Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 04 сарын 24 өдөр

Дугаар 999

 

“Капитал банк” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 182/ШШ2017/00439 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч “Капитал банк” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Ц.Батхишигт холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 16 920 461 төгрөг гаргуулах, зээлийн барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг,

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2017 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Дүүрэнбилэг, Н.Цогтсайхан,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Янжинлхам нар оролцов.

 

Нэхэмжлэгч “Капитал банк” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Дүүрэнбилэг, Н.Цогтсайхан нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зээлдэгч Ц.Батхишигтэй 2014 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр ЗГ-283 тоот зээл болон барьцааны гэрээ байгуулж, 15 000 000 төгрөгийг 48 сарын хугацаатай жилийн 26.4 хувийн хүүтэй жижиг дунд бизнесийн зориулалтаар зээл олгосон. Зээлийн гэрээний үүргийн барьцаа болгож Чингэлтэй дүүрэг, 7 дугаар хороо, хувьсгалчид г-11 гудамж 133 тоот хаягт орших 181 м.кв талбайтай 18639314290456 нэгж талбарын дугаартай гэр бүлийн хэрэгцээний газар, /Г-2202003534/, УНН 28-36 улсын бүртгэлийн дугаартай, NT30143938 тоот арлын дугаартай сувдан цагаан өнгөтэй, 2005 онд үйлдвэрлэгдсэн Ниссан икс трайл маркийн автомашин барьцаалсан. Зээлдэгч өнөөдрийг хүртэл үндсэн зээлээс 4 115 333.27 төгрөг, зээлийн хүүнээс 3 135 663.23 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 42 688.23 төгрөг төлсөн ба үндсэн зээл болон зээлийн хүүний үлдэгдлийг графикийн дагуу төлөхгүй, өнөөдрийг хүртэл хугацаанд зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлээгүйн улмаас үндсэн зээл 11 864 336.77 төгрөг, зээлийн хүү 3 361 606.26 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1 694 518.37 төгрөг, нийт 16 920 461.40 төгрөг төлөгдөөгүй зээлдэгч Ц.Батхишигийн УНН 28-36 улсын бүртгэлийн дугаартай автомашиныг хураан авсан баримтаа зээлдэгчийн хувийн хэрэгт хийгээгүй салбарын захирал Б.Болотбек ажлаасаа гарсан тул тодруулах боломжгүй, 2015 оны 12 дугаар сарын 02-ны өдөр зээлийн төлбөрт 4 500 000 төгрөг шилжин орсон байдаг. Иймд Ц.Батхишигээс 16 920 461.40 төгрөг гаргуулж барьцаа хөрөнгөөс зээлийн барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Ц.Батхишиг шүүхэд гаргасан тайлбартаа: 2014 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Капитал банкнаас жижиг дунд бизнесийн зориулалттай 15 000 000 төгрөг зээлсэн. Капитал банкинд зээл, зээлийн хүүгээ төлж байсан. 2016 оны 12 сард миний шинэ ниссан икс трайл машиныг 10 000 000 төгрөгт тооцож авсан ба дараа нь 5 000 000 төгрөгөөр худалдсан гэж хэлсэн. Одоо дахин надаас 16 920 000 төгрөг нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1, 235 дугаар зүйлийн 235.4, 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ц.Батхишигт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 16 920 461,40 төгрөгийг гаргуулах, зээлийн барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай “Капитал банк” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 242 552 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч “Капитал банк” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Дүүрэнбилэг давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 182/ШШ2017/00439 тоот шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч, ИХШХШтХ-ийн 120 дугаар зүйлийн 120.2, 161 дүгээр зүйлийн 161.1 дэх хэсгийг тус тус үндэслэн дараах гомдлыг гаргаж байна. Үүнд:

Зээлдэгч Ц.Батхишиг нь зээлийн гэрээний үүргээ биелүүлэхгүй, зээл болон зээлийн хүүний төлбөрийг графикийн дагуу төлөхгүй банкийг хохироосон ба үндсэн зээл болон зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүд нийтдээ 16 920 461.40 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Хариуцагч Ц.Батхишиг нь 15 000 000 төгрөгийг 48 сарын хугацаатайгаар, жилийн 26.4 хувийн хүүтэйгээр зээлсэн талаар маргаагүй, мөн зээлийн төлбөрийн зарим хэсгийг төлөх, хугацаа хэтрэлт болон нэмэгдүүлсэн хүү зэргийг төлөх зорилгоор барьцаа хөрөнгө болох дээр дурьдагдсан тээврийн хэрэгслийг худалдан борлуулан төлөхөөр аман хэлбэрээр тохиролцон үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүний төлбөрөөс хасуулсан. Гэтэл шүүхээс Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.4-т заасныг үндэслэн “...гэрээ дуусгавар болсон....” гэж үзсэн нь хуулийг буруу тайлбарласан гэж үзэж байгаа болно.

Мөн шүүхээс Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь буруу гэж үзэж байна.

Иймд шийдвэрийг өөрчилж, хариуцагчаас 16 920 461.40 төгрөгийг, улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулахаар нэхэмжилсэн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн тул шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.

 

Зээлийн гэрээний үүрэгт 16 920 461 төгрөгийг гаргуулах, зээлийн барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг нэхэмжлэгч “Капитал банк” ХХК хариуцагч Ц.Батхишигт холбогдуулан гаргасныг тэрээр машиныг нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлж, зээлийн гэрээ дуусгавар болсон тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргасан байна.

 

2014 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн зээлийн болон барьцааны гэрээгээр хариуцагч Ц.Батхишиг нь 15 000 000 төгрөгийг жилийн 26.40 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай нэхэмжлэгч “Капитал банк” ХХК-иас зээлж, үүргийн гүйцэтгэлд Ү-2202003534 улсын бүртгэлийн дугаартай 000036537 гэрчилгээний дугаартай Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, Хувьсгалчдын Г-11 дүгээр гудамжны 133 тоотод байрлах 181 м.кв талбайтай газрыг 20 000 000 төгрөгөөр, УНН 28-36 улсын бүртгэлийн дугаартай, Ниссан икс трэйл маркийн автомашиныг 15 000 000 төгрөгөөр тус тус харилцан тооцон үнэлж барьцаалсан нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйл 451.1, 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсгүүдэд заасан зээл, барьцааны гэрээ тус тус байгуулагдсан гэж үзэх үндэслэлтэй. /хэргийн 6-13 дугаар тал/

 

Харин хариуцагч нь барьцааны нэг зүйл болох автомашины эзэмших эрхийн гэрчилгээг дээрх зээлийн болон барьцааны гэрээг байгуулах үед нэхэмжлэгчийн нэр дээр шилжүүлсэн гэж тайлбарлаж байх ба хэрэгт авагдсан Автотээврийн үндэсний төвийн тээврийн хэрэгслийн лавлагаагаар барьцааны зүйл болох автомашиныг эзэмших эрхийг дээрх зээл, барьцааны гэрээ байгуулагдсанаас хойш 4 хоногийн дараа буюу 2014 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр хариуцагч Ц.Батхишигээс нэхэмжлэгч “Капитал банк” ХХК-д шилжүүлж, улмаар зээлийн гэрээний үүрэг дуусгавар болохоос өмнө 2015 оны 12 дугаар сарын 02-ны өдөр “Капитал банк” ХХК-аас автомашиныг С.Оюунтунгалагт шилжүүлсэн байгаа зэргээс үзэхэд талууд барьцааны гэрээний үүргийг Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.3-д заасны дагуу мөн хуулийн 235 дугаар зүйлийн 235.1 дэх хэсэгт заасан Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ /фидуци/-ний үүргээр сольсон гэж үзэх үндэслэлтэй. /хэргийн 57-59 дүгээр тал/

 

Өөрөөр хэлбэл, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар автомашиныг эзэмших эрхийн гэрчилгээг банкны нэр дээр бүртгүүлж, өмчлөлд нь шилжүүлснээр нэхэмжлэгч нь зээлийн гэрээний хугацаа буюу хариуцагч төлбөр төлөх үүрэг дуусгавар болохоос өмнө уг автомашиныг бусдын өмчлөлд шилжүүлж, захиран зарцуулсан гэх үйл баримт нь дээрх лавлагаа, зохигчдын тайлбараар тогтоогдсон ба талууд энэ талаар маргаагүй, нэхэмжлэгч үгүйсгэсэн тайлбар нотлох баримтыг гаргаагүй байна. Мөн хариуцагч нь үндсэн зээл 4 115 333.77 төгрөг, хүү 3 135 663.23, нэмэгдүүлсэн хүү 42 688.23 төгрөгийг нэхэмжлэгчид төлсөн талаар зохигчид маргаагүй байна.

 

Харин нэхэмжлэгч уг автомашиныг бусдад зээлийн үлдэгдэл төлбөрөөс бага үнээр худалдан борлуулсан тул хариуцагчтай байгуулсан зээлийн гэрээний үүрэг дуусгавар болоогүй гэж маргажээ.

 

Дээрх тайлбар, нотлох баримтуудаас үзвэл, талууд 15 000 000 төгрөгөөр харилцан тохиролцож үнэлсэн дээрх автомашиныг нэхэмжлэгч 2015 оны 12 дугаар сард бусдад шилжүүлж, захиран зарцуулснаар зээлийн гэрээний буцаан төлөх хуваарь, нэхэмжлэлд заасан тухайн үеийн үлдэгдэл төлбөр 11 864 336.77 төгрөгийг хариуцагч төлөх үүрэг Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.4 дэх хэсэгт “Үүрэг хүлээгч мөнгө төлөх үүргээ хугацаанд нь биелүүлж, шилжүүлсэн эд хөрөнгөө буцаан авсан буюу ийнхүү үүргээ биелүүлээгүй бол өмчлөлд шилжүүлсэн эд хөрөнгийг үүрэг гүйцэтгүүлэгч бодитойгоор гаргуулан авснаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ дуусгавар болсон” гэж анхан шатны шүүх дүгнэснийг буруутгах үндэслэлгүй.

 

Хариуцагч 2015 оны 12 дугаар сарын 02-ны өдөр зээлийн төлбөрт 4 700 000 төгрөг төлсөн нь уг автомашиныг нэхэмжлэгч бусдад худалдан борлуулсны үнэ буюу нэхэмжлэгч зээлийн үлдэгдэл төлбөрийн зарим хэсэгт буюу 4 500 000 төгрөгт уг эд хөрөнгийг тооцон авсан гэх тайлбар нотлох баримт болохгүй бөгөөд нэхэмжлэгч үүргийн гүйцэтгэлд тооцон өмчлөлдөө шилжүүлэн авсан эд хөрөнгийг бусдад хэдэн төгрөгөөр худалдсан эсэх нь хариуцагчийн дуусгавар болсон зээлийн гэрээний үүрэгт хамааралгүй юм.

 

Иймээс нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага, түүний тайлбар үндэслэлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй гэж анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 182/ШШ2017/00439 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Дүүрэнбилэгийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд хариуцагч гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 242 552 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                                            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Э.ЗОЛЗАЯА

 

                                ШҮҮГЧИД                                                  Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ     

 

                                                                                                              С.ЭНХТӨР