Үүссэн гэмтлүүд нь хэрэг үйлдэгдсэн цаг хугацаанд үүссэн байж болно...” гэх дүгнэлт /хх- ийн 44-45-р хуудас/,

 

-Нэмэлт шинжээчийн 2021 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн “...Хохирогч Б.И-н 2021 оны 02 сарын 08-ны өдөр авахуулсан рентген зураг, 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн гавал тархины компьютер томографикийн шинжилгээгээр нэмж гэмтэл тогтоогдсонгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 50-51-р хуудас

 

-Шүүгдэгч Д.Т-ын яллагдагчаар мэдүүлсэн...Би хадам ээж Б.Ичинхорлоогийн биед хөнгөн хохирол учруулсан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Архи согтууруулах ундааны зүйл хэрэглэснээс болж ийм үйлдэл гаргасандаа их гэмшиж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 77-р хуудас/

-Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 5-10-р хуудас/

-Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн11-15-р хуудас/

-Хохирогчийн хувцас эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 16-19-р хуудас/

-2021 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 50 дугаартай шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 56-62-р хуудас/

-Хохирогч Б.Ичинхорлоогийн БОЭТ-ийн гэмтлийн тасагт хэвтэн эмчлүүлсэн өвчтөний түүх /хх-ийн 90-101-р хуудас/

-Хохирогч Б.Ичинхорлоогийн зодуулсан үеийн гэрэл зураг /хх-ийн 103-110, 118-124-р хуудас/ зэргийг нотлох баримтаар шинжлэн судалхад дараахь үйл баримт тогтоогдож байна.

 

Үйл баримт: Шүүгдэгч Д.Т нь 2021 оны 02 дугаар сарын 07-ноос 08-нд шилжих шөнө Орхон аймгийн Баян-Өндөр сум Булаг баг 13-03 тоотод архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хамт байсан 78 настай хадам ээж Б.Ичинхорлоотой маргалдаж улмаар заамдаж авч унаган зодож биед нь тархины эдийн 1-р зэргийн няцрал, хуйханд зүсэгдсэн шарх, нүүр, хүзүү, зүүн гарын сарвуу, баруун шуу, цээжинд зөөлөн эдэд олон тооны цус хуралт бүхий хөнгөн зэргийн гэмтэл хохирол учруулжээ.

 

Дээрхи хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч, гэрч, яллагдагчийн мэдүүлэг, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд,хохирогчийн хувцас эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, хохирогч Б.И-н БОЭТ-ийн гэмтлийн тасагт хэвтэн эмчлүүлсэн өвчтөний түүх, шинжээчийн дүгнэлтүүд зэрэг нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн, дээрх үйл баримтын талаарх мэдээллийг агуулсан хэрэгт хамааралтай, хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолтой, шүүгдэгч гэм буруутай эсэх талаар дүгнэлт хийхэд хангалттай гэж үзэв.

 

Шүүгдэгч Д.Т нь 2021 оны 02 дугаар сарын 07-ноос 8-нд шилжих шөнө Орхон аймгийн Баян-Өндөр сумын Булаг баг 13-03 тоотод хамт архи уусан хадам ээж, 78 настай Б.Ичинхорлоог зодсоны улмаас хөнгөн зэргийн гэмтэл хохирол учруулсан шууд шалтгаант холбоотой болох нь шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 02 дугаар сарын 26-ний өдрийн 136 дугаартай шинжээчийн “...Б.Ичинхорлоогийн биед тархины эдийн 1-р зэргийн няцрал, хуйханд зүсэгдсэн шарх, нүүр, хүзүү, зүүн гарын сарвуу, баруун шуу, цээжинд зөөлөн эдэд олон тооны цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо... Тархины эдийн 1-р зэргийн няцрал, хуйхны зүсэгдсэн шарх нь тус бүрдээ шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана, бусад гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д заасны дагуу гэмтлийн зэрэгт хамаарагдахгүй. Гоо сайхан болон ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй, Үүссэн гэмтлүүд нь хэрэг үйлдэгдсэн цаг хугацаанд үүссэн байж болно” гэх дүгнэлт, гэмт хэргийн талаархи гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл, хэргийн газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зураг, хохирогчийн хувцаст үзлэг хийсэн тэмдэглэл,өвчний түүхийн хуулбар зэрэг нотлох баримтаар тогтоогдсон ба шүүгдэгч хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар маргахгүй байна.

Хэргийг мөрдөн шалгах ажиллагаа хуульд заасан журмын дагуу зөрчилгүй явагдсан, нотлох баримтууд зөрүүгүй байна.

 

Хохирогч Б.И нь 1943-9-11-нд төрсөн 78 настай /РЮ43091108/ ба хэрэг гарах үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан болох нь хохирогч, шүүгдэгч,гэрчүүдийн мэдүүлгээр тогтоогджээ.

 

Шүүгдэгч Д.Т нь 78 настай, согтууруулах ундаа хэрэглэсэн Б.Ичинхорлоогийн биед халдаж эрүүл мэндэд нь гэмтэл хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжтэй, өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж хохирол хор уршигт зориуд хүргэсэн санаатай, нийгэмд аюултай үйлдэл мөн бөгөөд хэргийн зүйлчлэл зөв, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна.

 

Улсын яллагч шүүх хуралдаанд,шүүгдэгч Д.Т нь 2021 оны 02 сарын 07-ны өдөр Орхон аймгийн Баян- Өндөр сумын Булаг баг 13-03 тоотод 78 настай биеэ хамгаалж чадахгүй Б.Ичинхорлоог зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь тогтоогдсон, гэм буруутай байх тул 550,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай гэжээ. Шүүгдэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд, шүүгдэгч гэм буруугаа маргахгүй байгаа, улсын яллагчийн саналын хүрээнд торгох ял оногдуулна уу гэжээ.

 

Шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон, нотлох баримтууд зөрүүгүй, шүүгдэгч гэм буруугаа анхнаас нь хүлээж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасан байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд...эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч Д.Т-ыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахдаа ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, хувийн байдлыг тодорхойлсон баримтууд зэргийг шинжлэн судалж, шүүгдэгч анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээж, хохирогчид эмчилгээний зардал төлсөн хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдал, учруулсан хохирлын нийгмийн аюулын хэр хэмжээг харгалзан улсын яллагчийн саналын хүрээнд торгох ял оногдуулах үндэслэлтэй гэж үзлээ. Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Хохирол төлбөрийн тухайд:шүүдэгч нь хохирогч Б.Ичинхорлоод оношлогоо эмчилгээний зардлыг бүрэн төлсөн ба хохирогч цаашид гаргах гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэх баримт /хх-ийн 26-р хуудас/-т авагдсан бөгөөд, хохирогч шүүх хуралдаанд оролцохгүй гэж шүүхэд мэдэгдсэн тул шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй гэж үзэв.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хэргийн газрын үзлэгийн явцад хураан авсан ногоон өнгийн хөхний даруулга 1 ширхэг, хөх өнгийн цагаан суудалтай богино ханцуйтай цамц, хөх өнгийн гар нүүрний алчуур, бор шаргал өнгийн урдаа цахилгаантай куртик 2x2 хэмжээтэй саарал өнгийн даавуу зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурьдлаа.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Д.Т-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Т-ыг 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550,000 /таван зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар Д.Т-д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 5 сарын хугацаанд, сард 110,000 төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд ялыг биелүүлээгүй бол хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.        

 

4. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Т-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

5. Хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурьдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ногоон өнгийн хөхний даруулга 1 ширхэг, хөх өнгийн цагаан суудалтай богино ханцуйтай цамц, хөх өнгийн гар нүүрний алчуур, бор шаргал өнгийн урдаа цахилгаантай куртик 2x2 хэмжээтэй саарал өнгийн даавуу зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

 

            6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

 

                      ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            Д.АРИУНЦЭЦЭГ