| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэвээнлхазалын Алтангадас |
| Хэргийн индекс | 171/2021/0083/э |
| Дугаар | 2021/ШЦТ/90 |
| Огноо | 2021-03-26 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Н.Д |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 03 сарын 26 өдөр
Дугаар 2021/ШЦТ/90
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.А даргалж
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.О
Улсын яллагч Н.Д,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Б
Шүүгдэгч Д.О нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.О холбогдох эрүүгийн 2125000000115 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт.
Монгол Улсын иргэн,
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар.
Шүүгдэгч Д.О нь 2021 оны 02 сарын 16-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Наран багийн 30-14 тоотод иргэн Г.М-ын толгойн тус газар нь тоосгоор цохиж эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Д.О-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.
Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч, шүүгдэгчийн өмгөөлөгч нарын мэдүүлэг, тайлбар:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.О мэдүүлэхдээ “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хавтаст хэргээс шинжлэн судалсан нотлох баримтууд:
1. Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 07-10-р хуудас/
2. Хохирогч Г.М-ын “Би 2021 оны 02 дуаар сарын 16-ны өглөө найз Б-ы гэрээс гараад түүний хамтаар гараад О-ай хороолпын эцэс дээр уулзаж ярилцаж байгаад Наран баг 30-14 тоотод байх О-ын ахынх нь гэрт очихоор болоод дэлгүүрээс 0 75 литрийн хараа гэх архийг авч очсон. Тэгээд О болон түүний хуурай ах , Б, мөн нэг танихгүй ах бид 5 нийлж уусан. Тэгээд О нь өөрийн хуурай ахтай муудалцаж, хэрүүп маргаан хийсэн. Тэгэхээр нь би түүний хуурай ахын өмөөрч О-ыг дараад авсан чинь О чи намайг тавьж бай, хоёулаа гараад учраа олоё гэж хэлсэн. Тэгээд би О араас гарсан чинь саарал өнгийн тоосго барьчихсан зогсож байсан. Тэгэхээр нь би буцаж гэр рүү орж айлгах санаатай 0.75 литрийн хараа гэх архитай шилийг аваад гарсан чинь миний толгойн тус газар тоосгоор 3 удаа цохьсон. Тэгээд О-ай зууралдаж байтал О гэр рүү гүйж ороод цагаан өнгийн никел хутга бариад гараад ирсэн. Тэгээд нар хутгаа бариад дайрсан. Тэр үед миний баруун гарын шууд хэсэгт хутганы ар хэсгээрээ цохьсон” гэсэн мэдүүлэг. / хх-ийн 13-р хуудас/
3. Гэрч Л.Ц-ий “Манай хуурай дүү О нь зан байдлын хувьд их төлөв даруу, ажил хөдөлмөр хийхдээ их идэвхитэй. тууштай, хүүхэд. Бусдад их тусч өрөвч зөөлөн сэтгэлтэй, хүний үгнээс гардаггүй, өрөвч зөөлөн хүүхэд, хэр барагтай л хүнээс өөдөөс юм хэлдэггүй. Гэр бүлийн хүмүүжил сайтай хүн” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 15-р хуудас/
4. Орхон аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 142 дугаартай “Г.М-ын биед толгойн оройд 1 тооны няцарсан шарх, баруун шуу, хүзүүнд 2 тооны зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн 3 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулна, няцарсан шарх нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. Бусад гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д заасны дагуу гэмтлийн зэрэгт хамаарагдахгүй. Гоо сайхан болон ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. Гэмтэл нь 2021-02-16-нд үүссэн байж болно” гэсэн дүгнэлт. /хх-ийн 22-23-р хуудас/
5. Яллагдагч Д.О-ын “Би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна бас маш их гэмшиж байна. Би одоогоор хохирогч М-ын эмчилгээний зардалд 100.000 төгрөгийг өгсөн байгаа” гэсэн мэдүүлэг /хх-ийн 26-р хуудас/ болон ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан лавлагаа зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. Шинжлэн судалсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай байх тул нотлох баримтаар үнэлэх боломжтой гэж үзэв.
Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчийн санал дүгнэлт:
Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч Н.Д дүгнэлтдээ “Шүүгдэгч Д.О нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 хэсэгт заасан гэмт хэрэгт үйлдсэн болох нь тогтоогдож байна. Иймд шүүгдэгч Д.Отгонбаярыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна. Хохирогчоос хохирол нэхэмжилсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй. Шүүгдэгч Д.О-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна. Уг торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх, уг хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй. Шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээх, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурьдах саналтай байна. Эд мөрийн баримтаар хураагдсан саарал өнгийн тоосго 1 ширхэг, цагаан өнгийн хутга 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах саналтай байна” гэв.
Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Б саналдаа: Шүүгдэгчээс хэргийг хялбаршуулсан журмаар хэргийг шийдвэрлэх хүсэлт гаргасан. Шүүгдэгчээс улсын яллагчийн гаргасан ялын саналыг хүлээн зөвшөөрсөн. Шүүгдэгчид оногдуулан 450 нэгжээр торгох шийтгэл ялын төлөх хугацааг 9 сарын хугацаагаар хэсэгчлэн төлүүлэх саналтай байна. Шүүгдэгчийн хувьд анх удаа гэмт хэрэгт холбогдсон. Амьжиргааны баталгаажих түвшингээс доогуур орлоготой нөхцөл байдал болон одоогоор ажилгүй байгаа зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан үзнэ үү гэв.
Шүүх бүрэлдэхүүн хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, оролцогчдын мэдүүлэг, санал дүгнэлттэй танилцаад дараах дүгнэлтийг хийлээ. Үүнд:
1.Үйл баримтын талаар:
Шүүх хавтаст хэрэгт авагдсан хохирогч Г.М-ын “миний толгойн тус газар тоосгоор 3 удаа цохьсон. Тэгээд О-тай зууралдаж байтал О гэр рүү гүйж ороод цагаан өнгийн никел хутга бариад гараад ирсэн. Тэгээд нар хутгаа бариад дайрсан. Тэр үед миний баруун гарын шууд хэсэгт хутганы ар хэсгээрээ цохьсон” гэсэн мэдүүлэг, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлтүүд, Орхон аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 142 дугаартай дүгнэлт, шүүгдэгч Д.О-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч Д.О нь 2021 оны 02 сарын 16-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сум Наран багийн 30-14 тоотод иргэн Г.М-ын толгойн тус газар нь тоосгоор цохиж эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.
2. Шүүгдэгчийн гэм буруу, хуулийн зүйлчлэлийн талаар:
Шүүгдэгч Д.О-ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг хангаж байх тул гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Д.О-ыг яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, шүүгдэгчийн гэм буруу нотлогдсон байх тул ял шийтгэл оногдуулах үндэстэй.
3. Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан ял шийтгэлийг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдаж, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан торгох ял оногдуулж, уг ялыг тодорхой хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.
4. Хохирол, хор уршиг, гэм хорын нэхэмжлэлийн талаар:
Гэмт хэргийн улмаас хохирогч Г.М-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байна.
5. Хэрэгт хамаарал бүхий бусад нөхцөл байдал:
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан саарал өнгийн тоосго, цагаан өнгийн иштэй хурга 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурьдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч З овогт Д-ын О-ыг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.О-ыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450 000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.О оногдуулсан 450 000 төгрөгөөр торгох ялыг 9 сарын хугацаанд сар бүр 50 000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг биелүүлэхгүй бол хорих ялаар солихыг анхааруулсугай.
4. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.О-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдсан саарал өнгийн тоосго, цагаан өнгийн иштэй хутга 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.
6. Эрүүгийн 2125000000115 дугаартай хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.
7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.А