Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 01 сарын 06 өдөр

Дугаар 101/ШШ2017/00107

 

 

 

 

 

 

 

 

2017 оны 01 сарын 06 өдөр

Дугаар 101/ШШ2017/00107

Улаанбаатар хот

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ундраа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 13 дугаар хороо, Өнөр хороолол, 11 дүгээр байр, 175 тоотод оршин суух, Жаргалан овогт Жаргалын Тангад /РД:КЮ44091770/-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 1 дүгээр хороо, 13 дугаар хороолол, Сансарын 23 дугаар байр, 10 тоотод оршин суух, Бараат овогт Доржпаламын Батхүү /РД:ХЛ63051312/-д холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 51,550,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Дэжидлхам, хариуцагч Д.Батхүү, хариуцагчийн өмгөөлөгч Н.Номин-Эрдэнэ, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Золзаяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Ж.Тангадын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Дэжидлхам шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.Батхүү нь 2015 оны 01 дүгээр сарын 30-нд өөрийн эзэмшлийн гэрчилгээтэй, 1 өрөө байрыг барьцаалан 2 сарын хугацаатай, 5 хувийн хүүтэй 30,000,000 төгрөгийг нотариатаар баталгаажуулан зээлж авсан. Мөн түүний дүү Гантуяа гэгч 1 сарын дараа байрны барьцааг үндэслэн 5,000,000 төгрөгийг нэмж авсан. Зээлийн барагдуулах хүртэл сар бүр 5 хувь хүү төлөх нөхцөлтэйгээр тохирсон боловч одоо хүртэл төлөгдөөгүй.

Миний хүсэлт бол эхний 2 сар 5 хувийн хүү, түүнээс цаашхи 19 сарын хүүг 2 хувь бодож /хүүнд 13,300,000 төгрөг/, эхний 2 сард 5 хувь бодож 3,250,000 төгрөг, нийт 51,5550,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгуулахаар шийдвэрлэж өгнө үү гэв.

 

Хариуцагч Д.Батхүү шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зээлийн барьцаанд байраа тавихыг би хүлээн зөвшөөрсөн боловч зээлийг би авч хэрэглээгүй юм. 2015 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 30 сая төгөргийг Гантуяад би авч өгсөн. 5 сая төгрөгийг бол аваагүй, мэдэхгүй байна. Гантуяа нь сар бүр хүү төлөөд 5 сая орчим төгрөг өгсөн гэсэн баримт нь ч Гантуяад байгаа тул үүнээс 5 сая төгрөгийг зөвшөөрөхгүй. Гантуяа нь надаар мөнгө зээлүүлж өөрөө хэрэглэсэн тул хамтран хариуцагчаар татуулах хүсэлтэй байна. Энэ хүн одоо АНУ-д байгаа. Энэ талаар Тангад өөрөө ч мэдэж байгаа. Иймд нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. Эвлэрэх саналтай байгаа гэв.

 

Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх үед зохигч эвлэрсэн эвлэрлийн гэрээнд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Дэжидлхам, хариуцагч Д.Батхүү нар харилцан тохиролцож, шүүх хурал дээр эвлэрлийн гэрээ байгуулав.

1. Нэхэмжлэгч Ж.Тангадын нэхэмжилсэн 51,550,000 төгрөгөөс нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Дэжидлхам нь 16,550,000 төгрөгөөс татгалзаж, үлдэх 35,000,000 төгрөг дээр 3 сарын хугацаатай эвлэрэхээр тохиролцов.

2. 35,000,000 төгрөгийг 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдрөөс 2017 оны 02 дугаар сарын 05-ны өдөр хүртэл 15,000,000 төгрөг, 2017 оны 02 дугаар сарын 05-ны өдрөөс 3 дугаар сарын 05-ны өдөр хүртэл 15,00,000 төгрөг, 2017 оны 3 дугаар сарын 05-ны өдрөөс 4 дүгээр сарын 05-ны өдөр хүртэл 5 сая төгрөгийг тус тус төлөхөөр график тогтоов.

Нэхэмжлэгч, хариуцагч нар эвлэрснээр шүүхэд дахин гомдол гаргахгүй болно.

3. Ж.Тангадад шилжүүлсэн 4,750,000 төгрөгийг хүүнд нь тооцов гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ж.Тангадын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Дэжидлхам нь хариуцагч Д.Батхүүд холбогдуулан, Зээлийн гэрээний үүрэгт 51,550,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

Шүүх хуралдааны үед зохигчид эвлэрч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Дэжидлхам нь нэхэмжлэлийн шаардлагын 16,550,000 төгрөгөөс татгалзаж, үлдэх 35,000,000 төгрөгийг хариуцагч Д.Батхүү нь 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдрөөс 2017 оны 02 дугаар сарын 05-ны өдөр хүртэл 15,000,000 төгрөг, 2017 оны 02 дугаар сарын 05-ны өдрөөс 3 дугаар сарын 05-ны өдөр хүртэл 15,00,000 төгрөг, 2017 оны 3 дугаар сарын 05-ны өдрөөс 4 дүгээр сарын 05-ны өдөр хүртэл 5 сая төгрөгийг тус тус төлөхөөр график тогтоож, нэхэмжлэгч Ж.Тангадад шилжүүлсэн гэх 4,750,000 төгрөгийг хүүнд тооцож, эвлэрлийн гэрээ байгуулав.

 

Зохигчдын хооронд байгуулсан эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн,  гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх ашгийг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1-д тус тус заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

  1. Нэхэмжлэгч Ж.Тангадын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Дэжидлхамын нэхэмжлэлтэй, хариуцагч Д.Батхүүд холбогдох, Зээлийн гэрээний үүрэгт 51,550,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Дэжидлхам нь нэхэмжлэлийн шаардлагын 16,550,000 төгрөгөөс татгалзаж, үлдэх 35,000,000 төгрөгийг хариуцагч Д.Батхүү нь 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдрөөс 2017 оны 02 дугаар сарын 05-ны өдөр хүртэл 15,000,000 төгрөг, 2017 оны 02 дугаар сарын 05-ны өдрөөс 3 дугаар сарын 05-ны өдөр хүртэл 15,00,000 төгрөг, 2017 оны 3 дугаар сарын 05-ны өдрөөс 4 дүгээр сарын 05-ны өдөр хүртэл 5 сая төгрөгийг нэхэмжлэгч Ж.Тангадад тус тус төлөхөөр график тогтоож, нэхэмжлэгч Ж.Тангадад шилжүүлсэн гэх 4,750,000 төгрөгийг хүүнд тооцож эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

  1. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 59 дүгээр зүйлийн 59.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 415,700 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Батхүүгээс улсын тэмдэгтийн хураамжид 332,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ж.Тангадад олгосугай.

 

  1. Энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Б.УНДРАА