Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 04 сарын 13 өдөр

Дугаар 2021/ШЦТ/55     

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг тус шүүхийн ерөнхий шүүгч Д.Баттулга даргалж,

Нарийн бичгийн дарга: Ө.Цэвэгмэд,

Улсын яллагч: Б.Амармөрөн,

Шүүгдэгч: Ж.Г /өөрөө өөрийгөө өмгөөлсөн/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдсон Б овгийн Ж.Г холбогдох 2129000000009 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.  

Үйлдсэн хэргийн талаар:

Шүүгдэгч Ж.Г нь Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Нүүрс тээврийн авто замын 2 дахь километрт 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Ч.Наранцогтыг гараараа цохиж биед тархи доргилт, зүүн нүдний ухархайн дотор хана, хамрын хянга ясанд цөмөрсөн хугарал, таславчийн мурийлт, зөөлөн эдийн няцрал, хамар, уруулд зулгаралт, баруун нүдний алим, дээд, доод зовхи, зүүн нүдний доод зовхи, нуруу, зүүн өгзөгт цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ж.Г  нь мэдүүлэхдээ: “   Тухайн хэрэг болсон өдөр шланзын 2 дахь километрт засвар хийгээд цэвэрхэн хувцсаа өмсөөд гэр лүүгээ явах гэж байхад Наранцогт надтай хамт ажиллаж байсан хүнтэй хүрээд ирсэн. Сумын хэдэн барилддаг залуучуудыг асуусан чинь тэр залууг зодоод уруулыг нь сэтлээд бөлдөг нь сүрхий гэмтэх шиг болоод өмдөндөө шээчих шиг болсон. Тэгээд машиндаа очоод турсикээ сольчхоод хүрээд ирсэн. Тэгэнгүүт би салгасан чинь намайг зөрүүлээд цохиж аваад миний уруул сэтрээд, шанаа зулгарсан. Тэгээд хоёулаа зууралдаж аваад өнхөрч ойчиход намайг үснээс зулгаагаад ямар ч хөдлөх боломжгүй болгосон. Тэгээд Гэрэлбадрах намайг хойш нь зулгаагаад байдаг. Би ямар ч хөдлөх боломжгүй болоод миний үсийг тавь гэсэн чинь миний үсийг тавьсан. Босоод ирсэн чинь миний уруул сэтэрсэн, шанаа зулгарсан байсан. Тэгээд Гэрэлбадрахын өгсөн мэдүүлэгт үнэхээр гомдолтой байгаа. Би 40 гарчхаад ийм хэрэг хийсэндээ харамсаж гэмшиж байна. Хүмүүсийн өгсөн мэдүүлэг үнэхээр худлаа мэдүүлэг өгсөн байсан. Би олон удаа ерөөсөө цохиогүй. Наранцогт надтай зууралдаж байхдаа намайг нэлээн хэд цохиж авсан. Газар унахад намайг үсдээд дараад авсан. Би дээр нь байгаа хэрнээ ямар ч хөдлөх боломжгүй байсан. Гэрэлбадрахыг би ерөөсөө цохиогүй. Гэрэлбадрах хэрэг болсны дундуур орж ирсэн. Би тэр хүнд үнэхээр гомдолтой байгаа. Наранцогт Гантөмөр гэх залууг зодоогүй бол би Наранцогттой ерөөсөө муудалцах шалтгаан байгаагүй. Эхнэр нь надтай нэг анги, Наранцогт айл саахалт байсан. Гантөмөр гэх зодуулсан залуу би өргөдөл өгье гэхэд нь би яах юм бэ? чи намайг л салгах гэж байж ийм болчихлоо. Би өргөдөл өгье гэхээр нь яах юм бэ? эхнэр нь надтай нэг анги, бас айл саахалт байсан болохоор гайгүй байлгүй дээ гээд уучлалт гуйгаад хамар амнаас нь цус гарсан байхаар нь арчиж өгөөд уучлалт гуйсан. Наранцогт чамаас л болсон шүү. Би чамд хоёр дахь зодуулсан хүн нь болсон шүү. Чамаас болсон гэж хэлсэн. Би уучлалт гуйсан болохоор гайгүй байх гэж бодсон гэв.

Хохирогч Ч.Наранцогтын өгсөн:”....Г гэх хүн намайг барьж аваад газар унагаагаад миний дээрээс цохиод байхаар нь би үснээс зулгаагаад өөрлүүгээ татахад уруул нь бага зэрэг сэтэрчисэн тэгсэн тэр Г чи намайг түрүүлж цохисон гэж хэлээд намайг босгоод хоёулаа ийшээ гарч уулзана хоёулахнаа халзагнан гэж хэлээд хамт алхаж юм ярьж байгаад гэнэт миний нүдрүү цохиод унагчихсан тэгэхэд би хилээн манараад нүүрээ үзэхэд хамраас цус гарсан байсан. Миний баруун нүд хавдас цус урсаж байна. Мөн миний зүүн шанаа хавдсан зүүн аарцаг хэсэгт хүндвэртэй байна.гэх мэдүүлэг /хх-ийн 11-13-р хуудас/

Гэрч Д.Гэрэлбадрахын ...Ганбаа гэдэг залуу Наранцогт ахыг газар унагаагаад доороо хийчихсэн толгой нүүр лүү нь цохиж байсан Тэгээд би Бат-Эрдэнэтэй хамт салгаад байж байтал Ганбаа, Наранцогт ах 2 муудалцаад зогсож байснаа Ганбаа Наранцогт ахын нүүрлүү цохиж унагаагаад нуруу толгой руу нь өшиглөөд гараараа цохисон тэгээд би дахиж очиж салгаад Наранцогт ахыг машиндаа суулгаад тэндээс холдуулсан. Г гэдэг залуу Наранцогт ахыг нилээн зодсон. Наранцогт бараг өөдөөс нь цохиж чадаагүй байх намайг очиход Ганбаа Наранцогт ахыг газар унагаагаад дээр суучихсан нүүрлүү нь цохиж унаагаад толгойруу нь гараараа 2-3 удаа  цохиод нуруулуу нв хөлөөрөө 2-3 удаа цохьсон гэх мэдүүлэг /хх-ийн 14-16-р хуудас/  

Гэрч М.Бат-Эрдэнийн ....Наранцогт, Г хоёр зодолсон бололтой Гэрэлбадрах тэр хоёрыг салгаад зогсож байсан. Тэгээд очсон чинь Наранцогтын баруун нүд хөхрөөд хавдчихсан хамар амнаас нь цус гарч байсан гэх мэдүүлэг /хх-ийн 25-26-р хуудас/

Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 01 дугаар сарын 06-ны өдрийн 20  дугаар“...Ч.Наранцогтын биед тархи доргилт, зүүн нүдний ухархайн дотор хана, хамрын хяга ясанд цөмөрсөн хугарал, таславчийн мурийлт, зөөлөн эдийнняцрал хамар, уруулд зулгаралт, баргуун нүдний алим, дээд доод зовхи, зүүн нүдний доод зовхи, нуруу,зүүн өгзөгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй. Ч.Наранцогтын биед учирсан гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт /хх-ийн 28-29-р хуудас/,

Яллагдагч Ж.Г хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 45-46-р хуудас/,

Шүүгдэгч Ж.Г хувийн байдлын талаар: 

Шүүгдэгч Ж.Г эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 47-р хуудас/,

Шүүгдэгч Ж.Г иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, Амбулатороир эмчлүүлэгсдийн карт, арилжааны банкууд дахь дансны хуулгууд /хх-ийн 32-34, 52-83-р хуудас/,

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой хянаад хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо. 

Хохирогч Ч.Наранцогтын биед хөнгөн гэмтэл гэмтэл учруулсан шүүгдэгч Ж.Г үйлдэл  нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан  гэмт хэргийн шинжийг хангасан байна.  

Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2021 оны 01 дугаар сарын 06-ний өдрийн 20 дугаартай тушаалаар баталсан “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д” гэмтэл түүнээс үүссэн эд эрхтний үйл ажиллагааны хямрал  нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош хугацаагаар сарниулсан /түр/” мөн журмын 2.4.2-т “хөдөлмөрийн ерөнхий чадвар бага хэмжээгээр /5-15%/ тогтонги байдлаар алдагдсан” бол гэмтлийн хөнгөн зэрэгт хамааруулахаар шалгуур шинжийг тодорхойлсноор хохирогчид хөнгөн хохирол учруулсан нь хэрэгт авагдсан, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан  нотлох баримтуудаар тогтоогдож байна.  

Хохирол төлбөрийн тухайд:

Хохирогч Ч.Наранцогт нь яллагдагч Ж.Г эмчилгээний зардал, хохирол төлбөрт 500000 төгрөг нэхэмжилдэг ч тэр талаарх нотлох баримтыг ирүүлээгүй байна. Харин эмчилгээний зардлаа жич нэхэмжлэх эрхийг нээлттэй  үлдээж өгнө үү гэсэн бичгээр ирүүлсэн хүсэлтийг хүлээн авч иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв. төлбөр төлөөгүй болно.

 Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

-улсын яллагчаас шүүгдэгч Ё.Отгонбаатарыг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулж, 800 нэгж буюу 800 000 төгрөгөөр торгох торгуулийн ял оногдуулах  дүгнэлтийг гаргасан байна.

Шүүхээс шүүгдэгч Ж.Г  ял оногдуулахдаа мөрдөн байцаалтын шатнаас эхлэн гэм буруугийн талаар маргаагүй, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал,  учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал,  зэргийг харгалзан  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгж буюу 500 000 төгрөгөөр торгох торгуулийн ял оногдуулав.

Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.8, 36.10, 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигин овгийн Ж.Г хүний  эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Г  500 /таван зуун/-н нэгж буюу 500 000 /таван зуун мянга/-н төгрөгөөр торгох торгуулийн ял оногдуулсугай.  

3. Хохирогч Ч.Наранцогт хохиролын талаарх нотлох баримт ирүүлээгүйг дурьдаж, цаашид гарах эмчилгээний зардал, гэмт хэргийн улмаас учирсан хохиролын талаарх  нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

4.Шүүгдэгч Ж.Г нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжилсэн болон хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй болохыг  дурдсугай.

5. Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

7. Шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ                                     Д.БАТТУЛГА