Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 05 сарын 31 өдөр

Дугаар 1282

 

МАГАДЛАЛ

 

2017.05.31                                                Дугаар 1282                                    Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

Б.Төмөр-Очирын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч С.Энхтөр, М.Наранцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар,

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 181/ШШ2017/00781 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Б.Төмөр-Очирын нэхэмжлэлтэй,

Хариуцагч Гаалийн ерөнхий газарт холбогдох,

 

Гаалийн ерөнхий газрын Улаанбаатар хот дахь гаалийн газарт аж ахуй хариуцсан менежерийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд зохих шимтгэлийг төлүүлж бичилт хийлгэх тухай иргэний хэргийг,

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гомдлыг үндэслэн,

шүүгч М.Наранцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч: Б.Төмөр-Очир,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: С.Оюун, Д.Лхагвадулам,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Баянжаргал нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон хариу тайлбарт: Гаалийн ерөнхий газрын даргын 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн Б\260 дугаартай тушаалаар Гааль Татварын ерөнхий газар татан буугдсан тул гэсэн үндэслэлээр тус газрын харъяа Улаанбаатар хот дахь Гаалийн газарт Аж ахуй хариуцсан менежерийн ажилтай Б.Төмөр-Очирыг эмнэлгийн магадлагаатай байсан хугацаанд ажлаас халсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 35.1.3-д заасан заалтыг зөрчсөн гэж үзэж байна. Намайг ажил үүргээ гүйцэтгээгүй үед ажил, албан тушаалыг хэвээр хадгалах зарчмыг зөрчин ялгаварлан гадуурхаж ажлаас халсан. Хөдөлмөрийн тухай хуулийн 40.4.-д Аж ахуй нэгж байгууллагын харъяалал өөрчлөгдсөн нь хөдөлмөрийн гэрээ зөрчих үндэслэл болохгүй гэж заасныг гуйвуулан ажлаас халсанд гомдолтой байна. Улаанбаатар хот дах Гаалийн газар нь Засгийн газрын 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 4 дүгээр тогтоолоор харъяаллаа өөрчилсөн. Би Улаанбаатар хот дах Гаалийн газарт ажилладаг энэ газар нэр хаягаа өөрчлөхгүйгээр 20 гаруй жил ажиллаж ирсэн. Одоо ч ажиллаж байгаа бөгөөд 2011 онд авсан 000021221 дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээн дэх нэрээр чиг үүргээ гүйцэтгэж байгаа нь татан буугдаагүйг нотолж байна. Мөн Гаалийн ерөнхий газраас баталсан бүтцээр Улаанбаатар хот дахь Гаалийн газрын Аж ахуй хариуцсан менежер гэсэн орон тоо хэвээр батлагдсан, Гааль татвар 2 нэгдсэн байхад аж ахуй хариуцсан менежер нэг байсан одоо тус тусдаа болоход Гаалийн газрын аж ахуй хариуцсан менежер нэг л байгаа, энэ том газар аж ахуй хариуцсан менежергүй байна гэж хэзээ ч байхгүй. Ажлаас чөлөөлөх тухай мэдэгдэл өгөхөөр нь Гаалийн ерөнхий газрын дарга Б.Асралт дээрх 4 удаа очиход намайг хүлээж аваагүй. Иймд орон тоо татан буугдаагүй, цомхотголд ороогүй тул намайг Гаалийн ерөнхий газрын Улаанбаатар хот дахь гаалийн газарт Аж ахуй хариуцсан менежерийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд зохих шимтгэлийг төлүүлж бичилт хийлгэж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Улсын Их хурлаас Гааль Татварын ерөнхий газрын эрх зүйн байдлын тухай хуулийг баталж 2015 оны 1 дүгээр сарын 21-ний өдрийн Засгийн газрын 501 дүгээр тогтоолоор Гааль Татварын ерөнхий газрыг шинэчлэн зохион байгуулсан. Гэтэл 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн Улсын их хурлын 12 дугаар тогтоол, 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн Засгийн газрын 4 дүгээр тогтоолын дагуу Гааль Татварын ерөнхий газар татан буугдаж Гаалийн ерөнхий газар, Татварын ерөнхий газар шинэчлэн байгуулагдаж үүнтэй уялдан Гаалийн ерөнхий газрын эрх зүйн байдал чиг үүрэг бүтэц зохион байгуулалт шинэчлэгдсэн. Иймээс 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн Гаалийн ерөнхий газрын даргын А/39 дүгээр тушаалаар Гаалийн ерөнхий газрын бүтэц орон тоог шинэчлэн баталж Гаалийн байгууллагын үйл ажиллагааны үр дүнг дээшлүүлэх, чиг үүргийн давхардлыг арилгах ажлын ачааллыг нягтруулж бүтээмжийг дээшлүүлэх, мөн мэргэшсэн, чадварлаг боловсон хүчнийг бүрдүүлэх зорилгоор нийт харъяа газар хороодод заавар чиглэл өгч Б.Төмөр-Очирын орон тоо хасагдсан. Төрийн үйлчилгээ хариуцсан албан хаагчдыг ч мөн адил ёс зүйтэй, дэг журамтай өндөр хариуцлагатай ажиллаж төрийн тусгай албаны үйл ажиллагааг доголдуулахгүй, өндөр сахилга баттай ажиллахыг шаарддаг. Б.Төмөр-Очиртой байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.4 дэх хэсэгт Хөдөлмөрийн тухай хууль, Гаалийн тухай хууль, Төрийн албаны тухай хууль, Захиргааны хариуцлагын тухай хууль, Архи тамхины эсрэг хууль болон бусад эрх зүйн акт зөрчсөн бол хөдөлмөрийн гэрээний биелэлттэй тооцох хүртэл арга хэмжээ авахаар заагдсан. Гаалийн ерөнхий газар нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 дахь хэсэгт заасны дагуу Б.Төмөр-Очирт 30 хоногийн өмнө мэдэгдсэн. Гаалийн газарт Аж ахуй хариуцсан менежерээр 7 сар ажиллах хугацаандаа гаалийн байгууллагыг албан тушаал наймаалцах, хээл хахуульд автсан бусармаг үйлдэл хийдэг хэмээн үндэслэл, нотлох баримтгүйгээр гутаан доромжилж байгаа нь нэхэмжлэгчийн тус байгууллагын үнэт зүйл, эрхэм зорилгыг ойлгоогүй, хамт ажилладаг албан хаагч нараа үндэслэлгүйгээр гүтгэсэн, төрийн албан хаагчийн ёс зүйг ухамсарлаж ард олон төр засгийн өмнө хүлээсэн үүрэг хариуцлагаа ойлгож мэдрээгүй болохыг харуулж байна. Нэхэмжлэгч нь байгууллагын дотоод дэг журам ёс зүйн хэм хэмжээнд захирагдаж ажиллах ёстой. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан Б.Төмөр-Очирыг Гаалийн ерөнхий газрын Улаанбаатар хот дахь гаалийн газарт Аж ахуй хариуцсан менежерийн ажилд эгүүлэн тогтоож, Гаалийн ерөнхий газраас 1 882 136 төгрөг гаргуулан Б.Төмөр-очирт олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт заасныг баримтлан ажилгүй байсан хугацааны дээрх цалингийн олговроос нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хэмжээгээр нөхөн суутгаж зохих байгууллагад шилжүүлэн, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.Төмөр-Очир улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 45 064 төгрөг гаргуулж улсын төсвийн орлого болгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Дээрх шүүхийн шийдвэрээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн бөгөөд ийнхүү шийдвэрлэхдээ хууль буруу тайлбарлаж, түүндээ дүгнэлт хийсэн гэж үзэж байна. Үндэслэх хэсэг шүүхийн шийдвэрийн 4 дүгээр хуудас 2 дахь догол мөр "Б.Төмөр-Очирыг 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас нь чөлөөлсөн тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн зохих заалтыг үндэслэл болгоогүйгээс хариуцагчийн төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа орон тоо хасагдсан үндэслэлээр ажлаас чөлөөлсөн гэж тайлбарлаж байгаа боловч тушаалын агуулгаас харахад Гааль, татварын ерөнхий газар татан буугдсан үндэслэлээр ажлаас чөлөөлсөн мэт ойлгогдохоор байна" гэсэн байна. Гэтэл хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд хүргүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт "... Гааль, татварын ерөхий газар татан буугдсан" буюу Иргэний хуулийн 32 дугаар зүйлийн 32.1.4. дэх заалт "хуулийн этгээдийг үүсгэн байгуулсан эрх бүхий байгууллагын шийдвэр гарсан" гэж удаа дараа тайлбарлаж байсан. Мөн шүүх хуралдааны явцад нэхэмжлэгчийн ажлаас халагдсан шалтгааныг шинээр батлагдсан бүтэц, орон тоогоор цомхотгогдож байгаа талаар огт дурдаагүй төдийгүй, шүүгчийн шинээр батлагдсан Гаалийн ерөнхий газрын харьяа Улаанбаатар хот дахь гаалийн газрын бүтэц, орон тоонд Аж, ахуй эрхэлсэн менежерийн орон тоо байгаа эсэхийг асуухад "байгаа" гэсэн хариултыг тодорхой өгч, шүүгчийн тавьсан шаардлагын дагуу холбогдох актыг шүүхэд нотлох баримтаар хүргүүлсэн. Гэвч дээрх шүүхийн шийдвэрт хариуцагч талын тайлбарыг ийнхүү гуйвуулан бичсэнд гомдолтой байна. "2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр буюу нэхэмжлэгчийг ажлаас халах тухай шийдвэр гарахаас 30 хоногийн өмнө хариуцагч хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 дахь хэсэгт зааснаар хүлээсэн үүргийнхээ дагуу нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлөх тухай шийдвэрийг биечлэн мэдэгдсэн нь нотлох баримтаар нотлогдож байгаа, мөн энэ үед нэхэмжлэгч хэвийн ажил хөдөлмөрөө эрхэлж байсан " талаар хариуцагчийн төлөөлөгч нэхэмжэгчийн "...надыг эмнэлгийн магадлагаатай байсан хугацаанд ажлаас халсан нь хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.3-т заасныг зөрчсөн" хэмээн гаргасан гомдлыг няцаасан тайлбарыг шүүхийн шийдвэрт огт дурдаагүй байна.

"Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэж байгаа боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38.1, 42 дугаар зүйлийн 42.1-д зааснаар өөрийн тайлбарын үндэслэлээ баримтаар нотлоогүй гэж үзнэ" гэсэн байна. Гэтэл хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс тайлбарт "...Гааль, татварын ерөхий газар татан буугдсан" талаарх Монгол Улсын Их Хурлын 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 12 дугаар тогтоол, Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 4 дүгээр тогтоолыг Монгол улсын Хууль зүйн үндэсний хүрээлэнгээс эрхлэн явуулдаг "Эрх зүйн мэдээллийн нэгдсэн систем"-ээс хэвлэн гарган хүргүүлсэн болно. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримт, зохигчдын тайлбарыг хуульд нийцүүлэн үнэлсэн, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байна.

Нэхэмжлэгч Б.Төмөр-Очир нь хариуцагч Гаалийн ерөнхий газарт холбогдуулан Гаалийн ерөнхий газрын Улаанбаатар хот дахь гаалийн газарт аж ахуй хариуцсан менежерийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд зохих шимтгэлийг төлүүлж бичилт хийлгэхээр нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...байгууллага татан буугдсан гэх үндэслэлээр, өвчтэй байх хугацаанд халсан нь хууль бус...” гэсэн бол хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэх үндэслэлээ “...Б.Төмөр-Очирын орон тоо хасагдсан учир нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох...” гэж тайлбарласан байна.

Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл нэхэмжлэгч Б.Төмөр-Очирыг хариуцагч байгууллагын даргын 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн Б/260 тоот тушаалаар, Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, Гаалийн тухай хуулийн 2711.1.10-т заасныг үндэслэн, Гааль, татварын ерөнхий газар татан буугдсан гэж ажлаас чөлөөлжээ.

Дээрх тушаалд заасан үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүйгээс гадна Гааль, Татварын Ерөнхий газар татан буугдаж, Гаалийн ерөнхий газар, Татварын ерөнхий газар шинэчлэн байгуулагдсанаар Гаалийн ерөнхий газрын даргын А/39 тоот тушаалаар тус газрын бүтэц, орон тоог шинэчлэн батлахад нэхэмжлэгчийн ажлын орон тоо хасагдаагүй талаар шүүхээс хийсэн дүгнэлт нотлох баримтад үндэслэгдсэн байна.

Нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговрыг “2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс 2017 оны 5 дугаар сарын 30-ны өдөр хүртэл хугацаагаар тооцох” гэж нэхэмжлэгч тайлбарлаж байгааг хүлээн авах үндэслэлгүй, анхан шатны шүүхээр хэлэлцэгдээгүй асуудлаар давж заалдах шатны шүүх дүгнэлт хийх боломжгүйг дурдах нь зүйтэй.

Иймд шүүх нэхэмжлэлийг хангасан нь зөв гэж үзнэ. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл тогтоогдоогүй учир шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 181/ШШ2017/00781 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахад төлөх улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

      

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Э.ЗОЛЗАЯА

 

               ШҮҮГЧИД                               С.ЭНХТӨР

 

                                                                         М.НАРАНЦЭЦЭГ