Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 12 сарын 23 өдөр

Дугаар 101/ШШ2017/00012

 

 

 

 

 

 

 

 

2016 оны 12 сарын 23 өдөр

Дугаар 101/ШШ2017/00012

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ундраа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: БНСУ, Гёнги аймаг, Гванжу хот, Шигдэрид оршиг суух, Гөрөөчин овогт Батцэнгэлийн Батболд /регистрийн дугаар РЙ87100715/-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Сүхбаатар дүүрэг, 14 дүгээр хороо, Хандгайтын 21 гудамж, 73а тоот хаягт оршин суух, Долоон гөрөөчин овогт Батцэнгэлийн Энэбиш /регистрийн дугаар РЙ75062901/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 6 дугаар хороо, 13 дугаар хороолол, 21 дүгээр байр, 16 тоот хаягт оршин суух, Дэд овогт Дондовын Отгонбаатар/регистрийн дугаар ЧД64040471/-т холбогдох 

 

“Зээлийн гэрээний үүрэгт 15,000,000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлтэй,

“Орон сууцанд суусан хөлс 7,000,000 төгрөг гаргуулах, орон сууц чөлөөлүүлэх” тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн өмгөөлөгч М.Цэндсүрэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Даваасүрэн, хариуцагчийн өмгөөлөгч Н.Ганхуяг, гэрч Ө.Наранцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Золзаяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөг Б.Энэбиш шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний өмгөөлөгч М.Цэндсүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: 2015 оны 02 дугаар сарын 05-ны өдөр Дондовын Отгобаатар нь 10,000,000 төгрөг зээлхээр тохиролцож 6 сарын хугацаатай зээлийн гэрээ байгуулан бэлнээр нь 10,000,000 төгрөг авч, гэрээг ноториатаар гэрчлүүлсэн.

Харин зээлийн хүүнд Дондовын Отгонбаатар нь өөрийн өмчлөлийн Баянзүрх дүүргиийн 6 дугаар хороо, 13 дугаар хороолол, 21 дүгээр байрны 16 тоотод байрлах, 1 өрөө орон сууцандаа 2015 оны 8 сарын 5 хүртэл суулгахаар болсон.

Д.Отгонбаатар нь тохиролцсон хугацаандаа зээлсэн мөнгөө өгөөгүй, зээлийн гэрээний 3 дахь хэсэгт хугацаа хэтэрсэн хоног тутамд 0,5 хувийн алданги төлөхөөр тохиролцсон.

Иймд үндсэн зээл 10,000,000 төгрөг, алданги нь гүйцэтгээгүй үүргийн үний дүнгээс хэтэрсэн тул 50 хувиар тооцож 50,000,000 төгрөг, нийт 15,000,000 төгрөгийг Д.Отгонбаатараас гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч Д.Отгонбаатар шүүхэд гаргасан хариу тайлбар болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Даваасүрэн шүүх  хуралдаанд  гаргасан тайлбарт: Нэхэмжилсэн дүнгээс зээлийн гэрээ хийж авсан 10,000,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч байгаа ч тухайн үед би Б.Батболдод өөрийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 13 хороолол, 21 дүгээр байрны 16 тоотод байрлах, 1 өрөө сууцандаа 2015 оны 2 сарын 5-ны өдрөөс 2015 оны 8 сарын 5-ны хүртэл суулгахаар тохиролцсон.

Мөн тухайн үед бид амаар тохиролцохдоо би Батболдоос 10,000,000 төгрөг зээлнэ, Батболд миний өмчлөлийн байранд суухаар болсон. Тухайн үеийн 13 дугаар хорооллын 1 өрөө, тавилгатай байр нэг сарын 500,000 мянган төгрөг байсан. Амаар тохиролцохдоо энэ талаар ярилцаж тохирсон. Ингээд тухайн үед надад мөнгө хэрэгтэй байсан тул өвлийн 2 дугаар сард эхнэр хүүхдээ аваад хямдхан түрээсийн байранд нүүж орсон. Өөрийн байрнаасаа өвөл гарсан шалтгаан нь өмчлөлийнхөө байрыг нэг сарын 500,000 төгрөгөөр түрээслэлээ гэж ойлгосон.

Ингээд хэдийгээр гэрээний хугацаа дууссан ч миний байранд суусан хүмүүс гарах талаар надад мэдэгдээгүй болохоор би ч зээлсэн 10,000,000 төгрөгөө өгье гэж бодоогүй. Цаад хүмүүсийг миний байранд үргэлжлүүлэн амьдрах сонирхолтой байна гэж ойлгоод явсаар байгаад өдийг хүрлээ.

Гэвч гэнэт надад нэхэмжлэл ирэнд гайхаж байна. Үнхээр энэ хүмүүс надаас зээлээ авахаа шаардсан бол миний байрнаас аль хэдийнэ гарсан байх ёстой. Өдийг хүртэл миний байрнаас гаръя гэж надад мэдэгдээгүй байсан болохоор би зээлсэн 10,000,000 төгрөгөндөө нэг сарын 500,000 гэж суутган тооцоолсоор өдийг хүрсэн. Байрны 5,000,000 төгрөгийг алдангид тооцон нэхэмжилснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иргэний хуулийн 232.4 хэсэгт заасан алдангийн хэмжээг  гүйцэтгээгүй үүргийн үнийн дүгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэж заасан байдаг болохоор нэхэмжлэгч хуулинд байж болох хамгийн өндөр хэмжээгээр 10,000,000 төгрөгөөс 5,000,000 төгрөгийн алданги нэхэмжилснийг Иргэнийн хуулийн 232.8 зүйлийг үндэслэн анзын хэмжээг илт их байна гэж үзэж байгаа учраас бидний амьдралын нөхцөл байдлыг харгалзан шүүхээр алдангийн хувийг 0,01 хувиар багасгах хүсэлтэй байна.

Тухайн үед 6 сар болсны дараа зээлийг чинь төлөх бололцоогүй байна гэдгийг өөрт нь хэлж байсан. Байраа суллаж өгөөд наад байрыг чинь түрээслүүлээд мөнгийг чинь өгье гэсэн. Тэгээд 2 сарын дараа Солонгосоос ирэхэд нь байранд өөр хүн суулгасан байсан. Өөртэй нь уулзах гэхээр олдохгүй өдийг хүрсэн. Тэр хугацаанд байрыг суллаж өгөөч гэж удаа дараа шаардаж байсан. Байрыг суллаад өгсөн бол хөлслүүлж 10,000,000 төгрөгийг өгөх боломж байна. Манай байранд 1 жил гаруй суусан. Бид нар өөрсдөө хүний байр түрээслээд явж байна. Гадуур явсан нийт зардлаа тооцоход 7,200,000 төгрөгөөр байр түрээслэсэн. Мөнгийг нь аваагүй гэж хэлээгүй, гол нь мөнгийг нь төлөх боломжгүй байна.

Би ойлгохдоо хүүгүй зээлсэн гэж ойлгосон. Тухайн үед гэрээ байгуулахдаа алдангийн талаар анзаараагүй гэв.

 

Хариуцагч Д.Отгонбаатар шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Даваасүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Би Б.Батболдоос 6 сарын хугацаатай 10,000,000 төгрөг зээлээд өөрийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 13 хороолол, 21 дүгээр байрны 16 тоотод байрлах, 1 өрөө, тавилгатай орон сууцандаа 2015 оны 2 сарын 5-ны өдрөөс 2015 оны 8 сарын 5-ны хүртэл суулгахаар тохиролцсон.

Тухайн үед 13 дугаар хорооллын 1 өрөө, тавилгатай байр нэг сарын 500,000 төгрөгийн ханштай байсан. Бид мөнгөө өгч авалцахдаа байрны төлбөр болон зээлийн гэрээний талаар ярилцсан.

Гэвч гэрээний хугацаа дуусахад Б.Батболд нь миний байрыг суллаж өгөөгүй явсаар байгаад өнөөдрийг хүрсэн. Иймд 2015 оны 8 сарын 06-наас 2016 оны 11 сарын 6 хүртэл миний байранд суусан 7.000,000 төгрөгийг Б.Батболдоос нэхэмжилж байна. /500,000*14 сар =7,000,000 төгрөг/

Б.Батболд нь надад мөнгө зээлдүүлээд хүүнд нь миний өмчлөлийн орон сууцанд 6 сарын хугацаатай суухаар тохирсон боловч тохирсон хугацаа 14 сараар хэтэрсэн байхад миний өмчлөлийн орон сууцыг суллаж чөлөөлж өгөхгүй байгаа тул уг орон сууцанд амьдарч байгаа Б.Батболд, Б.Энэбиш нарын хууль бус эзэмшлээс чөлөөлж албадан гаргуулахаар шаардлага гаргаж байна.

2015 оны 8 дугаар сарын 06-ны өдрөөс буюу 6 сарын хугацаа дууссанаас хойш өдийг хүртэл тооцоод үзэхэд 7 сая төгрөгийн зардал гарсан тул Б.Батболдоос нэхэмжилж байна. Гэрээний хугацаа дууссан тул бусдын хууль бус өмчлөлөөс байрыг минь чөлөөлж өгнө үү гэв.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Цэндсүрэн хариуцагчийн сөрөг нэхэмжлэлд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь дэмжиж байна.

Зээлийн гэрээний хүүнд тооцож өөрийн 2 өрөө орон сууцандаа Б.Батболдыг суулгахаар тохиролцсон ба 2015 оны 8 дугаар сарын 05-ны өдөр Д.Отгонбаатар нь 10,000,000 төгрөгийг Б.Батболдод төлж дуусгахаар тохиролцсон.

Гэтэл Д.Отгонбаатар нь гэрээгээр тогтоосон хугацаанд зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй ба түрээсийн төлбөрт 7,000,000 төгрөг гаргуулахаар шаардсан нь үндэслэлгүй, мөн талуудын хооронд түрээсийн гэрээ харилцаа үүсгээгүйн дээр бичгээр түрээсийн гэрээ байгуулаагүй, түрээстэй холбоотой ямар нэгэн үүрэг талуудад үүсээгүй.

Сөрөг нэхэмжлэл нь үндсэн нэхэмжлэлийн шаардлагтай нийцэхгүй байна. Зээлийн гэрээ нь өөрөө хүчин төгөлдөр хэлцэл байна. Нэхэмжлэгчээс 7 сая төгрөг түрээслэж амьдраач гэж шаардаагүй. Талууд сайн дурын үндсэн дээр гэрээ хийсэн. Түрээсийн гэрээ болон хөлслөх гэрээ байгуулаагүй гээд байдаг нь үнэн. Хуульд заасан журмын дагаа хийчихвэл болж байна. Зээлсэн мөнгийг өгсөн тохиолдолд байрыг нь чөлөөлж өгнө. Ийм учраас сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зээлийн гэрээгээр алдангийг хүлээн зөвшөөрөөд гарын үсэг зурсан байдаг. Гэхдээ хариуцагч нар бол алданги ийм хэмжээний болно гэдгийг ойлгоогүй. Хүүгүй, алдангигүй 10,000,000 төгрөг авсан гэж ойлгосон байдаг. Алдангийн 0,5 хувийн ач холбогдлыг ойлгоогүй. Хуульд заасан хэмжээгээр 50 хувь нэхэмжилж байгааг буруутгах аргагүй. Гэхдээ алдангийн хэмжээг багасгах боломж байвал багасгаж өгнө үү.

Сөрөг нэхэмжлэлийн тухайд, зээлийн гэрээ учир дутагдалтай. 10 сая төгрөг зээлсэн гол нөхцөл байдгаас өөр энэ байранд хүүнд нь сууна гэсэн нэмэлт гэрээ байдаггүй. 2016 оны 02 дугаар сарын 05-ны өдрөөс 2016 оны 8 дугаар сарын 06-ны өдөр хүртэл 6 сар байранд суусан. Үүнээс хойш хууль ёсны байх ямар нэгэн хөлсөлсөн түрээслэсэн ямар нэгэн гэрээ хэлцэл байхгүй учир энэ хууль бус эзэмшил юм. Иргэний хуулийн 106 дугаар зүйлд зааснаар өмчлөгч нь өөрийн өмчлөлийн эд зүйлийг бусдаас шаардах эрхтэй. Иймд хууль бус эзэмшилээс байрыг чөлөөлж, албадан гаргуулж өгнө үү. Мөн энэ хугацаанд 2015 оны 8 дугаар сараас хойш өмчлөгч нар нь Ө.Наранцэцэгийн орон сууцыг сарын 550,000 төгрөгөөр түрээслэсэн байдаг. Уг дүнг өнөөдрийг хүртэл тооцоход 7,000,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна гэв.

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл, нэхэмжлэгчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Батболд нь хариуцагч Д.Отгонбаатарт холбогдуулан “зээлийн гэрээний үүрэгт 15,000,000 төгрөг гаргуулах” нэхэмжлэлийн шаардлага, хариуцагч нь “орон сууцанд суусны төлбөр 7,000,000 төгрөг гаргуулах, орон сууц албадан чөлөөлүүлэх тухай” сөрөг нэхэмжлэлийн шаардлага тус тус гаргажээ.

 

Талууд 2015 оны 02 дугаар сарын 05-ны өдөр Зээлийн гэрээ байгуулж, зээлдүүлэгч Б.Батболд нь 10,000,000 төгрөгийг 6 сарын хугацаатай зээлдүүлж, зээлийг төлөх хугацааг хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги тооцож зээлдэгчээр төлүүлэхээр тохиролцсон байна.

 

Зээлийн гэрээний хугацаа дууссан боловч зээлдэгч Д.Отгонбаатар нь зээлийг төлөөгүй байх тул Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1.-д “Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ.” 232 дугаар зүйлийн 232.6.-д “Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ.” гэж тус тус заасны дагуу нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй.

 

Хэдийгээр зээлийн гэрээнд “хүүгүй” гэж заасан боловч зээлдэгч Д.Отгонбаатар нь зээлийн хүүнд тооцож өөрийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 13 дугаар хороолол, 21 дүгээр байрны 16 тоот 1 өрөө орон сууцандаа зээлдүүлэгч Б.Батболдыг зээлийн гэрээний 6 сарын хугацаанд суулгахаар харилцан тохиролцсон болох нь хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зээлийн гэрээ, талуудын тайлбараар тогтоогдож байна.

 

Зээлийн гэрээнд “2015 оны 02 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэн өөрийн өмчлөлийн 1 өрөө орон сууцыг 6 сараар түрээслүүлэв. Д.Отгонбаатар” хэмээн тусгаж, гарын үсэг зурснаас үзэхэд зээлийн гэрээний хүүнд тооцож зээлдүүлэгчийг зээлдэгчийн орон сууцанд суулгах тухай талуудын тохиролцоо нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1.-д “Зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болно.” 282.3.-т “Хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана.” гэж заасантай нийцнэ.

 

Зээлийн гэрээний хариу төлбөрт зээлдүүлэгчийг зээлдэгчийн орон сууцанд зээлийн гэрээний хугацаанд суулгахаар талууд тохиролцсоныг буруутгах боломжгүй юм.

 

Хариуцагч Д.Отгонбаатар нь нэхэмжлэгч Б.Батболдыг байрнаас гаръя гэж өөрт нь мэдэгдээгүй болохоор зээлсэн 10,000,000 төгрөгөндөө нэг сарын 500,000 гэж суутган тооцоолсоор өдийг хүрсэн хэмээн шүүхэд тайлбарласан боловч талууд энэ талаар харилцан тохиролцоогүй, зээлийн гэрээний хугацааг сунгаагүй байв.

 

Зээлийн гэрээний үүргийг зөрчсөн гэм буруу талуудын хэнээс үүдэлтэй нь хэрэгт чухал ач холбогдолтой бөгөөд хариуцагч Д.Отгонбаатар гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул гэрээнд заасны дагуу төлөх алдангийг багасгах хууль зүйн үндэслэлгүй гэж үзлээ.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Цэндсүрэн нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай уялдахгүй байна гэж маргасан боловч зээлийн төлбөрт 15,000,000 төгрөг  гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болох зээлийн гэрээний хугацаанд зээлдүүлэгчийг зээлдэгчийн орон сууцанд суулгах тухай талуудын тохиролцоог буруутгах боломжгүй тул хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлага нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2-т заасантай нийцнэ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Даваасүрэн болон хариуцагчийн өмгөөлөгч Н.Ганхуяг нар нь өөр орон сууц хөлслөн суухад зарцуулсан зардлыг нэхэмжлэгчээс гаргуулахаар тайлбар гаргаж, улмаар гэрч асуулган шүүх хуралдаанд мэтгэлцсэн боловч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Даваасүрэн нь нэхэмжлэгч Б.Батболдыг 2015 оны 8 дугаар сарын 06-ны өдрөөс 2016 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийг хүртэл хугацаанд өөрийн байранд суусан 14 сарыг 500,000 төгрөгөөр тооцон, нийт 7,000,000 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулахаар шүүхэд бичгээр гаргасан шаардлагаа дэмжиж сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа тодруулав.

 

Нэхэмжлэгч Б.Батболд нь 2015 оны 8 дугаар сарын 06-ны өдөр Зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойшхи хугацаанд хариуцагч Д.Отгонбаатарын орон сууцанд суусан буюу тухайн орон сууцыг эзэмдсэн хэвээр байгаа нь шүүх хуралдаанд гаргасан талуудын тайлбраар тогтоогдож байх тул орон сууцыг Б.Батболдын хууль бус эзэмшлээс чөлөөлж, албадан гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй.

 

Харин нэхэмжлэгч Б.Батболд хариуцагч Д.Отгонбаатарын орон сууцыг эзэмдсэн хэвээр байгаа нь дээр дурдсанаар тогтоогдож байх боловч орон сууцанд суусан төлбөрийг тооцож нэхэмжлэгчээс гаргуулах боломжгүй байна.

 

Нэхэмжлэгч Б.Батболд тухайн орон сууцанд 2015 оны 8 дугаар сарын 06-ны өдрөөс хойш суусан төлбөрийг хэрхэн тооцохыг хариуцагч нотлоогүй тул сөрөг нэхэмжлэлээс 7,000,000 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгоно.

 

Хэргийн оролцогч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар, түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох баримтыг цуглуулах, гаргах өгөх үүрэгтэйг дурьдаж байна.

 

Дээр дурдсан үндэслэлүүдээр хариуцагч Д.Отгонбаатараас зээлийн гэрээний үүрэгт 15,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Батболдод олгож, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлээс орон сууцыг Б.Батболдын хууль бус эзэмшлээс чөлөөлж, албадан гаргуулах тухай шаардлагыг хангаж, 7,000,000 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6-д тус тус зааснаар хариуцагч Д.Отгонбаатараас зээлийн гэрээний үүрэгт 15,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Батболдод олгосугай.

 

2. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т зааснаар, хариуцагч Д.Отгонбаатарын өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн Ү-2204006175 дугаарт бүртгэгдсэн, Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 13 дугаар хороолол, 21 дүгээр байрны 16 тоот орон сууцыг нэхэмжлэгч Б.Батболдын хууль бус эзэмшлээс чөлөөлж, албадан гаргуулж, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлээс 7,000,000 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 232,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Отгонбаатараас улсын тэмдэгтийн хураамжид 232,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Батболдод олгож, хариуцагч сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр төлсөн 126,950 төгрөг, 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдөр төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр тус тус үлдээж, нэхэмжлэгч Б.Батболдоос улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг гаргуулж хариуцагч Д.Отгонбаатарт олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсгүүдэд зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Б.УНДРАА