Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 09 сарын 04 өдөр

Дугаар 13

 

                                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Ганбат даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Прокурор: Архангай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх Б.Б

Хариуцагч: Архангай аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчин, газар, геодези, зураг зүйн хяналтын улсын байцаагч С.Э

Нэхэмжлэлийн шаардлага: Иргэн С.Б-д шийтгэл оногдуулсан 2019 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн №0169230 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай шаардлага бүхий прокурорын дүгнэлттэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: Архангай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх Б.Б, Архангай аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчин, газар, геодези, зураг зүйн хяналтын улсын байцаагч С.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Энххүү нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Архангай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх Б.Б шүүхэд гаргасан дүгнэлтэндээ: Архангай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Б би, тус аймгийн Мэргэжлийн хяналтын газрын эрх бүхий албан тушаалтан, улсын байцаагч С.Э нь хяналт шалгалтын явцад илрүүлсэн “Зөвшөөрөлгүй цэгт хаягдал ус нийлүүлсэн” гэх зөрчлийн талаарх хялбаршуулсан журмаар шалгаж, 2019 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 0169230 дугаартай шийтгэлийн хуудсаар зөрчил гаргагч С.Б-г Зөрчлийн тухай хуулийн 7.16 дугаар зүйлийн 2-т заасан зөрчил үйлдсэн үндэслэлээр 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн байна.

Зөрчлийн материалтай танилцахад Архангай аймгийн Тариат сумын нутаг дэвсгэрт Тэрхийн цагаан нуурын орчим үйл ажиллагаа явуулдаг “Х" нэртэй жуулчны бааз нь зөвшөөрөлгүй цэгт хаягдал ус нийлүүлсэн үйлдэлд хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулжээ.

Гэвч Зөрчлийн тухай хуулийн 7.16 дугаар зүйлийн 2-т уг зөрчилд хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэж хуульчилсан байтал тус аймгийн Мэргэжлийн хяналтын газрын эрх бүхий албан тушаалтан, улсын байцаагч С.Э нь “Х” нэртэй жуулчны баазыг хуулийн этгээд мөн эсэхийг шалгаж тогтоогоогүй, мөн зөрчлийн улмаас байгаль орчинд учирсан экологи эдийн засгийн үнэлгээг мэргэжлийн байгууллагаар гаргуулаагүй буюу учирсан хохирол нь нотлох баримтаар тогтоогдоогүй байхад хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулан зөрчлийн холбогдогч С.Б-д 2019 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 0169230 дугаартай шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 7.16 дугаар зүйлийн 2-т зааснаар зөрчил үйлдсэн үндэслэлээр 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсны зэрэгцээ хохирол төлбөрийг гаргуулах албадлагын арга хэмжээ авалгүй орхисон нь үндэслэлгүй шийдвэр болжээ.

Иймд Монгол Улсын Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг удирдлага болгон тус аймгийн Мэргэжлийн хяналтын газрын эрх бүхий албан тушаалтан, улсын байцаагч С.Э-гийн зөрчлийн холбогдогч С.Б-д шийтгэл оногдуулсан 2019 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 0169230 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар прокурорын дүгнэлт бичив гэжээ.

Хариуцагч Архангай аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчин, газар, геодези, зураг зүйн хяналтын улсын байцаагч С.Э шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Архангай аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчин, газар, геодези, зураг зүйн хяналтын улсын байцаагч С.Э би, газрын даргын баталсан 03/38 дугаар зөвлөн туслах үйлчилгээ үзүүлэх хөтөлбөрийн хүрээнд Хүнсний чанар, стандартын хяналтын улсын байцаагч А.Б, Эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын байцаагч С.Б нарын хамтаар 2019 оны 7 дугаар сарын 18-ны өдөр Архангай аймгийн Тариат сумын нутаг Тэрхийн цагаан нуурын хойд эрэгт байрлах “Х" жуулчны баазыг хариуцан ажиллаж буй менежер С.Б-г байлцуулан шалгалт хийх явцад бохирын цооног шаардлага хангахгүй, битүүмжлэл муутай, цооног дүүрч, хальж асгарсан, шинээр цооног хийхээр ухсан газар нь цөмөрч ашиглах боломжгүй болсныг булж тэгшлээгүй, уг нүхэнд /зөвшөөрөлгүй цэгт/ бохир усаа асгасан зөрчил илэрсэн. Иймд Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 1.1, 1.2-д заасны дагуу зөрчил үйлдэгдсэн нь ил тодорхой, холбогдогч зөрчил үйлдсэнээ сайн дураараа хүлээн зөвшөөрсөн зэрэг үндэслэл тогтоогдсон тул хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн болно.

Мөн “Х” жуулчны баазыг хариуцан ажиллаж байсан албан тушаалтан нь энэхүү зөрчил дутагдлыг арилгах талаар холбогдох арга хэмжээ аваагүй байсан тул менежер С.Б-д Зөрчлийн тухай хуулийн 7.16 дугаар зүйлийн 2-т заасны дагуу 1.000.000 төгрөгийн шийтгэлийн арга хэмжээ ногдуулсан. Учруулсан хохирол, нөхөн төлбөрийг мэргэжлийн байгууллага тогтоох тул хохирол, нөхөн төлбөрийн хэмжээг шийтгэлийн хуудсан дээр бичээгүй орхигдуулсан. Прокурорын дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Архангай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх Б.Б-гаас Архангай аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчин, газар, геодези, зураг зүйн хяналтын улсын байцаагч С.Э-д холбогдуулан “иргэн С.Б-д шийтгэл оногдуулсан 2019 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн №0169230 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” тухай прокурорын дүгнэлтийг тус шүүхэд 2019 оны 8 дугаар сарын 05-ны өдөр гаргажээ.

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 6.10 “мэргэжлийн хяналтын улсын байцаагч Зөрчлийн тухай хуулийн ... 7.16 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг ... заасан зөрчил”, 2.1 дүгээр зүйлийн 2. “Захиргааны хэргийн шүүх энэ хуулийн 1.8 дугаар зүйлийн ... 6.10 ... заалтад заасан эрх бүхий албан тушаалтны шийтгэл оногдуулсан шийдвэрт гаргасан оролцогчийн гомдол, прокурорын дүгнэлтээр зөрчил хянан шийдвэрлэнэ.” гэж заасны дагуу мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн гаргасан акттай холбоотой гомдол, прокурорын дүгнэлтийг хянан шийдвэрлэх ажиллагааг захиргааны хэргийн шүүхэд харьяалуулсан байх тул шүүх дээрх прокурорын дүгнэлтээр 2019 оны 8 дугаар сарын 08-ны өдөр захиргааны хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан болно. 

Хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд хэргийн оролцогч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудад үнэлэлт өгч прокурорын дүгнэлтийг хангаж, маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Тодруулбал, хариуцагч Архангай аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчин, газар, геодези, зураг зүйн хяналтын улсын байцаагч С.Э 2019 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн “Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай” 0169230 дугаар шийтгэлийн хуудсаар “Х” жуулчны баазын менежер С.Б-г бохирын цооног шаардлага хангахгүй, битүүмжлэл муутай, цооног дүүрч, хальж асгарсан, шинээр цооног хийхээр ухсан газар нь цөмөрч ашиглах боломжгүй болсныг булж тэгшлээгүй, уг нүхэнд бохир усаа асгасан гэх үндэслэлээр Зөрчийн тухай хуулийн 7.16 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1.000.000 /нэг сая/ төгрөгийн торгох шийтгэл оногдуулжээ. 

Зөрчлийн тухай хуулийн 3.4 дүгээр зүйл. “Торгох шийтгэл”, 3. “Энэ зүйлийн 2 дахь хэсэгт заасан нэг торгуулийн нэгж /цаашид “нэгж” гэх/ нь нэг мянган төгрөгтэй тэнцүү байна.”, 7.16 дугаар зүйл. “Ус бохирдуулсны төлбөрийн тухай хууль зөрчих” 2.“Зөвшөөрөлгүйгээр, эсхүл зөвшөөрөлгүй цэгт хаягдал ус нийлүүлсэн бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг арван мянган нэгжтэй хэмжээний төгрөгөөр торгоно.” гэж заасан бөгөөд эрх бүхий албан тушаалтан иргэн С.Б-н гаргасан зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 7.16 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг үндэслэн торгох шийтгэл оногдуулсан нь үндэслэлгүй байна. 

Учир нь, маргаан бүхий шийтгэлийн хуудсанд дурдсан зөрчлийг “Х” гэх жуулчны бааз эсхүл уг жуулчны баазын менежер С.Б-н аль нь гаргасан болохийг тогтоогоогүй, мөн С.Б нь “Х” жуулчны баазыг төлөөлөх бүрэн эрхтэй этгээд мөн эсэхийг шалгаж тогтоогоогүй, уг зөрчлийн улмаас байгаль орчинд ямар хэмжээний хохирол учирсан талаар тогтоогоогүй байна. 

Иймээс Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйл. “Шийтгэл оногдуулах шийдвэр”, 8. “Эрх бүхий албан тушаалтны шийтгэл оногдуулсан шийдвэрийг хүчингүй болгох, өөрчлөх үндэслэлтэй гэж үзвэл прокурор дүгнэлт бичиж шүүхэд хүргүүлнэ.” гэж заасны дагуу Архангай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх Б.Б-гийн бичсэн дүгнэлтийг үндэслэн Архангай аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчин, газар, геодези, зураг зүйн хяналтын улсын байцаагч С.Э-гийн иргэн С.Б-д шийтгэл оногдуулсан 2019 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн №0169230 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох үндэслэлтэй байна. 

Түүнчлэн хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа прокурорын дүгнэлтэнд дурдсан зөрчилтэй шийтгэлийн хуудас гаргасан болохоо хүлээн зөвшөөрч, шийтгэлийн хуудсыг хүчингүй болгоход татгалзах зүйлгүй талаар тайлбар гаргасан бөгөөд хариуцагч маргаан бүхий шийтгэлийн хуудсыг өөрөө хүчингүй болгох эрх зүйн зохицуулалтыг холбогдох хууль тогтоомжоор зохицуулаагүй байх тул хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэж, улсын байцаагчийн шийтгэлийн хуудсыг шүүхийн шийдвэрээр хүчингүй болгох нь зүйтэй гэж үзэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1., 106.3.1., 106.3.12., 107 дугаар зүйлийн 107.5  дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Зөрчлийн тухай хуулийн 7.16 дугаар зүйлийн 2-т заасныг баримтлан Мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчин, газар, геодези, зураг зүйн хяналтын улсын байцаагч С.Э-гийн иргэн С.Б-д шийтгэл оногдуулсан 2019 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн №0169230 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгосугай. 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.14 дэх хэсгүүдэд заасны дагуу прокурор нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай. 

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2. дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогчид болон тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш таван хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

                              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         С.ГАНБАТ