| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баярсайханы Ундраа |
| Хэргийн индекс | 101/2016/09572/И |
| Дугаар | 101/ШШ2017/00097 |
| Огноо | 2017-01-05 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 01 сарын 05 өдөр
Дугаар 101/ШШ2017/00097
| 2017 оны 01 сарын 05 өдөр | Дугаар 101/ШШ2017/00097 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ундраа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 9 дүгээр хороо, Шархадны 41-633 тоотод оршин суух, эрэгтэй, Боржигин овгийн Гочоогийн Лхагвасүрэн /регистрийн дугаар ЦЕ 55081314 /-ийн нэхэмжлэлтэй,
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч Г.Лхагвасүрэн гэрч Ц.Ганбат, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Золзаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Г.Лхагвасүрэн шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1978 онд ЦЕДС-ийг төгсөөд 1978 оноос 1982 оны 12 сарын 29-ний өдрийг хүртэл АА-ийн 126 дугаар, 106 дугаар ангиудад салаа, салбарын захирагчаар ажиллаж байгаад үйлдвэрийн осолд орж өвчний улмаас армиас бэлтгэл оффицероор халагдаж 2 дугаар группд 3 жил гаруй байсан юм. Дараа нь Найрамдлын районы АДХ-ны гүйцэтгэх захиргааны ардын боловсролын хэлтсийн даргын 1985 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн тушаалаар Нийслэлийн 10-н жилийн 53 дугаар дунд сургуульд цэрэгжилтийн багшаар томилогдон 1999 оны 11 дүгээр сарыг дуустал ажилласан юм. Тухайн үед миний хөдөлмөрийн дэвтэр ба нийгмийн даатгалын дэвтэр үрэгдэж алга болсон. Нийслэлийн архивын газраас лавлагаа авахад намайг 53 дугаар сургуульд багшаар ажилд томилсон тушаалаас өөр баримт олдохгүй байна. Миний өндөр насны тэтгэвэрт гарах нас өнгөрсөн ба тэтгэвэр тогтоолгох гэсэн чинь ажилласан жил хүрэхгүйд хүрээд байна. Иймд намайг 1985 оны 8 дугаар сарын 13-наас 1999 оны 11 дүгээр сарыг дуустал Нийслэлийн 53 дугаар дунд сургуульд багшаар ажиллаж байсныг минь тогтоож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай Г.Лхагвасүрэнгийн хүсэлтийг хангах үндэслэлтэй гэж шүүх үзлээ.
Г.Лхагвасүрэн нь Найрамдлын районы АДХ-ын гүйцэтгэх захиргааны ардын боловсролын хэлтсийн даргын 1985 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн №86 тушаалаар Нийслэлийн 53 дугаар сургуульд цэрэгжилтийн багшаар томилогдож, 1999 оны 11 дүгээр сарыг дуустал хугацаанд ажилласан болох нь хэрэгт авагдсан дээрх тушаал, тушаалын хавсралт, гэрч Б.Цогзолмаа, Ц.Ганбат нарын тодорхойлолт, хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Ерөнхий боловсролын 53 дугаар сургуулийн захирлын 2016 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн тодорхойлолт, Баянзүрх дүүргийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа 1995-1999 он, Нийслэлийн Баянзүрх дүүргийн 53 дугаар сургуулийн 40 жилд зориулсан намтар, Нийслэлийн 53 дугаар сургуульд ажиллаж байхдаа хамт олонтойгоо авхуулсан болон анги төгсөлтийн фото зургууд зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-т зааснаар Гочоо овогтой Лхагвасүрэнг 1985 оны 08 сарын 13-наас 1999 оны 11 дүгээр сарыг дуустал хугацаанд Нийслэлийн 53 дугаар дунд сургуульд цэрэгжилт, хөдөлмөрийн багшаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч Г.Лхагвасүрэнгийн улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөгийг төлөхөөс чөлөөлсөн болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.УНДРАА