Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 01 сарын 25 өдөр

Дугаар 221/МА2023/0068

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Д.Дгийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийг давж заалдах журмаар шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн:

Даргалагч: Шүүгч О.Оюунгэрэл,

Бүрэлдэхүүнд оролцсон: Шүүгч С.Мөнхжаргал,

Илтгэгч: Шүүгч А.Сарангэрэл

Давж заалдах гомдол гаргасан: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О,

Нэхэмжлэгч: Д.Д,

Хариуцагч: Баянгол дүүргийн Засаг дарга,

Нэхэмжлэлийн шаардлага: “Баянгол дүүргийн Засаг даргын 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн А/304 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах”,

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 728 дугаар шийдвэртэй захиргааны хэрэг,

Шүүх хуралдаанд оролцогчид: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга:Б.Улаанмуна,

Хэргийн индекс: 128/2021/0880/З

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 728 дугаар шийдвэрээр:

“Газрын тухай хуулийн 21.2.3, 40 дүгээр зүйлийн 40.1.6 заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Д-гийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Баянгол дүүргийн Засаг даргад холбогдуулан гаргасан Баянгол дүүргийн Засаг даргын 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн А/304 дүгээр захирамжийг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.

2.Давж заалдах гомдлын агуулга:

2.1.Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд шийдвэрлээгүй. Хуулийг буруу хэрэглэсэн тухай:

Нэхэмжлэгч Д.Д нь Баянгол дүүргийн Засаг даргын 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн А/304 дүгээр захирамжийг хүчингүй болгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Маргаан бүхий А/304 дүгээр захирамж буюу захиргааны акт нь нэхэмжлэгчийн газар эзэмших эрх цуцлах болсон үндэслэл нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д хүндэтгэн шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй гэдэг үндэслэл юм.

2.1.1.Шүүх шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 10-т "Дээрхээс дүгнэвэл маргаан бүхий газарт Нийслэлийн Засаг дарга нь Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаас баталсан ерөнхий төлөвлөгөөний дагуу газар эзэмшүүлэх эрхтэй атал дүүргийн Засаг дарга 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн А/634 дүгээр захирамжаар нэхэмжлэгчид олгосон нь хуульд нийцэхгүй" гэж д байна. Шүүхийн хуульд нийцэхгүй гэж дүгнээд байгаа А/634 дүгээр захирамжийн үндэслэл болсон тус дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн "дүүргийн 2018 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нэмэлт өөрчлөлт оруулах тогтоолоор маргаан бүхий газрыг хэлэлцэж, Газрын эрхийг хянан шийдвэрлэх дэд зөвлөлийн 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн хурлаар дэмжиж тус газрыг Д.Дд олгосон дүүргийн хурлын тогтоол нь хүчин төгөлдөр захиргааны акт бөгөөд Газрын тухай хуульд нийцэж гарсан. Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.3 тухайн жилийн төлөвлөгөөнд тусгасан газрыг хуулийн хүрээнд эзэмшсэн юм.

Мөн хавтаст хэргийн 6 дугаар хуудас хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Солонго 2018 оны дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тогтоолыг хууль бус гэж үзэхгүй гэж шүүхэд тайлбар ирүүлсэн. Шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ачит-Алтай мөн адил хариу тайлбар өгсөн гэтэл шүүх маргаагүй асуудлаар дүгнэлт гаргасан.

/дээрхээс харвал шүүх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон маргаан бүхийн захиргааны актын хүрээнд бус нэхэмжлэгчид газар эзэмших эрх үүссэн дүүргийн Засаг даргын А/634 дүгээр захирамжид анхаарлаа хандуулсан бөгөөд нэхэмжлэгч болон хариуцагчийн маргаагүй асуудлыг дур мэдэж шийдвэрлэсэн нь харагдаж байна./

2.1.2.Шүүх маргаан бүхий захиргааны актын хууль зүйн үндэслэлийг хянах ёстой байсан ч түүнээс хальж инженерийн шугам сүлжээ бүхий газар байна гэж үзээд Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2, 21.2.3 дах хэсгийг үндэслэл болгож манай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгосон.

Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3-т нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний үе шатны төсөл, нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу хотын суурьшлын бүсийн инженерийн шугам, сүлжээ бүхий болон сүлжээнд холбогдохоор төлөвлөгдсөн газруудад газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэнэ. Уг асуудлыг шийдвэрлэхэд холбогдох дүүргийн Засаг даргын саналыг авсан байна гэж заасан.

Нийслэлийн тухайн жилийн газар эзэмшүүлэх төлөвлөгөөнд маргаан бүхий газар нь тусгаагүй бөгөөд дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгасан нь Баянгол дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн “дүүргийн 2018 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нэмэлт өөрчлөлт оруулах тогтоолоор маргаан бүхий газрыг хэлэлцэж, Газрын эрхийг хянан шийдвэрлэх дэд зөвлөлийн 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн хурлаар тус дүүргийн Засаг даргын 2018 оны 12 дугаар сарын 19-ны өдрийн А/634 дүгээр захирамжаар нэхэмжлэгчид газар эзэмшүүлэх болсноор нотлогдож байна.

/Дээрхээс харвал шүүх Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2, 21.2.3 дах хэсгийг үндэслэж шүүхийн шийдвэр гаргасан нь тус хуулийн буруу хэрэглэхээс гадна холбогдох нотлох баримтыг дутуу үнэлсэн нь харагдаж байна./

2.2.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд гаргасан тайлбарыг шүүхийн шийдвэрт буруу тусгасан тухай:

2.2.1.Шүүхийн шийдвэрийн 3 дугаар хуудаст 2020 оны 05 дугаар сарын 18 гэдэг хоёр удаагийн бичиглэл байна. Шүүх хуралдаанд итгэмжлэгдсэн төлөөлөгч 2021 оны 05 дугаар сарын 18 гэж мэтгэлцсэн болно.

2.3.Шүүх нотлох баримтыг дутуу, буруу үнэлсэн тухай.

2.3.1.Шүүхийн үндэслэх хэсгийн 1-т дүүргийн газрын албан бичгээр Нийслэл дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд эзэмшүүлэхээр тусгаагүй бөгөөд мөн инженерийн шугам сүлжээ бүхий газар тул таны хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй гэжээ гэж тусгасан.

Төрийн ажил албан бланк, тамга тэмдэг, даргын гарын үсэг байдаг гэтэл шүүхийн нотлох баримтаар үнэлээд байгаа нотлох баримт нь ямар ч албан тамга, бланк, даргын гарын үсэггүй бөгөөд мэргэжилтний гарын үсэгтэй цаас байсан.

Бидэнд мэдэгдсэн тухай хүлээлгэж өгсөн тухай ямар ч баримтгүй бичгийг шүүх гол нотлох баримт болгосонд харамсаж байна. Газрын дарга нь дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгаагүй, тусгаагүй газар олгох боломжгүй бөгөөд иргэдийн газар эзэмших хүсэлтийг 3-р улиралд нэмэлтээр газрын төлөвлөгөөнд тусгах талаар хэлэлцдэг учир таны хүсэлтийг тусгах үгүйг хуулийн хүрээнд Дүүргийн иргэдийн хурал шийдвэрлэнэ гэж хэлж байсан.

2.3.2.Хүндэтгэн үзэх шалтгаан гэж юу вэ?

"хүндэтгэн үзэх шалтгаан" гэж Татварын ерөнхий хуульд зааснаар

-өвчтэй,

-эмчилгээ хийлгэж байгаа,

-өвчтөн асарсан,

-томилолтоор гадаад, дотоодод ажилласан,

-сургалтад хамрагдсан,

-нийтийг хамарсан дайчилгаанд хамрагдсан,

-нийтийг хамарсан аюулт халдварт өвчний улмаас хорио цээр тогтоосон бүсэд хоригдсон,

-галын болон байгалийн гэнэтийн аюул, эсхүл давагдашгүй хүчин зүйл /усны үер, ган, зуд, аюултай цасан болон шороон шуурга, газар хөдлөлт/ зэрэг шалтгааныг тус тус заасан.

Монгол Улсын Дээд шүүхийн “Гэр бүлийн холбогдолтой хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны тухай" зөвлөмжийн 2.1-т хүндэтгэн үзэх шалтгаан гэдгийг “...хариуцагчийн оршин суугаа шүүхэд очих боломжгүй, эсхүл хүндрэлтэй байгаа, нэхэмжлэгчийн эрүүл мэнд, эд хөрөнгө, цаг хугацаа болон бусад байдлаас шалтгаалсан бодит, тодорхой нөхцөлийг ойлгох нь зүйтэй гэж тайлбарласан бол Улсын дээд шүүхийн 2006 оны 07-р сарын 03-ны 33-р тогтоол буюу "Хөдөлмөрийн тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай" тогтоолын 28 дахь хэсэгт " гомдол гаргагч хүндээр өвчилсөн, хорио цээрийн дэглэм тогтоогдсон, байгалийн болон нийтийг хамарсан гамшиг тохиолдсон зэрэг өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар гомдол гаргах боломжгүй байсан байдлыг хүндэтгэн үзэх шалтгаан гэж үзнэ" хэмээн тайлбарласан байдаг.

1.Маргаан бүхий газрыг 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн А/634 дүгээр захирамжаар Д.Дд олгосон.

2.Маргаан бүхий газрын гэрээг байгуулж, гэрчилгээг 2019 оны 02 дугаар сарын 12-ны өдөр авсан /Газрын тухай хуульд заасны дагуу газрыг зөвхөн гэрээ, гэрчилгээгээр эзэмшдэг өөрөөр хэлбэл газар эзэмших эрх нээгдсэн/

3.2019 онд Хүчит чулуут ХХК-иар барилгын зураг, тооцоолол, эскиз хийлгэсэн нь хавтаст хэрэгт авагдсан.

4.Авто тээврийн хөгжлийн төвийн газар 2019 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 147 дугаар ажил гүйцэтгэх гэрээг Алтанмагнат ХХК-тай байгуулж маргаан бүхий газрын хойд хэсэгт /ойр орчим/ зам тавьсан. Тухайн ажил 2020 оны 12 дугаар сарын 30-ний өдрийн 06/13/20 дугаартай ажил гүйцэтгэх актаар тухайн ажил дуусгавар болсон. /Гэрээ, акт мон Зам тээврийн яамны 2022 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 05/1597 дугаар албан бичгээр нотлогддог/

5.2020 оны 1 дүгээр сарын 5-наас 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр хүртэл Ковид-19 цар тахал Улсын хэмжээнд хатуу хол хорио тогтсон. /нийтэд илэрхий баримт бөгөөд шүүхийн мэтгэлцээний шатанд холбогдох хууль болоод Улсын онцгой комиссын шийдвэрийг танилцуулсан. Энэ үед гэрээсээ гарах нь хүртэл хориотой байв./

6.2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрөөс 2021 оны 5 дугаар сарын 18-ны өдөр хүртэл Улсын онцгой комиссын даргын 20 дугаар тушаалаар улсын хэмжээнд хатуу хөл хорио тогтоосон. /Нийтэд илэрхий баримт бөгөөд 16 аж ахуй үйл ажиллагаа явуулах эрх үүссэн гэвч манайх ороогүй. Шүүхийн мэтгэлцээний явцад тайлбарласан./

7.2021 оны 05 дугаар сарын 19-ний өдрөөс энгийн амьдралдаа ард иргэд шилжсэн. Хөл хорионы маргааш нь дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас 12/1176 дугаар албан бичгээр мэдэгдэл өгсөн тус мэдэгдэлд 2 жил дараалан ашиглаагүй хүндэтгэн үзэх шалтгаанаа тайлбарла гэсэн 05 дугаар сарын 21-нд дүүрэг дээр очиж гарж холдуулах болон газраа ашиглах талаар газрын албаны даргатай уулзахаар очоод мэдсэн. Ковид цар тахал болон маргаан бүхий газар дээрх гарж мөн улсын замын ажил явж байгаа ашиглах боломжгүй нөхцөл байдал үүссэнийг дурдаж тайлбар өгсөн. /Хавтаст хэрэгт авагдсан/

8.Дүүргээр нэхэмжлэгчийн аав Бат-эрдэнэ байнга очиж уулзах боловч буцаагаад явуулаад байдаг тул албан бичгээр газар чөлөөлүүлэхээр хандаж байсан. /6-р хорооны засаг даргын 2022.03.15-ны өдрийн 21 тоот албан бичгээр нотлогддог/.

9.Шүүхээс 2021 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр хандсан байна. Гэхдээ бусад үед газрыг ашиглах гээд хөөцөлдөж уулзалт хийсэн нь нотлогдохгүй байна гэжээ. Хавтаст хэргийн 8-д газрын кадастрын зураг бий түүний огноог харвал манай талаас ажиллагаа хийж, уулзалт хийсэн нь харагдана. Газрын албанд 2500 төгрөг тушааж гаргуулдаг тэр өдрөөр огноологддог байгаа энэ талаар шүүх хурлын мэтгэлцээний шатанд мөн тайлбарласан болно./

Эдгээр бүгд хүндэтгэн үзэх шалтгаан бол мөн билээ.

Төрийн залгамж халаа гэж байх ёстой нэг нэгнийхээ шийдвэрийг үгүйсгэдэг бус ардчилсан нийгэмд хувийн өмчийг дээдлэх ёстой.

2.4.Захиргааны байгууллага сонсгох ажиллагаа явуулаагүй:

2.4.1.Дүүргийн Засаг даргын захирамж захиргааны ерөнхий хууль зөрчсөн. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч сонсгох ажиллагаа явуулсан гэдэг боловч нотлоогүй. Сонсгох ажиллагаагаа 2021 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 12/1176 дугаар албан бичгийг гэдэг ч тэр бол сонсгох ажиллагаа биш юм гэж нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч маргасан. /Шүүхийн мэтгэлцээний шатанд маргасан ч шүүх энэ талаар дүгнээгүй./

Иймд хууль буруу хэрэглэсэн, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын агуулга, маргаан бүхий захиргааны актын хууль зүйн үндэслэлээс хальж дүгнэж, ач холбогдол бүхий нотлох баримтыг үнэлээгүй орхигдуулсан дээрх 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 128/ШШ2022/0728 дугаар шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэгчийн хууль ёсны эрхийг хамгаалж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг давж заалдах гомдлын хүрээнд хянаад анхан шатны шүүхээс маргааны үйл баримтад буруу дүгнэлт өгч, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байх тул дараах үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг ханган шийдвэрлэв.

1.Нэхэмжлэгч Д.Д-гаас “Баянгол дүүргийн Засаг даргын 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн А/304 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг Баянгол дүүргийн Засаг даргад холбогдуулан гаргажээ.

2.Маргаан бүхий Баянгол дүүргийн Засаг даргын 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн А/304 дүгээр захирамжаар[1] Баянгол дүүргийн 6 дугаар хороо 10 дугаар хороололд байршилтай амины орон сууцны зориулалтаар 242 м.кв газрыг эзэмшүүлсэн тус дүүргийн Засаг даргын 2018 оны А/634 дүгээр захирамжийн иргэн Д.Д-д холбогдох хэсгийг хүчингүй болгожээ.

3.Нэхэмжлэгчээс “...олгосон газрын хоёр талаар авто замын трассын төлөвлөгөөт шинэчлэлийн ажлууд хийгдэж байсан тул 2019, 2020 онуудад зохих зөвшөөрөл олгоогүй, мөн сүүлийн 2 жил коронавируст халдварын улмаас... барилгын ажил хийх боломжгүй болсон. Газар эзэмших эрхийг цуцлахдаа  ямар нэгэн сонсох ажиллагаа хийгээгүй” гэж маргасан.

4.Харин хариуцагчаас “газрыг зориулалтын дагуу 2 жил дараалан ашиглаагүй, ... газар эзэмших эрхийн гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй, газар зохион байгуулалтын албанаас 2021 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 12/1176 тоот албан бичгээр сонсох ажиллагааны мэдэгдэл хүргүүлсэн. Мэдэгдэлд заасан хугацаанд хариу тайлбар болон хүндэтгэн үзэх саналыг ирүүлээгүй...” гэж маргажээ.

5.Анх нэхэмжлэгчээс Баянгол дүүргийн 6 дугаар хороонд байрлалтай 242.1 м.кв газрын 15 жилийн хугацаатайгаар эзэмшихээр 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр хүсэлт[2] гаргасныг хариуцагчаас 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдөр “...газар нь нийслэл дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд эзэмшүүлэхээр тусгагдаагүй бөгөөд мөн инженерийн шугам сүлжээ бүхий газар байх тул таны хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй...”[3] гэх хариуг өгчээ.

6.Харин Баянгол дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 9106 дугаар тогтоолоор[4] дүүргийн 2018 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд оруулах нэмэлт өөрчлөлтийг баталж, тус төлөвлөгөөнд дүүргийн 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, ЭӨЧ гудамж, 56 дугаар сургуулийн хойд талд 0,2 га газрыг 1 иргэнд эзэмшүүлэхээр тусгасан [5] байна.

7.Мөн газрын эрхийг хянан шийдвэрлэх дэд зөвлөлийн 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн хурлаар[6] Баянгол дүүргийн 6 дугаар хороонд 242 м.кв газрыг амины орон сууцны зориулалтаар 15 жилийн хугацаатайгаар эзэмшүүлэх асуудлыг хэлэлцсэн.

8.Баянгол дүүргийн Засаг даргын 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн А/634 дүгээр захирамжаар[7] Д.Д-д Баянгол дүүргийн 6 дугаар хороо 10 дугаар хороолол-2 /16081/-д байрлах нэгж талбарын 1680110017 дугаар бүхий амины сууцны зориулалттай 242 м.кв газрыг 15 жилийн хугацаатайгаар эзэмших эрхийг олгож, 2019 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 000006801 дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээ[8] олгож, газар эзэмшүүлэх гэрээг[9] байгуулжээ.

Дээрхээс үзэхэд нэхэмжлэгчээс дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан тухайн жилийн төлөвлөгөөний дагуу дүүргийн Засаг даргын захирамжаар уг маргаан бүхий газрыг эзэмшсэн болох нь хэрэгт авагдсан баримтуудаар[10] тогтоогдож байна.

9.Хариуцагчаас Баянгол дүүргийн Газар зохион байгуулалтын албаны 2021 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 12/1176 дугаар албан бичгээр[11] нэхэмжлэгчид тухайн газраа Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасны дагуу хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй нөхцөл бүрдсэн тул газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох болсныг мэдэгджээ.

10.Нэхэмжлэгчээс уг мэдэгдлийг хүлээн авсны дараа 2021 оны 05 дугаар сарын 21-ний өдөр Баянгол дүүргийн Газар зохион байгуулалтын албанд “уг газарт үйл ажиллагаа явуулах боломж 2 жилд олдоогүй, шалтгаан нь 2019 онд газар чөлөөлөх мэдэгдэл удаа дараа  тоосгон гараашны эздэд хүргүүлээд газар чөлөөлж чадаагүй, 2020 онд 2 дугаар сараас өнөөдрийг хүртэл дэлхий нийтийг хамарсан аюулт өвчний улмаас давагдашгүй хүчин зүйл болоод газар дээр ямар нэгэн ашиглалт явуулах бололцоо олдоогүй” гэх тайлбарыг[12] хариуцагчид өгсөн байна.

11.Мөн нэхэмжлэгчээс 2021 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр Баянгол дүүргийн 6 дугаар хорооны Засаг даргаар уламжлан тус дүүргийн Газар зохион байгуулалтын албанд өөрийн эзэмшлийн газар дээрх зөвшөөрөлгүй гараашийг чөлөөлүүлэхээр өргөдөл гаргасан болох нь тус хорооны Засаг даргын 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 21 дугаар албан бичгээр[13]  тогтоогдож байна.

12.Түүнчлэн улсын төсвийн хөрөнгөөр 2019 онд санхүүжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн жагсаалтын XIII.1.1.15 “Улаанбаатар Палас”-ын хойд талын үерийн далан дагасан авто замыг 3 дугаар эмнэлгийн арын замтай холбох авто зам /Улаанбаатар, Баянгол дүүрэг, 6 дугаар хороо/ ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендер зохион байгуулагдаж, 2019 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 147 дугаар ажил гүйцэтгэх гэрээ[14], 2020 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 50 дугаар ажил гүйцэтгэх нэмэлт гэрээг[15] тус тус байгуулсан.

13.Улмаар 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжсэн “Улаанбаатар Паласын хойд талын үерийн далан дагасан авто замыг 3 дугаар эмнэлгийн арын замтай холбох авто зам /Баянгол дүүрэг, 6 дугаар хороо/”-ын барилгын ажлыг байнгын ашиглалтад оруулах ажлын хэсэг хуралдаж[16], 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 06/18/20 дугаар Авто зам, замын байгууламжийг байнгын ашиглалтад авах ажлын хэсгийн акт, дүгнэлтээр[17] тухайн замыг шаардлага хангасан гэж үзэж 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрөөс ашиглалтад оруулахыг зөвшөөрсөн байна.

Мөн шүүхээс 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдөр хийсэн үзлэгийн тэмдэглэлд[18] “... маргаан бүхий газрын хойд талаар засмал зам тавьсан” гэжээ.

14.Дээрхээс үзэхэд уг маргаан бүхий газрын хойд талд байрлах “Улаанбаатар Палас”-ын хойд талын үерийн далан дагасан авто замыг 3 дугаар эмнэлгийн арын замтай холбох авто замын ажил нь 2019 оны 05 дугаар сарын 29-ний өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд үргэлжилсэн болох нь тогтоогдож байна.

15.Газрын тухай хуулийн 40.1-д “Аймаг, ...-ийн Засаг дарга дараахь тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно:”, 40.1.6-д “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэжээ.

16.Өнөөдөр хүчин төгөлдөр байгаа Улсын дээд шүүхийн 2008 оны “Газрын тухай хуулийн зарим заалтыг тайлбарлах тухай” 15 тогтоолоор  “Хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан "... хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ..." гэдгийг гэнэтийн давагдашгүй хүчний ... тухайн газарт нь .... бусдын хууль бус үйлдэл зэрэг газар эзэмшигчээс хамаарах шалтгаан байхгүй байсныг ойлгоно.”,  

Мөн зүйл, хэсэгт заасан "… зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй" гэдгийг газар эзэмшүүлэх тухай гэрээ хийгдсэнээс хойш хуанлийн бүтэн 2 жилийн дотор газар эзэмшигч нь тухайн газар дээрээ гэрээнд заасан нөхцөл, болзол, зориулалтын дагуу тодорхой үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлээгүй /барилга, байгууламж, зам талбай бариагүй, тариалан эрхлээгүй г. м/ байхыг ойлгоно.” гэж тус тус заажээ.

17.Барилгын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “Энэ хуульд хэрэглэсэн дараахь нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно:”, 4.1. 1-д “"барилга байгууламж" гэж орон сууц, ...г”, 4.1.4-д “"барилга байгууламжийн баримт бичиг" гэж барилгын ажлын зөвшөөрөл олгох, барилгын ажлыг гүйцэтгэхэд шаардлагатай энэ хуульд заасны дагуу боловсруулж, баталгаажуулсан техникийн нөхцөлүүд, зураг төсөл, илд далд ажлын акт, талбайн журнал болон холбогдох бусад баримт бичгийг” гэж заасан.

18.Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д “Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно.”, 24.4-д “Тухайн захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг захиргааны байгууллага нарийвчлан шинжлэн судлах үүрэгтэй бөгөөд оролцогчийн хувьд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтооно” гэж тус тус заажээ.

19.Маргаан бүхий газар “амины орон сууцны” зориулалттай байх тул нэхэмжлэгчээс зориулалтын дагуу ашиглахад Барилгын тухай хуульд заасан барилга байгууламжийн баримт бичгүүд шаардахаар байна.

20.“Амины орон сууцны” зориулалттай барилга барих тохиолдолд Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэдгийг авч үзэхдээ Барилгын тухай хуульд заасан барилга байгууламжийн баримт бичгүүдийг авахаар нэхэмжлэгчээс эрх бүхий этгээдэд хандаж байсан эсэх, эрх бүхий этгээдээс аливаа шийдвэр гаргасан эсэх, уг баримт бичиг бүрдүүлэхэд 2 жил түүнээс дээш хугацаа шаардагдсан эсэх нөхцөл байдлыг харгалзан үзэж, хэрэв нэхэмжлэгчээс шалтгаалахгүй шалтгаанаар хуульд заасан 2 жилийн хугацаа өнгөрсөн байвал үүнийг хүндэтгэн үзэх шалтгаан гэж үзэх үндэслэлтэй юм.

21.Маргааны тохиолдлын хувьд нэхэмжлэгчээс газар эзэмших эрхийн гэрээ байгуулсан 2019 оны 02 дугаар сарын 12-ны өдрөөс маргаан бүхий акт гарсан 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдөр хүртэл нийт 2 жил 5 сарын хугацаанд маргаан бүхий газрыг эзэмшиж байсан, энэхүү 2 жил 5 сарын хугацаанд нэхэмжлэгч нь барилгын ажлыг эхлүүлэхээр төлөвлөж, барилгын эскиз зургийг батлуулж, газар дээрх зөвшөөрөлгүй баригдсан гараашийг чөлөөлүүлэхээр эрх бүхий байгууллагад хандсан, маргаан бүхий газартай зэргэлдээ байршилд авто зам шинээр баригдах ажил хийгдсэн, мөн Ковид-19 цар тахлын улмаас Монгол Улсын хэмжээнд 2020 оны 02 дугаар сараас 2021 оны 05 дугаар сар хүртэл хугацаанд удаа дараагийн хөл хорио тогтоож байсан зэрэг нөхцөл байдал тогтоогдож байна.

Эдгээр нөхцөл байдлыг нэхэмжлэгчээс хамаарахгүй шалтгаанаар нэхэмжлэгч нь эзэмшлийн газраа 2 жил дараалан ашиглаж чадаагүй буюу нэхэмжлэгч нь хүндэтгэн үзэх шалтгаантайгаар эзэмшлийн газраа гэрээнд заасан амины орон сууцны зориулалтын дагуу ашиглаж чадаагүй гэж үзэх үндэслэлтэй.

22.Хариуцагч захиргаанаас Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.4-д зааснаар нэхэмжлэгчийн хувьд ач холбогдолтой дээр дурдсан эзэмшлийн газраа 2 жил дараалан ашиглаж чадаагүй хүндэтгэн үзэх нөхцөл байдлыг судлан тогтоолгүйгээр нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг хүчингүй болгон шийдвэрлэсэн нь хууль бус бөгөөд уг шийдвэрийн улмаас нэхэмжлэгчийн газраа зориулалтын дагуу эзэмших эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэхээр байх тул шүүхээс маргаан бүхий актыг хүчингүй болгох нь зүйтэй.

23.Түүнчлэн хэрэгт авагдсан баримтаас нэхэмжлэгч нь хүндэтгэн үзэх шалтгааны улмаас эзэмшлийн газраа 2 жил дараалан ашиглаагүй нөхцөл байдал тогтоогдож байтал анхан шатны шүүхээс “...эскиз зураг хийлгэсэн хэдий ч энэхүү зургаа эрх бүхий байгууллага албан тушаалтнаар батлуулаагүй, газрын зориулалт өөрчлүүлэх, газар ашиглах талаар удаа дараа эрх бүхий байгууллагад хандаж байсан гэх боловч энэ талаарх баримтыг шүүхэд ирүүлээгүй, барилга байгууламж бариагүй, хашаалаагүй,...зөвхөн газар чөлөөлүүлэх хүсэлт гаргаж байсан,... маргаан бүхий газрын орчим авто зам тавигдсан болох нь... нотлогдож буй хэдий ч... хүндэтгэн үзэх шалтгаан гэж үзэх боломжгүй” гэж маргааны үйл баримтыг буруу үнэлж, дүгнэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь үндэслэлгүй, харин нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн үүнтэй холбоотой давж заалдах гомдлыг хүлээн авч нэхэмжлэлийн шаардлагын ханган шийдвэрлэх нь зүйтэй байна.

24.Дээрхээс гадна Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д “Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн ... асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй.” гэж заасан.

Нэхэмжлэгчээс өөрийн эзэмшлийн газрыг хүчингүй болгосон Баянгол дүүргийн Засаг даргын 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн А/304 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан.

Уг маргаан бүхий А/304 дүгээр захирамжаар Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн “35.3-д “Газар эзэмшигч дараахь үүрэг хүлээнэ:”, 35.3.1-д “газар эзэмших гэрээнд заасан нөхцөл, болзлыг биелүүлэх”, 40 дүгээр зүйлийн 40.1-д “Аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга дараахь тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно:”, 40.1.6-д “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй.” гэж заасныг үндэслэн нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг хүчингүй болгосон.

25.Гэтэл анхан шатны шүүхээс нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагадаа дурдаж маргаагүй, маргаан бүхий актад дурдаагүй Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3-т заасныг баримтлан “маргаан бүхий газарт зөвхөн Нийслэлийн Засаг дарга нь Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлаас баталсан ерөнхий төлөвлөгөөний дагуу газар эзэмшүүлэх эрхтэй атал дүүргийн Засаг даргын 2018 оны 12 дугаар сарын 19-ны өдрийн А/634 дүгээр захирамжаар нэхэмжлэгчид газар олгосон нь хуульд нийцээгүй” гэсэн дүгнэлт хийж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны байх шаардлагад нийцээгүй, харин нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн энэ талаарх давж заалдах гомдол үндэслэлтэй байна.

 26.Эдгээр үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэр нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.2 дахь заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 728 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.4, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Д.Д-гийн “Баянгол дүүргийн Засаг даргын 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн А/304 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах”-аар Баянгол дүүргийн Засаг даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Баянгол дүүргийн Засаг даргын 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн А/304 дүгээр захирамжийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангасугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ШҮҮГЧ                                                                   О.ОЮУНГЭРЭЛ

ШҮҮГЧ                                                                   С.МӨНХЖАРГАЛ

ШҮҮГЧ                                                                   А.САРАНГЭРЭЛ

 

[1] Хэргийн 1-р хавтас 14 дэх тал

[2] Хэргийн 1-р хавтас 60 дахь тал

[3] Хэргийн 1-р хавтас 56 дахь тал

[4] Хэргийн 1-р хавтас 67-73 дахь тал

[5] Хэргийн 1-р хавтас 70 дахь тал

[6] Хэргийн 1-р хавтас 54-55 дахь тал

[7] Хэргийн 1-р хавтас 6-7 дахь тал

[8] Хэргийн 1-р хавтас 42 дахь тал

[9] Хэргийн 1-р хавтас 44-47 дахь тал

[10] Хэргийн 1-р хавтас 248 дахь тал

[11] Хэргийн 1-р хавтас 11 дэх тал

[12] Хэргийн 1-р хавтас 249 дэх тал

[13] Хэргийн 1-р хавтас 118-119 дэх тал

[14] Хэргийн 1-р хавтас 133-134 дэх тал

[15] Хэргийн 1-р хавтас 137 дахь тал

[16] Хэргийн 1-р хавтас 143-152 дахь тал

[17] Хэргийн 1-р хавтас 138-142 дахь тал

[18] Хэргийн 1-р хавтас 100-101 дэх тал