| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Загдаагийн Болдбаатар |
| Хэргийн индекс | 185/2021/0336/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/320 |
| Огноо | 2021-05-14 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Ц.Амгаланбаатар |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 05 сарын 14 өдөр
Дугаар 2021/ШЦТ/320
2021 05 14 2021/ШЦТ/320
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Болдбаатар даргалж,
нарийн бичгийн дарга Ц.Чулуунчимэг,
улсын яллагч Ц.Амгаланбаатар,
шүүгдэгч Э.Э нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Э.Эхолбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2009023660157 дугаартай хэргийг 2020 оны 5 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1990 оны 10 дугаар сарын 01-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 30 настай, халх, эрэгтэй, дээд боловсролтой, Олон улсын харилцааны мэргэжилтэн, мэргэжилтэй, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Э.Э /регистрийн дугаар /,
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Яллагдагч Э.Э нь Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутагт Шихихутуг хууль зүйн сургуульд оруулж өгнө гэж худал хэлэн хуурч Ж.Галтголомтоос 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр 800.000 төгрөг, 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдөр 3.700.000 төгрөг авч залилсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас яллагдагч Э.Эийг Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутагт Шихихутуг хууль зүйн сургуульд оруулж өгнө гэж худал хэлэн хуурч Ж.Галтголомтоос 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр 800.000 төгрөг, 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдөр 3.700.000 төгрөг авч залилсан гэмт хэргийг үйлдсэн гэж үзэж түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллагдагч Э.Эд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг танилцуулж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Шүүх шүүгдэгч Э.Эд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5-д зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
Шүүгдэгч Э.Э нь Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутагт Шихихутуг хууль зүйн сургуульд оруулж өгнө гэж худал хэлэн хуурч Ж.Галтголомтоос 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр 800.000 төгрөг, 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдөр 3.700.000 төгрөг авч залилсан болох нь:
хохирогч Ж.Галтголомтын "...Миний бие Э.Э гэх хүнд Шихихутуг их сургуулийн эрх зүйн бакалаврын ангид оруулж өгнө гэж хэлэхээр нь би итгээд 4.500.000 төгрөг өгсөн боловч өнөөдрийг хүртэл авч чадаагүй байна. Миний бие эрх зүйн магистр зэрэгтэй бөгөөд хуульчийн сонгон шалгаруулалт өгөх гэхэд бакалавр зэрэг хэрэгтэй байсан ингээд би найзын хамт ярьж байх үед яриа сонсоод Энхтөр нь таныг би одоо төгсөх курсийн ангид оруулаад өгье гэж хэлсэн Одоо би хүүхэд оруулах гээд материалыг нь аваад явж байна гэж хэлж итгүүлсэн. Ингээд би түүнд итгээд ...4.500.000 төгрөгийг өгөх болсон юм..." гэх мэдүүлэг /хх-ийн 11 дүгээр хуудас/,
Яллагдагч Э.Эийн "...Тухайн үед Галтголомт нь надад хандаж бакалаврын диплом хэрэгтэй гэж хэлсэн бөгөөд би энэ үед нь Шихихутуг сургуулийн эрх зүйч мэргэжлийн диплом гарган өгөх боломжтой гэж хэлсэн. Ингээд Галтголомтоос 4.500.000 төгрөг авч хувийн хэрэгцээндээ зарцуулсан..." гэх мэдүүлэг болон хэрэгт цугларсан бичгийн бусад нотлох баримтууд нотлогдон тогтоогдсон.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх бөгөөд шүүгдэгчийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийг авсан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Шүүгдэгч Э.Э нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн нь хуульд заасан шаардлагыг хангасан байгаагаас гадна шүүгдэгч Э.Э нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасан, прокуророос яллагдагчид Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг яллагдагч Э.Эд танилцуулсан нь хуульд нийцсэн байна.
Иймд шүүх шүүгдэгч Э.Эийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд шүүгдэгч Э.Эд 500 нэгжээр торгох ял оногдуулж шийдвэрлэв.
Үүнээс гадна шүүх шүүгдэгч Э.Эд 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хэсэгчлэн төлүүлэх хугацаа тогтоогоогүй тул шүүгдэгч Э.Э нь уг торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногт бүрэн төлж барагдуулдаг болохыг дурдах нь зүйтэй.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2, 5, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Э.ЭЭрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу хуурч өмчлөгчийн эд хөрөнгийг авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Э.Эийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Э нь энэ тогтоолоор оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор төлүүлэхээр тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан Э.Э нь торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг тайлбарласугай.
5.Шүүгдэгч Э.Э нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
7.Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
8.Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Э.Эд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.БОЛДБААТАР