Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Александрын Сарангэрэл |
Хэргийн индекс | 128/2013/0717/З |
Дугаар | 221/МА2023/0070 |
Огноо | 2023-01-25 |
Маргааны төрөл | Газар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2023 оны 01 сарын 25 өдөр
Дугаар 221/МА2023/0070
2023 оны 01 сарын 25 өдөр | Дугаар 128/ШЗ2021/6286 | Улаанбаатар хот
|
|
|
|
М сургуулийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийг давж заалдах журмаар шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн:
Даргалагч: Шүүгч С.Мөнхжаргал,
Бүрэлдэхүүнд оролцсон: Шүүгч Н.Долгорсүрэн,
Илтгэгч: Шүүгч А.Сарангэрэл
Давж заалдах гомдол гаргасан: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Н.Д,
Нэхэмжлэгч: М сургууль,
Хариуцагч: Хан-Уул дүүргийн Засаг дарга,
Нэхэмжлэлийн шаардлага: “Хан-Уул дүүргийн Засаг даргын 2013 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн А/246 дугаар шийдвэрийг илт хууль бус болохыг тогтоолгож, 197 м.кв газрыг ашиглах боломжгүйгээс үүссэн хохирол 324,000,000 төгрөгийг Хан-Уул дүүргийн Засаг даргаас гаргуулах”,
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 757 дугаар шийдвэртэй захиргааны хэрэг,
Шүүх хуралдаанд оролцогчид: нэхэмжлэгчийн төлөөлөгч Н.Д, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Шаравдорж,
Хэргийн индекс: 031/2013/0717/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 757 дугаар шийдвэрээр:
“Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.5.16, 62 дугаар зүйлийн 62.1.13, Эрчим хүчний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.3-д заасныг баримтлан “Хан-Уул дүүргийн Засаг даргын 2013 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн А/246 дугаар шийдвэрийг илт хууль бус болохыг тогтоолгож, 197 м.кв газрыг ашиглах боломжгүйгээс үүссэн хохирол 324,000,000 төгрөгийг Хан-Уул дүүргийн Засаг даргаас гаргуулах” М сургуулийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
2.Давж заалдах гомдлын агуулга:
2.1.Шүүгч “4.4.... дулааны шугам суурилуулах ажлыг хэвийн явуулах нөхцөлөөр хангах ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг баталсан байх бөгөөд энэ нь тухайн захиргааны байгууллагын албаны дотоод үйл ажиллагааг зохицуулсан дотогш чиглэсэн заалт байх тул нэхэмжлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй байна" гэжээ.
Үүнийг зөвшөөрөхгүй. Учир нь захиргааны актын 2-р заалт "Дулааны шугам суурилуулах ажилд санаатайгаар саад учруулж буй 0000 УНП, 0000 УБХ улсын дугаартай тээврийн хэрэгслүүдийг ачих буюу зайлуулах арга хэмжээ авч, захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг ажлын хэсэг /A.Отгонбаатар/-т даалгасугай" гэжээ.
Актын 2-р заалт бусдын машиныг албадан зайлуулж, бусдын өмч рүү халдахад буюу гадагшаа чиглэжээ. Актын 2-р заалтад шүүгч тайлбар хийсэнгүй. Энэ 2 машин манай сургуулийн буюу хувийн өмч. Мөн хувийн өмчийн хашаан дотроо, кадастрын цэг дотроо байсан. Эвдэж орсон хашаа, хашааны хаалга хувийн өмч. Сүүдрэвч хувийн өмч. Эзэмшиж буй газар хувийн өмчтэй ижил агуулгатай. Хувийн өмчид хууль бусаар хандах акт болсон. Хувийн эзэмшил газрыг урьдчилан тохиролцож гэрээ байгуулахгүй, хууль бусаар албадан ашигласан. Албадлагын арга хэмжээг хууль зөрчин гүйцэтгэсэн. Эдгээр нь бүгд гадагш буюу МС- ийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн юм. Хувийн өмчид хуулийн үндэслэлгүй халдаж Үндсэн хууль зөрчихөд чиглэсэн захиргааны акт болсон. Монгол улсын Үндсэн хуулийн 5 дугаар зүйлийн 2-д " Төр нь нийтийн болон хувийн өмчийн аливаа хэлбэрийг хүлээн зөвшөөрч, өмчлөгчийн эрхийг хуулиар хамгаална”. 3-д “Өмчлөгчийн эрхийг гагцхүү хуульд заасан үндэслэлээр хязгаарлаж болно" гэж заасан
Захиргааны актад өмчлөгчийн эрхийг ямар хуульд заасан заалтаар хязгаарлаж буйг дурдаагүй. Захиргааны акт Үндсэн хууль зөрчсөн талаар шүүгч мэтгэлцээн өрнүүлээгүй, энэ талаар тайлбар бичээгүй. Өөрийн кадастрын цэгт байгаа хашааг албадан онгойлгох, өөрийн эзэмшил газарт байгаа машиныг албадан зайлуулахыг зөвшөөрсөн хууль, журам байхгүй. Захиргааны акт машинууд хэний эзэмшлийн газарт байгааг тодотгоогүй нь илтэд хууль бус байна. Нийтийн эзэмшил газарт зогсож байгаа машиныг зайлуулсан бол маргахгүй. Дулааны шугам суурилуулах зөвшөөрөл Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газраас аваагүй нь Хот, байгуулалтын тухай хууль зөрчсөн /Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас тогтоосон/ захирамж болсон бөгөөд энэ нь захирамж илт хууль бусыг нотолж байна.
Хашаа өөрийн эзэмшил газар дээр байсан нь хэрэгт байгаа фото зургаар нотлогдоно. Мөн шүүгчээр газар дээр нь үзлэг хийлгэсэн байсан.
2.2.Шүүгч 4.5 "О констаркшн" ХХК ...М сургуулийн эзэмшил талбайд техник тоног төхөөрөмжийг байрлуулж ажиллах онцгой шаардлагатай зэргийг харгалзан үзэж хариуцагчаас дулааны шугам суурилуулах ажилд санаатайгаар саад учруулж буй 0000 УНП, 0000 УБХ улсын дугаартай тээврийн хэрэгслүүдийг ачих буюу зайлуулах арга хэмжээ авч ажиллахыг холбогдох албан тушаалтанд даалгасан байна" гэжээ.
О констракшн ХХК М сургуулийн хашаан доторх эзэмшил талбайг ашиглах гэж буй бол газар эзэмшигчээс зөвшөөрөл авч, гэрээ байгуулж ажиллах ёстой. Улаанбаатар дулааны сүлжээ компаниас газар эзэмшигчтэй зөвшилц гэж зөвлөж, бичсэн. Гэтэл Засаг дарга хууль бусаар албадлагын арга хэмжээ авч, хувийн өмчид халдаж хашааны хаалга эвдэж "О констаркшн" ХХК-д ажиллах боломж олгосон. Өөрийн эзэмшил газарт байгаа хувийн өмчийн машиныг зайлуулах захиргааны акт илт хууль бус юм. Хашаа өөрийн эзэмшил газар дээр байсан нь хэрэгт байгаа фото зургаар нотлогдоно. Мөн шүүгчээр газар дээр нь үзлэг хийлгэсэн байсан.
2.3.Шүүгч "4.7 "О констаркшн" ХХК-ний зүгээс Н.Д-тэй зөвшилцөх уулзалтуудыг хийсэн боловч тодорхой шийдэлд хүрээгүй" гэжээ "О констаркшн" ХХК-ний зүгээс Зөвшилцье гэж намайг компани дээрээ дуудаж, бид очсон боловч уулзаагүй. Маргааш нь хууль бусаар албадлагын арга хэмжээ авсан. Шүүгч худал зүйл бичжээ.
2.4.Албадлагын арга хэмжээг эхлээд хугацаатай бичгээр сануулж, дараа нь албадан гүйцэтгэх захирамж гаргах хуультай. Түүнийг засаг дарга хийхгүй, хууль зөрчсөн. Мөн өөрийн эзэмшил хашаан дотроо байгаа машиныг зайлуулахын тулд бусдын хашаа руу орж хууль зөрчсөн.
Энэ нь Газрын тухай хуулийн 48.1 “Бусдын эзэмшил, ашиглалтад байгаа газарт нэвтрэх, дайран өнгөрөхийг хориглосон дохио тэмдэг тавих, хашаа барих зэргээр тусгайлан хамгаалаагүй бол хэн боловч тухайн газарт хохирол учруулахгүйгээр нэвтэрч, дайран өнгөрч болно" гэсэн заалтыг зөрчсөн юм. Тухайлбал хашааны хаалга байсаар байтал хүчээр сугалж хаясан. Бид хашаагаа газраасаа илүү гаргаж барьсан байснаа өөрснөө нурааж цагаан шохойгоор хилийн зурвасыг тэмдэглэсэн байсан юм.
2.5.Шүүгч "Зураг төслийг Хот байгуулалт хөгжлийн газраар батлуулаагүй буюу Хот байгуулалтын тухай хуулийг... зөрчсөн гэсэн үйл баримт тогтоогдсонгүй” гэжээ. "Зураг төслийг Хот байгуулалт хөгжлийн газраар батлуулаагүй буюу Хот байгуулалтын тухай хуулийг зөрчсөн гэсэн үйл баримтыг Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар тогтоосон бөгөөд хэрэгт хавсаргасан. Нотлох баримт судлах үед би шүүгчээр түүнийг уншуулсан юм. Мөн шугамын зураг дээр Хот байгуулалт, хөгжлийн газрын тамга, гарын үсэг алга. Шүүгч ийм баримтуудыг үл тоож "хуулийг зөрчсөн нь тогтоогдсонгүй" гэж буй нь авлига авч цагаандаа гарсных гэж би хардаж байна.
2.6."Эксперт тэмдэг дарсан" зургийг Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас хууль зөрчсөн гээд байхад "Эксперт тэмдэг дарсан" гэж дахин тайлбарлах нь утгагүй зүйл. Зөвтгөх үндэслэл биш. "Д.Дамдинрагчаа Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газрын дэд бүтцийн хэлтэс нь дулааны шугам сүлжээний зургийг хянасан байсан" гэж нотлох баримтгүй, худал хэлснийг үндэслэл болгох ёсгүй. Шүүгч зурган дээр Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газраас зөвшөөрсөн тамга, гарын үсэг байгаа эсэхээр дүгнэлт гаргах ёстой. Нотлох баримтыг буруу үнэлсэн.
2.7.Зөвшөөрөлгүй зургаар /Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар тогтоосон байхад/ шугам тавих акт гаргасан байхад "4.13 ..эрх бүхий байгууллага албан тушаалтны баталсан зураг төслийн дагуу" гэж илтэд худал үндэслэл бичжээ.
2.8.Илт хууль бус гэсэн заалтыг шүүгч тайлбарлахдаа " Захиргааны акт эрх зүйн илт алдаатай, энэхүү алдаа нь хэн ч харсан илэрхий байвал", Үндсэн хуулийн үндсэн зарчмуудад, эсхүл одоогийн эрх зүйн тогтолцооны үнэт зүйлсийн ойлголтод харшилж байвал", "анхнаасаа хүчин төгөлдөр бус буюу гарсан цагаасаа эрх зүйн үйлчлэлгүй байх юм" гэжээ Хувийн өмчид /хашаа, хаалга, машин, газарт/ хуулийн үндэслэлгүй халдаж буй нь үндсэн хуульд харшилж байна. Газрын тухай, Хот байгуулалтын тухай, Захиргааны ерөнхий хууль зөрчиж эрх зүйн тогтолцоонд харшилж байна. Илт хууль бус байна гэдгийг Захиргааны ерөнхий хуулийн 47-р зүйлд 7 шалгуураар тогтоох ёстойг зааж өгсөн. Шүүгч энэ шалгуурыг барьж шийдвэр гаргах ёстой. Шүүгч энэ 7 шалгуурыг хэлэхгүй "гарсан цагаасаа эрх зүйн үйлчлэлгүй байх юм" гэх мэт шал өөр ойлголт ярьж дэмийрчээ. Бид илт хууль бус болохыг 47.1.5 буюу "хууль бус үйлдэл гүйцэтгэхийг шаардсан" гэсэн үндэслэл, баримт хэлсэн юм. Шүүгч энэ талаар маргаан өрнүүлээгүй юм. Энэ нь хууль зөрчсөн үйлдэл юм.
2.9.Шүүгч "Маргаан бүхий акт хуульд үндэслэгдсэн" гэжээ. Би дээрх акт "Хот байгуулалтын тухай хууль", "Газрын тухай хууль", "Захиргааны ерөнхий хууль" зөрчсөн акт болсон баримтуудыг хэрэгт хавсаргасан юм. "Хууль бус үйлдлийг гүйцэтгүүлэхийг шаардсан зүйлгүй" гэжээ. Хот байгуулалтын тухай хууль", "Газрын тухай хууль", "Захиргааны ерөнхий хууль" зөрчихийг гүйцэтгүүлэхийг шаардсан баримтууд бид гаргаж өгсөн юм. "М сургуулийн эзэмшил, өмчлөлд хууль бусаар халдсан нөхцөл байдал тогтоогдсонгүй" гэжээ. Хашааг хууль бусаар эвдэж орсон, машиныг хууль бусаар чирсэн, 2 саравч хууль бусаар буулгаж авч явсан гэх мэт баримт, зургууд хэрэгт байгаа талаар шүүгч маргаан өрнүүлээгүй, хууль зөрчсөн.
2.10.Шүүгч "Дулааны шугам суурилуулсан газар "нэхэмжлэгчийн эзэмшлийн газартай давхцаагүй" гэжээ
Бид эзэмшил газартай шугамын хамгаалалтын зурвас давхацсан гэж гомдоллосон Шүүгч энэ асуудлыг хөндсөнгүй. НМХГ үүнийг тогтоосон. Эдгээр шугамыг харж үзлэг хийж "хамгаалалтын зурвас газар нь М сургуулийн эзэмшил газартай давхацсан эсэх талаар үзлэг хийлгэж тэмдэглэл хөтлүүлсэн Энэ нь эрчим хүчний тухай хуулийн дагуу дулааны хамгаалалтын зурвас нь манай эзэмшил газар руу орж хэзээ ч барилга барих боломжгүй болгосныг НМХГ, НЕТГ тус тус тодорхойлсон баримтыг шүүгч анхаарсангүй. Эдгээр баримтад дүгнэлт гаргасангүй.
Эрчим хүчний шугам сүлжээний хамгаалалтын зурваст баригдсан барилгыг шилжүүлэх ... арга хэмжээ авна" гэсэн Эрчим хүчний хуулийн заалтыг шүүгч баримталжээ.
Үүнийг зөвшөөрөхгүй. Учир нь:
Нэгд. Шугам сүлжээ барих зөвшөөрөл НЕТГ-аас аваагүй, Хот байгуулалтын тухай хууль зөрчсөн /НМХГ тогтоосон, хэрэгт байгаа/
Хоёрт, шугам сүлжээ барьж эхлээгүй байхад хамгаалалтын зурвас гэж ярих боломжгүй.
Гуравт. Манай машин шугамын хамгаалалтын зурваст байна гэдгийг мэргэжлийн байгууллага тодорхойлоогүй дөрөвт, УБДС компаниас зөвшилц гэсэн зөвлөмж биелүүлээгүй.
2.11.Хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэсэнгүй. 20 хоног манай газрыг үнэ төлбөргүй ашигласан"-ыг буруутгах боломжгүй" гэжээ.
1/ Бусдын эзэмшил газрыг зөвшөөрөлгүй албадан ашиглах эрх хэнд ч байхгүй. Үүнийг дээрэм гэж үздэг,
2/ Засаг дарга газар бусдын газрыг эзэмшигчтэй урьдчилан тохиролцож гэрээ байгуулсны үндсэн дээр ашиглаж болохыг хуулиар тогтоож өгсөн.
Тухайлбал Газрын тухай хуулийн "6.1.Засгийн газар аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга газар эзэмшигч, ашиглагчтай урьдчилан тохиролцож, гэрээ байгуулсны үндсэн дээр бусдын эзэмшил, ашиглалтад байгаа газрыг тодорхой хугацаатайгаар нийтийн эдэлбэрт болон тусгай хэрэгцээнд төлбөртэй буюу төлбөргүйгээр ашиглаж болно" гэсэн заалтыг Засаг даргын захирамж зөрчсөнийг байна гэсэн манай үндэслэлийг шүүгч мэтгэлцээнд оруулаагүй. Гаргасан шийдвэрээ тайлбарлахдаа энэ талаар ямар нэг тайлбар хэлээгүй. Энэ нь шүүгч хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүйг харуулж байна.
2.12.“Хохирол гэдэгт ирээдүйд олох байсан ашиг орлого зэрэг тооцох боломжгүй, шууд бус хохирлыг хамааруулахгүй" гэсэн Г.Банзрагч гэсэн хүний бичсэн тайлбараар шийдвэр гаргасан нь инээдэмтэй байна. Хуулийн дагуу, хуулийн заалтыг үндэслэл болгох ёстой. Иргэний хуулийн "229.1 Үүрэг гүйцэтгэгч этгээд нь гэм хорыг арилгахдаа эд хөрөнгөнд учруулсан бодит хохирол болон олох ёстой байсан орлогыг нөхөн төлөх үүрэгтэй" заасан. Шүүгч хуулийн заалтыг зориуд өөрөөр хэн нэгэн хүний үгээр тайлбарлаж нэг талд хууль бусаар үйлчилжээ.
"Ирээдүйд олох байсан ашиг орлогыг тооцох боломжгүй" гэж шүүгч үзсэн.
Бүх бизнес ирээдүйд олох орлого ашгаа тооцоолж хөрөнгө оруулдаг Ирээдүйд олох орлогыг тооцдог мэргэжлийн үнэлгээний байгууллага байдаг. Бид ийм шүүхээс зөвшөөрсөн хөндлөнгийн шинжээчээр ашиглаж боломжгүй болсон газраа үнэлүүлж гэм хороо нэхэмжилсэн.
2.13.Шүүгч "Барилгын зураг маргаан бүхий акт гаргахаас өмнө үйлдэгдсэн ба түүнийг захиргааны актын үйлчлэлийн улмаас учирсан хохирол гэж үзэхгүй" Яагаад хохирол гэж үзэхгүй вэ, ямар үндэслэлээр хохирол гэж үзэхгүй вэ гэдгээ хэлсэнгүй. Чухам акт гарахаас өмнө үйлдэгдсэн учраас бид хохирсон. Хэрэв ийм акт гарсан байсан бол, буюу шугам тавьсан байсан бол бид газар дээрээ барилга барина гэж зураг зуруулахгүй байх байсан. Шүүгч энэ баримтаар мэтгэлцээн өрнүүлээгүй, гаргасан шийдвэрээ тайлбарлахдаа энэ талаар ямар нэг тайлбар хэлээгүй. Хэрэв Засаг дарга зөвшөөрөлгүй буюу хууль зөрчиж шугам тавиагүй бол манай зураг үнэ цэнэгүй болохгүй, бид барилгаа барих байсан.
2.14.Шүүгч "Хоёр сүүдрэвчийн хувьд... үнэлгээг бодитоор гаргаж өгөөгүй" гэжээ. Бид сүүдрэвч хийдэг компанийн сайтаас үнэлгээ авч, зургийг нь хавсаргаж компанийн хаяг, утсыг бичиж хавсаргасан. Хариуцагч үнэлгээ бодит бус байна гомдоллоогүй байхад, шүүгч хөндлөнгөөс орж нэг талд үйлчилсэн шийдвэр гаргасанд гомдолтой байна.
2.15.Шүүгч шүүхийн процессыг дутуу явуулж, манай нэхэмжлэлийн олон шаардлагаар мэтгэлцээн өрнүүлээгүй, хариу өгөөгүй Шүүгч манай нэхэмжлэлийн дараах шаардлагуудаар мэтгэлцээн явуулаагүй, энэ талаар тайлбар гаргаагүй. Хашаа өөрийн эзэмшил газар дээр байсан нь хэрэгт байгаа фото зургаар нотлогдоно. Мөн үүнийг шүүгчээр газар дээр нь дахин үзлэг хийлгэж тогтоолгосон.
1/Энэ нь Газрын тухай хуулийн 48.1. Бусдын эзэмшил, ашиглалтад байгаа газарт нэвтрэх, дайран өнгөрөхийг хориглосон дохио тэмдэг тавих. хашаа барих зэргээр тусгайлан хамгаалаагүй бол хэн боловч тухайн газарт хохирол учруулахгүйгээр нэвтэрч, дайран өнгөрч болно" гэсэн заалтыг зөрчсөн юм. Тухайлбал хашааны хаалга байсаар байтал хүчээр сугалж хаясан. Бид хашаагаа газраасаа илүү гаргаж барьсан байснаа өөрснөө нурааж цагаан шохойгоор хилийн зурвасыг тэмдэглэсэн байсан юм.
2/48.3.Газар эзэмшигч, ашиглагч болон уг газрыг хязгаарлагдмал эрхтэйгээр ашиглахаар шаардаж буй этгээдийн хооронд хэлэлцэн тохиролцсоны үндсэн дээр газрыг хязгаарлагдмал эрхтэйгээр ашиглах эрх үүснэ" заалтыг зөрчсөн талаар мэтгэлцээнд оруулаагүй, энэ талаар тайлбар гаргаагүй.
3/Газрын тухай хуулийн "6.1.засгийн газар аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга газар эзэмшигч, ашиглагчтай урьдчилан тохиролцож, гэрээ байгуулсны үндсэн дээр бусдын эзэмшил, ашиглалтад байгаа газрыг тодорхой хугацаатайгаар нийтийн эдэлбэрт болон тусгай хэрэгцээнд төлбөртэй буюу төлбөргүйгээр ашиглаж болно" гэсэн заалтыг зөрчсөн талаар мэтгэлцээнд оруулаагүй, энэ талаар тайлбар гаргаагүй.
4/Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас 2013 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд "Дүүргийн нутаг дэвсгэрт улс, нийслэл, дүүргийн хөрөнгө оруулалтаар баригдах барилга байгууламж, авто зам, инженерийн шугам сүлжээний газрыг чөлөөлөх, үүнд шаардагдах нөхөн олговрыг тухай бүрд нь шийдвэрлүүлж ажиллана" гэж заажээ. /Улсын Дээд шүүхийн тогтоолоос авав. Бидний дэвшүүлсэн энэ асуудлыг мэтгэлцээнд оруулаагүй, энэ талаар тайлбар гаргаагүй.
5/Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар болон Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газраас ирүүлсэн баримтуудыг үнэлээгүй, энэ талаар тайлбар гаргаагүй.
6/Хувийн өмчид хуулийн үндэслэлгүй халдаж Үндсэн хууль зөрчсөн талаарх асуудлыг мэтгэлцээнд оруулаагүй, энэ талаар тайлбар гаргаагүй.
7/Улаанбаатар дулааны сүлжээ компаниас зурагт зөвшөөрөл өгөхдөө гадна дулааны шугамын ажил эхлүүлэхээ өмнө шугамын трассын дагуух газар эзэмшигчидтэй зөвшилцөх” гэж даалгавар бичсэн байсан талаар мэтгэлцээнд өрнүүлээгүй, энэ талаар тайлбар гаргаагүй.
8/Зурагт магадлал хийсний хөлс өгөөгүй аваагүй байхад магадлал хийсэн нь хуурамч гэдгийг тогтоосонгүй.
9/Шугамын "хамгаалалтын зурвас газар нь М сургуулийн эзэмшил газартай давхцсан эсэх талаар үзлэг хийлгэсэн байхад энэ талаар мэтгэлцээн өрнүүлээгүй, энэ талаар тайлбар гаргаагүй.
10/Манай нэхэмжлэлийн 7-р шаардлагыг мэтгэлцээнд өрнүүлээгүй, энэ талаар тайлбар гаргаагүй. Тухайлбал, Захиргааны ерөнхий хуулийн 83.1.4 үүрэг хүлээгчид 14 буюу түүнээс доошгүй хоногийн хугацаанд захиргааны шийдвэрийг биелүүлэх тухай мэдэгдэх хуудас хүргүүлсэн байх" гэж заасан. Гэтэл хашаандаа байгаа хоёр машиныг зайлуулах мэдэгдэх хуудас бидэнд өгөөгүй. Ийм мэдэгдэх хуудас гаргаагүй юм.
11/Захиргааны ерөнхий хуулийн 90.1 Мэдэгдэлд заасан хугацаанд үүргийг биелүүлээгүй бол захиргааны шийдвэр гүйцэтгэлийг хариуцсан байгууллага албадлага хэрэглэхийг шийдвэрлэсэн захиргааны акт гарган, түүнийг нэн даруй биелүүлнэ" гэж заасан Засаг дарга албадлага хэрэглэхийг шийдвэрлэсэн акт гаргаагүй нь 3ахиргааны ерөнхий хуулийн 90.1 заалтыг хууль зөрчсөн гэсэн манай 7-р шаардлагаар мэтгэлцээнд өрнүүлээгүй, энэ талаар тайлбар гаргаагүй.
12/Манай нэхэмжлэлийн "Арваннэгдүгээр үндэслэл"-ээр талаар тайлбар гаргаагүй. Тухайлбал, Захиргааны ерөнхий хуульд /4.2.6/ Бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт, урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах" гэж заасан. Гэтэл захирамж гаргахад бидэнд урьдчилан мэдэгдээгүй, оролцоог хангаагүй.
13/Манай нэхэмжлэлийн "Арван хоёрдугаар үндэслэл"-ийн талаар мэтгэлцээн өрнүүлээгүй, тайлбар гаргаагүй. Тухайлбал Захиргааны ерөнхий хуулийн 43.2 т "Захиргааны байгууллага захиргааны актыг хуульд өөрөөр заасан тохиолдолд өөрт нь гардуулах, шаардлагатай тохиолдолд утас, факс, шуудан, цахим болон бусад хэлбэрээр мэдэгдэж болох ба ийнхүү мэдэгдсэнээ баримтжуулна" гэжээ. Ингэж баримтжуулсан баримт Засаг даргад алга. Захирамжийг надад гардуулаагүй, мэдэгдээгүй юм.
Иймд Захиргааны ерөнхий хуулийн 43.2-ийг зөрчсөн захирамж илтэд хууль бус юм. Иймд процессын хуулийг ноцтой, их хэмжээгээр зөрчсөн шүүгчийн шийдвэрийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийн бүх шаардлагаар мэтгэлцээн өрнүүлж, шийдвэртээ шаардлага бүрээр тайлбар, хийхийг анхан шатны шүүхэд анхааруулж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхээс хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэр гаргахад нөлөөлсөн, уг алдааг давж заалдах шатны шүүхээс засах боломжгүй байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангаж, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцааж шийдвэрлэв.
1.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д “Энэ хуульд хэрэглэсэн дараахь нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно:”, 3.1.3-д “нэхэмжлэл” гэж хүн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдлийг хэлэхээр”,
7 дугаар зүйлийн 7.1-д “Захиргааны хэргийн шүүх хэргийн нөхцөл байдлыг тодруулах, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт цуглуулах, үнэлэх ажиллагааг хэрэгжүүлэх үүрэгтэй...” гэж,
32 дугаар зүйлийн 32.1-д “Хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэнэ” гэж,
34 дүгээр зүйлийн 34.2-т “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ” гэж,
52 дугаар зүйлийн 52 дугаар зүйлийн 52.5-д “Энэ хуулийн 52.2.4-т заасан нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлд дараахь зүйл хамаарна:”, 52.5.1-д “захиргааны актыг ..., илт хууль бус болохыг тогтоолгох, ... нэхэмжлэлийн хувьд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хэрхэн зөрчигдсөн”, 52.5.2-т “хохирол гаргуулах нэхэмжлэлийн хувьд захиргааны байгууллага ямар үүргээ биелүүлээгүйгээс, эсхүл захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгчид ямар хохирол учирсан, түүнийг хэрхэн шийдвэрлүүлэх” гэж,
106 дугаар зүйлийн 106.2-т “Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна.” гэж,
107 дугаар зүйлийн 107.1-д “Шүүхийн шийдвэр нь удиртгал, тодорхойлох, үндэслэх, тогтоох хэсгээс бүрдэнэ.”, 107.4-т “Үндэслэх хэсэгт...захиргааны актын хууль зүйн үндэслэл, түүнд өгөх тайлбар, шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон хэм хэмжээ, тэдгээрийг хэргийн бодит нөхцөл байдалд хэрхэн тайлбарлаж хэрэглэсэн тухайгаа тусгана.” гэж тус тус заажээ.
2.Энэхүү хуулийн зохицуулалтуудаас үзэхэд нэхэмжлэгчээс маргаж буй захиргааны актыг илт хууль бус болохыг тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон тохиолдолд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь уг маргаж буй актын улмаас хэрхэн зөрчигдсөн байхыг нэхэмжлэлийн үндэслэлдээ тодорхой тусгах, мөн хохирол гаргуулах нэхэмжлэлийн хувьд захиргааны байгууллага ямар үүргээ биелүүлээгүйгээс, эсхүл захиргааны ямар хууль бус үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгчид ямар хохирол учирсан, түүнийг хэрхэн шийдвэрлүүлэх талаар нэхэмжлэлийн үндэслэлдээ тодорхой тусгахаар заасан.
3.Нэхэмжлэгч “М сургууль” нь “Хан-Уул дүүргийн Засаг даргын 2013 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн А/246 дугаар шийдвэрийг илт хууль бус болохыг тогтоолгож, 197 м.кв газрыг ашиглах боломжгүйгээс үүссэн хохирол 324,000,000 төгрөгийг Хан-Уул дүүргийн Засаг даргаас гаргуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг Хан-Уул дүүргийн Засаг даргад холбогдуулан гаргажээ.
4.Маргаан бүхий Хан-Уул дүүргийн Засаг даргын 2013 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн “Төр, захиргааны нэгдсэн барилгын дулааны шугам суурилуулах тухай” А/246 дугаар захирамжийн[1] 1 дэх заалтаар дүүргийн төр захиргааны нэгдсэн барилгын дулааны шугам суурилуулах ажлыг хэвийн явуулах нөхцөлөөр хангах ажлын хэсгийг байгуулж, 2 дахь заалтаар дулааны шугам суурилуулах ажилд санаатайгаар саад учруулж буй 0000 УНП, 0000 УБХ улсын дугаартай тээврийн хэрэгслүүдийг ачих буюу зайлуулах арга хэмжээ авч, захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Ажлын хэсэгт даалгажээ.
5.Нэхэмжлэгчээс маргаан бүхий А/246 дугаар захирамжийн 1 дэх заалтыг дотогшоо чиглэсэн акт гэдгийг хүлээн зөвшөөрсөн, харин 2 дахь заалтыг гадагшаа чиглэж, өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн илт хууль бус гэж тодорхой үндэслэлүүдээр тайлбарлан маргажээ.
6.Нэхэмжлэгчийн маргаж буй үндэслэлтэй холбоотойгоор анхан шатны шүүхээс дээрх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3, 52 дугаар зүйлийн 52.5.1, 52.5.2-т заасны дагуу нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг дахин тодруулах ажиллагааг хийгээгүй, мөн хуулийн 107 дугаар зүйлийн 107.4-т заасны дагуу шийдвэрийн Үндэслэх хэсэгт нэхэмжлэгчийн маргаж буй үндэслэлд хамаарах захиргааны актын хууль зүйн үндэслэл, түүнд өгөх тайлбарыг бүрэн хийгээгүй, шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон хэм хэмжээ, тэдгээрийг хэргийн бодит нөхцөл байдалд хэрхэн тайлбарлаж хэрэглэсэн талаар дутуу дүгнэлт өгсөн нэхэмжлэгчийн маргаж буй зарим үндэслэлд дүгнэлт өгөөгүй байна.
7.Үүнээс гадна анхан шатны шүүхээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 32 дугаар зүйлийн 32.1, 34 дүгээр зүйлийн 34.2-т зааснаар нэхэмжлэгчийн маргаж буй үндэслэлтэй шууд холбоотой, хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах, үнэлэх ажиллааг хангалттай хэрэгжүүлээгүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчлийг гаргажээ.
8.Түүнчлэн нэхэмжлэгчийн маргаж буй зарим үндэслэлүүд нь илт хууль бусад тооцуулахаар маргаж буй Хан-Уул дүүргийн Засаг даргын А/246 захирамжтай шууд холбоотой биш, уялдаагүй байгаагаас маргаан бүхий акт буюу маргааны зүйлийг зөв тодорхойлоогүй гэж үзэхээр байтал анхан шатны шүүхээс уг зөрчлийг арилгаагүй гэж үзэх үндэслэлтэй.
9.Эдгээрээс үзэхэд анхан шатны шүүх маргаан бүхий акт, маргааны агуулга, үйл баримтыг зөв тодорхойлоогүй, холбогдох хуулийг бодит нөхцөл байдалд зөв тайлбарлан хэрэглээгүй, тодруулбал, захиргааны хэргийг бүрэн, бодитой, нэг мөр шийдвэрлэж чадаагүйн улмаас нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй байна.
10.Иймд анхан шатны шүүхээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг тодруулж, захиргааны актын хууль зүйн үндэслэл, түүнд тайлбар, дүгнэлт өгч, шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон хэм хэмжээ, тэдгээрийг хэргийн бодит нөхцөл байдалд хэрхэн тайлбарлаж хэрэглэсэн тухайгаа тусгаж, захиргааны хэргийг нэг мөр шийдвэрлэхийн тулд дараах ажиллагааг хийх шаардлагатай. Үүнд:
10.1.Нэхэмжлэгч “маргаан бүхий А/246 захирамжийг гаргахдаа бидэнд урьдчилан мэдэгдээгүй, оролцоог хангаагүй, албадлагын арга хэмжээг авахдаа Захиргааны ерөнхий хуулийн 83 дугаар зүйлийн 83.1.4-т заасан 14 хоногийн хугацаанд мэдэгдэх хуудас өгөөгүй” гэж маргажээ.
Энэхүү маргаж буй үндэслэлтэй холбогдуулан хэрэгт авагдсан баримтын хүрээнд хариуцагчаас маргаан бүхий А/246 захирамжийг гаргахаас өмнө нэхэмжлэгчид мэдэгдэж, оролцоог хангаж, хуульд заасан хугацаанд хүсэлт, гомдол гаргах боломжоор хангасан эсэх болон уг актыг гаргасны дараа нэхэмжлэгчид хуульд заасан хугацаанд мэдэгдсэн эсэхтэй холбоотой дүгнэлт өгч, шаардлагатай тохиолдолд холбогдох баримтыг нэмэлтээр цуглуулах шаардлагатай.
10.2.Нэхэмжлэгчээс “маргаан бүхий А/246 актад манай сургуулийн нэрийг дурдагдаагүй, чиглэсэн байгууллагын нэр байхгүй байхад албадлагын арга хэмжээг авсан нь илт хууль бус, хувийн өмчийн хашааг эвдэж, хоёр сүүдрэвчийг авч, тээврийн хэрэгслүүдийг албадан гаргаж хувийн өмч рүү хууль зүйн үндэслэлгүй халдсан нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.5-д зааснаар “хууль бус үйлдэл гүйцэтгэхийг шаардсан” илт хууль бус акт, Үндсэн хууль зөрчихөд чиглэсэн захиргааны акт гаргасан, албадлагын арга хэмжээг хууль зөрчин гүйцэтгэсэн, эзэмших газартаа байгаа хоёр тээврийн хэрэгслийг зайлуулах гэж А/246 актад тусгасан боловч зайлуулах хууль зүйн үндэслэл, яагаад холдуулах болсон талаар тусгаагүй, хувийн эзэмшлийн хашаан дотор байгаа тээврийн хэрэгсэл яагаад дулааны шугам суурилуулахад санаатай саад учруулж байгаа үндэслэл, нотолгоог тайлбарлаагүй” гэж тус тус маргасан.
Үүнтэй холбоотойгоор маргаан бүхий А/246 актын 2 дахь хэсэгт авч хэрэгжүүлэхээр заасан арга хэмжээ нь хариуцагч захиргаанд ямар хуулиар олгосон ямар бүрэн эрхэд хамааралтай гэдгийг тодорхойлж, түүний хууль зүйн үндэслэлд дүгнэлт өгөх, уг актад дурдсан арга хэмжээг хариуцагчаас хэрэгжүүлэхдээ түүнд хуулийн хязгаарыг хэтрүүлсэн эсэх, энэхүү акт нь нэхэмжлэгчид чиглэсэн эсэх эсэхэд мөн дүгнэлт өгөх нь зүйтэй.
Дээрхээс гадна маргаан бүхий А/246 актын 2 дахь хэсэгт заасан арга хэмжээг гүйцэтгээд дууссан учир уг актыг одоо илт хууль бус болохыг тогтоолгосноор нэхэмжлэгчийн ямар эрх, хууль ёсны эрх ашиг сонирхол хэрхэн сэргэх, шүүхээр хэрхэн хамгаалагдах, түүний ямар эрх зүйн байдал дээрдэх, уг актыг илт хууль бус болохыг тогтоолгох онцгой ашиг сонирхол нэхэмжлэгчид байгаа эсэх, 2 сүүдрэвчийн үнэ 8 сая төгрөгийн хохирлыг хариуцагчаас гаргуулахаар маргаж буй нь энэхүү маргаан бүхий А/246 актын 2 дахь хэсэгт заасан албадлагын арга хэмжээг хэрэгжүүлсэнтэй холбоотой хохирлыг нэхэмжилж байгаа эсэхийг нэхэмжлэгчээс тус тус тодруулж, тайлбар авах шаардлагатай.
10.3.Нэхэмжлэгчээс “дулааны шугам суурилуулах зураг төслийг батлуулаагүй, шугам тавих зөвшөөрөл аваагүй нь Хот байгуулалтын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.2 дахь заалтыг зөрчсөн байхад маргаан бүхий А/246 дугаар шийдвэр гарснаараа хууль зөрчсөн үйлдлийг гүйцэтгэхийг шаардсан, нөхцөлдүүлсэн захиргааны акт” гэж маргажээ.
Уг маргаж буй үндэслэлтэй холбогдуулан Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын 2021 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 02-03/439 албан бичигт[2] “Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах тус дүүргийн Засаг даргын Тамгын газрын байр, “Эв эе-27, 28” барилгуудын гадна дулааны шугам сүлжээний зураг төслийг “Аселта” ХХК боловсруулсан боловч зураг төслийг Хот байгуулалт, хөгжлийн газраар батлуулаагүй” гэсэн дүгнэлт нь хэрэгт авагдсан ямар баримтаар үгүйсгэгдэж, эсхүл батлагдаж байгаа талаар үндэслэл бүхий дүгнэлт өгөх, уг албан бичгийг гаргахдаа ямар үндэслэл, ямар баримтыг үндэслэсэн талаар баримт цуглуулах шаардлагатай.
Мөн энэхүү маргаж буй үндэслэл нь маргаан бүхий А/246 актын 2 дахь хэсэгт заасан арга хэмжээтэй холбоотойгоор маргаж байгаа эсэх, эсхүл Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын байр болон “Эв эе-27, 28” барилгуудын гадна дулааны шугам сүлжээг суурилуулах үйл ажиллагаатай холбогдуулан маргаж байгаа эсэхийг нэхэмжлэгчээс тодруулах нь зүйтэй.
10.4.Нэхэмжлэгч “хариуцагчаас дулааны шугам сүлжээ тавихдаа газар эзэмшигчийн зөвшөөрөл аваагүй, газрыг хүчээр 21 хоног ашиглахдаа хязгаарлагдмал эрхтэйгээр ашиглах шаардлага өгөөгүй, хариуцагч бидэнтэй хязгаарлагдмал эрхтэйгээр ашиглахаар тохиролцоо хийгээгүй, мэргэжлийн байгууллагын газар эзэмшигчтэй зөвшилцөх гэсэн зөвлөмжийг хэрэгжүүлээгүй зэрэг нь Газрын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 48 дугаар зүйлийн 48.1-д заасныг зөрчсөн,
-дулааны шугамыг хүчээр тавьснаар манай барилга барих газар хамгаалалтын зурваст орж, тухайн газар барилга барих боломжоо алдаж, барилгын зураг зуруулсан 3 сая төгрөг, 197 м2 газрыг ашиглах боломжгүйгээс үүссэн 313,565,936 сая төгрөгийн хохирол учирсан” гэж маргасан.
Үүнээс үзэхэд дээрх нэхэмжлэгчийн маргаж буй үндэслэлүүд нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагадаа илт хууль бус болохыг тогтоолгохоор маргаж буй хариуцагч Хан-Уул дүүргийн Засаг даргын 2013 оны А/246 актын 2 дахь хэсэгт заасан газар чөлөөлөлтийн талаар авч хэрэгжүүлж буй үйлдэлтэй шууд уялдаа холбоотой гэж үзэх үндэслэлтэй эсэхийг тодруулах. Тухайлбал, маргаан бүхий А/246 захирамжийн улмаас нэхэмжлэгч нь барилгын зураг зуруулж, түүнд хохирол учирсан эсэх, мөн уг захирамжийн улмаас нэхэмжлэгч нь өөрийн эзэмшлийн 197 м2 газрыг ашиглах боломжгүй болсон гэж үзэж байгаа эсэхийг тодруулах шаардлагатай.
Энэхүү маргаж байгаа үндэслэл нь Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын байр болон “Эв эе-27, 28” барилгуудын гадна дулааны шугам суурилуулахаар шийдвэрлэсэн эсхүл төлөвлөсөн захиргааны байгууллагын үйлдэлтэй холбоотой эсэхийг тодруулах нь зүйтэй байна.
Хэрэв энэхүү Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын байр болон “Эв эе-27, 28” барилгуудын гадна дулааны шугам суурилуулахаар шийдвэрлэсэн эсхүл, төлөвлөсөн захиргааны байгууллагын үйлдлийг хууль бус, эсхүл илт хууль бус гэж маргаж байгаа тохиолдолд энэ үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэх эсэхийг нэхэмжлэгчээс тодруулах.
Тодруулбал, “барилгын зураг зуруулсан 3 сая төгрөг, 197 м2 газрыг ашиглах боломжгүйгээс үүссэн 313,565,936 сая төгрөгийн хохирол” нь ямар захиргааны байгууллагын ямар шийдвэр, буруутай үйлдлээс шалтгаалж үүссэн хохирол гэдгийг нэхэмжлэгчээс тодруулах шаардлагатай.
10.5.Мөн шүүхээс нотлох баримтаар цуглуулсан Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын 2014 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 02-10/347 дугаар албан бичгээр[3] “дулааны шугамын хамгаалалтын зурвас газар нь нэхэмжлэгчийн эзэмшил газартай 197,09 м2 хэмжээгээр давхцаж байна” гэж тодорхойлсон нь Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын байр болон “Эв эе-27, 28” барилгуудын гадна дулааны шугам сүлжээтэй нэхэмжлэгчийн эзэмшлийн газар давхцаж байгаа гэдгийг тогтоосон баримт мөн эсэхийг шалган дүгнэлт өгөх, шаардлагатай тохиолдолд Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын байр болон “Эв эе-27, 28” барилгуудын гадна дулааны шугам сүлжээтэй нэхэмжлэгчийн эзэмшлийн газар давхцаж буй эсэх нөхцөл байдлыг шүүхээс тогтоох шаардлагатай.
11.Эдгээр үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчлийг гаргасан байх бөгөөд давж заалдах шатны шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчлийг засах, хэрэгт авагдсан баримтын хүрээнд нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага, хэргийн нөхцөл байдалд дүгнэлт өгч, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, захиргааны хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг ханган шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.4-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 757 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхэд дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн төлөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ С.МӨНХЖАРГАЛ
ШҮҮГЧ Н.ДОЛГОРСҮРЭН
ШҮҮГЧ А.САРАНГЭРЭЛ